Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 2023/ШЦТ/237

 

 

 

 

 

 

 

 

  2023         02          14                                   2023/ШЦТ/237

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Аюушжав даргалж,

нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,

улсын яллагч М.Сансарсайхан,

шинжээч эмч Б.С /цахимаар/

шүүгдэгч Ч.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар: 

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн .... овогт Ч.М-д холбогдох эрүүгийн ........ дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1985 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Хөвсгөл аймаг, Мөрөн суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, ............. тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй.

 

..... овогт Ч.М /РД:********/.

 

Холбогдсон хэргийн талаар: 

 

Шүүгдэгч Ч.М нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Монелийн гэрлэн дохиотой уулзвар дээр 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 19 цагийн орчим хохирогч А.Т-тэй машин шүргэлээ гэх шалтгаанаар маргалдан түүний нүүр хэсэгт нь гараараа цохиж биед нь зүүн дээд 1, 3 дугаар шүдний хугарал, баруун зовхи, уруулд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ч.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хохирогч шүд нь хугарсан гээд эмчилгээний зардал нэхэмжилсэн. Би шүдийг нь хугалаагүй. Эмнэлэгт үзүүлсэн, машиндаа бензин хийсэн хохирлыг төлж барагдуулсан. Би цохисноо хүлээн зөвшөөрч байгаа” гэв.

Шинжээч эмч Б.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “1 шүдний хугарал, 2 шүдний хугарал хоёр учирсан ч ялгаагүй хөнгөн зэргийн гэмтэлдээ хамаардаг. Зүүн дээд 1 дүгээр шүдний үзүүр хэсэгт нь 0.5х0.3 сантиметр, энэ нь жижигхэн юм шиг сонсогдож байгаа боловч 0.2-с дээшээ  хэмжээтэй эмтэрсэн хугарлыг бид хөнгөн зэрэгт авч үздэг. Зүүн дээд 3 дугаар шүдний ёзоор нь үлдэж хугарсан байна гэдэг нь цөгцний хэсэг тэр чигтээ хугараад ёзоор нь л зөвхөн үлдээд байхгүй болсон байна гэсэн үг. 2 шүдний хугарал гэмтэл нь дангаараа Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4-н 1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байна. Тухайн хүний бие махбодын онцлогоос хамаараад зарим хүмүүсийн шүдний бүтэц нь сийрэг болсон байдаг, хэрэв тийм сийрэг бүтэцтэй хүн байсан бол гаднаас хөнгөн зэргийн хүчээр үйлчлэх төдийд шүд хугарах боломжтой. Зарим хүмүүсийн хувьд хамаг чадлаараа цохиод байхад шүд нь хөдлөхгүй байх боломжтой. Тэр бол тухайн хүнийхээ бие махбодын онцлогоос хамаараад хугарч ч болно, хугарахгүй ч байж болно. Яг тэр цаг хугацаанд болсон байх гэж хажууд нь байгаагүй учраас тэгж тааж хэлэхэд хэцүү. Үзлэгээр уруулд цус хурсан байгаа нь тэнд ямар нэгэн байдлаар хүч үйлчлээд тэр 2 шүд хугарсан байна гэдгийг илтгэх шинж тэмдэг болж байна. Хэрвээ уруул дээрээ ямар нэгэн цус хуралт байгаагүй тохиолдолд тэр шүд гаднаасаа ямар нэгэн байдлаар хугараагүй байна гэж авч үзээд гаргах байсан. Уруулдаа цус хуралттай, тэр 2 нь байрлал зүйн хувьд давхцаж байгаа учраас гаднаас уруулд хүч үйлчлээд уруул цаашаагаа шүдтэйгээ хавсарч цохигдоод шүд маань хугарч байгаа гэсэн санааг илэрхийлж байгаа. Шүд муутай хүн болохоор ч тэр юм уу, эсвэл шүднүүд нь сийрэг бүтэцтэй байж байгаад гаднаас ямар нэгэн байдлаар нэг удаагийн хүч үйлчлэхэд тэр шүд хугарах боломжтой” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 05 дахь тал/,

- Хохирогч А.Т-гийн “...Би 2022 оны 11 дүгээр сарын 13-ны орой 19 цагийн орчимд Их засаг олон улсын их сургуулиас явж байгаад ...... улсын дугаартай машиныг шүргэчихсэн. Тэгээд би тухайн үедээ Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Монелийн гэрлэн дохио дээр ........ дугаартай тоёота акуа машинтайгаа явж байгаад зогссон. ....... улсын дугаартай машинтай араас ирээд зогссон. Тэгээд бид хоёр маргалдсан. Намайг ална шүү гэхээр нь би “чи чадах юм уу” гээд салаавч гаргасан чинь нөгөө машины жолооч гараараа уруулын дээд хэсэгт цохиод үүдэн шүд хугарсан. Тэгээд цагдаад дуудлага мэдээлэл өгсөн. Би ямар нэгэн байдлаар бусдын биед халдаж зодсон зүйл огт болоогүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 11-15 дахь тал/,

- Гэрч Б.-ын “...Би Приус маркийн машинтай осол гаргасан жолоочид Зөрчлийн хуулиар торгууль тавьж хохирлыг гаргуулан өгсөн. Тухайн үед дуудлагын дагуу очиход хоорондоо хэрэлдэж маргалдсан бололтой цохисон барьсан тухай зүйл яригдаж байсан. Гэхдээ илэрхий нүдэнд харагдах цус нөж болсон сүртэй зүйл бол ажиглагдаагүй. Би тэдэнд зөвхөн зам тээврийн осолтой холбоотой асуудлыг би шалгана. Харин зодож цохиулсан асуудал байгаа бол 102-т гомдлоо гаргаад шалгуулах нь зүйтэй гэж зөвлөөд явуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дахь тал/,

- Гэрч Б.Б-ийн “...А.Т ахын гэрт байж байтал 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 19 цагийн үед над руу А.Т ах утсаар залгаж намайг Баянзүрх дүүргийн Монелийн гэрлэн дохио дээр машинтай явж байгаад хүнтэй шүргэлцээд намайг машинаас буугаад ирсэн чинь намайг цохиод миний шүд хугалчихлаа гэж утсаар ярьсан юм. Тэгээд би гэрээс гарч удалгүй яваад очиход манай ахын шүд нь уначихсан амнаас цустай шүлс гарч байсан тэгээд надад ..... улсын дугаартай приус маркийн машины жолооч болох нүдний шилтэй залуутай маргалдаж байтал намайг зам дээр гараараа цохиод авсан гэж хэлсэн тэгээд би тэр нүдний шилтэй залуу дээр очиход тэр залуу манай ахыг чи надаас юу ч олж долоохгүй хохьчин гэж хэлж байсан. Тэгээд би ахыг дагуулж цагдаагийн хэлтэс орсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дахь тал/,

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн .... дугаартай “1.А.Т-гийн биед зүүн дээд 1, 3 дугаар шүдний хугарал, баруун зовхи, уруулд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. 3.Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 4.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт, /хх-ийн 30-31 дэх тал/,

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56 дахь тал/  зэрэг болно.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

           

Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч Ч.М нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Монелийн гэрлэн дохиотой уулзвар дээр 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 19 цагийн орчим хохирогч А.Т-тэй машин шүргэлээ гэх шалтгаанаар маргалдан түүний нүүр хэсэгт нь гараараа цохиж биед нь зүүн дээд 1, 3 дугаар шүдний хугарал, баруун зовхи, уруулд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь

 

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн .... дугаартай “1.А.Т-гийн биед зүүн дээд 1, 3 дугаар шүдний хугарал, баруун зовхи, уруулд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. 3.Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 4.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт, хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

 

Улсын яллагч шүүгдэгчийг “өнөөдрийн шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож байна. Шүүгдэгч Ч.М нь хохирогч Т-тэй замын хөдөлгөөнөөс үүссэн маргаанаас болж хохирогчийн биед халдаж хүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна.” гэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан байдаг.

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

 

Шүүгдэгч Ч.М нь хохирогч А.Т-гийн эрүүл мэндэд халдаж зодсон байдал нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Шүүгдэгч Ч.М нь хохирогч А.Т-гийн эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Ч.М-ийн үйлдэл нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.  Шүүгдэгч нь хохирогчийн шүдийг хугалаагүй гэх боловч тухайн цэг хугацаанд уруул ам хэсэг рүү цохьсоноо мэдүүлдэг, шинжээч эмч уруулын дотор талын цус хуралт шүдний хугарал хоёр давхцаж байгаа тул цохилтын хүчний улмаас шүд хугарсныг дүгнэлтдээ болон мэдүүлэгтээ тайлбарлан дүгнэснийг үгүйсгэх баримтгүй байна. Тиймээс шүүгдэгчийг хохирогчийн шүдийг хугалж хөнгөн гэмтэл учруулсан гэм буруутай гэж дүгнэсэн болно.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Ч.М нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасанд нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Мөн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.  

 

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “Шүүхээс шүүгдэгч Ч.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Ч.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч Ч.М нь эрүүл мэндийн шалтгааны улмаас ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй тул нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах боломжгүй тул түүнд торгох ял оногдуулах санал гаргаж байна. Шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Баримтаар гарсан хохирол төлөгдсөн. Цаашид  гарах хор уршгийн асуудлыг нээлттэй үлдээх саналтай байна” гэв. 

Шүүх шүүгдэгч Ч.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэм буруугийн асуудалд маргахгүй байгаа, хохирол төлбөрөө нөхөн төлсөн, цаашид төлөхөө илэрхийлсэн байдал зэргийг тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.М-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.

 

Бусад асуудал: 

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэйгэж тус тус зааснаар шүүгдэгч Ч.М нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй байх ба хохирогчид 293.900 төгрөг төлж барагдуулсан болохыг дурдах нь зүйтэй.

 

Хохирогч нь цаашид гарах гэм хор, хор уршгийн хохирлоо баримтаа бүрдүүлэн Иргэний хуульд заасны дагуу нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.М нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч Ч.М нь өөрийгөө өмгөөлөн шүүх хуралдаанд оролцохоо шүүхэд бичгээр илэрхийлснийг тэмдэглэж түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

            1.  Шүүгдэгч ... овогт Ч.М-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.М-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Ч.М-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй үлдсэн торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Хохирогч А.Т нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хор, хор уршгийн хохирлоо цаашид баримтаа бүдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

6. Энэ хэрэгт хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.М нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            8.  Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.АЮУШЖАВ