Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 2023/ШЦТ/236

 

 

 

 

 

 

 

 

  2023         02          14                                   2023/ШЦТ/236

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Аюушжав даргалж,

нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,

улсын яллагч Б.Мөнхтулга,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар: 

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн .... овогт Б.Б-д холбогдох эрүүгийн ......... дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1965 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 58 настай, эмэгтэй, дээд боловсролтой, инженер технологи мэргэжилтэй, ажилгүй, ам бүл-8, нөхөр, 6 хүүхдийн хамт ............. тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

 

..... овогт Б.Б /РД:********/.

 

Холбогдсон хэргийн талаар: 

 

Шүүгдэгч Б.Б  нь 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Ээрмэлийн 12 дугаар байрны ойролцоо хохирогч Б.Э-ыг тодорхой шалтгаангүйгээр түүний нүүрэн тус газар нь гараараа цохисны улмаас хохирогчийн биед зулайн хуйхны шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үсдсэн зүйл байхгүй. Мөр лүү нь нэг удаа цохисон. Минут ч хүрээгүй зүйл болсон. Машинаас татаад мөрнөөс нь татаад буулгахад үс нь орооцолдоод буусан. Охин ээжээ хэрэггүй, бие чинь муудна, нүдээрээ харчихлаа шүү дээ гэж хэлсэн” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 05 дахь тал/,

- Хохирогч Б.Э-ын: ”2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Корпират” гэх нэртэй газар шинэ жилээ тэмдэглээд ажлын газрын залуу болох А-аар гэртээ хүргүүлээд харьсан юм. 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр бид нар өчигдөр архи уугаад шартсан болохоор ажлын фейсбүүк групп дээр хоол идэх санаатай бөөнөөрөө зөвлөлдөж байгаад “Этавон” хоолны газарт би А, О ах нартай уулзаад хоол идээд 21:00 цагийн үед гараад О ахыг Зайсанд буулгаад тэгээд түгжирч явсаар байгаад гэрийн гадаа ........ байрны гадаа машинд сууж байхад А би өчигдөр эхнэртэйгээ муудалцчихсан, намайг хардаад байхаар нь би зугтаад гараад ирсэн гэж хэлэхээр нь би яаж байгаа юм бэ гэж хэлээд гэртээ орох гээд сууж байсан чинь эхнэр нь гэнэт машин дотор суугаад миний гар утсыг аваад хардаад эхэлсэн. Тэгээд би сандраад утсаа шалгуулаад байж байсан чинь тэр охины аав, ээж А-ын хадам аав ээж нь гарч ирээд миний сууж байсан машины хаалгыг онгойлгоод намайг шууд цохиж аваад машинаас үсдэж чирээд, ээж нь миний гэдэс рүү хүчтэй жийгээд намайг цохиод зодоод орцны үүдээр чирээд яваад байсан. Би юу болоод байгааг ойлгоогүй, маш олон удаа миний толгой руу үсдэж байгаад цохиж зодсон. Миний толгой хагарчихсан. Шүүх эмнэлэгт үзүүлмээр байна. Би тэр А-ын аав ээжид нь маш их гомдолтой байна. Тэр аав ээж гээд байсан хүмүүс нь 40-50 орчим насны хүмүүс байсан. Настай хүмүүс гэхэд аймар хүмүүс юм” гэх мэдүүлэг /хх-ийн 9 дэх тал/,

- Гэрч Б.А-ын: ”Б.Э-ыг гэрт нь буулгах гэж гэрийнх нь гадаа машинтайгаа ирээд 30 орчим минут юм ярьж сууж байсан чинь эхнэр О.Х нь шууд хүрээд ирсэн. Улмаар машины ард суугаад Б.Э бид хоёроос юу хийж сууж байгаа талаар асуусан. Тэгэхээр нь хүргэж ирчхээд хэсэг юм яриад л сууж байна шүү дээ гэсэн чинь О.Х итгэхгүй байсан. Ийм яриа өгүүлэл болж байсан чинь О.Х-ийн аав О.О, ээж Б.Б нар нь хүрч ирсэн, аав О.О нь миний хаалгыг онгойлгоод намайг машинаас татаж буулгасан, нөгөө талд ээж Б.Б нь Б.Э-ын хаалгыг онгойлгосон. Миний харснаар бол Б.Б нь Э-ын нүүр хэсэг рүү нэг удаа алгадаж байсан, тэгээд цааш нь юу болсон талаар хараагүй..” гэх мэдүүлэг /хх-ийн 20 дахь тал/,

- Гэрч О.Х-ийн: “Би орой 22 цаг хүртэл хүлээж байгаад Б.А-ыг нөгөө эмэгтэйгээ гэрт нь хүргэж өгөх байх гэж бодоод Жуковын тийшээ аавынхаа машинтай явж очоод хайж байсан чинь 13 дугаар байрны гадна талд Б.А нь машинтайгаа нөгөө Э гэх эмэгтэйтэй хамт сууж байсан. Тэгэхээр нь би шууд очоогүй 1 цаг орчим харж гадаа зогсож байгаад Б.А нь машинтайгаа хөдлөх гэхээр нь би очоод ард талын хаалгыг онгойлгоод суусан. Тэгээд би юу болоод байгаа талаар асуусан чинь нөгөө эмэгтэй нь сандраад би ажлын газрын эмэгтэй нь байна гэж хэлэхээр нь гар утсаа өгчих би үзье гэж хэлсэн чинь өөрөө өгөхөөр нь би мессеж хэсэг рүү нь ороод уншсан чинь Б.А, Э нар нь шөнө, оройгоор уулздаг нь тодорхой байсан ба харьцсан мессеж нь байсан. Би машинд суухаас өмнө гадаа зогсож байхад ээж Б.Б нь залгаад хаана юу хийгээд байгаа юм бэ гэж хэлэхээр нь би Жуковын энд байдаг 13 дугаар байрны гадаа байна гэж хэлсэн. Тэгээд энд ирсэн чинь Б.А нь өөр эмэгтэйтэй машиндаа сууж байна гэж хэлсэн юм. Тэгээд машинд бид гурав сууж байсан чинь аав О.О, ээж Б.Б нар ирсэн. Тэгтэл ээж Б.Б нь нөгөө эмэгтэйгийн сууж байсан талаар ирээд хаалгыг нь онгойлгоод уурлаж хувцаснаас нь татсан боловч Б.А нь нөгөө эмэгтэйгээ буулгахгүй, дээгүүр гараараа хаагаад байсан, тэгсэн чинь ээж Б.Б нь алгадаж байгаа харагдсан, тэгээд машинаасаа чирээд буулгасан. Тэгэхээр нь би машинаас буугаад нөгөө эмэгтэйг аваад байр тойроод дагуулаад явсан юм. Улмаар бид нар салаад нөхөртэйгөө гэр лүүгээ явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дэх тал/,

Гэрч О.О-ын “2022 оны 12 дугаар сарын 18-ны өдөр эхнэр Б.Б-ийн хамт гэртээ байж байгаад зээ охин А.А-г авахаар гэр лүү нь очсон юм. Тэгсэн чинь урдаас О.Х нь зээ охин А.А-г аваад гараад ирсэн. Тэгээд бид нар манай гэрт ирсэн, О.Х нь гэр лүү орохгүй гаднаас миний машиныг аваад Жуков руу явчхаад ирье гэж хэлээд яваад өгсөн юм. Гэртээ байж байсан чинь эхнэр Б.Б нь жуковын тэнд О.Х байна. яг байгаа газраа хэлэхгүй байна. Хоёулаа тийшээ явъя гэж хэлэхээр нь хувцсаа өмсөөд гэрээс гараад такси барьж Жуковын музей руу явж байсан чинь миний эзэмшлийн ..... улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгсэл зам дагуу байсан. Тэгэхээр нь эхнэр бид хоёр салаад ойр орчмоор байсан чинь нэг байрны үзүүрт дугаар нь мэдэхгүй гэрэл нь асаалттай машин байхаар нь эхнэр Б.Б бид хоёр очсон. Бид хоёр очоод хартал урд талд нь А үл таних эмэгтэйгийн хамт хойд талд нь миний охин О.Х суучихсан байсан. ...чи яагаад хүүхдийн амьдралаар тоглодог хүүхэн бэ гэх зэргээр чанга ярьж байсан. Эхнэр Б.Б нь цээж, гар хэсэг рүү нь 1-2 удаа цохиж байгаа харагдсан. Тэгээд нөгөө эмэгтэй нь машинаас буусан тэгтэл охин О.Х нь машинаас буугаад тэр хоёрыг салгасан юм. Би тэр үед А-ын талд байсан учраас нарийн сайн хараагүй юм. Тухайн эмэгтэйгийн биеэс ямар нэгэн байдлаас цус гарсан зүйл байхгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18 дахь тал/,

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн ... дугаартай “1.Б.Э-ын биед зулайн хуйхны шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй. 5.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой” гэх дүгнэлт /хх-ийн 33-34 дэх тал/,

- Иргэний нэхэмжлэгч Б.Маралын: “Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад “нөхөн төлүүлнэ” гэж заасан байдаг. Хохирогч Б.Э-д Гэмтэл согог судлалын үндэсний төвийн гэмтлийн яаралтай тусламж 161.000 төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлсэн байдаг. Иймд нийт 161.000 төгрөгийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48 дахь тал/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

           

Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч Б.Б  нь 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Ээрмэлийн 12 дугаар байрны ойролцоо хохирогч Б.Э-ыг тодорхой шалтгаангүйгээр машинаас буулгах гэж хувцас үснээс нь татаж унагаж түүний нүүрэн тус газар нь гараараа цохисны улмаас хохирогчийн биед зулайн хуйхны шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь:

 

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн ... дугаартай “1.Б.Э-ын биед зулайн хуйхны шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй. 5.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой”  гэх дүгнэлт, хохирогч, гэрч,  шүүгдэгч нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

 

Улсын яллагч: Өнөөдрийн шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож байна. Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо ээрмэлийн 12 дугаар байрны ойролцоо хохирогч Э-ыг тодорхой шалтгаангүйгээр толгойн тус газар нь цохисны улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна. Хохирогч Э нь мөрдөн шалгах ажиллагааны явцад баримтаар нэхэмжилсэн зүйлгүй боловч цаашид гарах эмчилгээний зардлаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна. Хохирогч Э нь Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 161.000 төгрөгийн даатгалын үйлчилгээ авсан байх тул түүнийг шүүгдэгч Б-с гаргуулах саналтай байна дүгнэлт гаргасан” гэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан байдаг.

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

 

Шүүгдэгч Б.Б нь хохирогч Б.Э-ын эрүүл мэндэд халдаж зодсон байдал нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Шүүгдэгч Б.Б нь хохирогч Б.Э-ын эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Б.Б-гийн үйлдэл нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов. 

Шүүгдэгч нь хохирогчид учирсан гэмтлийг би учруулаагүй гэх боловч тухайн үед хамт байсан түүний нөхөр О.О нь 2022 оны 12 дугаар сарын 18-ны өдөр эхнэр Б.Б-гийн хамт гэртээ байж байгаад зээ охин А.А-г авахаар гэр лүү нь очсон юм. Тэгсэн чинь урдаас О.Х нь зээ охин А.А-г аваад гараад ирсэн. Тэгээд бид нар манай гэрт ирсэн, О.Х нь гэр лүү орохгүй гаднаас миний машиныг аваад Жуков руу явчхаад ирье гэж хэлээд яваад өгсөн юм. Гэртээ байж байсан чинь эхнэр Б.Б нь жуковын тэнд О.Х байна. яг байгаа газраа хэлэхгүй байна. Хоёулаа тийшээ явъя гэж хэлэхээр нь хувцсаа өмсөөд гэрээс гараад такси барьж Жуковын музей руу явж байсан чинь миний эзэмшлийн ...... улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгсэл зам дагуу байсан. Тэгэхээр нь эхнэр бид хоёр салаад ойр орчмоор байсан чинь нэг байрны үзүүрт дугаар нь мэдэхгүй гэрэл нь асаалттай машин байхаар нь эхнэр Б.Б бид хоёр очсон. Бид хоёр очоод хартал урд талд нь А үл таних эмэгтэйгийн хамт хойд талд нь миний охин О.Х суучихсан байсан. ...чи яагаад хүүхдийн амьдралаар тоглодог хүүхэн бэ гэх зэргээр чанга ярьж байсан. Эхнэр Б.Б нь цээж, гар хэсэг рүү нь 1-2 удаа цохиж байгаа харагдсан. Тэгээд нөгөө эмэгтэй нь машинаас буусан тэгтэл охин О.Х нь машинаас буугаад тэр хоёрыг салгасан юм. Би тэр үед А-ын талд байсан учраас нарийн сайн хараагүй юм. Тухайн эмэгтэйгийн биеэс ямар нэгэн байдлаас цус гарсан зүйл байхгүй байсан...” гэж мэдүүлсэн, түүний охин О.Х... Тэгтэл ээж Б.Б нь нөгөө эмэгтэйгийн сууж байсан талаар ирээд хаалгыг нь онгойлгоод уурлаж хувцаснаас нь татсан боловч Б.А нь нөгөө эмэгтэйгээ буулгахгүй, дээгүүр гараараа хаагаад байсан, тэгсэн чинь ээж Б.Б нь алгадаж байгаа харагдсан, тэгээд машинаасаа чирээд буулгасан... гэж мэдүүлсэн, түүний хүргэн Б.А... Миний харснаар бол Б.Б нь Э-ын нүүр хэсэг рүү нэг удаа алгадаж байсан гэж мэдүүлсэн нь хуульд заасан үндэслэл журмаар авагдсан мэдүүлэг бөгөөд хохирогчийн мэдүүлгийг давхар нотолсон эргэлзээгүй, эдгээр баримтыг үгүйсгэсэн няцаасан баримтгүй байх тул шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчид хөнгөн хохирол учирсан гэж дүгнэн эдгээр баримтыг шийтгэх тогтоолын үндэслэл болгосон болно.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасанд нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Мөн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.  

 

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “Шүүхээс шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналтай байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй” гэв. 

Шүүх шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан үзэж эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-г 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж шийдвэрлэв.

 

Бусад асуудал: 

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 

 

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэйгэж тус тус зааснаар шүүгдэгч Б.Б нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй байх ба хохирогч Б.Э нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй тул бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч нар цаашид гарах гэм хор, хор уршгийн хохирлоо баримтаа бүрдүүлэн Иргэний хуульд заасны дагуу нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргагдсан төлбөр 161000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар дүгнэсэн боловч хэрэгт зардалтай холбоотой төлбөр тооцоо хийгдсэн санхүүгийн албан ёсны баримтгүй тул шийдвэрлэх боломжгүй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

            1.  Шүүгдэгч ..... овогт Б.Б-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-г 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтыг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээгээр тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

           5 .Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-г Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан оршин суух газраа өөрчлөх, зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүрэг тус тус хүлээлгэн зорчих эрхийг хязгаарлаж, тэдэнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай..

 

6. Хохирогч болон иргэний нэхэмжлэгч нар энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хор, хор уршгийн хохирлоо цаашид баримтаа бүдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

7. Энэ хэрэгт хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            8.  Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.АЮУШЖАВ