| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Даваанямын Оюумаа |
| Хэргийн индекс | 109/2024/0024/З |
| Дугаар | 221/МА2025/0086 |
| Огноо | 2025-02-04 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 221/МА2025/0086
Б.Нийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Г.Билгүүн
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч О.Оюунгэрэл
Илтгэгч: шүүгч Д.Оюумаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Г
Нэхэмжлэгч: Б.Н
Хариуцагч: Архангай аймгийн Засаг дарга
Нэхэмжлэлийн шаардлага: “Б.Нт албан тушаалын “Ахлах түшмэл”-ийн зэрэг дэв олгохгүй байгаа Архангай аймгийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, албан тушаалын зэрэг дэвийг тухайн албан тушаалыг эрхэлж эхэлсэн хугацаа буюу 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс тооцон зэрэг дэвийн нэмэгдэл хөлсийг зохих журмын дагуу бодож олгох, нэмэгдэл бодсон цалингаас нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг Архангай аймгийн Засаг даргад даалгах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 38 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Б.Н
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Г
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Цогтбаяр
Хэргийн индекс: 109/2024/0024/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Н нь Архангай аймгийн Засаг даргад холбогдуулан “Б.Нт албан тушаалын Ахлах түшмэлийн зэрэг дэв олгохгүй байгаа Архангай аймгийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, албан тушаалын зэрэг дэвийг тухайн албан тушаалыг эрхэлж эхэлсэн хугацаа буюу 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс тооцон зэрэг дэвийн нэмэгдэл хөлсийг зохих журмын дагуу бодож олгох, нэмэгдэл бодсон цалингаас нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг Архангай аймгийн Засаг даргад даалгах”-аар маргасан байна.
2. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 38 дугаар шийдвэрээр: “...Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2.3, 57 дугаар зүйлийн 57.2.2, 61 дүгээр зүйлийн 61.1. дэх хэсэг, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн /шинэчилсэн найруулга/ 21 дүгээр зүйлийн 21.1, 24 дүгээр зүйлийн 24.1.2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсэгт, 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Б.Нийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж, Б.Нт албан тушаалын Ахлах түшмэлийн зэрэг дэв олгохгүй байгаа Архангай аймгийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Б.Нт албан тушаалын зэрэг дэвийг тухайн албан тушаалыг эрхэлж эхэлсэн хугацаа буюу 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс тооцон зэрэг дэвийн нэмэгдэл хөлсийг зохих журмын дагуу бодож олгох, нэмэгдэл бодсон цалингаас нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг Архангай аймгийн Засаг даргад даалгаж...” шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. “...Иргэн Б.Н нь тус шүүхэд “Архангай аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Б.Н надад 2023 онд ахлах түшмэлийн албан тушаалын ангиллын дөтгөөр зэрэг дэв, 2024 онд ахлах түшмэлийн албан тушаалын ангиллын гутгаар зэрэг дэв олгохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Архангай аймгийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А/287 дугаар захирамжаар “Ахлах түшмэлийн” дөтгөөр зэрэг дэв, 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Б/18 дугаар захирамжаар “Ахлах түшмэлийн” гутгаар зэрэг дэв олгуулахыг аймгийн Засаг дарга Б.Ц-ад даалгах, 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 2024 оны 05 сарын 14-ний өдөр хүртэл зэрэг дэвийн нэмэгдэл хөлсийг 26 хувиар, 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл зэрэг дэвийн нэмэгдэл хөлсийг 28 хувиар миний албан тушаалын цалингаас тус тус тооцож нийт 9.808.100 төгрөгийг нөхөж олгуулах, зэрэг дэвийн нэмэгдэл бодсон цалингаас нийгмийн даатгалын шимтгэл хувь хэмжээг нөхөн төлүүлэхийг аймгийн Засаг дарга Б.Ц-ад тус тус даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийг гаргасан байснаа 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодруулсан. 1. Б.Н надад албан тушаалын “Ахлах түшмэл”-ийн зэрэг дэв олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, албан тушаалын зэрэг дэв олгохыг Архангай аймгийн Засаг дарга Б.Ц-ад даалгах, 2. Албан тушаалын зэрэг дэвийн шаардлага хангасан хугацаанаас хойших цалингийн нэмэгдэл хөлсийг зохих журмын дагуу бодож олгох, нэмэгдэл бодсон цалингаас нийгмийн даатгалыг нөхөн төлөхийг даалгах” гэж тодруулсан.
3.2. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрч Б.Н-ийг 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс Архангай аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон өдрөөс эхлэн зэрэг дэвийн нэмэгдэл олгохоор шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрч хэргийг шийдвэрлэлээ.
3.3. Б.Нийг 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс Архангай аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон өдрөөс эхлэн зэрэг дэвийн нэмэгдэл олгохоор шийдвэрлэсэн нь Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3, Монгол Улсын Их Хурлын 2019 оны 21 дүгээр тогтоолын 2.6 дахь заалтуудыг зөрчсөн, мөн Б.Н нь 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдөр тухайн албан тушаалд жинхлэн томилогдож, 2022 оны 7 дугаар сарын 6-ны өдөр тангараг өргөснөөр төрийн жинхэнэ албан хаагч болсон өдрөөс эхлэн 1 жилийн дараа шинээр зэрэг дэв олгох саналыг түүний томилсон эрх бүхий албан тушаалтан аймгийн Засаг даргад хүргүүлж, аймгийн Засаг даргаас зэрэг дэв олгох шийдвэр гарснаар түүнд зэрэг дэвийн нэмэгдэл олгох учиртай” гэжээ.
4. Нэхэмжлэгчээс хариуцагчийн давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор бүхэлд нь хянаад шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.
2. Шүүх дараах үндэслэлээр гомдлын зарим хэсгийг хангав. Үүнд:
2.1. Нэхэмжлэгч Б.Нээс Архангай аймгийн Засаг даргад холбогдуулан “Б.Нт албан тушаалын “Ахлах түшмэл”-ийн зэрэг дэв олгохгүй байгаа Архангай аймгийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, албан тушаалын зэрэг дэвийг тухайн албан тушаалыг эрхэлж эхэлсэн хугацаа буюу 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс тооцон зэрэг дэвийн нэмэгдэл хөлсийг зохих журмын дагуу бодож олгох, нэмэгдэл бодсон цалингаас нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг Архангай аймгийн Засаг даргад даалгах”-аар маргасан.
2.2. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Б.Н нь Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/121 дүгээр тушаалаар тус аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон байх бөгөөд мөн даргын 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Б/63 дугаар тушаалаар тухайн албан тушаалд жинхлэн томилогджээ. Үүний дараа Архангай аймгийн Засаг даргын Тамгын газраас 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 03/111 дүгээр албан бичгээр зэрэг дэв шинээр болон ахиулан олгох болзлыг хангасан албан хаагчдын мэдээллийг Төрийн албаны зөвлөлийн Архангай аймаг дахь салбар зөвлөлд хүргүүлсний хавсралтад нэхэмжлэгч Б.Нт Дэс түшмэл, дөтгөөр зэрэг олгуулахаар санал хүргүүлсэн байх боловч аймгийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А/287 дугаартай албан хаагчдад зэрэг дэв олгосон захирамжид нэхэмжлэгч багтаагүй байна. Улмаар нэхэмжлэгчээс зэрэг дэв олгохоос татгалзсан үндэслэл, шалтгааныг тодруулах агуулга бүхий өргөдлийг 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр аймгийн Засаг даргад гаргасан боловч хариу өгөөгүй үйл баримтууд тогтоогдож байна.
2.3. Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Төрийн захиргааны тэргүүн түшмэл, эрхэлсэн түшмэл, ахлах түшмэл, дэс түшмэл, туслах түшмэлийн албан тушаал нь тус бүртээ тэргүүн зэрэг, дэд зэрэг, гутгаар зэрэг, дөтгөөр зэрэг гэсэн зэрэг дэвтэй байна”, мөн зүйлийн 21.2-т “Энэ хуулийн 21.1-д заасан зэрэг дэвийг дараахь албан тушаалтан олгоно” гээд 21.2.3-д “ахлах түшмэл, дэс түшмэл, туслах түшмэлийн албан тушаалын зэрэг дэвийг Монгол Улсын сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга, төрийн бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтан”, 21.3-д “Зэрэг дэв олгохдоо төрийн албанд ажилласан буюу тухайн албан тушаалын ангилалд ажилласан хугацаа, үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг харгалзана” гэж тус тус заасан.
2.4. Нэхэмжлэгч Б.Н нь 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр анх томилогдож, 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Б/63 дугаар тушаалаар жинхэлсэн, Архангай аймгийн Засаг даргын Тамгын газраас 2023 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 03/111 дүгээр албан бичгээр түүнд зэрэг дэв шинээр олгуулахаар мэдээллийг эрх бүхий байгууллагад хүргүүлсэн, нэхэмжлэгч 2022 онд гүйцэтгэлийн төлөвлөгөө 91.29%, 2023 онд 94.8% буюу маш сайн үнэлэгдсэн байх төдийгүй Төрийн албаны зөвлөлөөс 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 01/1592 дугаартай албан бичигтээ “...Нэр бүхий төрийн албан хаагчдын төрийн албанд ажилласан хугацаа, үйл ажиллагааны үр дүн, ёс зүй, сахилга хариуцлагын шийтгэлтэй эсэхийг судалж үзэхэд төрийн захиргааны ахлах түшмэлийн албан тушаалд хууль ёсны дагуу томилогдсон, ахлах түшмэлийн зэрэг дэв олгоход харгалзах төрийн албанд болон өмнөх ангилалд ажилласан жилийн шаардлагыг хангасан, 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг Б.Н нь 94,8 хувиар... хэрэгжүүлсэн, сүүлийн нэг жилийн хугацаанд ёс зүй, сахилга хариуцлагын шийтгэл хүлээгээгүй байна. Төрийн захиргааны албан хаагч Б.Н, ...нь төрийн захиргааны албан хаагчид зэрэг дэв шинээр болон ахиулан олгох хууль, журамд заасан шаардлагыг хангасан байх тул зэрэг дэв олгох асуудлыг шийдвэрлэж болохыг зөвлөж байна” гэж дурдаад Төрийн албан хаагчид зэрэг дэв олгох тухай уг албан бичгийг Архангай аймгийн Засаг даргад хүргүүлсэн зэргээс үзэхэд нэхэмжлэгч Б.Н нь Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв олгох албан хаагчийн шаардлагыг бүрэн хангасан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдож байна.
2.5. Анхан шатны шүүх маргааны үйл баримтын талаар “...Нэхэмжлэгч Б.Н нь ...тус албан тушаалд түр орлон гүйцэтгэгчээр 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүртэл 6 сар 12 хоног, жинхлэн 2022 оны 07 дугаар сарын 4-ний өдрөөс одоог хүртэл 2 жил 5 сар 6 хоног ажилласан, ...төрийн албан хаагчийн хувьд төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллах эрхтэй, ... хариуцагч Архангай аймгийн Засаг дарга 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Зэрэг дэв олгох тухай А/287 дугаар захирамж гаргахдаа нэхэмжлэгчийг орхигдуулж, зэрэг дэв олгох төрийн албан хаагчдын нэрсийн жагсаалтаас хасаж хууль, журамд заасан зэрэг дэвийг олгоогүй хууль бус эс үйлдэхүй гаргасан байна гэж үзэх үндэстэй” гэж үндэслэл бүхий дүгнэсэн байх хэдий ч нэхэмжлэгчид зэрэг дэв олгох хуульд заасан хугацааг буруу тооцож хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.
2.6. Тодруулбал, Монгол Улсын Их Хурлын 2019 оны 21 дүгээр тогтоолоор батлагдсан Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох журмын 2.6-д “Төрийн захиргааны албан тушаалд томилогдож нэг жил ажилласан төрийн захиргааны албан хаагчид төрийн албанд ажилласан болон тухайн албан тушаалын ангилалд ажилласан хугацаа, үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үндэслэн тухайн түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалын дөтгөөр зэргийг олгож, улмаар зэрэг дэвийг ахиулах зарчим баримтална. Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэвийг алгасаж олгохгүй” гэж заасан байхад нэхэмжлэгчид зэрэг дэвийн нэмэгдэл олгох хугацааг түүний анх томилогдсон 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн тооцож, зэрэг дэвийн нэмэгдлийг нөхөн төлөхөөр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
2.7. Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-д зааснаар төрийн захиргааны албан хаагчид зэрэг дэв олгохдоо төрийн албанд ажилласан буюу тухайн албан тушаалын ангилалд ажилласан хугацаа, үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг харгалзана гэж, Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох журамд Төрийн захиргааны албан тушаалд томилогдож нэг жил ажилласан төрийн захиргааны албан хаагчид төрийн албанд ажилласан болон тухайн албан тушаалын ангилалд ажилласан хугацаа, үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үндэслэн тухайн түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалын дөтгөөр зэргийг олгож, улмаар зэрэг дэвийг ахиулах зарчим баримтална гэж зааснаас үзвэл нэхэмжлэгч Б.Н нь анх Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/121 дүгээр тушаалаар аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр мөн өдрөөс эхлэн томилсон байгаа энэ тохиолдолд түүнд зэрэг дэв олгогдох эрх тухайн албан тушаалд ажиллаж эхэлснээс хойш 1 жилийн дараа буюу 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс үүсэхээр байна.
2.8. Гэтэл анхан шатны шүүх Төрийн албаны тухай хууль, Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох журамд заасан дээрх хугацааг буруу тодорхойлж, нэхэмжлэгчийн төрийн албанд анх томилогдсон хугацаанаас тооцон зэрэг дэвийн нэмэгдэл хөлсийг олгон, нэмэгдэл бодсон цалингаас нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн буруу. Энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Б.Нийг 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс Архангай аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон өдрөөс эхлэн зэрэг дэвийн нэмэгдэл олгохоор шийдвэрлэсэн нь Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3, Монгол Улсын Их Хурлын 2019 оны 21 дүгээр тогтоолын 2.6 дахь заалтуудыг зөрчсөн” гэх гомдол үндэслэлтэй.
2.9. Харин нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “албан тушаалын Ахлах түшмэлийн зэрэг дэв олгохгүй байгаа Архангай аймгийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, албан тушаалын зэрэг дэвийг тухайн албан тушаалыг эрхэлж эхэлсэн хугацаа буюу 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс тооцон зэрэг дэвийн нэмэгдэл хөлсийг зохих журмын дагуу бодож олгох, нэмэгдэл бодсон цалингаас нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг Архангай аймгийн Засаг даргад даалгах” гэж тодруулсан байх бөгөөд анхан шатны шүүх тус шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрч шийдсэн” талаарх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
2.10. Дээрхийг нэгтгэн дүгнэвэл, анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийн үйл баримтыг зөв тодорхойлж, хэргийг шийдвэрлэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргаагүй байх боловч хуулийн холбогдох заалтыг буруу хэрэглэсэн байх тул үүнийг зөвтгөсөн өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 38 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “ ... Б.Нт албан тушаалын зэрэг дэвийг тухайн албан тушаалыг эрхэлж эхэлсэн хугацаа буюу 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс тооцон” гэснийг “...Б.Нт албан тушаалын зэрэг дэвийг 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс тооцон” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
ШҮҮГЧ Д.ОЮУМАА