| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2019/00240/И |
| Дугаар | 304 |
| Огноо | 2019-06-12 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 304
2019 оны 06 сарын 12 өдөр Дугаар 153/ШШ2019/00304 Ховд аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч:Ховд аймгийн Буянт сумын Нарийн гол багт оршин суух, ПВ69052304 тоот регистрийн дугаартай, Олхонод овогт Пүрэвийн ийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч П. шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Ховд аймгийн Буянт суманд 1969 онд төрсөн. Би Ховд аймгийн Буянт сумын 8 жилийн сургуульд 1985 онд 8 дугаар ангиа төгсөөд илгээлтээр хөдөө гарч ээж Нансалмаа, аав Пүрэв нарын хамт Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн 1 дүгээр баг буюу Нарийн гол багт саальчнаар ажиллах болсон. Үүнээс хойш 1991 он дуустал буюу нэгдэл тарах хүртэл тус нэгдэлд тасралгүй саальчнаар буюу малчнаар ажилласан. Миний бие өндөр насны тэтгэвэрээ тогтоолгохоор Ховд аймгийн Нийгмийн даатгалын газарт хандахад тухайн үед ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн, мөн зарим онуудад ажиллаж байсан цалин хөлс аавын нэр дээр давхар бодогдож явдаг байсан тул заавал шүүхэд хандаж ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Иймд П. намайг 1985 оны 6 дугаар сараас 1991 он дуустал Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн Нарийн гол бригадад саальчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч П.Саранцэцэг нь 1985 оны 6 дугаар сараас 1991 оныг дуустал Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн Нарийн гол бригадад саальчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.
Хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагатай холбогдуулан дараах баримтууд хэрэгт авагджээ. Үүнд:
-Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1296 дугаартай албан бичиг,
-Ховд аймгийн Буянт сумын 1-р бригадын 1985-1987 оны, 1990-1991 оны П.Пүрэв, П. нарын нэр дээрх 70 дугаар дансны хуулбарууд,
-Ховд аймгийн Мал эмнэлэгийн газрын даргын 1992 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 32 дугаартай Ажилд томилох тухай тушаалын хуулбар,
-П.Саранцэцэгийн 0778485 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Ховд аймгийн Өмч хувьчлалын комиссын 1992 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 44 дугаартай Хувьчлах төсөл батлах тухай тогтоолын хуулбар,
-Ховд аймгийн Хувьсгалт залуучуудын эвлэлийн 1989 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн Баярын бичиг,
-Ховд аймгийн Хувьсгалт залуучуудын эвлэл, АДХ-ын гүйцэтгэх захиргаа, намын хорооны 1986 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн Баярын бичиг,
-Ховд аймгийн Хувьсгалт залуучуудын эвлэл, АДХ-ын гүйцэтгэх захиргаа, намын хороо, Үйлдвэрчний эвлэлийн зөвлөлийн 1987 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн Сайшаалын үнэмлэх,
-Ховд аймгийн Буянт сумын намын үүр, АДХ-ын гүйцэтгэх захиргаа, сум нэгдлийн зөвлөл, Эмэгтэйчүүдийн зөвлөлийн 1986 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн Талархал,
-08605 дугаартай 1985 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн Үйлдвэрлэлд хуваарилагдагчдад олгох томилолт,
-Улсын бүртгэлийн Ерөнхий газар, улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 126/001701 дугаартай П.Саранцэцэгийн төрсний лавлагаа,
-Улсын бүртгэлийн Ерөнхий газар, улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 126/001699 дугаартай П.Саранцэцэгийн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа,
-Гэрч Б.Дашдаваагийн шүүхэд өгсөн ...П.Саранцэцэгийг хүүхэд байхаас нь мэднэ. Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн 1 дүгээр бригадад саальчнаар ажиллаж байсан гэх мэдүүлэг,
-Гэрч У.Алимаагийн шүүхэд өгсөн ...би 1976-1990 он хүртэл Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн 1-р бригадад саальчнаар ажиллаж байсан. П.Саранцэцэг нь Ховд аймгийн Буянт сумын сургуулийг 8 дугаар анги төгсөж, 1985-1990 онд Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн 1-р бригадад саальчнаар ажиллаж байсан гэх мэдүүлэг зэрэг баримтууд хэрэгт авагджээ.
Хэрэгт авагдсан 08605 дугаартай 1985 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн Үйлдвэрлэлд хуваарилагдагчдад олгох томилолтоор П.Саранцэцэгийг Ховд аймгийн Буянт сумын 1-р бригадад илгээлтээр томилсон нь нотлогдож байх тул түүнийг 1985 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн Ховд аймгийн Буянт сумын 1-р бригадад саальчнаар ажилласан гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд хэрэгт авагдсан дээрх баримтуудаар хүсэлт гаргагч П.Саранцэцэг нь Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн 1-р бригад буюу Нарийн гол бригадад 1985 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал саальчнаар ажиллаж байсан болох нь нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Харин хүсэлт гаргагч П.Саранцэцэг нь Иргэн ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах тухай хуульд хамрагдаж, 1990-2000 оныг дуустал нөхөн тооцуулсан байх тул түүний 1990 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааг шүүх давхардуулан тогтоохгүй тул энэ хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч П.Саранцэцэгт шүүхээс шүүх хуралдааны товыг 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр мэдэгдэж гарын үсэг зуруулсан байх бөгөөд тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-д зааснаар хэрэгт авагдсан баримтын хүрээнд, бусад нөхцөл байдлыг харгалзан хүсэлт гаргагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ПВ69052304 тоот регистрийн дугаартай, Олхонод овогт Пүрэвийн Саранцэцэгийг Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн Нарийн гол бригадад 1985 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний 1990 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн Нарийн гол бригадад саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА