| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2019/00261/И |
| Дугаар | 305 |
| Огноо | 2019-06-12 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 305
2019 оны 06 сарын 12 өдөр Дугаар 153/ШШ2019/00305 Ховд аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч:Ховд аймгийн Мянгад сумын Баянхошуу багт оршин суух, ПЗ64022018 тоот регистрийн дугаартай, Хиргис овогт Лхамсүрэнгийн ийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Л., нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Л.Сүхдорж шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд 1981 оны 1 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн тасралтгүй 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянбулаг багт малчнаар ажиллаж байсан ба тухайн үед, нэгдлийн хонь, ямаа маллаж байсан болно. Миний бие нь цэргийн алба хаагаагүй, ар гэрийн гачигдлаар цэргээс чөлөөлөгдөж байсан. Миний бие нь 1981 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс тасралтгүй 1992 оныг дуустал тус нэгдлийн Баянбулаг багт нийт 12 жил тасралтгүй мал маллаж байсан ба тухайн үед ажиллаж байсан хугацааны цалингийн карт, материалууд архив шатсаны улмаас олдохгүй байгаа юм. Иймд Л. намайг Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд 1981 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Л нь Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд 1981 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.
Хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагатай холбогдуулан дараах баримтууд хэрэгт авагджээ. Үүнд:
-Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2019 оны 4 дүгээр сарын 24-ны өдрийн 493 дугаартай албан бичиг,
-Ховд аймгийн Мянгад сумын Баянбулаг бригадын 1990, 1991, 1992 онуудын Лхамсүрэн, Сүхдорж нарын нэр дээрх 70 дугаар дансны хуулбарууд,
-Л.Сүхдоржийн нэр дээрх 1981 оны хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Л.Сүхдоржийн 000238137 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Ховд аймгийн мянгад сумын Давшилт нэгдлийн зөвлөлийн 1985 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Баярын бичиг,
-Л.Сүхдоржийн нэр дээрх 1045 дугаартай нэгдлийн гишүүний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Улсын бүртгэлийн Ерөнхий газар, улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 126/001744 дугаартай Л.Сүхдоржийн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа,
-Улсын бүртгэлийн Ерөнхий газар, улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 126/001736 дугаартай Л.Сүхдоржийн төрсний бүртгэлийн лавлагаа,
-Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа,
-Гэрч С.Чулуунхүүгийн шүүхэд өгсөн ...Л.Сүхдорж нь Лхамсүрэн гэдэг хүний хүүхэд. Тэрээр Ховд аймгийн Мянгад сумын 8 жилийн сургуулийг 8-р анги төгссөн. Намайг 1989 онд Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд орж ажиллахад тэр Давшилт нэгдлийн Баянбулаг бригадад малчнаар ажиллаж байсан. Л.Сүхдорж нь Давшилт нэгдэл тарах хүртэл малчнаар ажиллаж байсан гэх мэдүүлэг,
-Гэрч Д.Батбаярын шүүхэд өгсөн ...би 1981-1991 он хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд жолоочоор ажиллаж байсан. Харин Л.Сүхдорж нь 1972 онд 8-р анги төгсөөд Давшилт нэгдэлд ажиллаж байсан. Тэрээр нэгдэл тарах хүртэл малчнаар ажиллаж байсан гэх мэдүүлэг зэрэг баримтууд хэрэгт авагджээ.
Хэрэгт авагдсан 1045 дугаартай нэгдлийн гишүүний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар Л.Сүхдорж нь 1981 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд малчнаар ажилласан нь нотлогдож байна. Иймд хэрэгт авагдсан дээрх баримтуудаар хүсэлт гаргагч Л.Сүхдорж нь Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд 1981 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Харин хүсэлт гаргагч Л.Сүхдорж нь Иргэн ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах тухай хуульд хамрагдаж, 1990-2000 оныг дуустал нөхөн тооцуулсан байх тул түүний 1990 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааг шүүх давхардуулан тогтоохгүй тул энэ хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ПЗ64022018 тоот регистрийн дугаартай, Хиргис овогт Лхамсүрэнгийн Сүхдоржийн 1981 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний 1990 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА