| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2019/00287/И |
| Дугаар | 306 |
| Огноо | 2019-06-12 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 306
2019 оны 06 сарын 12 өдөр Дугаар 153/ШШ2019/00306 Ховд аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч:Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Баянгол багт оршин суух, ПО63101514 тоот регистрийн дугаартай, Хойд овогт Янживын ын хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Я., нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Я. шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1963 онд Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд төрсөн. 1969 онд тус сумынхаа 8 жилийн дунд сургуулийг 8 дугаар ангиа төгсөөд илгээлтээр хөдөө гарч аав Янжив, ээж Гармаа нарын хамт Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн Баянгол бригадад бог мал малласан. 1982 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1985 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүртэл хугацаат цэргийн алба хаасан. 1985 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс нэгдэл тарах хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн Баянгол бригадад мөн аав ээжийн хамт үргэлжлүүлэн бог мал малласан. Одоо ч сумандаа мал маллан амьдарч байна.
Я. намайг цэргээс халагдаж ирсний дараа надад хөдөлмөрийн дэвтэр нээж өгсөн байдаг бөгөөд үүнээс өмнөх хугацаанд ажиллаж байсан миний цалин хөлс бүгд аав Янживын нэр дээр давхар бодогдоод явдаг байсан. Мөн манай гэр 2000 онд шатаж миний бүх бичиг баримт, хөдөлмөрийн дэвтэр зэрэг нь устаж үгүй болсон тул миний тухайн үед ажиллаж байсныг тогтоох баримтууд байхгүй учир шүүхэд хандаж нэхэмжлэл гаргах шаардлагатай болсон.
Иймд намайг 1979 оны 6 дугаар сараас 1982 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл, мөн 1985 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс 1992 оны 5 дугаар сар хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн Баянгол бригадад бог мал маллаж малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Я. нь 1979 оны 6 дугаар сараас 1982 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл, мөн 1985 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс 1992 оны 5 дугаар сар хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн Баянгол бригадад бог мал маллаж малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.
Хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагатай холбогдуулан дараах баримтууд хэрэгт авагджээ. Үүнд:
-Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 405 дугаартай албан бичиг,
-Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Баянгол бригадын 1979-1982, 1986-1990 оны Янжив, ын нэр дээрх 70 дугаар дансны хуулбарууд,
-Батлан хамгаалах яам, Батлан хамгаалахын төв архивын 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 4186 дугаартай хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа,
-Я ын 0772028 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Я. ын 2013 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн Малчин мэргэжлийн үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Улсын бүртгэлийн Ерөнхий газар, улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 126/001377 дугаартай Я. ын төрсний бүртгэлийн лавлагаа,
-Улсын бүртгэлийн Ерөнхий газар, улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 126/001376 дугаартай Я. ын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа,
-Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгчийн Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэл нь 4 компани болж өөрчлөгдсөний нэг Бадралт ББХК 1992 оны 5 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдан улсын бүртгэлд бүртгэгдсэн байна гэх лавлагаа,
-Гэрч Д.Гансүрэнгийн шүүхэд өгсөн ...би Ховд аймгийн Мянгад суманд төрсөн бөгөөд 1980-1991 он хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэлд нөхөртэйгээ хамт мал маллаж байсан. Я. ыг 1982 оноос эхлэн мэддэг болсон. Тэрээр 1982 онд цэрэгт яваад, халагдаж ирээд 1985-1991 он хүртэл буюу нэгдэл тарах хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэлд мал маллаж байсан. Дараа нь Социализм нэгдэл тараад Бадрал компани байгуулагдахад тус компанид бог мал маллаж байсан гэх мэдүүлэг,
-Гэрч С.Цэгмидийн шүүхэд өгсөн Я. нь Янжив гэдэг хүний хоёр дахь хүү юм. Тэрээр 1978 онд 8-р анги төгсөөд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэлд эцэг эхийн хамт мал малласан. Миний бие 1947 онд Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд төрсөн бөгөөд насаараа Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэлд малчнаар ажилласан гэх мэдүүлэг,
-Гэрч С.Цэгмидийн нэр дээрх 1971 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр, 1981 оны 4 дүгээр сарын 07-ны өдрүүдэд нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримтууд хэрэгт авагджээ.
Хэрэгт авагдсан дээрх баримтуудаар хүсэлт гаргагч Я. нь 1979 оны 6 дугаар сараас 1982 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл, мөн 1985 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн Баянгол бригадад малчнаар ажиллаж байсан болох нь нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Харин хүсэлт гаргагч Я. нь Иргэн ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах тухай хуульд хамрагдаж, 1991-2000 оныг дуустал нөхөн тооцуулсан байх тул түүний 1991 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 5 дугаар сар хүртэлх хугацааг шүүх давхардуулан тогтоохгүй тул энэ хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ПО63101514 тоот регистрийн дугаартай, Хойд овогт Янживын ын 1979 оны 6 дугаар сараас 1982 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл, 1985 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн Баянгол бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний 1991 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 5 дугаар сар хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн Баянгол бригадад малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА