| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бухарзадагийн Володя |
| Хэргийн индекс | 172/2023/0030/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/29 |
| Огноо | 2023-02-13 |
| Зүйл хэсэг | 27.10.4.1., |
| Улсын яллагч | О.Батнасан |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 2023/ШЦТ/29
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,
Улсын яллагч О.Батнасан,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Б,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Ё.Ц, түүний өмгөөлөгч Ж.Чимэддулам,
Шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч Ц.Баярмаа,
Нарийн бичгийн дарга А.Золзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Өмнөговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овгийн Б-ийн Н-ид холбогдох 2228002890172 тоот эрүүгийн хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Х овгийн Б-ийн Н .......
Холбогдсон гэмт хэрэг:
Шүүгдэгч Б.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 08 дугаар сарын 26-ны орой 23 цагийн орчимд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр, Төрийн банкны ертөнцийн зүгээр урд хэсэгт байрлах дөрвөн замын уулзвар хэсэгт 00-13 ӨМЕ улсын дугаартай “Тоёота Кроун” загварын тээврийн хэрэгслийг жолоодохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйл. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 15.5 дугаар зүйл. Улаан буюу шар гэрэлтэй хамт ассан нэмэгдэл гэрэл дохиогоор явж буй жолооч бусад чиглэлээс яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчин осол гаргаж, 41-47 ӨМӨ улсын дугаартай “Тоёота Витз” загварын тээврийн хэрэгслийг мөргөж, жолооч Б.Ш-ын амь насыг хохироосон, зорчигч Н.Б-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Б.Н-ийг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Н шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Миний бие 2022 оны 08 дугаар сарын 26-ны өглөө босоод 11 цагт эхнэр хүүхдийн хамт хувцсаа угаахаар эгчийнх рүү явсан. Орой 20 цагийн үед гэртээ буцаж ирсэн. Гэртээ ирээд хүүхдэдээ бантан хийж өгөөд байж байхад эхнэрийн эгч нь Архангай аймгаас ирсэн гээд 3 сав айраг өгсөн. Эхнэр, хүүхдийн хажуугаар унтах гээд хэвтсэн. Тухайн үед эхнэрийн эгч нь Архангай аймгаас ирсэн байсан. Би телевиз үзээд айраг ууж байхад манай хүүхэд өвдөөд өндөр хэмжээгээр халуураад орой 23 цагийн үед эмийн сан руу халуун бууруулах лаа авах гэж гарсан. 3 дугаар сургуулиас урагшаа явж байгаад Говь центрээр зүүн гар тал руугаа эргэсэн. Тухайн үед цагдаагийн алба хаагч дохисон. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхээ авч гараагүй учраас айгаад эргэсэн. Төрийн банкны гэрэл дохио ногоон гэрэл ассан байсан. Амжаад ногоон гэрлээр гарах гэж байгаад осол хийсэн. Осол гараад машинаас буухад цагдаа ирсэн байсан. Миний таньдаг дүү түргэн дуудсан гэж хэлсэн. Би эмнэлгийн байгууллага хохирогчийг авч явсны дараа араас нь эмнэлэг дээр 01 цагийн үед очсон. Тухайн үед талийгаачийн талаас хүн багатай байсан учир би талийгаачийг 3 давхар руу өргөж гаргасан. 04 цаг хүртэл эмнэлэг дээр байсан. Тухайн үед цагдаагийн алба хаагч дуудаад тэндээс явсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс өөрийн анхаарал болгоомжгүйгээс хүний амь нас хохироосон үйлдэлдээ харамсаж уучлалт гуйж байна гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Гомдол саналгүй байгаа. Миний биеийн байдал гайгүй болсон. 1,000,000 төгрөг нэхэмжилж байсан. Үүнийг төлж барагдуулсан гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ё.Ц шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 1981 онд төрсөн, 41 настай, ам бүл 5, 12-15 насны 3 хүүхэдтэй, Том хүүхэд 2007 онд төрсөн. Сургуульд сурахын хажуугаар ганданд сууж байгаад Энэтхэг рүү 8 жил сурахаар явсан. 3 жил болоод энэ жилийн 06 дугаар сарын 27-нд ирээд 30-ны өдөр буцах байсан. Энэ хэрэг гараад буцаж чадаагүй. Буцаж явуулах боломжийг хайхад ерөнхий боловсролын суурь гэрчилгээ хэрэгтэй гэсэн хариу хэлсэн. 5 дугаар сургуульд очоод эргээд нөхөөд суух боломжгүй гэж хэлсэн. Насан туршийн боловсролын төвд очиход бүх зүйл цахимжсан учир 6 дугаар ангиас нь суулгах хэрэгтэй гэж хэлсэн. Хүүхэдтэйгээ хамт тооцоод үзэхэд манай хүүхэд 9 дүгээр ангиа төгсөж байхад үеийнхэн нь 12 дугаар ангиа төгсөж байна. 12 дугаар ангиа төгсөж байхад үеийн хүүхдүүд нь 4 дүгээр курсээ төгсөж байна. Тэгээд боломжгүй юм байна гэж үзээд шашны сургуульд очиход бүрэн дунд боловсролын гэрчилгээтэй сууна гэсэн хариу хэлсэн. Энэ талаар Аймгийн засаг даргад үеийнхнээсээ орхигдсон гэх шалтгаанаар шашны сургуульд сургаад өгөөч гэсэн албан бичиг явуулсан байгаа. Хүүгээ буцаагаад явуулъя гэхэд явуулж чадахгүй нөхцөл байдал үүсээд байна. Замын зардал нэг талдаа 4,000,000 төгрөг болсон. Мөн буцаагаад явуулъя гэхэд насанд хүрээгүй хүүхдийг хууль ёсны төлөөлөгчгүй гадагш гаргахгүй гэж хэлсэн. Би төрийн байгууллагад төсвийн цалинтай учир зардал мөнгө гаргаж чадахгүй байна. Мөн 2 бага хүүхдийн сургууль дээр нь очиж багш нартай нь уулзахад хичээл нь эрс муудсан, хичээл дээр юм бодоод хичээлдээ сонирхолгүй болсон. Миний нөхөр ажилсаг хүн байсан. Надтай сууснаас хойш таксинд явж байсан. “Говийн баян тэвш” ХХК байгуулаад 100 такси бүртгээд татвар авч, гэрээ байгуулаад 2020 оноос өмнө үйл ажиллагаа явуулдаг байсан. Ковид болоод үйл ажиллагаа явуулах боломжгүй болоод гэрээгээ цуцалсан. 2020 оноос дахин явуулж дэлгүүрээ нээсэн. Би төрийн албанд 20 жил ажилласан. Он гараад 1.100.000 төгрөгийн цалинтай болсон. Түүнээс 500.000 төгрөг зээлэнд өгдөг. Оршуулгын зардалд 25,749,000 төгрөг, зээлийн гэрээтэй 40,494,078 төгрөг, тээврийн хэрэгслийн үнэлгээ, шүүхийн шинжилгээний задлангийн төлбөр 60,000 төгрөг, олох байсан орлого аж ахуй нэгжийн татвар төлсөн баримтыг үндэслэн жилийн орлогыг 4,000,000 төгрөгөөр тооцож, дундаж наслалт хүртэл /65-67 нас/ 172,780,000 төгрөг болсноос 28,140,000 төгрөг төлсөн. Зээлийн хувьд машин банк бус санхүүгийн байгууллагад хураагдах болсон. Хашаа байшин төрийн банкны 3 хувийн зээлтэй төлж чадахгүй байгаа. Баяржаргалаас зээлсэн мөнгөнөөс 16,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй. Сүүлийн хэдэн сар төлсөнгүй гээд бичиг баримт аваад ирсэн. Э-аас газар барьцаалж зээл авсан. Аж ахуй нэгжийн татварын орлого, ажлын гүйцэтгэлийн үнэлгээ бага гардаг. Татвараа орлого олдог хэмжээндээ төлдөггүй байсан. Хашаа байшин, машин хураагдах шатанд орсон. Талийгаачийн өөрийнх нь хадгаламж, хүүхдийн мөнгөний хадгаламж, цалингаас төлж байгаа. Дэлгүүр ажиллуулж чадахгүй нөхцөл байдал үүсээд байна. Хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэвэр 400.000 төгрөг тогтоогдсон. Цагаан сарын үеэр Ажнай талбай, Ивээл худалдааны төв болон өөр дэлгүүрт хиам зардаг байсан. Зун ногоо тарьж хангай руу явуулж зардаг. Э-аас хүүхдээ визэнд оруулахаар мөнгө зээлсэн. Гомдолтой байна, ийм их зээлтэй байгаа. Би өөрөө элэгний хүнд өвчтэй. Талийгаач намайг Тайланд руу 2 удаа авч явсан. Одоо эдгэрсэн ч буцаад өвдөх магадлал өндөр байгаа. Бид санхүүгийн их эрсдэлтэй нөхцөл байдалд байна. Би маш их гомдолтой байна. Мөн цаашид хүүхдүүдээ өсгөх ямар ч баталгаа байхгүй. Би төрийн албан хаагч, ганцаараа ажил хөдөлмөр эрхлээд удахгүй оюутан болох гэж байгаа хүүхэдтэй эдийн засгийн баталгаагүй байна гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Ё.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Б.Ш бид хоёр гэрлэлтээ 2007 онд батлуулсан. Бид хоёр 3 хүүхэдтэй. Бид хоёр 17 жил хамт амьдарсан. Миний нөхөр хувиараа Нисэхийн 14-11 гадна “Баян тэвш” хүнсний дэлгүүр ажиллуулдаг байсан ба мөн хувиараа таксинд явдаг байсан. Талийгаач нь 1981 онд төрсөн. Эхээс хоёулаа. Дүү нь Ирланд улсад байдаг. Талийгаач бүрэн дунд боловсролтой байсан. Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар арван жилийг 1998 онд төгссөн. Соёл урлагийн их сургуулийн дуулаачийн ангид сурч байгаад 2 жил сураад сургуулиасаа гарсан. Дуулах сонирхолтой байсан. Зан байдлын хувьд тогтвортой хүн байсан. Архи тамхи хэрэглэдэг, өөр хорт зуршилгүй байсан. Би талийгаачтай хамгийн сүүлд 2022 оны 08 дугаар сарын 26-ны орой осол болохын өмнө 23 цагийн үед гэртээ байж байгаад гарсан. Талийгаач гэртээ эхэлж ирээд надад сордог бумба өгчихөөд энийг гэртээ оруулаад байж бай би төв рүү хүн хүргэж өгчихөөд ирье гэж хэлээд явсан. Тэр үед Б-ыг хүргэж өгөх гэж явж байсан. Талийгаачид өвчин байхгүй, толгойн духны хэсэгт 2011 онд автомашины ослын улмаас үүсээд эдгэсэн хөндлөн сорвитой, өөрөөр ямар нэгэн гэмтэл шарх байдаггүй байсан. Би маш их гомдолтой байна. Нэхэмжлэх зүйл маш их байна. Машиныг бүрэн бүтэн болгож өгүүлэх, хохирлоо барагдуулах зүйлсийг нэхэмжилнэ. Зүгээр явж байсан нөхрийн минь аминд хүрсэн болохоор маш их гомдолтой байна. Миний том хүү Энэтхэг улсад сурдаг. Талийгаач хүүхдийнхээ зардал мөнгийг цуглуулахаар ажиллаж байсан. Би нэхэмжилсэн хохирлоо барагдуулах хүсэлтэй байна, бас талийгаачийн аминд хүрсэн хүнийг хуулийн дагуу арга хэмжээ авахуулмаар байна. Мөн цаашид гарах хүүхдийн сургалт, хөдөлмөр зэрэг дээр төлбөрийг төлүүлэх хүсэлтэй байна... Талийгаачийн зээлийн үлдэгдэл 40,495,000 төгрөг, оршуулгын зардал нь 25,750,000 төгрөг, нийт 66,245,000 төгрөг болж байгаа. Мөн би өмгөөлөгч 3,000,000 төгрөгөөр авсан. Нийт 69,245,000 төгрөгөө нэхэмжилж авна. Би гомдолтой байгаа. 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр талийгаачийг мөргөсөн гэх хүнээс 7,000,000 төгрөг авсан. Энэ мөнгөөр би талийгаачийн зээлээс төлсөн.” /1 дүгээр хавтаст хэргийн 47-49, 62 дахь тал/
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр би хөдөөнөөс зарах 2 ширхэг адууны махтай ирсэн. Тэгээд махаа 17, 18 цагийн үед зарчихаад байж байтал манай найз намайг Хан-Уулын 15-4 тоотод байрлах гэрээс ирж авсан. Манай найз намайг дагуулаад гэртээ очоод нохойндоо хоол өгчихөөд буцаад урагшаа машинтайгаа намайг дагуулаад төв рүү явсан. Нисэхээс урагшаа явж байгаад Төрийн банкны уулзвар дээр очоод ногоон гэрлээр ороход гэнэт хажуу талаас машин мөргөсөн. Тэрнээс хойш би юм санахгүй байна. Нэг сэрэхэд эмнэлэгт байсан. Миний цээж хөдөлж болохгүй байна. Хүзүү толгой хоёр хөндүүртэй байна. Бүсийн оношилгооны төвд үзүүлэхэд зөөлөн эдийн гэмтэл байна гэж хэлсэн. Эм, эмчилгээний төлбөр, хэрэглэсэн эм тарианы мөнгө төлбөр, эмчилгээний зардлыг гаргуулна... Тухайн ослын улмаас миний цээж, хүзүү, хоёр гар, нуруу, дал гэх газруудад маш их хөндүүртэй байсан. Эмнэлэгт үзүүлэхэд хавирганууд хугаралтай, уушги доголдолтой, нурууны судас дарагдсан байсан. Цээжин бие бүхэлдээ хөндүүртэй байдаг. Цээж, далны ар тал хоёр маш их өвддөг, удаан суухаар хөшчихдөг. Би өөрийн биед учирсан гэмтлийн эмчилгээний зардал болох 937,296 төгрөгийг бүрэн нэхэмжилнэ. Би тухайн ослын улмаас эмнэлэгт үзүүлсэн, эм тариа авсан зардлын бүх баримтуудаа эх хувиар нь гаргаж өгсөн. Надад учирсан нийт хохирлын зардал 937,296 төгрөг. Би хохирлоо нөхөн төлүүлж авмаар байна.” /1 дүгээр хавтаст хэргийн 53-54, 58-59 дэх тал/
Гэрч Б.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би 2022 оны 08 дугаар сарын 26-ны орой 23 цагийн үед Даланзадгад сумын 3 дугаар багийн Говь центрийн зам дээр нэгдсэн арга хэмжээний хүрээнд дэслэгч П.Э, олон нийтийн цагдаа Э.М нарын хамт хяналт шалгалт хийж ажиллаж байсан. Тэр үед 3 дугаар сургуулийн хойноос нэг машин ирж байсан. Тухайн үед олон нийтийн цагдаа М гадаа машин шалгаж байсан. Э бид 2 машиндаа байж байсан. Тэгээд 3 дугаар сургуулийн хойноос машин ирж байхаар нь М-г наад машинаа шалгаарай гэж хэлэхэд М тэр машиныг зогсоохоор дохих үед нөгөө машин нь зүүн тийш эргэж Төрийн банкны уулзвар руу нийлдэг туслах замаар зугтсан. Тухайн машин нь цагаан өнгийн “Тоёота кроун” загварын машин байсан бөгөөд арын гүүпэр байхгүй байсан. Тэгээд номер нь харагдаагүй учир Э бид хоёр 68-25 ӨМҮ улсын дугаартай албаны “Тоёота Приус” загварын машинтай номерыг нь харах зорилгоор араас нь хөдөлсөн. Араас нь явахад тухайн машин хаазаа нэмээд байсан. Тэгээд би станцаар постуудад "Зохицуулагчийн зогс гэсэн шаардлагыг биелүүлээгүй, хурд хэтрүүлсэн, ар талын гүүпэр байхгүй, цагаан өнгийн Кроун машин явсан, зогсоож шалгаарай" гэж мэдэгдээд бид 2 машиныхаа дуут гэрлэн дохиогоо унтраагаад буцаад эргэсэн. Тэгэхэд Төрийн банкны уулзварын ойролцоо машин мөргөлдөх дуу чимээ гарсан. Тэгэхээр нь бид 2 араас нь маш хурдан очоод харахад зугтсан цагаан өнгийн Кроун загварын машин Төрийн банкны уулзвар дээр “Тоёота Витз” загварын машинтай мөргөлдөж зам тээврийн осол гаргасан байсан. Э бид хоёр 101, 102-т дуудлага өгсөн. Тэр үед уулзварын хажууд харж байсан иргэн 103-т дуудлага өгсөн. Тэгээд яаралтай түргэн тусламжийн машин ирээд Витз дотор байсан 2 хүнийг аваад явсан. Би Кроуны жолоочийг драгер багажаар шалгахад 0.42 хувийн согтолтын зэрэгтэй гарч ирсэн... /1 дүгээр хавтаст хэргийн 66-67 дахь тал/
Гэрч Э.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн орой 23 цаг өнгөрч байхад дэслэгч Э, ахлагч Б.Ц нарын хамт Даланзадгад сумын 3 дугаар багийн Говь центрийн зам дээр нэгдсэн арга хэмжээний хүрээнд хяналт шалгалт хийж байсан. Тэр үед 3 дугаар сургуулийн хойноос нэг машин ирж байсан. Тухайн үед бид гурав ээлжилж гадаа ажиллаж байсан. Би гадаа машин шалгаж байсан. Э, Ц хоёр машиндаа байж байсан. 3 дугаар сургуулийн хойноос машин ирж байхаар нь би тэр машиныг зогсоохоор дохих үед нөгөө машин нь зүүн тийш эргэж Төрийн банкны уулзвар руу нийлдэг замаар зугтсан. Тэр машин нь цагаан өнгийн машин байсан бөгөөд арын гүүпэр байхгүй байсан. Би тэр машины номерыг харж амжаагүй байсан болохоор Э, Ц нар машинтай номерыг нь харах зорилгоор аpaac нь хөдөлсөн. Тэгээд араас нь дагасан манай албаны машин гэрлэн дохиогоо унтраагаад зам дээр эргэх гэж байтал цаад талд нь машин мөргөлдөж байгаа юм шиг дуу гарсан чинь албаны машин буцаад цаашаа шууд явсан. Тэр үед би Говь центрийн уулзвар дээр байж байтал зүүн талд машин мөргөлдөх дуу чимээ гарсан. Би загварын сайн хараагүй. Цагаан өнгийн жижиг машин байсан. Тухайн үед тэр машин намайг зогсоох гээд дохих үед чигээрээ явж байснаа дохио өгөлгүй зүүн гар тийш эргэж явсан. Нэлээн хурдтай явж байсан. Хурдаа нэмээд байсан. Политехникийн коллежийн ард очоод дагахаа болиод гэрлээ унтраагаад эргэх гэж байгаад чанга чимээ гарах үед цаашаа чигээрээ хурдтай явж байсан. Би Говь центрийн уулзвараас харж байсан.” /1 дүгээр хавтас хэргийн 70-71 дэх тал/
Гэрч П.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн орой 23:00 цагийн хооронд ахлагч Ц, олон нийтийн цагдаа М хоёрын хамт Говь центрийн урд талын 3 замын уулзвар дээр хяналт шалгалт хийж ажиллаж байсан. Тухайн үед М гадаа машин шалгаж, Ц бид хоёр машинд сууж байсан. Хойноос машин ирж байгаа харагдсан. 3 дугаар сургуулийн хойд талаас машин ирж байсан. Тэгээд Мг наад машинаа шалгаарай гэж хэлэхэд М зогсоохоор дохих үед нөгөө машин нь зүүн тийш эргэж зугтсан. Тэр машин нь цагаан өнгийн “Тоёота кроун” загварын машин байсан бөгөөд хойд талын гүүпэр байхгүй байсан. Тэгээд номер нь харагдаагүй учир номерыг нь харах зорилгоор араас нь хөдөлсөн. Араас нь явахад Кроун машин улам хаазаа нэмээд явсан. Тэгэхээр нь дараагийн постуудад станцаар "Цагдаагийн зогс гэсэн шаардлагыг биелүүлээгүй явсан, хурд хэтрүүлсэн, ар талын гүүпэр байхгүй, цагаан өнгийн Кроун машин явсан, зогсоож шалгаарай" гэж мэдэгдээд дуут гэрлэн дохиогоо унтраагаад буцаад эргэж байтал төрийн банкны уулзварын тэр хавьд машин мөргөлдөх дуу чимээ гарсан. Тэгэхээр нь очоод харахад нөгөө цагаан өнгийн Кроун загварын машин Төрийн банкны уулзвар дээр “Тоёота витз” загварын машинтай мөргөлдсөн байсан. Кроуны жолооч гарч ирэхээр нь зүгээр үү гээд асуутал зүгээрээ гэж хэлсэн. Нөгөө Витз машин дээр очтол 2 хүн байсан бөгөөд биеийн байдал муу байсан болохоор 102, 103-т дуудлага өгсөн. Кроуны жолоочийг драгер тандагч багажаар согтолтын зэргийг шалгахад 0.42 хувийн согтолттой гарсан. Номерыг нь харах гээд харж чадахгүй байсан. Нэлээн хурдтай явж байсан. Милийг нь би сайн мэдэхгүй байна. Тэр машин зогс гэж дохисноос хойш улам хурдаа нэмсэн. Хурдаа огт хасаагүй. Бид “Тоёота Приус 30” загварын 68-25 өмэ улсын дугаартай саарал өнгийн албаны машинтай явж байсан. Политехникийн коллежийн хойноос эхэлж хурдаа хасаж дагахаа болиод эргэх гэж байтал Төрийн банкны уулзвар дээр мөргөлдөх чимээ гарах үед чимээ гарсан зүг рүү явсан. Уг машины хойд талын подварын гэрэл асаж байсан. Тоормосны гэрэл асаж байгаагүй. Улам хурдаа нэмж байсан.” /1 дүгээр хавтаст хэргийн 74-76 дахь тал/
Гэрч М.Ч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2022 оны 08 дугаар сарын 26-ны 22 цаг 54 минутын үед манай тасагт 103 утсанд авто осол болсон гэх дуудлага ирсэн. Тэгээд 23 цагт осол болсон газарт очиход 2 машин мөргөлдсөн байсан. Саарал жижиг машинд жолооч, зорчигчийн хамт байсан. Жолоочийн талаас орох боломжгүй байсан болохоор жолоочийн эсрэг талын хаалгаар очиж зорчигчийг үзээд тээвэрлээд дараа нь жолоочийг үзээд тээвэрлэсэн. Нөгөө машины хүн нь байгаа юм уу гэхэд цагдаа нь энэ 2 хүнийг үзээрэй гэж хэлсэн. Зорчигч Б амин үзүүлэлтүүд тогтвортой, цээжээ дарсан байдалтай байсан. Харин жолооч Ш нь ухаангүй биеийн байдал нь маш хүнд байсан. Тээвэрлээд эмнэлэг рүү эрчимт болон гэмтлийн жижүүрийн эмч нарыг хүлээн авах тасагт бэлэн байж байгаарай гээд дуудлага өгсөн. 23 цаг 07 минутад 2 өвчтөнийг хүлээн авах тасагт хүлээлгэж өгсөн. Эмчилгээ үзүүлэх боломж байгаагүй, яаралтай эмнэлэгт хүргэх хэрэгтэй байсан. Зорчигч цээжээ дарсан байдалтай, амин үзүүлэлтүүд тогтвортой, хөлөөр тээвэрлэх боломжтой байсан. Харин жолоочийн хувьд ухаангүй, жолооны хүрд суудал хоёрын голоор хавчигдсан байдалтай байсан. Амин үзүүлэлтүүд тогтворгүй ухаангүй байсан учир тэнд байсан хүмүүсийн тусламжтайгаар зорчигч тал руу татаж гаргаад машин руу тээвэрлээд эмнэлэг рүү явсан. ” /1 дүгээр хавтаст хэргийн 78-79 дэх тал/
Гэрч Д.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би тухайн үед гэмтлийн эмнэлэгт 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 18 цагаас 2022 оны 08 дугаар сарын 27-ны 09:00 цаг хүртэл жижүүрт гарсан. Тэгэхэд 2022 оны 08 дугаар сарын 26-ны орой 103-ын эмч над руу залгаад яаралтай гэмтлийн дуудлага авлаа, багаа бэлэн байлгаарай гэхээр нь би багаа бэлэн байлгасан. 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 23 цаг 07 минутад хүлээн авах яаралтай тусламжийн тасагт 103 эмч өвчтөнийг нацилкан дээр түрж орж ирсэн. Тухайн үед өвчтөн арьс цонхийсон, 2 нүдний хүүхэн хараа 2 талд жигд өргөшсөн, ухаангүй хариу урвалгүй, шоконд орсон байдалтай байсан. Шууд баг бэлэн байсан болохоор эрчимт эмчилгээний эмч Б.Оюуныг дуудан хамт яаралтай эмчилгээний ор руу шилжүүлэн үзлэгээ хийхэд хүүхэн хараа өргөшсөн, ам хамраас цус гарсан, цонхийсон, ухаангүй байсан. Тэгээд нүцгэлээд үзлэгээ хийж чагнахад цээжний баруун талд амьсгал сонсогдохгүй, дүлий чимээтэй байсан. Баруун талын хавирга хугарсан байдалтай сонсогдсон. Уушги унасан байна гээд цээжний баруун талд цээжний хөндийг цоолон гуурс тавьж дотор агаар, цусыг гадагшлуулах, унасан уушгийг босгох үүрэгтэй гуурс тавьсан. Гуурс тавихад 200 грамм хар хүрэн өнгийн өтгөн цус гарсан. Эрчимтийн эмч яаралтай цус, эхоны шинжилгээнүүдийг бүрдүүлсэн. Рентген, компьютер томограф руу явах боломжгүй байсан. Эмчилгээ хийгээд өвчтөний биеийн байдал бага зэрэг тогтвортой болохоор нь хагалгааны тасаг руу оруулсан. Тэгээд ар гэрийнхэнд нь гарч болзошгүй эрсдэлийг хэлж зөвшөөрөл авч орсон. Хагалгааны ширээн дээр өвчтөнийг гаргаад бид нар гараа цэвэрлээд халаад өмсөөд хагалгаа эхлэх гэтэл өвчтөний зүрх зогссон. Сэргээн амилуулах лавшруулсан суурь тусламж үзүүлэхэд амьсгал, зүрх судасны цохилт орж ирэхгүй байсан учир буцаад эрчимт эмчилгээний тасаг руу шилжүүлсэн.” /1 дүгээр хавтаст хэргийн 82-83 дахь тал/
Гэрч Ц.Ө мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Талийгаач их хөдөлмөрч, шударга, цайлган шулуун зантай хүн байсан. Тамхи татдаг, архи бага зэрэг хэрэглэдэг байсан. Хашаандаа дэлгүүр ажиллуулж, хувиараа таксинд явдаг байсан. Талийгаач эхээс хоёулаа байсан. Дүү нь Ирланд улсад байдаг.” /1 дүгээр хавтаст хэргийн 86-87 дахь тал/
Гэрч Э.У мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн орой 23 цаг өнгөрч байхад би Спорт цогцолбор заалнаас гараад Хайрхан дэлгүүр орж, улмаар Ажнай талбайн зогсоол орчихоод удалгүй буцаад төв зам руу орж Төрийн банкны уулзвар дээр зүүнээс баруун тийш явах талын зам дээр улаан өнгийн гэрлэн дохио дээр машинтайгаа зогсож байхад тус уулзварын баруунаас зүүн тийш явах замаас тухайн уулзвар руу цагаан өнгийн жижиг машин хурдтай ирж байгаад Төрийн банкны уулзварын хойноос урагш чиглэлд явах саарал өнгийн Витз загварын жижиг машинтай уулзварын төв хэсэг дээр мөргөлдөж Төрийн банкны уулзварын ертөнцийн зүгээр зүүн урд талын хашлагыг мөргөж зогссон. Би шууд эмнэлгийн байгууллага руу залгаж яаралтай түргэн тусламж дуудсан. Тэгээд байж байхад мөргөсөн цагаан өнгийн кроун машинаас жолооч нь гарч ирсэн. Араас нь замын цагдаа, удалгүй эмнэлгийн машин ирсэн. Эмч, цагдаа нар машин дотроос хүмүүсийг нь гаргаад эмнэлгийн машинд суулгаад оруулаад явуулсан. Кроун загварын машин улаан өнгийн гэрлэн дохио ассан үед уулзвар руу нэвтэрсэн. Би яг нөгөө талын өөдөөс нь харсан зам дээр ногоон гэрлэн дохио асахыг хүлээж байсан.” /1 дүгээр хавтаст хэргийн 90-91 дэх тал/
Шүүгдэгч Б.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй харин эхнэр хүүхдийн хамт өөрийн гэрт айраг ууж хэрэглэсэн. Тэгээд эмийн сан орох болсон. Иймд өөрийнхөө 00-13 ӨМЕ улсын дугаартай “Тоёота Кроун” загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон. Цагдаагийн алба хаагч гар өргөж байхыг харсан. Зогсоох үйлдэл хийгээгүй, эмийн сан хаах гээд байхаар хурдхан л явах бодолтой байсан. Миний араас цагдаагийн алба хаагч нар тээврийн хэрэгсэлтэйгээ хөөсөн. Цагдаагийн алба хаагч нар унаж хэрэглэдэг автомашины гэрэлтүүлэг надад харагдсан.” /2 дугаар хавтаст хэргийн 49 дэх тал/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 127 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Б.Ш-ын цогцост үзлэг шинжилгээгээр баруун талын 1-4-р хавирга, зүүн талын 3-7-р хавирганы хугарал, уушгины эдийн гэмтэл, элэг, дэлүү, нойр булчирхайн урагдал, язрал, няцрал, сэмж, чацархайн урагдал, цус хуралт, хуйхан доорх цус хуралт, баруун нүдний дээд болон доод зовхины цус хуралт, зүүн сүвээний өнгөц эсгэгдсэн шарх, зулгаралт, зүүн гуяны зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь зам тээврийн ослын улмаас тухайн хэргийн нөхцөлд үүсгэгджээ. Б.Ш-ын цогцост үзлэг шинжилгээгээр үхэлд хүргэсэн архаг өвчин, гэмтлийн үлдэц тогтоогдсонгүй. Б.Ш нь оношинд дурдсан олон гэмтлийн улмаас нас баржээ.” /1 дүгээр хавтаст хэргийн 104-107 дахь тал/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 423 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Н.Б-ын биед баруун талын II-V хавирганы хугарал, сээрний 3-5-р нугалмын шахагдсан хугарал, 2 талын уушгины доргилт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтлүүд нь зам тээврийн ослын улмаас тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 заалтаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна.” /1 дүгээр хавтаст хэргийн 114-115 дахь тал/
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 4496 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Шинжилгээнд ирүүлсэн "Б овогтой Ш 41/эр 2022.08.27 Даланзадгад” гэж хаягласан цус нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн "Б овогтой Ш 41/эр 2022.08.27 Даланзадгад" гэж хаягласан цусанд спиртийн агууламж илрээгүй.” /1 дүгээр хавтаст хэргийн 122-124 дэх тал/
Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Гэрээт цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч С.Батзоригийн 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 11 дугаартай дүгнэлтэд: “Тоёота кровн” загварын 0013 ӨМЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Н нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. а/ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно; мөн 15.5.Улаан буюу шар гэрэлтэй хамт ассан нэмэгдэл гэрэл дохиогоор явж буй жолооч бусад чиглэлээс яваа хөдөлгөөнд зам тавьж өгнө гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. Тухайн зам тээврийн осол, хэргийн материалтай танилцахад “Тоёота кровн” загварын 0013 ӨМЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Н нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.5-д заасныг зөрчсөний улмаас тухайн осол гарсан гэж үзэж дүгнэлт гаргав.” /1 дүгээр хавтаст хэргийн 132 дахь тал/
“Хас үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 1122 дугаартай хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээнд: “Эвдэрсэн эд ангиуд кузов дан, эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 400,000 төгрөг /солих/, урд гэрэл 2 ширхэг, эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 240,000 төгрөг /солих/, зүүн урд буфер баригч, эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 20,000 төгрөг /солих/, капут, эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 150,000 төгрөг /солих/, нүүр сетка, эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 50,000 төгрөг /солих/, урд салхины шил, эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 130,000 төгрөг /солих/, багажны хаалга, эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 120,000 төгрөг /солих/, жолооч ослын дэр, эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 50,000 төгрөг /солих/, зорчигч ослын дэр, эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 40,000 төгрөг /солих/, баруун урд өндгөн тулгуур, эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 25,000 төгрөг /солих/, ослын дэрний компьютер, эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 40,000 төгрөг /солих/, урд буфер, эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 126,000 төгрөг /элэгдэл тооцов/, баруун урд крыло, эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 70,000 төгрөг /солих/, буферийн дотор төмөр, эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 30,000 төгрөг /солих/, баруун урд под крыло, эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 20,000 төгрөг /солих/, салон, эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 50,000 төгрөг /солих/, шууд зардлын дүн: 1,561,000 төгрөг, будах зардал 400,000 төгрөг /ажлын хөлс/, эд анги солих 300,000 төгрөг /ажлын хөлс/, тэнхлэг шалгуулах 30,000 төгрөг /ажлын хөлс/, 1000 гр будаг, тус-мат, лак, өнгө гаргах, 100,000 төгрөг /материалын үнэ/, шууд бус зардлын дүн: 130,000 төгрөг, нийт дүн: 2,391,000 төгрөг” /1 дүгээр хавтаст хэргийн 155-163 дахь тал/
Эрх бүхий албан тушаалтны 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн магадлагаанд: “0013 ѲМЕ улсын дугаартай цагаан өнгийн “Тоёота Кроун 180” загварын автомашины жолооч Ба овогтой Н нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасны дагуу согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно, мөн 15.5-д заасны дагуу Улаан буюу шар гэрэлтэй хамт ассан нэмэгдэл гэрэл дохиогоор явж буй жолооч бусад чиглэлээс яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө гэх заалтуудыг тус тус зөрчсөн байна гэж үзэж байна. Тээврийн хэрэгслийн жолооч Ба овогтой Н нь 0.42 хувийн согтолтын зэрэгтэй байх үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ аваагүй болох нь хэргийн газрын үзлэг, 1 хяналтын камерын бичлэг зэргээс харагдаж байна. Хэрэг учрал болсон тухайн цаг үед Б.Н-ийг согтолтын зэрэг шалгах драгер тандагч багажаар шалгах үед 0.42 хувийн согтолтын зэрэгтэй гарсан байх ба Б.Н нь айраг уусан гэж мэдүүлсэн байх тул осол болох үед Б.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон гэж үзэхээр байна.” /1 дүгээр хавтаст хэргийн 167-168 дахь тал/
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 15-22 дахь тал/
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /24-30 дахь тал/
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 31-42 дахь тал/
Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулах тухай мөрдөгчийн санал, прокурорын мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон прокурорын тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт, үзлэгийн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 191-201 дэх тал/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Ё.Ц-гаас гаргаж өгсөн зээлийн гэрээ болон оршуулгын зардлын баримтууд /1 дүгээр хавтаст хэргийн 202-250, 2 дугаар хавтаст хэргийн 1-28 дахь тал/
Эд зүйл /баримт, бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал, амьтан/-д үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 31-34 дэх тал/
Өмнөговь аймгийн Автотээврийн төвийн 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 82 дугаартай тодорхойлолт /1 дүгээр хавтаст хэргийн 141 дэх тал/
Өмнөговь аймгийн Автотээврийн төвийн 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 85 дугаартай тодорхойлолт /1 дүгээр хавтаст хэргийн 147 дахь тал/
Талийгаач Б.Ш-ын зээл, зээлийн үлдэгдэлтэй холбоотой баримт /1 дүгээр хавтаст хэргийн 205 дахь тал/
Талийгаач Б.Ш-ын О.Э-тай байгуулсан зээлийн гэрээ /1 дүгээр хавтаст хэргийн 227 дахь тал/
Төрийн банктай байгуулсан зээлийн гэрээ /1 дүгээр хавтаст хэргийн 233 дахь тал/
Зээлийн эргэн төлөлтийн хуваарь /1 дүгээр хавтаст хэргийн 235 дахь тал/
“Шийдэл Финанс” ББСБ-тай байгуулсан зээлийн гэрээ /1 дүгээр хавтаст хэргийн 239-243 дахь тал/
Талийгаач Б.Ш-ыг оршуулахтай холбогдон гарсан хохирлын баримтууд /1 дүгээр хавтаст хэргийн 244-246 дахь тал/
Зарлагын баримтууд /2 дугаар хавтаст хэргийн 1-28 дахь тал/
Шүүгдэгч Б.Н-ийн драгер багаж үлээсэн гэрэл зураг /2 дугаар хавтаст хэргийн 63 дахь тал/
Хууль, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /2 дугаар хавтаст хэргийн 70-71 дэх тал/
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Б-аас гаргаж өгсөн хохирлын баримтууд /2 дугаар хавтаст хэргийн 29-33 дахь тал/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хавтаст хэргийн 34-36 дахь тал/
Эд мөрийн баримт хураан авах мөрдөгчийн санал, эд мөрийн баримт хураан авах прокурорын тогтоол /2 дугаар хавтаст хэргийн 38-39 дэх тал/
“Говийн баян тэвш” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /2 дугаар хавтаст хэргийн 136 дахь тал/
Дансны хуулгууд /2 дугаар хавтаст хэргийн 137-200 дахь тал/
Хувийн баталгаа /2 дугаар хавтаст хэргийн 50 дахь тал/
Б.Н-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /2 дугаар хавтаст хэргийн 55 дахь тал/
Б.Н-ийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /2 дугаар хавтаст хэргийн 56 дахь тал/
Б.Н-ийн жолоочийн лавлагаа, мэдээлэл /2 дугаар хавтаст хэргийн 57 дахь тал/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 дугаар хавтаст хэргийн 62 дахь тал/
Төрсний гэрчилгээний хуулбар /2 дугаар хавтаст хэргийн 67-69 дэх тал/
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаагийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасаг мөрдөгч Бат-Эрдэнэд гаргасан хүсэлт /2 дугаар хавтаст хэргийн 75-76 дахь тал/
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаагийн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасаг мөрдөгч Бат-Эрдэнэд гаргасан хүсэлт /2 дугаар хавтаст хэргийн 79-80 дахь тал/
Тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолтын хуудас /2 дугаар хавтаст хэргийн 201 дэх тал/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны мөнгө хураасан баримт /2 дугаар хавтаст хэргийн 205 дахь тал/
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Б-т хохирол төлсөн баримт /2 дугаар хавтаст хэргийн 131 дэх тал/
Стандарт, хэмжил зүйн газрын 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн албан тоот /2 дугаар хавтаст хэргийн 133 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Б.Н-ид холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
Гэм буруугийн талаар.
Улсын яллагч шүүгдэгч Б.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, өмгөөлөгчийн хөлс 3,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, бусад иргэний нэхэмжлэлийг бүхэлд нь хангах тухай, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар гэм буруутайд тооцуулах, олох байсан орлого нийт 104,150,667 төгрөг, Шүүхийн шинжилгээний албанд задлан шинжилгээний төлбөр 60,000 төгрөг, үлдэгдэл зээл 40,494,078 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 3,000,000 төгрөгийг тус тус шүүгдэгчээс гаргуулах тухай, шүүгдэгчийн өмгөөлөгч хувьд согтуурсан буюу мансуурсан, согтууруулах ундааны хэрэглэсэн эсэхийг цус, шээснээс дээж авч шинжилгээ хийх, драгер багаж үлээлгэх зэргээр шалгахаар Улсын дээд шүүхийн 2019 оны 215 дугаартай тогтоолоор тайлбарласан ба ингэхдээ Эрүүл мэнд, спортын сайд, Хууль зүйн сайдын 2016 оны А/138, А/131 дугаартай хамтарсан тушаалаар баталсан “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журам”-ын 1.4-д заасан Стандартчилалын төв байгууллагаас баталгаажуулсан багажийг ашиглахаар байтал шүүгдэгчийн согтолтын хэмжээг баталгаажуулалтын хугацаа дууссан багажаар шалгаж журам зөрчсөн, айраг согтууруулах ундааны төрөлд хамаарах эсэх нь эргэлзээтэй байх тул хэргийг шүүгдэгчид ашигтайгаар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, иргэний нэхэмжлэлээс шинжилгээний байгууллагад төлсөн 60,000 төгрөгөөс бусад нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, жич нэхэмжлэхээр тогтоолдоо заах, иргэний нэхэмжлэгч Н.Бт учруулсан хохиролд 1,000,000 төгрөг төлж хохиролгүй болгосон, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ё.Ц-д 28,140,000 төгрөг төлсөн гэх дүгнэлтийг тус тус гаргасан бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс нэхэмжилж буй төлбөрийг хуулийн хүрээнд гаргаж өгөхийг хүсэж байна гэх, хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Б нэхэмжлэх зүйлгүй гэх, шүүгдэгчийн хувьд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон хохирогчоос чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна, үлдсэн амьдралдаа бүх талаар тусалж дэмжих болно, хийсэн гэмт хэргийнхээ гэм бурууг хүлээн зөвшөөрч байна, согтууруулах ундаа биш айраг уусан гэх тайлбарыг гаргав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Б.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 08 дугаар сарын 26-ны орой 23 цагийн орчимд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр, Төрийн банкны ертөнцийн зүгээр урд хэсэгт байрлах дөрвөн замын уулзвар хэсэгт 00-13 ӨМЕ улсын дугаартай “Тоёота Кроун” загварын тээврийн хэрэгслийг жолоодохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйл. “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 15.5 дугаар зүйл. “Улаан буюу шар гэрэлтэй хамт ассан нэмэгдэл гэрэл дохиогоор явж буй жолооч бусад чиглэлээс яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчин осол гаргаж, 41-47 ӨМӨ улсын дугаартай “Тоёота Витз” загварын тээврийн хэрэгслийг мөргөж, жолооч Б.Ш-ын амь насыг хохироосон, зорчигч Н.Б-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Ё.Ц-гийн “...Би талийгаачтай хамгийн сүүлд 2022 оны 08 дугаар сарын 26-ны орой осол болохын өмнө 23 цагийн үед гэртээ байж байгаад гарсан. Талийгаач гэртээ эхэлж ирээд надад сордог бумба өгчихөөд энийг гэртээ оруулаад байж бай би төв рүү хүн хүргэж өгчихөөд ирье гэж хэлээд явсан. Тэр үед Б-ыг хүргэж өгөх гэж явж байсан. Талийгаачид өвчин байхгүй, толгойн духны хэсэгт 2011 онд автомашины ослын улмаас үүсээд эдгэсэн хөндлөн сорвитой, өөрөөр ямар нэгэн гэмтэл шарх байдаггүй байсан. Би маш их гомдолтой байна. Нэхэмжлэх зүйл маш их байна.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 47-49 дэх тал/,
хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Б-ын “...Нисэхээс урагшаа явж байгаад Төрийн банкны уулзвар дээр очоод ногоон гэрлээр ороход гэнэт хажуу талаас машин мөргөсөн. Тэрнээс хойш би юм санахгүй байна. Нэг сэрэхэд эмнэлэгт байсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 53-54, 58-59 дэх тал/,
гэрч Б.Ц-ын “... 3 дугаар сургуулийн хойноос нэг машин ирж байсан. Тухайн үед олон нийтийн цагдаа М гадаа машин шалгаж байсан. Э бид 2 машиндаа байж байсан. Тэгээд 3 дугаар сургуулийн хойноос машин ирж байхаар нь М-г наад машинаа шалгаарай гэж хэлэхэд М тэр машиныг зогсоохоор дохих үед нөгөө машин нь зүүн тийш эргэж Төрийн банкны уулзвар руу нийлдэг туслах замаар зугтсан. Тухайн машин нь цагаан өнгийн “Тоёота кроун” загварын машин байсан бөгөөд арын гүүпэр байхгүй байсан. Тэгээд номер нь харагдаагүй учир Э бид хоёр 68-25 ӨМҮ улсын дугаартай албаны “Тоёота Приус” загварын машинтай номерыг нь харах зорилгоор араас нь хөдөлсөн. Араас нь явахад тухайн машин хаазаа нэмээд байсан. Тэгээд би станцаар постуудад "Зохицуулагчийн зогс гэсэн шаардлагыг биелүүлээгүй, хурд хэтрүүлсэн, ар талын гүүпэр байхгүй, цагаан өнгийн Кроун машин явсан, зогсоож шалгаарай" гэж мэдэгдээд бид 2 машиныхаа дуут гэрлэн дохиогоо унтраагаад буцаад эргэсэн. Тэгэхэд Төрийн банкны уулзварын ойролцоо машин мөргөлдөх дуу чимээ гарсан. Тэгэхээр нь бид 2 араас нь маш хурдан очоод харахад зугтсан цагаан өнгийн Кроун загварын машин Төрийн банкны уулзвар дээр “Тоёота Витз” загварын машинтай мөргөлдөж зам тээврийн осол гаргасан байсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 66-67 дахь тал/,
гэрч Э.М-гийн “...3 дугаар сургуулийн хойноос нэг машин ирж байсан. Тухайн үед бид гурав ээлжилж гадаа ажиллаж байсан. Би гадаа машин шалгаж байсан. Э, Ц хоёр машиндаа байж байсан. 3 дугаар сургуулийн хойноос машин ирж байхаар нь би тэр машиныг зогсоохоор дохих үед нөгөө машин нь зүүн тийш эргэж Төрийн банкны уулзвар руу нийлдэг замаар зугтсан. Тэр машин нь цагаан өнгийн машин байсан бөгөөд арын гүүпэр байхгүй байсан. Би тэр машины номерыг харж амжаагүй байсан болохоор Э, Ц нар машинтай номерыг нь харах зорилгоор аpaac нь хөдөлсөн. Тэгээд араас нь дагасан манай албаны машин гэрлэн дохиогоо унтраагаад зам дээр эргэх гэж байтал цаад талд нь машин мөргөлдөж байгаа юм шиг дуу гарсан чинь албаны машин буцаад цаашаа шууд явсан. Тэр үед би Говь центрийн уулзвар дээр байж байтал зүүн талд машин мөргөлдөх дуу чимээ гарсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас хэргийн 70-71 дэх тал/,
гэрч П.Э-ын “... Тухайн үед М гадаа машин шалгаж, Ц бид хоёр машинд сууж байсан. Хойноос машин ирж байгаа харагдсан. 3 дугаар сургуулийн хойд талаас машин ирж байсан. Тэгээд Мг наад машинаа шалгаарай гэж хэлэхэд М зогсоохоор дохих үед нөгөө машин нь зүүн тийш эргэж зугтсан. Тэр машин нь цагаан өнгийн “Тоёота кроун” загварын машин байсан бөгөөд хойд талын гүүпэр байхгүй байсан. Тэгээд номер нь харагдаагүй учир номерыг нь харах зорилгоор араас нь хөдөлсөн. Араас нь явахад Кроун машин улам хаазаа нэмээд явсан. Тэгэхээр нь дараагийн постуудад станцаар “Цагдаагийн зогс гэсэн шаардлагыг биелүүлээгүй явсан, хурд хэтрүүлсэн, ар талын гүүпэр байхгүй, цагаан өнгийн Кроун машин явсан, зогсоож шалгаарай” гэж мэдэгдээд дуут гэрлэн дохиогоо унтраагаад буцаад эргэж байтал төрийн банкны уулзварын тэр хавьд машин мөргөлдөх дуу чимээ гарсан. Тэгэхээр нь очоод харахад нөгөө цагаан өнгийн Кроун загварын машин Төрийн банкны уулзвар дээр “Тоёота витз” загварын машинтай мөргөлдсөн байсан.” гэх агуулгатай мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 74-76 дахь тал/,
гэрч М.Ч-гийн “2022 оны 08 дугаар сарын 26-ны 22 цаг 54 минутын үед манай тасагт 103 утсанд авто осол болсон гэх дуудлага ирсэн. Тэгээд 23 цагт осол болсон газарт очиход 2 машин мөргөлдсөн байсан. Саарал жижиг машинд жолооч, зорчигчийн хамт байсан. Жолоочийн талаас орох боломжгүй байсан болохоор жолоочийн эсрэг талын хаалгаар очиж зорчигчийг үзээд тээвэрлээд дараа нь жолоочийг үзээд тээвэрлэсэн. Нөгөө машины хүн нь байгаа юм уу гэхэд цагдаа нь энэ 2 хүнийг үзээрэй гэж хэлсэн. Зорчигч Б амин үзүүлэлтүүд тогтвортой, цээжээ дарсан байдалтай байсан. Харин жолооч Ш нь ухаангүй биеийн байдал нь маш хүнд байсан. Тээвэрлээд эмнэлэг рүү эрчимт болон гэмтлийн жижүүрийн эмч нарыг хүлээн авах тасагт бэлэн байж байгаарай гээд дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 78-79 дэх тал/,
гэрч Д.Г-ийн “Би тухайн үед гэмтлийн эмнэлэгт 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 18 цагаас 2022 оны 08 дугаар сарын 27-ны 09:00 цаг хүртэл жижүүрт гарсан. Тэгэхэд 2022 оны 08 дугаар сарын 26-ны орой 103-ын эмч над руу залгаад яаралтай гэмтлийн дуудлага авлаа, багаа бэлэн байлгаарай гэхээр нь би багаа бэлэн байлгасан. 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 23 цаг 07 минутад хүлээн авах яаралтай тусламжийн тасагт 103 эмч өвчтөнийг нацилкан дээр түрж орж ирсэн. Тухайн үед өвчтөн арьс цонхийсон, 2 нүдний хүүхэн хараа 2 талд жигд өргөшсөн, ухаангүй хариу урвалгүй, шоконд орсон байдалтай байсан. ... Тэгээд ар гэрийнхэнд нь гарч болзошгүй эрсдэлийг хэлж зөвшөөрөл авч орсон. Хагалгааны ширээн дээр өвчтөнийг гаргаад бид нар гараа цэвэрлээд халаад өмсөөд хагалгаа эхлэх гэтэл өвчтөний зүрх зогссон. Сэргээн амилуулах лавшруулсан суурь тусламж үзүүлэхэд амьсгал, зүрх судасны цохилт орж ирэхгүй байсан учир буцаад эрчимт эмчилгээний тасаг руу шилжүүлсэн.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 82-83 дахь тал/,
гэрч Э.У-ын “2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн орой 23 цаг өнгөрч байхад би Спорт цогцолбор заалнаас гараад Хайрхан дэлгүүр орж, улмаар Ажнай талбайн зогсоол орчихоод удалгүй буцаад төв зам руу орж Төрийн банкны уулзвар дээр зүүнээс баруун тийш явах талын зам дээр улаан өнгийн гэрлэн дохио дээр машинтайгаа зогсож байхад тус уулзварын баруунаас зүүн тийш явах замаас тухайн уулзвар руу цагаан өнгийн жижиг машин хурдтай ирж байгаад Төрийн банкны уулзварын хойноос урагш чиглэлд явах саарал өнгийн Витз загварын жижиг машинтай уулзварын төв хэсэг дээр мөргөлдөж Төрийн банкны уулзварын ертөнцийн зүгээр зүүн урд талын хашлагыг мөргөж зогссон. Би шууд эмнэлгийн байгууллага руу залгаж яаралтай түргэн тусламж дуудсан. Тэгээд байж байгаад мөргөсөн цагаан өнгийн кроун машинаас жолооч нь гарч ирсэн. Араас нь замын цагдаа, удалгүй эмнэлгийн машин ирсэн.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 90-91 дэх тал/, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 127 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 104-107 дахь тал/, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 423 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 114-115 дахь тал/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 4496 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 122-124 дэх тал/, Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Гэрээт цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч С.Батзоригийн 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 11 дугаартай дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 132 дахь тал/, “Хас үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 1122 дугаартай хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ /1 дүгээр хавтаст хэргийн 155-163 дахь тал/, Эрх бүхий албан тушаалтны 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн магадлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 167-168 дахь тал/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хавтаст хэргийн 34-36 дахь тал/, эд мөрийн баримт хураан авах мөрдөгчийн санал, эд мөрийн баримт хураан авах прокурорын тогтоол /2 дугаар хавтаст хэргийн 37-38 дахь тал/, Б.Н-ид драгер багаж үлээлгэсэн гэрэл зураг /2 дугаар хавтаст хэргийн 63 дахь тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 15-22 дахь тал/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /24-30 дахь тал/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 31-42 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэлээ.
Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Гэрээт цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч С.Батзоригийн 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 11 дугаартай дүгнэлтэд: “ “Тоёота кровн” загварын 0013 ѲМЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Н нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. а/ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно; мөн дүрмийн 15.5.Улаан буюу шар гэрэлтэй хамт ассан нэмэгдэл гэрэл дохиогоор явж буй жолооч бусад чиглэлээс яваа хөдөлгөөнд зам тавьж өгнө гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. Тухайн зам тээврийн осол, хэргийн материалтай танилцахад “Тоёота кровн” загварын 0013 ӨМЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Н нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.5-д заасныг зөрчсөний улмаас тухайн осол гарсан гэж үзэж дүгнэлт гаргав.” /1 дүгээр хавтаст хэргийн 132 дахь тал/,
Эрх бүхий албан тушаалтны 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн магадлагаанд: “0013 ӨМЕ улсын дугаартай цагаан өнгийн “Тоёота Кроун 180” загварын автомашины жолооч Ба овогтой Н нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а-д заасны дагуу согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно, мөн 15.5-д заасны дагуу Улаан буюу шар гэрэлтэй хамт ассан нэмэгдэл гэрэл дохиогоор явж буй жолооч бусад чиглэлээс яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө гэх заалтуудыг тус тус зөрчсөн байна гэж үзэж байна. Тээврийн хэрэгслийн жолооч Ба овогтой Н нь 0.42 хувийн согтолтын зэрэгтэй байх үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ аваагүй болох нь хэргийн газрын үзлэг, 1 хяналтын камерын бичлэг зэргээс харагдаж байна. Хэрэг учрал болсон тухайн цаг үед Б.Нийг согтолтын зэрэг шалгах драгер тандагч багажаар шалгах үед 0.42 хувийн согтолтын зэрэгтэй гарсан байх ба Б.Н нь айраг уусан гэж мэдүүлсэн байх тул осол болох үед Б.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон гэж үзэхээр байна.” /1 дүгээр хавтаст хэргийн 167-168 дахь тал/ гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн болохыг тогтоосон тул шүүгдэгч Б.Нийг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Н-ийн гэм буруутай үйлдлийн улмаас талийгаач Б.Ш нь баруун талын 1-4-р хавирга, зүүн талын 3-7-р хавирганы хугарал, уушгины эдийн гэмтэл, элэг, дэлүү, нойр булчирхайн урагдал, язрал, няцрал, сэмж, чацархайн урагдал, цус хуралт, хуйхан доорх цус хуралт, баруун нүдний дээд болон доод зовхины цус хуралт, зүүн сүвээний өнгөц эсгэгдсэн шарх, зулгаралт, зүүн гуяны зулгаралт гэмтлүүдийн улмаас нас барсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 127 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 104-107 дахь тал/-ээр, хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Б-ын эрүүл мэндэд баруун талын II-V хавирганы хугарал, сээрний 3-5-р нугалмын шахагдсан хугарал, 2 талын уушгины доргилт бүхий хүндэвтэр хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 423 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 114-115 дахь тал/-ээр тус тус тогтоогдож байна.
Шинжээчийн дүгнэлтүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн нас барсан шалтгаан болон биед учирсан гэмтлийг шинжээч тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой тогтоосон байх тул шүүх уг дүгнэлтүүдийг үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болголоо.
Шүүгдэгч Б.Н нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохыг хориглосон Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн хэдий ч өөрийн хайхрамжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохирох, хүний эрүүл мэндэд хор уршиг учрах боломжтойг мэдэх үүрэгтэй, мэдэх боломжтой байсан боловч мэдээгүй, гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр уг гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэр шүүгдэгч Б.Н нь зам тээврийн ослыг санаатайгаар үйлдэж хүний амь нас, эрүүл мэндийг хохироох санаа зорилгогүйгээр үйлдсэн гэж үзэхээр байна.
Шүүх хуралдааны явцад шүүгдэгч согтууруулах ундаа хэрэглээгүй, айраг уусан гэж мэдүүлсэн бол өмгөөлөгчийн зүгээс согтуурсан буюу мансуурсан, согтууруулах ундааны хэрэглэсэн эсэхийг цус, шээснээс дээж авч шинжилгээ хийх, драгер багаж үлээлгэх зэргээр шалгахаар Улсын дээд шүүхийн 2019 оны 215 дугаартай тогтоолоор тайлбарласан ба ингэхдээ Эрүүл мэнд, спортын сайд, Хууль зүйн сайдын 2016 оны А/138, А/131 дугаартай хамтарсан тушаалаар баталсан “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журам”-ын 1.4-д заасан Стандартчилалын төв байгууллагаас баталгаажуулсан багажийг ашиглахаар байтал шүүгдэгчийн согтолтын хэмжээг баталгаажуулалтын хугацаа дууссан багажаар шалгаж журам зөрчсөн, айраг согтууруулах ундааны төрөлд хамаарах эсэх нь эргэлзээтэй байх тул шүүгдэгчид ашигтайгаар хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэх талаар дүгнэлт, тайлбар гаргасныг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд шүүгдэгч Б.Н-ийг зам тээврийн осол гаргах үед түүнийг согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг зориулалтын согтуурал шалгах багажаар шалгахад согтолтын хэмжээ нь 0.42 (%o)-тай болох нь цагдаагийн алба хаагч Б.Ц, П.Э нарын мэдүүлэг, гэрэл зургаар нотлогдсон байх ба хэдийгээр хоёр гэрчийг байлцуулаагүй боловч “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журам”-ын 2.3-д “Цагдаагийн алба хаагч жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг согтуурал шалгах багажаар тогтоохдоо хөндлөнгийн гэрчийг байлцуулна. Хэрэв боломжгүй бол дуу дүрс бичлэг, гэрэл зургаар баталгаажуулна.” гэж заасантай нийцүүлэн гэрэл зургаар бэхжүүлсэн нь энэхүү журмыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгчийн шинээр гаргаж өгсөн Стандарт, хэмжил зүйн газрын 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн албан бичиг, хавсралтын 16-д Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагт ашиглаж буй амьсгал дахь спиртийн агууламж хэмжигч багаж/ALCOTEST-7510/-д баталгаажуулалт хийсэн хугацаа 2022.02.22-ны өдөр, дуусах хугацаа 2022.08.22-ны өдөр гэж тэмдэглэгдсэн байх ба зам тээврийн осол гарсан 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр шүүгдэгчийн согтолтын хэмжээг уг багажаар тогтоосон боловч энэ нь шүүгдэгчийг согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг няцаан үгүйсгэх үндэслэл болохгүй гэж шүүх үзэв.
Мөн “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журам”-ын 2 дахь хэсгийн 2.5-д “...Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 промиль (%o), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,5 промиль (%) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ” гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.Н согтууруулах ундаа биш айраг уусан гэж маргаж мэтгэлцэж байгаа боловч түүний амьсгал дахь спиртийн агууламж 0.42 (%o)-тай болох нь тогтоогдсон тул нэршлээс үл хамааран согтууруулах ундаа хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Түүнчлэн шүүгдэгч тухайн үед тээврийн хэрэгслийн тоормос огт ажиллахгүй байсан тул осол гарах шалтгаан, нөхцөлийг бүрдүүлсэн гэж мэдүүлсний дагуу өмгөөлөгчийн гаргасан хүсэлтээр мөрдөн шалгах ажиллагааны үед Өмнөговь аймгийн Авто тээврийн төвийг техникийн шинжээчийн дүгнэлт гаргуулахаар томилсон бөгөөд уг төвөөс шинжилгээний объект нь шинжилгээ хийж дүгнэлт гаргах шаардлага хангахгүй байх тул техникийн бүрэн бүтэн байдалд шинжээчийн дүгнэлт гаргах боломжгүй /1 дүгээр хавтаст хэргийн 147 дахь тал/ гэж хариу өгсөн, шүүгдэгчийн унаж явсан тээврийн хэрэгслийг 2022 оны техникийн хяналтын үзлэгт оруулахад тоормос хэвийн ажиллаж байсан, тухайн осол болохоос өмнө хянах самбар дээр ямар нэгэн гэрэл дохио асаагүй, тоормос хэвийн ажиллаж байсан талаарх түүний гэрчээр өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 96 дахь тал/ зэргээс үзэхэд шүүгдэгч, өмгөөлөгчийн гаргасан тээврийн хэрэгслийн тоормос ажиллахгүй байсан гэх тайлбар үндэслэлгүй гэж дүгнэлээ.
Иймд Өмнөговь аймгийн Прокуророос шүүгдэгч Б.Н-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар буюу согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, хүний амь нас хохироосон хэмээн зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгчийн үйлдэл, холбогдол нь уг гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Н-ийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Б.Н-ийн гэм буруутай үйлдлийн улмаас талийгаач Б.Ш нь баруун талын 1-4-р хавирга, зүүн талын 3-7-р хавирганы хугарал, уушгины эдийн гэмтэл, элэг, дэлүү, нойр булчирхайн урагдал, язрал, няцрал, сэмж, чацархайн урагдал, цус хуралт, хуйхан доорх цус хуралт, баруун нүдний дээд болон доод зовхины цус хуралт, зүүн сүвээний өнгөц эсгэгдсэн шарх, зулгаралт, зүүн гуяны зулгаралт гэмтлүүдийн улмаас нас барсан, хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Б-ын эрүүл мэндэд баруун талын II-V хавирганы хугарал, сээрний 3-5-р нугалмын шахагдсан хугарал, 2 талын уушгины доргилт бүхий хүндэвтэр хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 127 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 104-107 дахь тал/, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 423 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 114-115 дахь тал/-ээр тус тус тогтоогдож байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ё.Ц нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд талийгаач Б.Ш-ын олох байсан орлогыг хуулийн этгээдийн 2020, 2021, 2022 онд олсон орлогыг үндэслэн 26 жилээр үржүүлэн 104,150,667 төгрөг, Шүүхийн шинжилгээний төлбөр 60,000 төгрөг, үлдэгдэл зээл 40,494,078 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 3,000,000 төгрөгийг тус тус нэхэмжилж, мөрдөн шалгах ажиллагааны үед нэхэмжилсэн оршуулгын зардал 25,750,000 төгрөг, тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 2,391,000 төгрөгийг шүүгдэгч бүрэн төлсөн талаар тайлбар гаргасан бөгөөд шүүх дараах байдлаар хэсэгчлэн хангаж, хэрэгсэхгүй болгож, хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэлээ.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл амь хохирогч Б.Ш нь 2017 онд мод, модон эдлэл үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулах “Говийн баян тэвш” ХХК-ийг үүсгэн байгуулж, улмаар 2018 оны 04 сарын 24-ний өдөр автомашинаар ачаа тээвэрлэх, таксины үйлчилгээ эрхлэх үйл ажиллагааны төрлийг шинээр нэмж бүртгүүлсэн /2 дугаар хавтаст хэргийн 136 дахь тал/ байх бөгөөд энэхүү хуулийн этгээдийн Татварын газарт гаргасан аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар 2021 онд 2,830,800 төгрөг /2 дугаар хавтаст хэргийн 139-146 дахь тал/, 2022 онд 2,100,000 төгрөгийн /2 дугаар хавтаст хэргийн 147-152 дахь тал/ орлогыг тус тус олсон ба харин 2020 оны Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланг хэрэгт нотлох баримтаар өгөөгүй байх тул 2020 онд хэдэн төгрөгийн орлого олсон болохыг тодорхойлох боломжгүй байна. Иймээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн сүүлийн 3 жилийн олох байсан орлого гэх 104,150,667 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй байна.
Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс амь хохирогч Б.Ш-ын Ц.Баяржаргалтай байгуулсан зээлийн үлдэгдэл 16,000,000 төгрөг, Төрийн банктай байгуулсан зээлийн үлдэгдэл 18,333,333 төгрөг, Шийдэл финанас ББСБ-тай байгуулсан зээлийн үлдэгдэл 2,890,745 төгрөг, О.Э-тай байгуулсан зээлийн үлдэгдэл 3,270,000 төгрөг, нийт 40,494,078 төгрөг нэхэмжилсэн бөгөөд 1 дүгээр хавтаст хэргийн 206, 227, 233-235, 239-240 дахь талд авагдсан 4 зээлийн гэрээнээс үзвэл зээлдэгч амь хохирогч Б.Ш, зээлдүүлэгч Төрийн банк, Шийдэл финанс ББСБ, О.Э, Ц.Баяржаргал нарын хооронд Зээлийн гэрээ байгуулагдсан ба уг гэрээгээр зээлдүүлэгчийн шилжүүлсэн мөнгийг зээлдэгч тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ё.Ц-д дээрх зээлдүүлэгч нарыг төлөөлж зээлийн гэрээнд заасан мөнгийг шүүгдэгчээс гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрх олгогдоогүй, эрх үүрэг шилжүүлсэн нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул энэ талаарх нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэлээ.
Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ё.Ц-гийн амь хохирогч Б.Ш-ын олох байсан орлого болон зээлийн төлбөр нийт 144,644,745 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, уг нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Н-ид холбогдох эрүүгийн хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон Ё.Ц-гаас мэдүүлэг авах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй үндэслэл тогтоогдоогүйн зэрэгцээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эсэх нь сайн дурын үндсэн дээр хийгддэг түүний эрхийн асуудал байх тул өмгөөлөгчийн хөлс 3,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.
Харин Шүүхийн шинжилгээний байгууллагад шинжээчийн дүгнэлт гаргуулахаар төлсөн 60,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ё.Ц-д олгох нь зүйтэй гэж үзэв.
Шүүхийн шатанд шүүгдэгчийн зүгээс хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Б-т нийт 940,000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн болох нь 2 дугаар хавтаст хэргийн 131 дэх талд авагдсан ХААН банкны орлогын мэдүүлгээр тогтоогдож байх ба шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Б-ын зүгээс “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлж байх тул шүүгдэгч Б.Н-ийг хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Б-т төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс нэхэмжилсэн оршуулгын зардал 25,750,000 төгрөг, тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 2,391,000 төгрөгийг шүүгдэгч төлсөн болох нь 2 дугаар хавтаст хэргийн 127-132 дахь талд авагдсан ХААН болон Төрийн банкны орлогын мэдүүлгийн баримт, оролцогчдын тайлбараар тус тус тогтоогдсон тул уг төлбөрийг төлсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүхээс шүүгдэгч Б.Н-ийг согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон шийдвэрийн үндэслэлийг танилцуулсны дараа эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаанаас өмнө шүүгдэгч завсарлага авч, шүүхээс тогтоосон 60,000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын тайлбараар тогтоогдож байх тул шүүгдэгчийн хувьд шүүхийн шийдвэрийн иргэний нэхэмжлэлтэй холбоотой заалт биелэгдсэн гэж дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Нийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн хувьд Эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан гаргах саналгүй байна гэх, шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй байгууллагад эдлүүлэх тухай дүгнэлтийг тус тус гаргасан бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хувьд шүүгдэгчийн насны болон ар гэрийн байдлыг харгалзан ялыг хөнгөрүүлдэг бол хохирогч амь насаа алдаж нөхөж баршгүй хохирол учирсан, түүний ар гэрийн байдлыг мөн адил харгалзан үзэх байтал иргэний нэхэмжлэл хангагдаагүй гэх, хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Б хэлэх зүйл байхгүй гэх, шүүгдэгчийн хувьд холбогдсон хэрэгтээ харамсан гэмшиж байна, үлдсэн хугацаандаа бүхий л талаар тусалж дэмжинэ, хохирогчдоос уучлалт гуйж байна, хөнгөн ял оногдуулж өгнө үү гэх тайлбарыг тус тус гаргав.
Шүүх шүүгдэгч Б.Н-ийг согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Н нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар цагдаагийн байгууллагын санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ё.Ц-д нийт 28,200,000 төгрөг, хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Б-т 940,000 төгрөг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов. Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Н-ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ё.Ц-д 28,200,000 төгрөг, хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Б-т 940,000 төгрөгийн төлбөрийг тус тус төлсөн, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 7 /долоо/ жилийн хугацаагаар хасаж, 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Н-ийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хорих ял оногдуулах тухай дүгнэлтийг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл нь шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байхаас гадна гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байхыг хуульчилсан байна. Гэмт хэргийн улмаас бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүргийн дагуу гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх эсхүл, учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх байдлаар илэрхийлэх учиртай.
Энэхүү гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон нь нөхөх, гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх боломжгүй хохирол бөгөөд уг хохирлоос шалтгаалж үүссэн хор уршгийн шинж чанар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гэм хор арилаагүй гэх тайлбараас үзэхэд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Н-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 7 /долоо/ жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэсэн ба мөн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссаны дараа хугацааг тоолно” гэж заасны дагуу шүүгдэгчид оногдуулсан 3 /гурав/ жилийн хорих ялыг эдэлж дууссанаас хойш тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг тоолохыг Өмнөговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт мэдэгдэж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Н-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц КК97121618 регистрийн дугаартай, 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр олгосон №1179941 дугаартай “B” ангиллын жолоочийн үнэмлэхийг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэх нь зүйтэй байна.
Бусад асуудлаар.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хавсаргаж ирүүлсэн Даланзадгад зочид буудал, Говь центр, Бетел ресторан зэрэг 3 байгууллагын хяналтын камерын бичлэгийг агуулсан DVD 2 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, “Тоёота кровн” загварын 00-13 ӨМЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 03335361 дугаартай гэрчилгээг шүүгдэгч Б.Н-ид буцаан олгох нь зүйтэй байна.
Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Б.Н-ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овгийн Ба-ийн Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Н-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 7 /долоо/ жилийн хугацаагаар хасаж, 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-ид оногдуулсан 3 /гурав/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-ид оногдуулсан хорих ялыг эдэлж дууссанаас хойш тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын эдлэх хугацааг тоолохыг Өмнөговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.Н нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Б-т хохирол төлбөрт 940,000 /есөн зуун дөчин мянга/ төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ё.Ц-д 28,200,000 /хорин найман сая хоёр зуун мянга/ төгрөг тус тус төлсөн болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ё.Ц-гийн иргэний нэхэмжлэлээс өмгөөлөгчийн хөлс 3,000,000 /гурван сая/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, олох байсан орлого болон зээлийн төлбөр нийт 144,644,745 /нэг зуун дөчин дөрвөн сая зургаан зуун дөчин дөрвөн мянга долоон зуун дөчин тав/ төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, уг нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хавсаргаж ирүүлсэн Даланзадгад зочид буудал, Говь центр, Бетел ресторан зэрэг 3 байгууллагын хяналтын камерын бичлэгийг агуулсан DVD 2 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, “Тоёота кровн” загварын 00-13 ӨМЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 03335361 дугаартай гэрчилгээг шүүгдэгч Б.Н-ид буцаан олгосугай.
8. Шүүгдэгч Б.Н-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц КК97121618 регистрийн дугаартай, 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр олгосон №1179941 дугаартай “B” ангиллын жолоочийн үнэмлэхийг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсүгэй.
9. Шүүгдэгч Б.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, болохыг тус тус дурдсугай.
10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Б.Н-ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Н-ид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ВОЛОДЯ