Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 2023/ШЦТ/37

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,

Улсын яллагч Б.Болор-Эрдэнэ,  

Шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Ц.Баярмаа,

Нарийн бичгийн дарга А.Золзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,                              

Өмнөговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Д-гийн Б-д холбогдох 2228002050177 тоот эрүүгийн хэргийг 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.                  

Биеийн байцаалт:      

Б овгийн Д-гийн Б .........             

Холбогдсон хэргийн талаар:   

Шүүгдэгч Д.Б нь 2022 оны 04 дүгээр сард Өмнөговь аймгийн Гурвантэс сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Өмнийн говийн баялаг” ХХК-ийн уурхайгаас 250.000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий 5 кг улаан хас чулууг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан, мөн оны 06 дугаар сарын 11-ний өдөр үргэлжилсэн үйлдлээр, тус уурхайн хашаан дотроос 830.000 /найман зуун гучин мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий 16.60 кг улаан хас чулууг бэлтгэн хулгайлахаар завдсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.            

ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Д.Б-ийг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:  

Шүүгдэгч Д.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Н.Ч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 06 дугаар сарын 11-ний 16 цагийн орчимд засварын газрын үүдэн дээр байж байхад засварын ахлах О гар станцаар намайг дуудсан. Намайг хуучин коньверын хаягдал, отволын шороо хоёрын завсар хүрээд ир гэхээр нь заасан газар нь очтол энийг хараа гээд заасан. Заасан зүг рүү нь хартал илээр хас чулуу нэг ширхэг, дунд зэргийн гялгар ууттай 3 ширхэг, цаад талд нь ногоон ууттай хэсэг чулуу байсан. Тухайн үед өөрийн гар утасгүй очсон учраас О-ын гар утсыг аваад тухайн чулуу болон хажууд нь байсан гутлын мөрний зургийг дарж авсан. Нэгэнт тухайн орчмын газрын зургийг авсан учраас цааш нь захирал уурхайн дарга нар руу утсаар авсан зургаа явуул гэж хэлсэн. Зургийг нь дарж баримтжуулсан учраас чулууг нь аваад машиндаа тавьсан. Чулууг аваад машиндаа хийхдээ ойр орчмын мөр, ул мөрийг хүрэхгүй, цагдаа нар иртэл хадгалж хамгаалах арга хэмжээг авсан. Тухайн чулууг авсан учир шалтгаан нь гэвэл ажлаас буугаад яваад өгөхөөр нөгөө хулгайч нь хүрж ирээд чулууг нь аваад явах байх гэж бодсон. Миний бодлоор ойролцоогоор 13-15 кг орчим улаан чулуу байна даа гэж үзсэн. Уурхайн дарга чиглэл өгөхдөө цагдаа дууд гэж хэлсэн, тэгээд цагдаа дуудсан. Манай ажил дээр улаан чулуу нуусан газрын ойролцоо гутлын мөр байсан ба тэр мөрийг Б-ийн гутлын мөр гэж бодож байсан. Б яг адилхан цөлийн шар гэж ярьдаг гутал өмсдөг. Бид нар хамт ажилладаг учраас гутлыг нь мэднэ. Бусад ажлын хамт олон ч мэднэ. Тухайн уурхайн орчимд улаан чулууг зөвхөн коньвер дотор олборлоод машинаар тээвэрлэн төмөр контейнерт хийдэг учраас тухайн олдсон чулуу хулгайн сэдлээр гарсан гэж үзэх үндэслэл болно. Улаан чулууг зөвхөн уурхайн баяжмал учраас гадагш авч гарахыг хориглоно. Энд тэнд аваачиж тавьж болохгүй, олсон чулууг ээлжийн ахлахад өгөөд бид нар төмөр контейнерт хийдэг. Улаан чулуу байсан газраас коньвер 50 метр орчим байдаг. /Коньвер-улаан чулуу олборлох хэсэг, эндээс өөр газар улаан чулууг олборлох боломж байхгүй, энэ дотроос түүж гадагш гаргана. Бусад хэсэгт олборлолт хийгээгүй./ Тухайн нуусан чулуу нь улаан хас чулуу энэ чулууг Баатар ван трансс, “Өмнийн говийн баялаг” ХХК-ууд олборлож байгаа. Энэ чулууг БНХАУ-ын хилээр гаргаж экспортолдог. Монгол Улсад шууд зарагдаж мөнгө олох боломжтой. Мөн иргэдээс худалдаж аваад цааш нь зарж худалдаалдаг иргэд хүртэл байдаг. Манай компани хувьд 1 килограммыг нь жижиг томгүй, дунджаар 100 юаниар борлуулдаг. Монгол мөнгөөр 45000-50000 төгрөг болдог. Одоо энэ хулгайлсан чулуу нь сайн чанарын том жижиг нь дундаж учраас илүү үнэлэгдэнэ... Надад гомдол санал байхгүй. Би байгаа чулууныхаа бараг багцааг мэдэж байгаа. Хүлээн авахдаа жинлэх шаардлага байхгүй. “Өмнийн говийн баялаг” ХХК-ийн зүгээс гомдол санал байхгүй. Тухайн ажилчин Д.Бийг ажлаас халах арга хэмжээ авч байгаа.” /хавтаст хэргийн 64-65, 68 дахь тал/   

Гэрч Ж.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би тухайн өдөр ээлжид гарч байсан. Миний засаж байсан экскаваторын боолт, койлц зэрэг ойр зуур юм дутаад байхаар нь би тэр хавийн төмрийн хог байдаг газраас боолт койлц зэргийг хайж байхад хуучин коньвер, чулуу хоёрын голд ногоон ууттай юм цухуйгаад байсан. Тэгэхээр нь тухайн өдрийн ээлжийн ахлах болох Ч-ад хэлсэн чинь улаан чулуу хулгайлсан юм шиг байна гэж хэлсэн. Би тухайн эд зүйлийг харчихаад ээлжийн ахлах Ч-ад хүлээлгэж өгөөд яваад өгсөн. Тухайн улаан чулуу нуусан газар нь “Өмнийн говийн баялаг” ХХК-ийн эзэмшлийн бүс бөгөөд тухайн чулуу нуусан газраас 50 метр зайд улаан чулуу түүдэг, олборлодог газар байдаг. Миний харсан зүйл болохоор ногоон ууттай, наад талд нь дотор тал гэрэлтсэн уутанд улаан чулуу хийсэн байсан. Өөр ямар нэгэн төрлийн чулуутай холилдоогүй байсан. Тухайн нуусан улаан чулуу нь нэгэн төрлийн улаан өнгөтэй чулуунууд байсан. Би тэр ногоон ууттай зүйлийг задалж үзээгүй. Боолт койлц зэргийг хайгаад явж байхад л ногоон ууттай зүйл байхаар нь шууд ээлжийн ахлах Чад хэлсэн. Задалж үзээгүй боловч тухайн уутанд байгаа чулуунууд нь гаднаасаа ямар өнгийн чулуу болох нь мэдэгдэж байсан. Би улаан чулуу олборлох газарт 3 жил ажиллаж байна. Тиймээс улаан чулууг бол мэднэ. Коньверын төмөр, том чулуу хоёрын завсраар улаан чулууг уутанд хийгээд тавьсан байсан.” /хавтаст хэргийн 70 дахь тал/     

Гэрч Ц.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 03 дугаар сарын сүүлээр 04 дүгээр сарын эхээр санагдаж байна. Над руу Б ах чат бичээд улаан чулуу авах гэж байгаа хүн байгаа юу энэ талаар мэдээд өгөөч гэхээр нь би нэг эгчээс асуугаад өгье гэж хэлээд асуусан чинь миний улаан чулуу авах уу гэсэн эгч улаан чулууг чинь үзэж байгаад болно гэхээр нь би улаан чулуугаа аваачиж үзүүлсэн. Би 5.5 кг улаан чулууг Ж эгчид аваачиж үзүүлсэн. 3.5 кг улаан чулууг 1 килограммыг нь 150.000 төгрөгөөр өгсөн. 3.5 кг 490.000 төгрөг болсон. Үлдсэн нэг том чулууг Б ахын гэрт аваачаад үлдээсэн. Би улаан чулууг нь Б ахад зарж өгөөд 490.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Энэ мөнгөнөөс надад 40.000 төгрөг өгсөн. Бид хоёр Б ахын гэрт уулзаад улаан чулуугаа авсан. Улаан чулууг би гэрээс нь очиж авахад гэртээ ил тавьсан байсан. Би тухайн чулууг дэлгүүрт аваачиж зарсан. Борлуулчихаад мөнгийг нь гэрт хүргэж өгсөн. Би 40.000 төгрөгөөр нь ундаа, гар утсандаа нэгж авсан. Б ах улаан чулуугаа хаанаас авсан талаараа надад огт хэлээгүй. Би ч мэдэхийг хүсээгүй. Энэ улаан чулуу юун чулуу юм бэ гэж огт асуугаагүй. Б ах өөрөө улаан чулууны газар ажилладаг. Б ах гэртээ улаан чулуу аваад ирсэн байсан тэрийг нь би зарж өгсөн.” /хавтаст хэргийн 72-73 дахь тал/ 

Гэрч Э.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 16-17 цагийн үед байна уу Ч ах, О ах нар хуучин коньверын тэр хавиар юм үзээд явж байсан. Би тэр хоёр дээр яваад очсон чинь нэг гоё юм оллоо гээд барьчихсан явж байсан. О энэ хавиар юм хайж байгаад юм олсон байна гэж хэлсэн. Ногоон сатуркан ууттай, уутныхаа тэг дундуур хуйлаад барьчихсан, О ахтай хамт явсан, өөр хүн байгаагүй. Би тухайн зүйлийг юу гэдгийг мэдэхгүй байна. Анхаарч хараагүй, яваад өгсөн... Б нь 170 см орчим өндөртэй, бор царайтай, дунд зэргийн махтай, ногоон өнгийн комбинезон өмсөж гардаг. Ихэвчлэн жижиг чулуун дээр сууж ажилладаг. Б цөлийн шар гутал, ажлын гутал хоёр л ээлжилж өмсөөд байдаг.” /хавтаст хэргийн 75 дахь тал/   

Гэрч Б.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би он сараа сайн мэдэхгүй байна. 2022 оны хавар Гурвантэс сумын иргэн С нь манай дэлгүүрт ирээд ах, эгч мөнгө зээлээч аймаг явах гэсэн зардлын мөнгө байхгүй гэж мөнгө асууж ирсэн. Би тухайн үед мөнгө зээлэх боломжгүй байна гэж хэлсэн чинь жоохон улаан чулуу байна энэ чулууг авч үлдээд надад 200,000 төгрөг зээлээч гэж гуйгаад байсан. Би өөрөө энэ чулууг түүсэн түүгээд хадгалсан байсан ба та авчих гээд байхаар нь авсан. Тухайн үед чулууг нь үзээд ялгаж салгаад худалдаж авсан. Тухайн чулууг нь үзээд 500,000 төгрөг өгсөн. С ганцаараа ирсэн. Энэ чулуу нь ямар ч асуудал байхгүй, би өөрийн түүж хадгалсан чулуу, хулгай зэлгээ хийгээгүй гэж надад итгүүлсэн. Би өрөвдөөд чулууг нь аваад 500,000 төгрөг өгсөн. С нь манай хадам ахын хүүхэд өмнө нь хулгай зэлгээ хийсэн гэж сонсогдож байгаагүй. Би тухайн улаан чулууг сонирхож авсан. Энэ чулуугаар хөөргөний толгой хийлгэж болох юм болов уу гэж бодоод авсан. Мөнгөө бэлнээр өгсөн. Би улаан хас чулууны талаар бага зэрэг мэднэ, яагаад гэвэл энэ чулуу нь тус суманд байдаг нутгийн бүх иргэд түүж гоёлын эд зүйл хийлгэж байдаг учраас юм бодолгүй авсан. Нутгийн иргэд түүж ашиглаж байгаа юм байна гэж бодсон. Энэ чулууг нэг хэсэг нутгийн иргэдэд түүлгэж байсан. Би өмнө улаан чулуу худалдан авч байгаагүй, энэ удаа сонирхлын журмаар авсан.” /хавтаст хэргийн 77 дахь тал/ 

Шүүгдэгч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Надад холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед гадуур өр зээлтэй байсан, түүнийг дарах зорилготой чулуу хулгайлсан. Би “Өмнийн говийн баялаг” ХХК-д 2019 оны 08 дугаар сард анх ажилд орсон уулын туслах гэсэн албан тушаалтай байсан. Гаднаас шигшүүрээс дамжин орж ирсэн улаан чулууг түүдэг ажилтай байсан. Би эхнэр хоёр хүүхдийн хамт Өмнөговь аймгийн Гурвантэс сумын 2 дугаар багийн нутаг Баясах 908 тоотод амьдарч байсан. “Өмнийн говийн баялаг” ХХК-д ажиллаж байгаад 2022 оны 06 дугаар сарын 12-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн. Надад ямар нэгэн санал хүсэлт тайлбар огт байхгүй. “Өмнийн говийн баялаг” ХХК-ийн уурхайн хашаан дотор авч явахаар бэлтгэсэн байсан 16,60 кг улаан чулууг буцааж өгсөн.” /хавтаст хэргийн 83 дахь тал/

“Хас Үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 1173 дугаартай үнэлгээний дүгнэлтэд: “Улаан хас чулуу, 21,600 гр, нэгжийн үнэ 50,000 төгрөг, нийт үнэ: 1,080,000 төгрөг.” /хавтаст хэргийн 51-54 дэх тал/  

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 15-22 дахь тал/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 25-30 дахь тал/

Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 01/186 дугаартай албан бичиг /хавтаст хэргийн 140 дэх тал/

Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн тогтоол /хавтаст хэргийн 141-143 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Д.Б-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.  

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

Гэм буруугийн талаар.   

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Д.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай, шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрөөд прокуророос сонсгож байгаа гэм буруугийн талаарх дүгнэлттэй маргахгүй байгаа учраас өмгөөлөгчийн зүгээс тусгайлан гаргах санал дүгнэлт байхгүй гэх дүгнэлтийг тус тус гаргасан ба шүүгдэгч хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх тайлбарыг гаргасан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд Д.Б нь 2022 оны 04 дүгээр сард Өмнөговь аймгийн Гурвантэс сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Өмнийн говийн баялаг” ХХК-ийн уурхайгаас 250.000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий 5 кг улаан хас чулууг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан, мөн оны 06 дугаар сарын 11-ний өдөр үргэлжилсэн үйлдлээр, тус уурхайн хашаан дотроос 830.000 /найман зуун гучин мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий 16.60 кг улаан хас чулууг бэлтгэн хулгайлахаар завдсан нөхцөл байдал тогтоогдож байна.  

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Н.Ч /хавтаст хэргийн 64-65, 68 дахь тал/, гэрч Ж.О /хавтаст хэргийн 70 дахь тал/, гэрч Ц.С /хавтаст хэргийн 72-73 дахь тал/, гэрч Э.Г /хавтаст хэргийн 75 дахь тал/, гэрч Б.Ц /хавтаст хэргийн 77 дахь тал/, “Хас Үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 1173 дугаартай үнэлгээний дүгнэлт /хавтаст хэргийн 51-54 дэх тал/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 15-22 дахь тал/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 25-30 дахь тал/  зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзлээ.                      

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэлээ.     

Үнэлгээ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, учирсан хохирлыг үнэлгээчин тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой тогтоосон байх тул шүүх уг үнэлгээг үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болголоо.

Хууль зүйн хувьд Монгол Улсын Үндсэн хуульд “төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”, “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй” гэж тус тус заасан бөгөөд энэхүү Үндсэн хуулиар баталгаажуулсан эрхүүдэд хууль бусаар халдсан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн арван долдугаар бүлэгт хуульчилжээ.

Ийнхүү шүүгдэгч Д.Б-ийн бусдын эд хөрөнгийг хулгайлсан хууль бус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт тооцогдоно.

“Бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэргийн улмаас алдагдсан эд юмс хэний өмчлөлд байгаагаас үл шалтгаалан эд юмсыг гэмт этгээд өөрөө захиран зарцуулах эрхгүй, бусдын эзэмшилд байгаа гэдгийг мэдсээр байж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бус аргаар авсныг хулгайлах гэмт хэрэг гэж ойлгох бөгөөд шүүгдэгч Д.Б нь 2022 оны 04 дүгээр сард Өмнөговь аймгийн Гурвантэс сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Өмнийн говийн баялаг” ХХК-ийн уурхайгаас 250.000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий 5 кг улаан хас чулууг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан, мөн оны 06 дугаар сарын 11-ний өдөр үргэлжилсэн үйлдлээр, тус уурхайн хашаан дотроос 830.000 /найман зуун гучин мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий 16.60 кг улаан хас чулууг бэлтгэн хулгайлахаар завдсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан ба шүүгдэгч Д.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг хэд хэдэн удаагийн үйлдлээр үйлдсэн байх тул шүүх шүүгдэгчийг үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцох үндэслэлтэй байна.    

Мөн шүүгдэгч Д.Б нь бусдын эд хөрөнгийг хулгайлсан өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, түүний улмаас эд хөрөнгөд хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж хүсэж үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Д.Б-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Шүүгдэгч Д.Б-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч “Өмнийн говийн баялаг” ХХК-д нийт 1,080,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хулгайлсан улаан хас чулууг биет байдлаар буцаан өгч хохиролгүй болгосон нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Н.Ч-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Надад гомдол санал байхгүй. Би байгаа чулууныхаа бараг багцааг мэдэж байгаа. Хүлээн авахдаа жинлэх шаардлага байхгүй. “Өмнийн говийн баялаг” ХХК-ийн зүгээс гомдол санал байхгүй.” /хавтаст хэргийн 68 дахь тал/ гэх мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Бийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.    

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.  

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Д.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч нийгмээс тусгаарлахгүй байдлаар өөрийнх нь хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа нөхцөл байдлыг нь анхааран үзэж тэнсэж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргасан ба шүүгдэгчийн хувьд өмгөөлөгчийн гаргасан саналыг дэмжиж байна гэх тайлбарыг гаргав.     

Шүүгдэгч Д.Б нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэм хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэхээр зохицуулжээ.

Шүүгдэгч Д.Б-ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна. 

Иймд шүүгдэгч Д.Б-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн  3 дахь хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэх нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Д.Б нь тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь тэнсэгдсэн 1 /нэг/ жилийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгчид хяналт тавихыг Өмнөговь аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.  

Бусад асуудлаар.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг гутлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Д.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овгийн Д-гийн Б-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1  дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.               

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Д.Б нь тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь тэнсэгдсэн 1 /нэг/ жилийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгчид хяналт тавихыг Өмнөговь аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.   

5. Шүүгдэгч Д.Б нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Ч-ад 1,080,000 төгрөгийн үнэтэй улаан хас чулууг биет байдлаар буцаан өгсөн болохыг дурдсугай. 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг гутлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

7. Шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.    

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.   

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Д.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

  

                                                                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.ВОЛОДЯ