Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/144

 

 

 

 

 

2023         02          27                                   2023/ШЦТ/144

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

      Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд,  

      Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч  С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Мөнхтүшиг,  улсын яллагч Ц.Майбаяр,  шүүгдэгч Г.Э, хохирогч Г.Д /шүүгдэгч, хохирогч нар өөрөө өөрсдийгөө өмгөөлж оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

      Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Эт холбогдох эрүүгийн “2211 02145 0045” дугаартай, 186/2023/0105/Э индекстэй хэргийг 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2023 оны 02  дугаар сарын 27-ны өдөр хянан хэлэлцэв.

           Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ххххх тоотод оршин суудаг гэх, урьд ял шийтгэлгүй, Г.Э,

           Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Э нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт архи авч өгсөнгүй гэх шалтгаанаар хохирогч Г.Дийн баруун хөлөнд нь өшиглөж биед нь “баруун шилбэний шаант, тахилзуур ясны зөрүүтэй далд хугарал, шилбэ, шагайн зөөлөн эдийн няцрал” бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч,  хохирогч нараас мэдүүлсэн мэдүүлэг:

    1.1. Шүүгдэгч Г.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..мөрдөн байцаалтын явцад мэдүүлгээ үнэн зөв өгсөн. Мэдүүлэг өгөхгүй гэв.

1.2.  Хохирогч Г.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, булгийн 21-66 тоотод урьд нь амьдарч байсан. Тэр хуучин хашаагаа хааяа нэг эргэдэг. Эргэх гэж явж байгаад Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, гахайн байрны дэлгүүр гэж нэрлэдэг газар явж байгаад Энхбаяр, Сайнтогтох, Очирбат гэх хүмүүстэй гахайн байрны ойролцоо архи ууж байхад нь таарсан.  Сайнтогтох гэж хүний гэрт нь очиж бид нар 1 шил архи задалж уусан. Тэгээд ууж байхад Энхбаяр нь чи урьд нь хамар хашаа байхдаа ирж уулзаад, нөхөрлөөд явдаг байсан одоо бүр биеэ тоочихсон байна. Өөр хашаанд очоод бүр хүн биш болсон байна гэх мэтээр хэрүүл маргаан үүсгэсэн, энэ хэрүүл маргаан үүсэхээс урьдчилан сэргийлж чи бид хоёр хэл ам тохиролцохгүй юм байна, би ингээд явлаа гээд Сайнтогтох гэх хүний гэрээс гарч явсан,  гарч явах хооронд Энхбаяр гэдэг залуу араас ирээд чи надаас айлаа, архи авч өгсөнгүй гээд мөрнөөс татаад баруун хөл рүү хавсарч унагаад, дахиж татаж босгож байгаад дахиж хавсарч унагаасан. Тэгээд хөл гэмтчихлээ гэсэн чинь худлаа баашиллаа, худлаа ярилаа гээд, зууралдаж байх хооронд Очирбат гэх төрлийнх нь залуу ирж салгасан. Тэгээд хөл хугарчихлаа гэсэн чинь Очирбат гэх хүн нь харчихаад үнэхээр хөл нь хугарчихсан байна Энхбаяраа чи одоо боль гэсэн. Очирбат гэдэг залуу намайг үүрээд Сайнтогтох гэдэг айлынд аваачиж өгсөн. Анхан шатны тусламж үзүүлээд түргэн дуудаж өгсөн бол би өөр байх байсан. 1 хоног алдаж гэмтлийн эмнэлэгт очсондоо гомдолтой байна гэв.

      Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

          2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.Дийн:..би 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 18 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр гахайн байрны орчимд явж байтал Энхбаяр, Сайнтогтох нар худгийн ойролцоо архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан. Тэгээд бид Сайнтогтохын гэр болох Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо булгийн 21-78 тоотод очиж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Би Сайнтогтохын гэрт очоод ууж байсан архинаас 1-2 хундага уусан. Энхбаяр надад хандаж “Ойролцоо амьдардаг байхдаа байнга уулздаг байсан мөртлөө нүүж явсан цагаасаа хойш тоохоо больсон бас их зантай болж, биеэ тоосон гэх мэтээр үг хэлж байгаад нэг шил архи авч өгөхийг Энхбаяр шаардсан. Энхбаяр тухайн үедээ архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байсан тул би чамтай юу ярихав, хоёулаа ойлголцохгүй юм байна гэж хэлээд би гэрээс гараад харихаар явсан. Тэр үед гадаа харанхуй болсон байсан. Сайнтогтохын гэрийн хашаанаас гараад гудамжинд зүүн зүг рүү чиглэлтэй алхаж байсан. Тус гудамж нь баруунаас зүүн зүгрүү өгсүүр, би хэсэг газар алхаж байтал Энхбаяр миний араас гүйж ирээд би Энхбаяр луу биеэ эргүүлж эргэж харах үед баруун хөлрүү Энхбаяр хөлөөрөө өшиглөж газарт унагасан. Энхбаяр тэр үедээ түрүүтэй, хар өнгийн том гуталтай байсан. Бид хоёроос өөр хэн нэгэн дэргэд байгаагүй, газар унах үед миний баруун хөлний шилбэ хэсгээр өвдөөд байсан. Би босож чадахгүй, Энхбаярт энэ талаараа хэлтэл Энхбаяр надад итгэхгүй байсан. Намайг жүжиглэж байна гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа Энхбаярын хамаатны залуу ирээд /нэрийг нь мэдэхгүй байна/ Энхбаярыг болиулаад намайг түшиж өргөж байгаад Сайнтогтохын гэрлүү оруулж өгсөн. Сайнтогтоход би болсон зүйлийн талаар тухайн үедээ хэлсэн. Энхбаяр бид хоёроос өөр маргалдаж, муудалцсан хүн байхгүй. Миний баруун хөлний шилбэ хэсэгт Энхбаяр гэмтэл учруулсан. Энхбаяр бид хоёр урьд өмнө маргалдаж, муудалцаж байгаагүй, би гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж хагалгаанд ороод 21 хоногийг өнгөрүүлсэн. Шилбэний яс эдгэртэл эм бэлдмэл хэрэглэж байгаа, 3 сарын дараа хөлнийхөө хадаасыг авахуулж үргэлжпүүлэн эмчилгээ хийх шаардлагатай байгаа. Би өөрийн тээврийн хэрэгслээр такси үйлчилгээнд явдаг байсан. Биед гэмтэл учирсанаас болж тээврийн хэрэгслээ унаж, жолоодож чадахгүй байгаа гэх мэдүүлэг. /хх-ийн       11-12 дугаар тал/,

2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Сайнтогтохын:..Би тухайн өдрийн орой 18-19 цагийн орчимд Онги хунт нэртэй хүнсний дэлгүүр ороод эмийн сангаас эм аваад гарч иртэл Энхбаяр, Дашмөнх нартай санамсаргүй тааралдсан. Ойрд уулзаагүй юм чинь манай гэрлүү явах уу гэж хэлтэл зөвшөөрсөн тул дэлгүүр ороод 0.75 литрийн хараа нэртэй архийг аваад манай гэрт очоод Энхбаяр, Дашмөнх, Очироо нарын хамтаар архи ууж байгаад бие засах зорилгоор Энхбаяр, Дашмөнх нар манай гэрээс нэг нэгээрээ тусдаа гарсан. Эхлээд Дашмөнх гараад араас нь Энхбаяр гарсан. Хэсэг хугацааны дараа манай гэрт орж ирэхдээ Дашмөнх хөлөө эвгүй болгочихлоо  гэж хэлээд манай гэрт хоёр хоносон. Би юу болсон талаар асуухад надад тодорхой зүйл хэлээгүй, манай гэрт хэрүүл маргаан болоогүй. Энхбаяр, Дашмөнх хоёр согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан ч биеэ авч явах чадвартай байсан. Би гэртээ байсан тул гэрийн гадаа болсон талаар сайн мэдэхгүй байна гэх мэдүүлэг. /хх-ийн 21 дүгээр тал/,

2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ш.Очирбатын:..тухайн өдрийн орой 20-21 цагийн орчимд Сайнтогтох надруу залгаад гэрт хүрээд ирээч гэхээр нь би гэрлүү нь очтол Энхбаяр, Дашмөнх, Сайнтогтох, Сайнтогтохын эхнэр байсан. Намайг гэрлүү нь орох үед 0.75 литрийн хараа архи хувааж ууж байсан, бид хамтдаа уусан. Хувааж ууж байсан архийг дууссаны дараа Дашмөнх хөл эвгүй болчихлоо гэсээр гэрт орж ирсэн. Энхбаяр, Дашмөнх нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ч биеэ авч явах  чадвартай байсан. Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, булгийн 21-78 тоотод хэрүүл маргаан болоогүй, гэрийн гадаа юу болсон талаар би сайн мэдэхгүй байна гэх мэдүүлэг. /хх-ийн 25 дугаар тал/, 

          2.4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 15950  дугаартай дүгнэлтэд:

         1.2. Г.Дийн биед баруун шилбэний шаант, тахилзуур ясны зөрүүтэй далд хугарал, шилбэ, шагайн зөөлөн эдийн няцрал, уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

         3.5. Дээрхи гэмтлүүд нь шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

          4.6. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

          7. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Ахлах шинжээч эмч Ч.Эрдэмболор  гэжээ.  /хх-ийн 30-31 дүгээр тал/,

          Гурав:Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

3.1. Улсын яллагч: хавтас хэргээс Г.Дийн мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12 дугаар тал/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ч.Эрдэмболорын 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 15950 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 30-31 дүгээр тал/, хохирогч Г.Дийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 55-63 дугаар тал/, яллагдагч Г.Эын мэдүүлэг /хавтаст хэргийн 53-54 дүгээр тал/, яллагдагч Г.Эын иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 65 дугаар тал/, ял шалгасан хуудас /хавтаст хэргийн 64 дүгээр тал/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 6-7 дугаар тал/, иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтууд /хавтаст хэргийн 35-37, 41 дүгээр тал/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав. 

3.2. Шүүгдэгч болон хохирогч нар: хавтас хэргээс тусгайлан  шинжлэн судлуулах зүйл байхгүй гэв.

           Гэм буруугийн талаар:

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй, Эрүүгийн  хуулийг буруу  хэрэглээгүй шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн  хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн  хүрээнд  явуулж, шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

            Шүүгдэгч Г.Э нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт архи авч өгсөнгүй гэх шалтгаанаар хохирогч Г.Дийн баруун хөлөнд нь өшиглөж биед нь “баруун шилбэний шаант, тахилзуур ясны зөрүүтэй далд хугарал, шилбэ, шагайн зөөлөн эдийн няцрал” бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулах  гэмт хэргийг үйлдсэн болох нь:

          - хохирогч Г.Дийн:..тэр үед гадаа харанхуй болсон байсан. Сайнтогтохын гэрийн хашаанаас гараад гудамжинд зүүн зүг рүү чиглэлтэй алхаж байсан. Тус гудамж нь баруунаас зүүн зүгрүү өгсүүр, би хэсэг газар алхаж байтал Энхбаяр миний араас гүйж ирээд би Энхбаяр луу биеэ эргүүлж эргэж харах үед баруун хөлрүү Энхбаяр  өшиглөж газарт унагаасан. Энхбаяр тэр үедээ түрүүтэй, хар өнгийн том гуталтай байсан. Бид хоёроос өөр хэн нэгэн дэргэд байгаагүй, газар унах үед миний баруун хөлний шилбэ хэсгээр өвдөөд байсан. Би босож чадахгүй, Энхбаярт энэ талаараа хэлтэл Энхбаяр надад итгэхгүй байсан. Намайг жүжиглэж байна гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа Энхбаярын хамаатны залуу ирээд /нэрийг нь мэдэхгүй байна/ Энхбаярыг болиулаад намайг түшиж өргөж байгаад Сайнтогтохын гэрлүү оруулж өгсөн. Сайнтогтоход би болсон зүйлийн талаар тухайн үедээ хэлсэн. Энхбаяр бид хоёроос өөр маргалдаж, муудалцсан хүн байхгүй. Миний баруун хөлний шилбэ хэсэгт Энхбаяр гэмтэл учруулсан. Энхбаяр бид хоёр урьд өмнө маргалдаж, муудалцаж байгаагүй, би гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж хагалгаанд ороод 21 хоногийг өнгөрүүлсэн. Шилбэний яс эдгэртэл эм бэлдмэл хэрэглэж байгаа, 3 сарын дараа хөлнийхөө хадаасыг авахуулж үргэлжлүүлэн эмчилгээ хийх шаардлагатай байгаа. Би өөрийн тээврийн хэрэгслээр такси үйлчилгээнд явдаг байсан. Биед гэмтэл учирснаас болж тээврийн хэрэгслээ унаж, жолоодож чадахгүй байгаа гэх мэдүүлэг. /хх-ийн       11-12 дугаар тал/,

- гэрч Б.Сайнтогтохын:...би тухайн өдрийн орой 18-19 цагийн орчимд Онги хунт нэртэй хүнсний дэлгүүр орж эмийн сангаас эм аваад гарч иртэл Энхбаяр, Дашмөнх нартай санамсаргүй тааралдсан. Ойрд уулзаагүй юм чинь манай гэрлүү явах уу гэж хэлтэл зөвшөөрсөн тул дэлгүүр ороод 0.75 литрийн хараа нэртэй архийг аваад манай гэрт очоод Энхбаяр, Дашмөнх, Очироо нарын хамтаар архи ууж байгаад бие засах зорилгоор Энхбаяр, Дашмөнх нар манай гэрээс нэг нэгээрээ тусдаа гарсан. Эхлээд Дашмөнх гараад араас нь Энхбаяр гарсан. Хэсэг хугацааны дараа манай гэрт орж ирэхдээ Дашмөнх хөлөө эвгүй болгочихлоо  гэж хэлээд манай гэрт хоёр хоносон. Би юу болсон талаар асуухад надад тодорхой зүйл хэлээгүй, манай гэрт хэрүүл маргаан болоогүй. Энхбаяр, Дашмөнх хоёр согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан ч биеэ авч явах чадвартай байсан. Би гэртээ байсан тул гэрийн гадаа болсон талаар сайн мэдэхгүй байна гэх мэдүүлэг. /хх-ийн 21 дүгээр тал/,

- гэрч Ш.Очирбатын:..тухайн өдрийн орой 20-21 цагийн орчимд Сайнтогтох надруу залгаад гэрт хүрээд ирээч гэхээр нь би гэрлүү нь очтол Энхбаяр, Дашмөнх, Сайнтогтох, Сайнтогтохын эхнэр нар байсан. Намайг гэрлүү нь орох үед 0.75 литрийн хараа архи хувааж ууж байсан, бид хамтдаа уусан. Хувааж ууж байсан архийг дууссаны дараа Дашмөнх хөл эвгүй болчихлоо гэсээр орж ирсэн. Энхбаяр, Дашмөнх нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ч биеэ авч явах  чадвартай байсан. Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, булгийн 21-78 тоотод хэрүүл маргаан болоогүй, гэрийн гадаа юу болсон талаар би сайн мэдэхгүй байна гэх мэдүүлэг. /хх-ийн 25 дугаар тал/, 

          - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 15950  дугаартай дүгнэлт /хх-ийн 30-31 дүгээр тал/ зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл юунаас болж маргалдсан,  шүүгдэгч нь хохирогчийн хөлрүү өшиглөж түүний биед гэмтэл учруулсаныг шүүгдэгч, хохирогч, гэрч хэн аль нь зөрүүгүй мэдүүлсэн  мэдүүлэг зэрэг үйл баримтуудыг агуулж байх ба шүүгч энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой  нотлох баримтуудыг өөрийн дотоод итгэлээр үнэлж  үнэн зөв гэж үзсэн болно.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь  согтуурсан үедээ хохирогчийг архи авч өгсөнгүй гэж  хэрүүл маргаан өдөж маргалдан улмаар түүний хөлрүү нь өшиглөж  гэмтэл учруулж байгаа нь гэм буруугийн  санаатай  үйлдэл  байна өөрөөр хэлбэл шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль  бус шинжтэй  болохыг  ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн  болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр хангалттай нотлогдож байх тул Г.Эын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд заасан  “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Шүүгдэгчийн зүгээс хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын  газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Г.Эыг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй  байна гэж шүүх үзлээ.

           Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Шүүгдэгч Г.Э нь өөрийн гэм буруутай үйлдлийн улмаас бусдад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгчийг  бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулсан, шүүгдэгч Г.Э нь хохирогч Г.Дийг цаашид гарах эмчилгээний зардлаа бүрдүүлж өгвөл эмчилгээ хийлгэсэн хохирол төлбөрийг барагдуулна гэснийг дурдах нь зүйтэй байна.

Харин хохирогч Г.Д нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэй, шүүгдэгч Г.Эаас 1.488.100 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

            Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.

Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцэх  ёстой. 

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж ял оногдуулахдаа хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, хохирол төлбөр төлсөн, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт  шүүгдэгч Г.Эыг  2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,  торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцох нь зүйтэй байна.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 90 хоногийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүхээс шүүгдэгч Г.Э, хохирогч Г.Д нарыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрсдийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус  тус дурдаж  шийдвэрлэв.

      Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

   1.Шүүгдэгч Г.Эыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.                                                                                                         

   2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эыг 2000 /хоёр мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000  /хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 3.Шүүгдэгч Г.Эыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар “ гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авахыг” үүрэг болгож түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

           4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 90  хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

 5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

 

          6.Шүүгдэгч Г.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

            7. Хохирогч Г.Д нь цаашид гарах гарах эмчилгээний  зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

            8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Эаас 1.488.100 /нэг сая дөрвөн зуун наян найман мянга нэг зуун/ төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Төрийн сан банк дахь “1009 00020 0080” дугаар дансанд төлүүлсүгэй.

            9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

       10.Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Эт  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.     

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            С.БАТЖАРГАЛ