Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 321

 

 

 

 

 

2019 оны 06 сарын 20 өдөр             Дугаар 153/ШШ2019/00321             Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч:Ховд аймгийн Манхан сумын Баянгол багт оршин суух, ПЭ65141309 тоот регистрийн дугаартай, Зэвэг овогт Санжсүрэнгийн ийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямдорж, нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч С. шүүхэд гаргасан хүсэлтдээ: Би 1965 оны 11 сарын 13 -нд Ховд аймгийн Манхан суманд төрсөн. Одоо 54 настай, ам бүл 4, бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрөөж, 1977 онд Манхан сумын бага сургуульд элсэн орж 4-р ангиас ар гэрийн гачигдлаар гарч, аав ээжийнхээ хамт мал маллаж туувар туудаг байсан. 1981 оноос эхлэн Ховд аймгийн Жаргалант сумын 10 жилийн 2-р дунд сургуульд үйлчлэгчээр ажилд орж, 1985 оны 6 сарын 10-нд өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. 1986 оны 5 сарын 15-наас Ховд аймгийн НААҮГ-ын иргэдийн үйлчилгээний салбарт ойн цэвэрлэгчээр ажилд орж мөн орон сууцны цэвэрлэгчээр тус тус 1992 оны 3 сарын 10-нийг хүртэл тасралтгүй ажилласан. Одоо би өндөр насны тэтгэвэрт гарах болоход НААҮГ-т ажиллаж байсан үеийн баримт бичиг болон тушаал олдохгүй, овог буруу бичсэн зэрэг нь тухайн үеийн албан тушаалтны буруутай үйлдэл, ажилдаа хайнга хандсаны улмаас би ажилласан жилээ тогтоолгож чадахгүй хохирч байна. Иймд намайг 1986 оны 5 сарын 15-ны өдрөөс 1992 оны 3 сарын 10-ныг хүртэл Ховд аймгийн НААҮГ-ын иргэдийн үйлчилгээний салбарт ойн цэвэрлэгчээр, мөн орон сууцны цэвэрлэгчээр тус тус ажиллаж байсныг холбогдох баримт бичгийг үндэслэн тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямдорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүсэлт гаргагч С. нь 1986 оны 5 сарын 15-ны өдрөөс 1992 оны 3 сарын 10-ныг хүртэл Ховд аймгийн НААҮГ-ын иргэдийн үйлчилгээний салбарт ойн цэвэрлэгчээр, мөн орон сууцны цэвэрлэгчээр тус тус ажиллаж байснаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тэрээр 1992 оны 3 дугаар сараас эхлэн Ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах тухай хуульд хамрагдсан тул нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 1992 оны 2 дугаар сарыг дуустал тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч С. нь 1986 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Ховд аймгийн НААҮГ-ын Иргэдийн үйлчилгээний салбарт ойн цэвэрлэгчээр, мөн орон сууцны цэвэрлэгчээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.Түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахдаа 1986 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 2 дугаар сарыг дуустал Ховд аймгийн НААҮГ-ын иргэдийн үйлчилгээний салбарт ойн цэвэрлэгчээр, мөн орон сууцны цэвэрлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгоно гэж нэхэмжлэлийн шаардлагыг багасгалаа.

Хүсэлт гаргагч С. нь итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямдоржид 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр тус хэрэгт 1 жилийн хугацаатайгаар итгэмжлэл олгосон бөгөөд тус итгэмжлэлд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрхийг олгосон байх тул шүүх хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагатай холбогдуулан дараах баримтууд хэрэгт авагджээ. Үүнд:

-Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 569 дугаартай лавлагаа,

-Ховд аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргын 1986 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 139 дугаартай Ажилд авах, ажлаас чөлөөлөх, шилжүүлэн ажиллуулах тухай тушаалын хуулбар,

-Ховд аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргын 1986 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 82 дугаартай Шилжин ажиллуулах, ажилд авах, ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар,

-Ховд аймгийн Орон сууц нийтийн аж ахуйн конторын даргын 1992 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 37 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар,

-С. ийн 118588 дугаартай ажлын тухай мэдээний бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-С.Оюунчимэгийн нэр дээрх Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Гэрч Л.Сүх-Очирын шүүхэд өгсөн ...С. нь 1986-1992 он хүртэл Ховд аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний удирдах газарт Орон сууц нийтийн аж ахуйн конторт цэвэрлэгчээр ажиллаж байсан. Би 1981-1993 он хүртэл НАҮГ-т Үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооны даргаар ажиллаж байсан  гэх мэдүүлэг,

-Гэрч Т.Хишигбуянгийн шүүхэд өгсөн ...би 1987-1992 он хүртэл Ховд аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний удирдах газарт ойн сахиул, цэцэгчнээр ажиллаж байсан. Намайг 1987 онд Ховд аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний удирдах газарт ажилд ороход С. нь үйлчлэгчээр ажиллаж байсан. Бид 1992 оны 10 дугаар сар хүртэл хамт ажилласан гэх мэдүүлэг зэрэг баримтууд хэрэгт авагджээ.

Хэрэгт авагдсан дээрх баримтуудаар хүсэлт гаргагч С нь 1986 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн НААҮГ-ын Иргэдийн үйлчилгээний салбарт ойн цэвэрлэгчээр, 1989 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 2 дугаар сарыг дуустал Ховд аймгийн НААҮГ, Орон сууц нийтийн аж ахуйн конторт орон сууцны цэвэрлэгчээр тус тус ажиллаж байсан болох нь нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ПЭ65141309 тоот регистрийн дугаартай, Зэвэг овогт Санжсүрэнгийн ийн 1986 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн НААҮГ-ын Иргэдийн үйлчилгээний салбарт ойн цэвэрлэгчээр, 1989 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 2 дугаар сарыг дуустал Ховд аймгийн НААҮГ, Орон сууц нийтийн аж ахуйн конторт орон сууцны цэвэрлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Б.МАРИНА