| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2019/00297/И |
| Дугаар | 322 |
| Огноо | 2019-06-20 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 322
2019 оны 06 сарын 20 өдөр Дугаар 153/ШШ2019/00322 Ховд аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: ХААН банкны Ховд салбарын хүсэлттэй Б.Лхагвааг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч ХААН банкны Ховд салбарын захирал Ч.Төрбат шүүхэд гаргасан хүсэлтдээ: Батхүү овогтой Лхагваа нь тус банкны салбараас 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ЗГ201743255860 тоот зээлийн гэрээ байгуулж 1,275,00 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай хэрэглээний лизинг зориулалтаар авсан. Зээлдэгч Б.Лхагваа зээлийн гэрээний 6-р зүйлд заасны дагуу гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зээлийн төлбөрийг барагдуулаагүй учир банк зээлийн гэрэээг цуцалж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах гэтэл зээлдэгчийн оршин суугаа хаяг тодорхойгүй, Улаанбаатар хотод байгаа сурагтай байна. Банкны зүгээс зээлдэгч Б.Лхагвааг оршин суугаа газрыг тодорхойлж эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж байгаа тул шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч ХААН банкны Ховд салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Оюундэлгэр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие хөдөө албан томилолтоор явах болсон тул намайг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч ХААН банкны Ховд салбар нь Б.Лхагвааг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Иргэн Б.Лхагваа нь ХААН банкны салбараас 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ЗГ201743255860 тоот зээлийн гэрээ байгуулж 1,275,00 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай хэрэглээний лизинг зориулалтаар зээл авсан байх бөгөөд зээлдэгч Б.Лхагваа нь зээлийн гэрээний 6-р зүйлд заасны дагуу гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зээлийн төлбөрийг барагдуулаагүй болох нь хэрэгт авагдсан 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн барьцааны гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зээлийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар нотлогдож байна.
Иргэн Б.Лхагваа нь ХААН банкны салбартай 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр зээлийн гэрээ байгуулахдаа зээлийн гэрээнд өөрийн оршин суух хаягаа Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн 11-01 тоот гэж бичүүлсэн байх боловч хэрэгт авагдсан Б.Лхагваагийн иргэний үнэмлэх дээрх хаяг нь Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо, Го парк Энхтайваны өргөн чөлөөний гудамж, 106 дугаартай байрны 87 тоот гэсэн бичилттэй байна.
Хүсэлт гаргагч нь зээлдэгч Б.Лхагваагийн зээлийн гэрээнд дурдагдсан Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн 11-01 тоот гэх хаягийг тодруулж Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн Засаг даргын 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн тус багийн 1 дүгээр гудамжны 11 тоотод Батхүү овогтой Лхагваа нь оршин суудаггүй болохыг тодорхойлов гэсэн албан бичгийг хэрэгт хавсаргасан байх боловч харин түүний иргэний үнэмлэх дээрх хаяг болох Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо, Го парк Энхтайваны өргөн чөлөөний гудамж, 106 дугаартай байрны 87 тоот гэсэн хаягийг тодруулаагүй байна.
Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах гол шалтгаан нь түүний оршин суух хаяг нь тодорхойгүй, оршин суугаа хаягтаа байхгүй байх явдал бөгөөд хэрэгт авагдсан баримтаар Б.Лхагваагийн оршин суух хаяг нь тодорхойгүй болох нь нотлогдохгүй байна. Иймд ПЮ86090404 тоот регистрийн дугаартай Харчин овогт Батхүүгийн Лхагвааг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Дээрх нөхцөл байдлыг тодруулсны дараа хүсэлт гаргагчийн дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсгүүдэд зааснаар ПЮ86090404 тоот регистрийн дугаартай Харчин овогт Батхүүгийн Лхагвааг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА