| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2019/00298/И |
| Дугаар | 323 |
| Огноо | 2019-06-20 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 323
2019 оны 06 сарын 20 өдөр Дугаар 153/ШШ2019/00323 Ховд аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Засаг даргын тамгын газрын хүсэлттэй Ш.Ганболдыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Жавзанханд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Засаг даргын тамгын газрын дарга М.Баянжаргал шүүхэд гаргасан хүсэлтдээ: Ховд амйгийн Эрдэнэбүрэн сумын Хар ус багийн иргэн Ш.Ганболд нь 2013 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр сум хөгжүүлэх сангаас Эрдэнэт сүрэг төсөл хэрэгжүүлэхээр 3 жилийн хугацаатай гэрээ байгуулан 10,000,000 сая төгрөгийн зээл авч, зээлийг жилийн 3 хувийн хүүтэйгээр, зээлээ хугацаанд нь төлөөгүй үлдэгдэлд үндсэн хүүгээс гадна 50 хувийн алданги төлөх нөхцөлтэйгээр гэрээ байгуулсан болно. Зээл, зээлийн хүүг төлөхийг удаа дараа шаардаж байсан боловч 2015 оны хавар манай сумаас эхнэр хүүхдүүдийн хамт яваад сураггүй болсон юм. Иргэн Ш.Ганболд энэ хугацаанд ямар ч төлөлт хийгээгүй бөгөөд одоо үндсэн зээлийн 10,000,000 төгрөг, хүү 1,351,255 төгрөг, алданги 675,628 төгрөг нийт 12,026,883 төгрөг төлөөгүй байгаа тул манай сумын сум хөгжүүлэх сангийн 0000100161655401 тоот дансанд зээлийг эргэн төлүүлж барагдуулж өгнө үү.
Иргэн Ш.Ганболд нь Өвөрхангай аймгийн Хужирт суманд суурьшин амьдарч байгаа сурагтай холбоо барих утас нь олдохгүй байгаа юм. Эхнэр Л.Мөнгөнжавхлант нь тус сумын Ерөнхий боловсролын сургуульд бага ангийн багш хийдэг гэсэн мэдээлэлээс өөр мэдээлэл бидэнд байхгүй байна. Иймд хариуцагчийг эрэн сурвалжлуулж өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Жавзанханд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хар ус багийн иргэн Ш.Ганболд нь 2013 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр сум хөгжүүлэх сангаас Эрдэнэт сүрэг төсөл хэрэгжүүлэхээр 3 жилийн хугацаатай гэрээ байгуулан 10,000,000 сая төгрөгийн зээл авч, зээлийг жилийн 3 хувийн хүүтэйгээр, зээлээ хугацаанд нь төлөөгүй. Ингээд зээл, зээлийн хүүг төлөхийг удаа дараа шаардаж байсан боловч 2015 оны хавар манай сумаас эхнэр хүүхдүүдийн хамт яваад сураггүй болсон юм. Ш.Ганболдыг таньдаг, мэддэг хүн бүрээс асуухад түүний оршин суух хаяг нь тодорхойгүй байна. Ах дүү нар нь Эрдэнэбүрэн суманд байгаа боловч хаана байгааг нь хэлэхгүй байна. Иргэн Ш.Ганболд энэ хугацаанд ямар ч төлөлт хийгээгүй бөгөөд одоо үндсэн зээлийн 10,000,000 төгрөг, хүү 1,351,255 төгрөг, алданги 675,628 төгрөг нийт 12,026,883 төгрөг төлөөгүй байна. Иргэн Ш.Ганболд нь одоогоор Өвөрхангай аймгийн Хужирт суманд суурьшин амьдарч байгаа сурагтай, түүний эхнэр Л.Мөнгөнжавхлант нь тус сумын Ерөнхий боловсролын сургуульд бага ангийн багш хийдэг гэсэн мэдээлэлээс өөр мэдээлэл бидэнд байхгүй байна. Иймд хариуцагчийг эрэн сурвалжлуулж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Засаг даргын тамгын газар нь ПЮ83120517 тоот регистрийн дугаартай, Монголоонхон овогт Шагдарын Ганболдыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Иргэн Ш.Ганболд нь 2013 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр сум хөгжүүлэх сангаас Эрдэнэт сүрэг төсөл хэрэгжүүлэхээр 3 жилийн хугацаатай гэрээ байгуулан 10,000,000 сая төгрөгийн зээл авч, зээлийг жилийн 3 хувийн хүүтэйгээр, зээлээ хугацаанд нь төлөөгүй болох нь хэрэгт авагдсан 2013 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2013 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн Барьцааны гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар нотлогдож байна. Мөн ПЮ83120517 тоот регистрийн дугаартай, Монголоонхон овогт Шагдарын Ганболд нь иргэний үнэмлэх дээрх бүртгэлтэй хаяг болох Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хар ус багт оршин суухгүй байгаа болох нь хэрэгт авагдсан Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хар ус багийн Засаг даргын 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 87 дугаартай албан бичгээр нотлогдож байх бөгөөд одоо түүний оршин суугаа хаягийг нэхэмжлэгч болох Ховд аймгийн Засаг даргын тамгын газар нь мэдэхгүй, олох боломжгүй, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар Ш.Ганболд нь Өвөрхангай аймгийн Хужирт суманд суурьшин амьдарч байгаа сурагтай, түүний эхнэр Л.Мөнгөнжавхлант нь тус сумын Ерөнхий боловсролын сургуульд бага ангийн багш хийдэг гэсэн мэдээлэлээс өөр мэдээлэлгүй гэх боловч тэрээр Өвөрхангай аймагт оршин сууж байгаа талаарх баримт байхгүй байгаа нь хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна.
Иймд ПЮ83120517 тоот регистрийн дугаартай, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хар ус багт бүртгэлтэй, Монголоонхон овогт Шагдарын Ганболдыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа хаягийг олж тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Ховд аймгийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар ПЮ83120517 тоот регистрийн дугаартай, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хар ус багт бүртгэлтэй, Монголоонхон овогт Шагдарын Ганболдыг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Ш.Ганболдыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газар, хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Ховд аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3.Хүсэлт гаргагч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4.Шийдвэрийн нэг хувийг Ховд аймгийн Цагдаагийн газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Батцэнгэлд даалгасугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА