| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2023/0023/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/020 |
| Огноо | 2023-01-19 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Б.Бат-Оргил |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 2023/ШЦТ/020
Монгол Улсын нэрийн өмнөөс
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Нарийн бичгийн дарга:
Улсын яллагч: Б.Бат-оргил
Хохирогчийн өмгөөлөгч / онлайнаар/
Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******од холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, ******* ургийн овогт *******гийн *******, регистрийн дугаар: ***********
Үйлдсэн хэргийн талаар
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтад өгсөн
..ял сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна, би мэдүүлэг өгөхгүй байх эрхээ эдлээд мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна.. гэх мэдүүлэг / хх-ийн 116-117/
Насанд хүрээгүй хохирогч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн
...өглөө 07-08 цагийн үед манай гэр бүл аав *******, эх *******, дүү , гэх хүмүүсийн хамт аав ******* Приус-30 маркийн 30-06 УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож Баянхонгор аймгаас гараад шинэ суурьшлын бүсийн хойд талын замд Ховд аймаг руу чиглэн явж байхад урдаас эсрэг урсгал руу Тоёото Ноах маркийн тээврийн хэрэгсэл орж ирээд манай машины урдаас мөргөчихсөн. Би машины хойд талын суудлын жолоочийн ар талд сууж явсан. Миний толгойд 2 газар хагарч 11 оёдол тавиулсан. Хэр хурдтай явж байсныг мэдэхгүй байна. Намайг харахад урдаас ирсэн машин замын хоёр тал руу гарч найгаж ирээд манай машины жолооч талын урд талаас мөргөлдсөн. Манай аав ******* архи уугаагүй эрүүл байсан гэх... мэдүүлэг /хх-ийн 80 -81/,
Хууль ёсны төлөөлөгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн
Тухайн өдөр Улаанбаатар хотоос манайх гэр бүлээрээ Ховд аймгийн Булган сум руу явж байсан. Тэгээд Баянхонгор аймгийн нутаг дэвсгэр дээр өглөөний 07 цаг 30 минутын үед дайран өнгөрсөн. Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт ямар ч машин байхгүй байсан ба өмнөөс нэг цэнхэр машин явж байсан. Бид нар машинтайгаа явж байхад гэнэтхэн нөгөө машин орж ирээд манай машиныг мөргөсөн. Тэгээд манай том хүү маш их хэмжээгээр цус алдсан. Бид нар шокийн байдалтай яахаа ч мэдэхгүй байсан. Манайх шинэ машин авсан байсан. Би гомдолтой байна. Энэ эмэгтэй яаж байна гээд ганц удаа ч утсаар яриагүй. Хүүхдээ цаашдаа яахыг ч мэдэхгүй байна. Бид нар сумынхаа эмнэлэгт хэвтсэн. Том хүүхдийн тархины няцрал шимэгдсэн үү гээд Улаанбаатар хот руу явсан. Манайх учирсан хохирлоо барагдуулна. Хүүхдийнхээ ирээдүйд баталгаа гаргуулна. Цаашид нэхэмжлэх эрхийг нээлттэй байлгах хүсэлтэй байна гэв.
Хууль ёсны төлөөлөгч *******ын мөрдөн байцаалтын шатад өгсөн
... нөхөр *******, хүү *******, , охин *******, дүүгийн хүү 6 настай ы нарын хамт Улаанбаатар хотоос Булган сумын чиглэлд 30-06 УАА улсын дугаартай Приус-30 маркийн тээврийн хэрэгслийг нөхөр жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахад Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутаг дэвсгэрээр дайран өнгөрч байхад өглөө 07-08 цагийн үед засмал замын эсрэг урсгалаар урдаас Тоёото Ноах маркийн 84-22 УЕВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ирж манай машины урд жолооч талаас мөргөсөн. Тухайн тээврийн хэрэгслийн жолооч нь эмэгтэй хүн байсан ба дотор нь 2 хүүхэд, 1 эрэгтэй, 1 эмэгтэй хүн сууж явсан. Тухайн үед жолоочийн эрүүл, согтууг нь мэдээгүй. Уг ослын улмаас манай хүү *******эд хүндэвтэр гэмтэл учирч Улаанбаатар хотод шинжилгээ хийлгэсэн. Булган сумын нэгдсэн эмнэлэгт 2 удаа хэвтэн эмчлүүлсэн. *******ийн толгойн ар дагзанд няцралттай, 2 газар 11 оёдол тавиулж эмчлүүлсэн. Одоо 2022 оны 12 сард дахин Улаанбаатар хот орж зураг авахуулах шаардлагатай байгаа. Тээврийн хэрэгслийг Баянхонгор аймагт оношилгоонд оруулахад 7,950,000 төгрөгийн эвдрэл гарсныг Улаанбаатар хотод засварт өгсөн. Засварын мөнгө 4,200,000 төгрөг гарсан байгаа. 30-06 УАА улсын дугаартай Приус-30 маркийн тээврийн хэрэгсэл нь 2011 онд үйлдвэрлэгдсэн 2021 онд Монгол улсад орж ирснийг 24,500,000 төгрөгөөр худалдан авч байсан. Эзэмшигч нь ын гэх хүнээс зээлээр худалдан авсан. Тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийн сэлбэгний 8,000,000 төгрөг өгсөн. Үүнээс: Даатгалаас 4,500,000 төгрөг, иргэн ******* 3,500,000 төгрөг өгсөн. Одоо засварын 4,200,000 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн хохирогч *******ийн эмчилгээний зардлыг хохирлын баримтыг гаргаж тусад нь нэхэмжилнэ. Хүү ******* нь Ховд аймгийн Булган суманд эмчийн хяналтанд байгаа. Манай хүү ******* 12 дугаар сард Улаанбаатар хот руу явж дахин эмчид үзүүлэх шаардлагатай, тэр үед гарах замын зардал болон эмчилгээний төлбөр зэрэг зүйлийг гаргуулж авах хүсэлтэй байна. Мөн 11 дүгээр сарын машины зээлийн хүүг төлүүлэх хүсэлтэй байна...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 76-77 82/,
Насанд хүрээгүй гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн... ... Ховд аймаг руу чиглэн явж байхад би машины урд суудалд сууж унтсан байсан. Сэрэхэд манай машиныг 1 машин мөргөсөн. Машин эвдэрсэн Ховд аймаг руу руу чиглэн явж байхад би машины урд суудалд сууж унтсан байсан. Сэрэхэд манай машиныг 1 машин мөргөсөн. Машин эвдэрсэн байсан... гэх мэдүүлэг
Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “.. өглөө 08 цагийн үед манай гэр бүл өнгийн жижиг суудлын тэрэг засмал замаас гарч ороод явж байгаад урсгал сөрж орж ирээд миний унаж явсан Приус-30 маркийн тээврийн хэрэгслийг ирж мөргөсөн. Тэр ослын улмаас машины жолооч талын хойд суудал дээр сууж явсан манай хүү болох Гансүлдэд тархины бяцрал тогтоогдож, толгойдоо 11 оёдол тавиулж, Улаанбаатар хот явж эмчилгээ хийлгэсэн. Мөн миний унаж явсан Приус-30 маркийн тээврийн хэрэгслийн 2 хаалга сэвтэж, жолооч талын толь, их гэрэл хагарч, урд гупер, салхины шил хагарсан, копуд үрчийж сэвтсэн, явах эд анги болох амаржин, доод гар, рулийн аппарат, өндгөн тулгуур гэх зэрэг ангиуд гэмтсэн. Эдгээр эвдрэл гэмтлийг Баянхонгор аймгийн авто үнэлгээнд үнэлүүлэхэд 8,000,000 төгрөгөөр үнэлсэн. Миний машиныг мөргөсөн гэх хүн энэ хохирлыг барагдуулсан боловч машинаа авто засварт өгөхөд уг 8,000,000 төгрөг хүрэлцээгүй. Засварын хөлс 4,200,000 төгрөг болсон. Уг зам нь шулуун тэгш, зам байсан бөгөөд өглөө 08 цаг болж байсан. Нар гарсан замын үзэгдэх орчин сайн байсан... Надад жолоодох эрхийн ВС ангилалын үнэмлэхтэй...” гэх мэдүүлэг /хх-ийн 86 /
Насанд хүрээгүй гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн...Би эцэг *******, эх *******, ах *******, ах , хамаатны хүүхэд гэх хүмүүсийн хамт аав машин барьж явж байхад замд 1 машин манай машины урд талаас мөргөчихсөн. Аав архи уугаагүй эрүүл байсан... би машины хойд талын суудалд ээжийнхээ хажууд сууж явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 88 /
Насанд хүрээгүй гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... Энэ зун би хамаатны ах *******, эгч *******, тэдний хүү *******, , ******* нарын хамт Улаанбаатар хотоос Булган сум руу явж байх замд бидний сууж явсан машины урдаас нэг машин мөргөчихсөн юм. Би машины хойд талын суудалд сууж явж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 90/,
Ашид Билгүүн ХХК-ийн 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 924 дүгээр хохирлын үнэлгээний тайлан
...Техник эвдрэлийн хохирлын үнэлгээ нийт 7,971,000 ...гэх дүгнэлт /хх-ийн 40-41/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 12060 дугаартай шинжээчийн
1. *******ийн биед зүүн тал бөмбөлгийн духны дэлбэнд тархины эдийн зөөлрөл, духанд сорви гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой хуучин гэмтэл байна.
3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй... гэх дүгнэлт /хх-ийн 56-57/,
Баянхонгор аймгийн Цагдаагийн 2022 оны 07 дугаар сарын 17-ны өдөр өдрийн эрх бүхий албан тушаалтны
1.Зам тээврийн осол, хэргийн газрын хэмжилтийн бүдүүвч зураг, үзлэгээр тогтоогдсон байдал, гэрэл зургийн үзүүлэлт, суурингийн гаднах, асфальтан замд, гарцгүй хэсэг, хуурай, сөрөг хөдөлгөөнтэй, үзэгдэх орчин чөлөөтэй, тогтуун цаг агаартай, тусгаарлах зурвастай, явган хүний гарцын тэмдэг, тэмдэглэлгүй, хайсгүй хашлагагүй зам байв.
2.Тоёота Ноах маркийн 84-22 УЕВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан жолооч ******* овогт *******гийн ******* /0077101006/-нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12,3-д зааснаар ...Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна... гэсэн заалтыг зөрчсөн гэх магадлалтай байна... гэх магадалгаа хх-ийн 38-39/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухайн тогтоол / хх-ийн 102-106/, гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 04/, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 31-33/, хохирогчийн хохирлын талаарх баримт /хх-ийн 46-52, 141-160/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа / хх-ийн 119-120/, шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхний лавлагаа / хх-ийн 121/, дипозит дансны хуулга /хх-ийн 123-128/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 129/, суугаа газрын багийн засаг даргын тодорхойлолт / хх-ийн 130/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч ******* нь 2022 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 07-08 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэр Шинэ суурьшлын бүсийн хойд засмал зам дээр Тоёото Ноах маркийн 84-22 УЕВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцож байхдаа Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.д заасан “тээврийн хэрэгслийн хөдөлгөөний үед гар утас болон түүнтэй ижил төстэй төхөөрөмж, хэрэгслийг гарны оролцоотойгоор ашиглах”-ыг хориглоно гэсэн заалт, мөн дүрмийн 12.3-д зааснаар "Жолооч замын хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас иргэн *******ын жолоодож явсан 30-06 УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан насанд хүрээгүй *******ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн шүүгдэгч *******ын мэдүүлэг /хх-ийн 116-117/ насанд хүрээгүй хохирогч *******ийн мэдүүлэг /хх-ийн 80 /, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ын мэдүүлэг /хх-ийн 76-77, 82 /, насанд хүрээгүй гэрч гийн мэдүүлэг /хх-ийн 84 /, гэрч *******ын мэдүүлэг /хх-ийн 86/, насанд хүрээгүй гэрч *******гийн мэдүүлэг /хх-ийн 88/, насанд хүрээгүй гэрч гийн мэдүүлэг /хх-ийн 90/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 12060 дугаартай шинжээчийн.... *******ийн биед зүүн тал бөмбөлгийн духны дэлбэнд тархины эдийн зөөлрөл, духанд сорви гэмтэл тогтоогдлоо, гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна ....гэх дүгнэлт /хх-ийн 56-57/, Ашид Билгүүн ХХК-ийн 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 924 дүгээр хохирлын үнэлгээний тайлан ....Техник эвдрэлийн хохирлын үнэлгээ нийт 7,971,000 ...гэх дүгнэлт / хх-ийн 40-41/, Баянхонгор аймгийн Цагдаагийн 2022 оны 07 дугаар сарын 17-ны өдөр өдрийн эрх бүхий албан тушаалтны магадалгаа / хх-ийн 38-39/ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг гэдэг нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхгүй юм.
Мөн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэж авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсныг ойлгоно.
Замын хөдөлгөөнд оролцож буй аливаа этгээд нь Замын Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнтэй нийцүүлэн гаргасан Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх үүрэгтэй.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 12060 дугаартай шинжээчийн /хх-ийн 56-57/ хохирогч *******ийн...-н биед учирсан гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарч байгаа;
Мөн мөрдөгчийн 2022 оны 07 дугаар сарын 17-ний өдрийн магадалгаанд шүүгдэгч *******ыг -г Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12,3-д зааснаар ...Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна..” гэсэн заалтыг зөрчсөн талаар тус тус дурдсан байна.
Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 21-т зааснаар шүүгдэгч *******од холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчилж байгаа нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүхээс *******ыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч нар нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дуугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ...гэж тус тус заасныг баримтлан шүүгдэгч ******* нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал/ ам бүл 3, бага насны 2 хүүхдийн хамт амьдардаг, тодорхой эрхэлсэн ажилтай, тогтмол орлоготой, өрх толгойлсон ганц бие эмэгтэй/, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурор, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын дүгнэлт, шүүхээс оногдуулсан торгох ял биелэгдэх боломжтой зэргийг харгалзан шүүгдэгч *******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******од торгох ял оногдуулж, уг торгох ялыг хэсэгчлэн буюу 4 сарын хугацаанд төлөхөөр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж, гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно гэж мөн зүйлийн 5 дахь хэсэгт хуульчилсан.
Хавтас хэрэгт авагдсан нийт 10529000 төгрөгийн хохирлын баримт хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогч хууль ёсны төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох Улаанбаатар хотод очиж үзүүлсэн төлбөрийн үнэ болох 320000 төгрөг, замын зардлын үнэ болох 131000 төгрөг, нийт 10959000 төгрөг нэхэмжилснээс хэрэг шалгагдах явцад гаргасан шүүхийн хэлэлцүүлэгт явцад нэхэмжлэлийн шаардлага хангасан нотлох баримтуудыг тогтоогдсон хохирол болох шүүгдэгч ******* нь 2600000 төгрөгийг нөхөн төлснийг хасч тооцож,
Түүнчлэн машины техникийн эвдрэл хохирлын үнэлгээ нийт 7971000 төгрөг болсноос даатгалаас 4500000 төгрөг, шүүдэгч *******оос 3500000 төгрөгийг нийт 8000000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлж барагдуулсан,
Харин шүүхийн хэлэлцүүлэгт нэмж гаргасан болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжилсэн замын болон эмчилгээний зардал, буудлын тооцоо нийт 886000 төгрөг, машины засварын хөлс 4200000 төгрөг буюу шүүгдэгч *******оос нийт 5086000 төгрөгийг гаргуулж, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******т олгож,
Шүүх хэрэгт авагдсан хохирол төлбөртэй холбоотой болон бусад хоолны хүнсний зардал, замын зардал нийт 510700/ өөрийнхөн хэрэгцээнд зарцуулагдсан /, машины худалдаж авсан түүний зээлийн хүүгийн төлбөр 3011636 төгрөг буюу эдгээр зардал нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд орж тооцогдохгүй шүүх үнэлэх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас 3,522,336 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Анхбаяр нь өөрт учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлаа нотлох баримаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэм буруутай этгээд болох *******оос жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ******* торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,
Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СД 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хамт хадгалж,
Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь
1.Шүүгдэгч ******* ургийн овогт *******гийн *******ыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ыг есөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч *******од оногдуулсан есөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900000 төгрөгөөр торгох ялыг хэсэгчлэн буюу 4 сарын хугацаанд төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч ******* торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч *******од хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч *******оос 5,086,000 төгрөг гаргуулж, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,522,336 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
7. Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ********* нь цаашид эмчилгээ хийлгэх болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СД 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хамт хадгалсугай.
10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******од хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА