Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 324

 

 

 

 

 

 

2019 оны 06 сарын 20 өдөр               Дугаар 153/ШШ2019/00324                  Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багт оршин суух, ПЯ59051513 тоот регистрийн дугаартай, Тува овогт Мөнхөөгийн гийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмлэгдсэн төлөөлөгч Б.Дулмаа, нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч М. шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1959 оны 5 сарын 13-ны өдөр Ховд аймгийн Буянт сумын Нарийн гол багт Мөнхөөгийн 2 дахь хүү болж төрсөн. 1969 оноос 1973 онд Буянт сумын бага сургуульд суралцаж байгаад амьдралын эрхээр сургуулиа орхиж 1975 оны 1 сарын 1-ний өдрөөс Соёл нэгдлийн үйлдвэр бригадад хашаа барьдаг ажилчнаар ажиллаж байгаад 1977 оны 6 сард цэргийн албанд татагдаж 1984 оны 6 сарын 18-нд цэргийн албанаас халагдаж ирсэн. 1980 оны 7 сарын 12-ны өдрөөс Буянт сумын Худалдаа бэлтгэлийн ангид ачигчаар ажилд орж, 1980 оны 9 сарын 01-ний өдрийг хүртэл ажилласан. 1981 онд Балжир овогтой Дулмаатай гэр бүл болсон. 1984 оны 9 сарын 06-нд Зам гүүрийн конторт нормчноор ажилд орж тус компанид замчин, дархан зэрэг ажлуудыг хийж байсан. 2000 оны 1 сард цомхотголоор ажлаас чөлөөлөгдсөн. Одоо тэтгэвэрт гарах гэсэн боловч 1988 оны хөдөлмөрийн дэвтэрт 1984 оны тушаал бичигдсэн. Мөн Буянт сумын Соёл нэгдлийн үйлдвэрийн бригадын даргын 1974-1977 оны тушаал байхгүй, 1980 оны 7 сараас 1984 оны 9 сар хүртэлх Худалдаа бэлтгэлийн ангийн даргын тушаалууд байхгүй байгаа учраас ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Ийм учраас Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгаас 81 дугаартай лавлагаа авч хэрэгт хавсаргасан.

Иймд  намайг Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн Хашаа бригадад 1975 оны 1 сарын 01-ний өдрөөс 1977 оны 5 сарын 31-ний өдрийг дуустал туслах ажилтан, Ховд аймгийн Буянт сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1980 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс 1984 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал ачигчаар, Ховд аймгийн Зам барилга ашиглалтын конторт 1984 оны 9 сарын 01-ний өдрөөс 1984 оны 11 сарын 03-ны өдрийг хүртэл нормчноор, 1984 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 1986 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл дархан төмөрчнөөр, 1986 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс 1992 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл нормчноор, Дэд бүтцийн хөгжлийн яамны харьяа Ховд аймаг дахь Авто зам ХК-д 1992 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс 1995 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл нормчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дулмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хүсэлт гаргагч М.Дүгэрсүрэнгийн эхнэр. Би М.Дүгэрсүрэнг 1981 онд Ховд аймгийн Буянт сумын Худалдаа бэлтгэлийн ангид ачигчаар ажиллаж байхад нь гэр бүл болсон. М.Дүгэрсүрэн нь Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн Хашаа бригадад 1975 оны 1 сарын 01-ний өдрөөс 1977 оны 5 сарын 31-ний өдрийг дуустал туслах ажилтан, Ховд аймгийн Буянт сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1980 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс 1984 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал ачигчаар, Ховд аймгийн Зам барилга ашиглалтын конторт 1984 оны 9 сарын 01-ний өдрөөс 1984 оны 11 сарын 03-ны өдрийг хүртэл нормчноор, 1984 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 1986 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл дархан төмөрчнөөр, 1986 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс 1992 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл нормчноор, Дэд бүтцийн хөгжлийн яамны харьяа Ховд аймаг дахь Авто зам ХК-д 1992 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс 1995 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл нормчноор тус тус ажиллаж байсан тул энэхүү ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч М.Дүгэрсүрэн нь 1975 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1977 оны 6 дугаар сарын 27-ны өдрийг дуустал Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн Хашаа бригадад туслах ажилтанаар, 1980 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс 1984 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал Ховд аймгийн Буянт сумын Худалдаа бэлтгэлийн ангид ачигчаар, 1984 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Зам барилга ашиглалтын конторт нормчноор, 1984 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 1986 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Зам барилга ашиглалтын конторт дархан төмөрчнөөр, 1986 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс 1992 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Зам барилга ашиглалтын конторт нормчноор, 1992 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс 1995 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймаг дахь Авто зам ХК-д нормчноор тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагатай холбогдуулан дараах баримтууд хэрэгт авагджээ. Үүнд:

-Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын 2019 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 81 дугаартай лавлагаа, 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 617 дугаартай лавлагаа,

-Ховд аймгийн Зам барилга ашиглалтын конторын даргын 1986 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 40 дугаартай ажилд томилох ба ажил өөрчлөх тухай тушаалын хуулбар,

-Ховд аймаг дахь Авто зам компаний захирлын 1995 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 16 дугаартай Ээлжийн амралтын хуваарь батлах тухай тушаалын хуулбар,

-Ховд аймгийн Алтайн зам ХК-ний захирлын 2000 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 01 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар,

-Ховд аймгийн Зам барилга ашиглалтын конторын даргын 1984 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 115 дугаартай Түр ажилчин авах тухай тушаалын хуулбар,

-Ховд аймгийн Зам барилга ашиглалтын конторын даргын 1984 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 138 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар,

-М.Дүгэрсүрэнгийн нэр дээрх 1980 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн шаварчин мэргэжлийн үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 05/629 дугаартай лавлагаа,

-М.Дүгэрсүрэнгийн 261255 дугаартай 1990 оны 12 дугаар сарын 08-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгчийн Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдэл нь 1992 оны 1 сарын 17-ны өдөр Соёл ХК, аймгийн Зам барилга ашиглалтын контор нь 1992 оны 4 сарын 08-ны өдөр Автозам ХК болж өөрчлөн байгуулагдаж улсын бүртгэлд бүртгэгдсэн байна гэх лавлагаа,

-М.Дүгэрсүрэнгийн нэр дээрх 1985 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Баярын бичиг, 1992 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн Баярын бичиг,

-Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа,

-Гэрч Н.Чулуунбаатарын шүүхэд өгсөн ...М.Дүгэрсүрэн нь 1984 онд Ховд аймгийн Зам барилгын конторт нормчиноор ажилд орж 2000 он хүртэл тасралтгүй ажилласан. Бид хоёр хамт ажиллаж байсан. М.Дүгэрсүрэн нь хар замын бригадад ажиллаж байсан. Би автограшид ажиллаж байсан гэх мэдүүлэг,

-Гэрч Б.Цогтсайханы шүүхэд өгсөн би М.Дүгэрсүрэнтэй 1980-1984 он хүртэл Ховд аймгийн Буянт сумын Худалдаа бэлтгэлийн ангид хамт ажиллаж байсан. М.Дүгэрсүрэн нь Ховд аймгийн Буянт сумын худалдаа бэлтгэлийн ангид ачигч, нормчноор ажиллаж байсан гэх мэдүүлэг,

-Гэрч Б.Цогтсайханы нэр дээрх 1974 оны 6 дугаар сарын 26-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Гэрч П.Эрдэнээгийн шүүхэд өгсөн М.Дүгэрсүрэнгийн ээж нь тахир дутуу хүн байсан учир 1972 онд тэднийх сумын төв рүү шилжсэн. М.Дүгэрсүрэн нь ээжийгээ харангаа Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн үйлдвэр бригадад туслах ажилтнаар ажиллаж байгаад 1977 онд цэрэгт явсан. Цэргээс 1980 онд халагдаж ирээд Ховд аймгийн Буянт сумын худалдаа бэлтгэлийн ангид нормчноор ажиллаж байгаад аймгийн төв рүү шилжсэн. М.Дүгэрсүрэнгийн эцэг нь түүнийг бага байхад нас барсан бөгөөд М.Дүгэрсүрэн нь эхээс хоёулаа. Ах нь бас нас барсан. Тэрээр Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн 1-р бригадад мал маллаж байсан гэх мэдүүлэг,

-М.Дүгэрсүрэнгийн нэр дээрх 331464 дугаартай Цэргийн батлах зэрэг баримтууд хэрэгт авагджээ.

Хүсэлт гаргагч М.Дүгэрсүрэнгийн нэр дээрх 331464 дугаартай Цэргийн батлахад түүнийг 1959 оны 5 сарын 15-ны өдөр төрсөн, нийгмийн байдал гэдэгт малчин гэж бичигдсэн байх бөгөөд эдгээр бичилтэд засвар ороогүй, дээр нь Ховд аймгийн Ардын депутатудын гүйцэтгэх захиргаа, Цэргийн хэлтэс гэсэн тамга дарсан байх тул хэрэгт М.Дүгэрсүрэнг малчнаар аажиллаж байсныг нотлох баримт гэж үзсэн болно.

Хэрэгт авагдсан дээрх баримтуудаар хүсэлт гаргагч М.Дүгэрсүрэн нь 1975 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1977 оны 6 дугаар сарын 27-ны өдрийг дуустал Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн Хашаа бригадад туслах ажилтанаар, 1980 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс 1984 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал Ховд аймгийн Буянт сумын Худалдаа бэлтгэлийн ангид ачигчаар, 1984 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Зам барилга ашиглалтын конторт нормчноор, 1984 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 1986 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Зам барилга ашиглалтын конторт дархан төмөрчнөөр, 1986 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс 1992 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Зам барилга ашиглалтын конторт нормчноор, 1992 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс 1995 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймаг дахь Авто зам ХК-д нормчноор тус тус ажиллаж байсан нь нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ПЯ59051513 тоот регистрийн дугаартай, Тува овогт Мөнхөөгийн Дүгэрсүрэнгийн 1975 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1977 оны 6 дугаар сарын 27-ны өдрийг дуустал Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн Хашаа бригадад туслах ажилтанаар, 1980 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс 1984 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал Ховд аймгийн Буянт сумын Худалдаа бэлтгэлийн ангид ачигчаар, 1984 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Зам барилга ашиглалтын конторт нормчноор, 1984 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 1986 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Зам барилга ашиглалтын конторт дархан төмөрчнөөр, 1986 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс 1992 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Зам барилга ашиглалтын конторт нормчноор, 1992 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс 1995 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймаг дахь Авто зам ХК-д нормчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б.МАРИНА