Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 112/ШШ2021/0045

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

          Иргэний Нисэхийн Үндэсний төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Говь-Алтай аймаг дахь Нисэх буудлын дарга Д.Бын нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Засаг даргад холбогдох аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/513 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлд захиргааны хэрэг үүсгэн,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад  хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн Д.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм, гуравдагч этгээд Д.Э, гуравдагч этгээдийн өмгөөлөгч М.Энхзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: А.С ХХК-д холбогдох аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/513 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлагатай. Энэ нь нислэгийн аюулгүй бүс, аюулгүйн зурваст ойртолтын бүс рүү орсон гэж үзэж байна. 2020 оны Зам тээврийн яамны сайдын шинэчилсэн техникийн бичиг баримтад тодорхой туссан байдаг. Аюулгүйн бүсийг ойртолтын бүс, А бүс, Б бүс гэж хуваадаг. Манай нислэгийн онгоцны хөөрч буух зурвасын хэсэгт энэ газар нь орж байгаа. Энэ дагуу өмнө нь манайх Өөдрөг баян гэдэг компанитай шүүх дээр маргаан үүсгээд хүчингүй болсон. Гол бодлого нь Агаарын тээврийн салбарыг цаашид хөгжүүлэх боломж нь хаагдаад байна. Хэтийн төлөв нь Олон улсын нисэх буудал болгох ирээдүй харагдаж байгаа. Тэгэхээр зурвас өргөтгөнө, хашаагаа томруулна, том даацын агаарын хөлөг бууна. Ийм учраас боломжгүй болоод байна. Нөгөө талаар техникийн бичиг баримтад зөвшөөрөх, эс зөвшөөрөх гэж байгаа. Зах байна гэдэг нь агаарын тээвэрт хориглодог зүйлүүд байдаг. Хог үйлдвэр бүхий тийм цэг байх учраас боломжгүй гэж үзэж байна. Техникийн бичиг баримтаар болохгүй юм гэдэг улсын байцаагчийн дүгнэлт гарсан. Нислэгийн аюулгүй ажиллагаа, хяналт зохицуулалтын газрын улсын байцаагч Б гэдэг хүний дүгнэлт гарсан. Энэ дээр өмнө нь ч гэсэн Иргэний Нисэхийг ерөнхий газрын даргын албан бичиг ирсэн. Энд газар өгөөд байх юм бол Говь-Алтай аймагт Агаарын тээвэр хөгжих боломжгүй, цаашид агаарын тээврийн үйлчилгээ үзүүлэх боломжгүй, нислэгийг зогсоох хүртэл арга хэмжээ авна гэсэн шаардлага байдаг. Дуудлага худалгаагаар олгосон газар, аюулгүй бүсийн хэмжээ хязгаарыг тавиад өгсөн байгаа. Тэр хэмжээ хязгаар дээр аюулгүй бүсийг А бүс, Б бүс, ойртолтын бүс гээд хэмжээ тавиад өгсөн. Тэр бүс дотор газар олгохоор бол 2019 оны В.Р даргын захирамжаар цэгийг нь хатгаад солбилцолыг нь тогтоогоод өгсөн. Энд төсөл сонгон шалгаруулдаг ч бай, дуудлага худалдаагаар өгдөг ч бай ямар нэгэн байдлаар урьдчилж 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/457 дугаартай захирамж дээр ойртолтын бүс буюу тусгай бүсээс цааш 12100 метрийн урттай зурвасын дагуу барих тохиолдолд Иргэний нисэхийн ерөнхий газар болон Нисэх буудалтай зөвшилцөж газрын зөвшөөрөл олгохыг Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт даалгасугай гэсэн байна. Нэгдүгээрт зураг төсөл байхгүй, юу барих нь тодорхойгүй, хоёрдугаарт зөвшилцөөгүй, аюулгүйн бүсийн гаргасан захирамжаа өөрөө зөрчсөн. 457 дугаар захирамжийг зөрчөөд 513 дугаар захирамжийг гаргасан. Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн нисэхийн аюулгүй ажиллагаа хяналт зохицуулалтын улсын байцаагч М, Б байцаагч нарын дүгнэлт, тухайн аюулгүйн бүс тогтоосон В.Р даргын захирамж, мөн аюулгүй бүсийг зөрчиж гаргасан А/513 дугаар захирамж, Зам тээврийн сайдын техникийн бичиг баримт зэргийг судалж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

          Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Говь-Алтай аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/513 дугаартай тоот захирамжаар Алтай Нисэх буудлын хууль ёсны эрх, ашгийг хөндсөн гэж үзэж байна. Тухайн захирамжийг гаргахдаа хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд Говь-Алтай аймгийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/457 дугаар захирамжийн дагуу тухайн аюулгүйн бүсэд газар олгоход зөвшилцөх асуудал яригдахаар байдаг. Энэ захирамжийг зөрчиж тухайн захирамжийг олгосон байдаг. Тухайн захирамж Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд зааснаар тухайн эрх ашиг нь хөндөгдөж байгаа этгээдэд сонсох ажиллагаа явуулах ёстой байтал ямар нэгэн байдлаар сонсох ажиллагаа явуулахгүйгээр хэн нэгэн этгээдэд газрын зөвшөөрөл олгоод газар эзэмших эрх олгосон байдаг. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт тухайн захиргааны актын хууль зүйн үндэслэл гаргах болсон хуулийн зүйл заалтыг тодорхой бичих ёстой. Мөн 40 дүгээр зүйлийн 40.2.3 дахь хэсэгт зааснаар захиргааны актыг гаргах болсон бодит нөхцөл байдал хууль зүйн үндэслэлийг заах ёстой. Тухайн маргаан бүхий захиргааны акт дээр хууль зүйн үндэслэлээ заахдаа 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/457 дугаар захирамжийг зөрчиж, мөн хавтаст хэрэгт байгаа техникийн бичиг баримтыг ийм захирамж гаргасан нөхцөл байдал харагдаж байгаа. Хариуцагч тал тайлбар гаргасан байдаг. Тайлбар гаргахдаа төсөл сонгон шалгаруулах журмаар энэ байгууллагад газар эзэмших эрх олгосон гэдэг. Удаа дараагийн шүүх хуралдаан дээр ярихад энэ хүн худалдаж авсан, дуудлага худалдаагаар авсан асуудал ярьдаг. Хариуцагчийн тайлбарлаад байгаа захирамж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон гэж тайлбарлаад байгаа Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д заасан асуудал ярьдаг. Газрын тухай хуулийн 1.2 дахь хэсэгт заасан төсөл сонгон шалгаруулалтаар манайх олгосон гэдэг боловч нөгөө А/513 дугаар захирамжийг харахаар дуудлага худалдаагаар шалгарсан А.С ХХК-д тухайн газар эзэмших эрхийг олгож байна гэсэн агуулга бүхий захирамж гарсан. Захирамжийн 1 дэх хэсэгт байгаа Алтай хотын инженерийн байгууламж бүхий бүсэд газар эзэмших дуудлага худалдаагаар ялагч болж гэж байгаа. Тэгэхээр хавтаст хэргийн материалаас харах юм бол дуудлага худалдаагаар авсан юм уу, гуравдагч этгээд өөрөө дуудлага худалдаагаар авсан талаар ярьдаг хоёр сая хэдэн зуун мянгаар авсан гэдэг. Төсөл сонгон шалгаруулалтаар авсан юм уу гэдэг нь өөрөө эргэлзээтэй байна. Нөгөө хариуцагчийн тайлбар нь захирамжаараа үгүйсгэгдэж орж ирдэг. Захирамжаараа дуудлага худалдаагаар олгосон мэтээр тайлбарладаг боловч хариу тайлбар бичихдээ өөр үндэслэлээр тайлбараа ярьдаг. Төсөл сонгон шалгаруулалтаар олгох бол ямар төсөл яаж сонгон шалгаруулалт явуулсан юм энэ талаарх ямар ч баримт байдаггүй. Хариуцагч талын тайлбар дээр гурван үндэслэл хэлээд байх шиг байна. Иргэдийн Хурлаас баталсан газрын төлөвлөгөөнд орсон гэсэн асуудал яриад байдаг. Хэдийгээр газрын төлөвлөгөөнд орсон гэдэг асуудал яригдаж байгаа боловч хавтаст хэрэгт цугларсан удаа дараагийн шинжээчийн дүгнэлтээр тухайн нисэхийн аэродромын аюулгүйн тусгай бүсэд хамаарах газар байгаа. Энд тухайн Засаг даргын захирамжаараа шууд газар олгох эрх хэмжээ Засаг даргад байхгүй, хууль тогтоомждоо нийцүүлж холбогдох баримт бичигт нийцүүлж газрыг олгох зохицуулалт харагдаад байгаа. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан хууль ёсны байх, бодитой, зорилгодоо нийцсэн байх, бодит нөхцөлд тохирсон байх, шийдвэр үндэслэл бүхий байна гэсэн зарчмыг зөрчиж гаргасан захиргааны акт болж байгаа. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал байдаг. Урьд нь хэргийг хэрэгсэхгүй болгоод буцаасан асуудал байгаа. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс нарийн дүгнэлтийг гаргуулж шийдвэрлүүлэхээр хэргийг буцаасан байдаг. Хэргийг түдгэлзүүлээд дүгнэлт гаргуулсан. Дүгнэлт гаргуулахад энэ өөрөө Алтай Нисэх буудлын аэродромын тусгай бүсийн талбайн дотор олгогдсон байна. Энэ нь аэродромын тусгай бүсийн ашиглалт төлөвлөлт, техникийн баримт бичгийн 7.5-ийн 4.4 дэх хэсгийн шаардлагад нийцэхгүй байна. Техникийн дүрэм журам, Засаг даргын захирамжийг зөрчиж олгогдсон газар байна гэсэн дүгнэлт гарсан. Гуравдагч этгээд энд газар олгосон, тэнд газар олгосон гээд бусад газартай барьцаад байгаа юм шиг яриад байна. А.С ХХК-д олгосон гээд байгаа газар нь нисэхийн аюулгүйн тусгай бүсэд орсон, илүү ойр газар болоод байгаа. Энэ нь Говь-Алтай аймгийн Нисэхийн үйл ажиллагаанд саад учруулж хууль ёсны эрх ашгийг нь хөндөж байгаа учраас маргаан бүхий захиргааны акт нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх, бодит байдал нийцсэн байх зарчмыг зөрчиж гаргасан захиргааны акт байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.  

             Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Говь-Алтай аймаг дахь Нисэх буудлын дарга Д.Баас аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/513 дугаар захирамжийн дагуу “А С” ХХК-д олгосон 6000 м2 газрын эзэмших эрхийг хүчингүй болгуулах тухай нэхэмжпэлтэй танилцаад дараах хариуг хүргүүлж байна.

          Үүнд: 1.Аймгийн Засаг даргын 2018 оны 12 сарын 12-ны өдрийн А/513 дугаар захирамж  нь  Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт заасны дагуу Есөнбулаг сумын 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан

          2. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтын дагуу төсөл сонгон шалгаруулалтын зарчмаар шийдвэрлэсэн.

 

          3. Говь-Аптай аймаг дахь Захиргааны хэргийн шүүхийн 2019 оны 11 сарын  29-нь өдрийн  112/ШШ2019/0032 дугаар шийдвэрт “Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын албаны  хяналтын байцаагчийн 732/19 дүгээр шинжээчийн дүгнэлтийн 7.1-7.5 дугаар шаардлагуудыг хэрэгжүүлж, А.С ХХК-д олгогдсон газрыг зориулалтын дагуу, тусгай хяналт доор эсхүл Алтай нисэх буудалтай байгуулсан нисэхийн аюулгүй ажиллагааг хамтран хангах гэрээний үндсэн дээр ашиглах боломжтой төдийгүй барилгын ажлыг гүйцэтгэх, барилга байгууламжийг ашиглах явцад шувуу үүрлэх болон цугларах нөхцөл  бүрдүүлж байгаа эсэхэд аймгийн Газрын харилцаа, барига, хот байгуулалтын газар, Мэргэжлийн хяналтын газар, Алтай нисэх буудал хяналт тавьж ажиллах боломжтой байна гэж дурдсан ба нэхэмжпэлийг хэрэгсэхгүй болгосон байна. Мөн А.С ХХК нь Алтай нисэх буудалтай гэрээ байгуулсан эсэх, байгуулсан бол ямар зүйл заалтыг зөрчсөн, барилга  байгууламж барих үйл ажиллагаа явуулаагүй байгаа нь нэхэмжлэлд дурьдсан.

 

           Нисэхийн болон, нислэгийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлыг хэрхэн зөрчиж байгаа талаар тодорхой бус байгаа тул Алтай нисэх буудлын гаргасан нэхэмжпэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

          Гуравдагч этгээд Д.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Миний бие гуравдагч этгээд Д.Э Говь-Алтай аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/513 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. 2021 оны 12 дугаар сарын 12-ны А/513 дугаар аймгийн Засаг даргын газар эзэмшүүлэх тухай захирамж хууль зүйн үндэслэл журмын дагуу гарсан тул А.С ХХК нь хуулийн дагуу газар эзэмших эрх авсан. Танай хажууд онцгой объект бензин колонк баахан байж байгаа. Үүнийг яагаад байлгаад байгаа юм. Х-гийн нэг том юм орж байгаа. Тэр чинь манай авто сэлбэгээс ойрхон байгаа шүү дээ. Хууль номоороо байх юм бол Нисэх буудалтай ойролцоо бензин шатахуун түгээх станц байх үндэслэл байхгүй. Би өөрөө колонкод ажилладаг хүн тэрийг мэдэж байгаа. Танай тэргээр нил бензин колонк байгаа. Цаг уурын барилга тэнд байгаа.  Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

 

            Гуравдагч этгээдийн өмгөөлөгч М.Энхзаяа шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөр оролцож байна. Миний үйлчлүүлэгч Д.Э буюу А.С ХХК-ийн захирал 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/513 дугаартай Засаг даргын захирамжаар дуудлага худалдааны ялагч болж, газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 17 дугаартай тогтоолын дагуу 15 жилийн хугацаагаар газар эзэмшүүлэх эрх олгогдсон байдаг. Гэтэл нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын дагуу миний үйлчлүүлэгчийн эрх ашиг хөндөгдөж байна. Анхан шатны шүүхээс юу хүсэж байна гэхээр хавтаст хэрэгт цугларсан материалын хүрээнд хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр гаргаж өгнө үү гэсэн саналтай байна. Үе үеийн Засаг дарга нар ажлаа мэдэхгүй, төр нь хүчгүй гаргасан захирамж, тогтоол шийдвэр нь сул нэг намын талцал болоод эд нарын дундаас ард иргэд буюу хуулийн этгээдийн эрх ашиг хохирч байдаг. Энэ хүн дуудлага худалдаагаар авч газар эзэмшүүлэх захирамж гарсны үндсэн дээр ажлаа эхлүүлэх гээд тодорхой хэмжээний эд материал аваад төлөвлөсөн байдаг. Энэ хүний хувьд эд материал, сэтгэл санааны хохирол амсаад явж байна. Захирамжийг хүчингүй болгох гээд байгаа шаардах эрх бүхий субъект мөн юм уу, нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй юм уу, эрх ашиг нь яаж зөрчигдөөд байгаа юм. Нисэхийн аюулгүй байдлын эрх ашиг зөрчигдөхөөс сэргийлж нэхэмжлэлийн шаардлага гаргаад байгаа юм уу гэдэг дээр шүүх өөрийн дотоод итгэлээр шийдвэрлэх нь зүйтэй байна. Нэгэнт энэ хүний эрх ашгийг хамгаалж байгаа, хууль эрх зүйн байдлыг дээрдүүлсэн аль ашигтай хувилбар байна гэдэг дээр миний үйлчлүүлэгч хууль зүйн үндэслэл журмын дагуу уг газрын эзэмших захирамж нь гарсан.  Нисэхийн аюулгүйн бүсэд эргэн тойронд нь тэр салбарын үйл явуулах ёстой гээд байна. Миний үйлчлүүлэгч хэлж байна эргэн тойронд нь бензин колонк, том супер маркет барьсан гэж байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын хэлж байгаа тайлбарт голчоос хоёр тийш гэдэг зүйлээр хязгаарлаад байгаа. Эргэн тойрон аюултай байдлын орон зай байхад энэ хүмүүсээ нүүлгээгүй байхад үйл ажиллагаа явуулаагүй газар дээр маргаан үүсгээд байгаа нь ойлгомжгүй байна, бас нэг намын Засаг дарга нь гарч ирээд энэ газрыг өөр хүнд өглөө гэсэн иймэрхүү үйл ажиллагаа явагдаж миний үйлчлүүлэгчийн эрх ашиг хохироод байгаа юм биш биз дээ. Засаг даргын хариуцлагагүй байдлаас болж иргэдийн эрх ашиг маш их хохирч байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналаа дэмжиж байна гэв.  

ҮНДЭСЛЭХ нь:

            Иргэний нисэхийн ерөнхий газар, Иргэний нисэхийн үндэсний төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Говь-Алтай аймгийн “Алтай” нисэх буудлын дарга Д.Баас Говь-Алтай аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/513 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

            Нэхэмжлэгч өмнө нь Говь-Алтай аймгийн Засаг даргад холбогдуулан 2019 онд нэхэмжлэл гаргасан боловч Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 08 дугаар тогтоолоор нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

         Хариуцагч Говь-Алтай аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г нь 2021 оны 11 дүгээр сарын 08-ны болон 2021 оны 11 дүгээр сарын сарын 19-ны өдөр тус тус шүүх хуралдааны товыг мэдэгдсэн бөгөөд  шүүх хуралдааны товыг мэдэгдсэн талаарх баримтад гарын үсэг зурж танилцсан байдаг.

           Хариуцагч Говь-Алтай аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд удаа дараа хүрэлцэн ирээгүй бөгөөд ийнхүү ирээгүй талаараа ямар нэг хүсэлт, нотлох баримт шүүхэд гаргаагүй байна. Иймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4, 91.5-д зааснаар түүний урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаанд гаргасантай адилтган үзэж хэргийг хянан шийдвэрлэлээ.

          Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх явуулж, хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд зэргийг үнэлж, дүгнэн дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

          1. Иргэний нисэхийн ерөнхий газар нь Иргэний нисэхийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т зааснаар иргэний нисэхийн аюулгүй ажиллагаа болон аюулгүй байдлыг хангуулахад чиглүүлэх үүрэгтэй байна. Энэ үүргийн хүрээнд энэхүү байгууллагын харьяа Говь-Алтай аймгийн “Алтай” нисэх буудал нь иргэний агаарын тээврийн нисэх буудлын үйлчилгээг хариуцаж ажилладаг төрийн байгууллага юм. Иймээс агаарын тээврийн үйлчилгээний аюулгүй байдал алдагдахад хүрч энэ нийтийн эрх зүйн чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүй болох нөхцөл байдал бий болсон гэх үндэслэлээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.4-т зааснаар нэхэмжлэл гаргах эрхтэй. Иймээс гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.

          2.  Маргаан бүхий Говь-Алтай аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/513 дугаар захирамжаар гуравдагч этгээд “А С” ХХК-д 6000м2 газрыг газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусган, техникийн зах барих зориулалтаар төсөл сонгон шалгаруулалтаар олгожээ.

 

          Нэхэмжлэгчээс: “Алтай” нисэх буудлын аэродром орчмын аюулгүйн бүсэд хууль бусаар газар олгосон нь манай байгууллагын хууль ёсны эрх ашгийг зөрчиж, нисэхийн болон нислэгийн аюулгүй ажиллагааг зөрчсөн  гэж маргадаг.

           Хариуцагчаас: “Говь-Алтай аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/513 дугаар захирамжаар “А С” ХХК-д 6000м2 газрыг газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусган, төсөл сонгон шалгаруулалтаар олгосон. Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын албаны хяналт шалгалтын байцаагчийн 732/19 дүгээр шинжээчийн дүгнэлтэд Говь-Алтай аймгийн “Алтай” нисэх буудалтай гэрээ байгуулан ашиглах боломжтой гэсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэж хариу тайлбар гаргадаг.

          Говь-Алтай аймгийн Засаг дарга гуравдагч этгээдэд газар олгохдоо Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 17 дугаар тогтоолоор батлагдсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд үндэслэсэн байдаг. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.3-т “аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх;”, 21 дүгээр зүйлийн 21.2.3-т “аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ.” гэж зааснаар аймгийн Засаг дарга дээрх төлөвлөгөөний төслийг боловсруулан өргөн мэдүүлдэг байна.

         Захиргааны ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Захиргааны байгууллага өөрийн санаачилгаар хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх, ...захиргааны шийдвэр гаргах ажиллагааг эхлүүлнэ.”, 73 дугаар зүйлийн 73.1-т “Төлөвлөлт гэж захиргааны байгууллага дараах асуудлаар иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах төлөвлөгөө боловсруулах, түүнтэй холбогдон энэ хуульд заасны дагуу сонсох ажиллагааг явуулж, саналыг хянан үзэж батлах ажиллагааг ойлгоно:”, 73.1.2-т “хот байгуулалт болон газар зохион байгуулалт хийх;” гэж заажээ. Тодруулбал, захиргааны байгууллага иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх эсэхийг сонсож, саналыг хянан үзсэний үндсэн дээр төлөвлөлт хийх болон шийдвэр гаргах ажиллагааг эхлүүлэх үүрэгтэй байна.

          Иймээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгасан учир газар олгосон” гэх тайлбар Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-т бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах гэсэн зарчимтай нийцэхгүй байна.

          Хариуцагч тухайн байршилд төсөл сонгон шалгаруулалтаар газар эзэмшүүлэхээр төлөвлөж, 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн А/308, 2018 оны оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/397 дугаар захирамжаар 2 удаа сонгон шалгаруулалт зарлахдаа Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа “Алтай” нисэх буудалтай зөвшилцөж санал аваагүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын албаны хяналт шалгалтын байцаагчийн 732/19 дүгээр шинжээчийн дүгнэлт, Иргэний нисэхийн ерөнхий газрын 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 01/2143 дугаар албан бичгээр нотлогддог.

Түүнчлэн маргаан бүхий захирамжийг гаргахдаа аймгийн Засаг дарга, түүний хэрэгжүүлэгч агентлаг болох Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар нь Говь-Алтай аймгийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/23 дугаар захирамжаар тогтоосон аэродром орчмын хамгаалалтын бүсэд тавигдах шаардлагыг хэрэгжүүлээгүй байдаг.  

          Хариуцагч өөрийн баталсан хамгаалалтын бүс доторх тусгай бүсэд хамаарах хэсэгт Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан бодит нөхцөл байдлыг тогтоолгүй шийдвэр гаргасны улмаас нэхэмжлэгч нисэхийн аюулгүй ажиллагааг хангах чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн төдийгүй гуравдагч этгээдийн хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхөд хүрчээ. Энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн: “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан хууль ёсны байх, бодитой, зорилгодоо нийцсэн байх, бодит нөхцөлд тохирсон байх, шийдвэр үндэслэл бүхий байна гэсэн зарчмыг зөрчиж гаргасан захиргааны акт болж байгаа.” гэсэн тайлбар үндэслэлтэй байна.

          3. Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын албаны хяналт шалгалтын байцаагчийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 732/19 дүгээр шинжээчийн дүгнэлтэд “... “А С” ХХК ... олгогдсон газрыг зориулалтын дагуу тусгай хяналтан доор эсхүл Говь-Алтай аймгийн “Алтай” нисэх буудалтай нисэхийн аюулгүй ажиллагааг хамтран хангах гэрээний үндсэн ашиглах боломжтой.” гэсэн байдаг. Гэвч энэ шинжээчийн дүгнэлтийн үндэслэл болсон Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2010 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/245 дугаар тушаалаар батлагдсан аэродромд тавигдах шаардлагуудыг мөн газрын даргын 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн А/367 дугаар тушаалаар хүчингүй болсонд тооцсон байна.

         Учир нь: Эрх бүхий этгээд болох Зам тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн А/131 дүгээр тушаалаар “Аэродромын төлөвлөлт ба ашиглалт” техникийн баримт бичгийг шинэчлэн баталжээ. Шүүхээс Говь-Алтай аймгийн “Алтай” нисэх буудлын аюулгүй ажиллагаанд нөлөөлөх эсэх талаар шинжээч томилсон бөгөөд шинжээчийн дүгнэлтээр “Говь-Алтай аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/513 дугаар захирамжаар “А С” ХХК-д техникийн захын зориулалтаар олгосон газар нь “Алтай” нисэх буудлын аэродромын орчмын аюулгүйн тусгай бүсийн талбай дотор олгогдсон байгаа нь Зам тээврийн хөгжлийн сайдын тушаалаар батлагдсан “Аэродромын төлөвлөлт ба ашиглалт” техникийн баримт бичгийн 7.5.4.4-ийн шаардлагад нийцэхгүй байна.” гэсэн байдаг.

         Хэдийгээр гуравдагч этгээд “А С” ХХК 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/513 дугаар захирамжаар газар эзэмшсэн боловч дээр дурдсанаар уг газартаа зориулалтын дагуу барих барилга байгууламжийн талаар эрх бүхий байгууллагатай зөвшилцөөгүйн учир одоо уг газартаа цаашид үйл ажиллагаа эрхлэх боломжгүй болжээ. Учир нь: шинэчлэн батлагдсан “Аэродромын төлөвлөлт ба ашиглалт” техникийн шаардлагад зааснаар аэродромын орчмын аюулгүйн тусгай бүсэд иргэний нисэхийн зориулалттай барилга байгууламж барихаас бусад барилга барихыг хориглоно гэж заасан байна.

          Нөгөөтэйгүүр Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ.” гэж заасан бөгөөд гуравдагч этгээд уг газрыг гэрээнд зааснаас өөр зориулалтаар эзэмших эрхгүй байна.

          Иймээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  “...Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын албаны хяналт шалгалтын байцаагчийн 732/19 дүгээр шинжээчийн дүгнэлтэд Говь-Алтай аймгийн “Алтай” нисэх буудалтай гэрээ байгуулан ашиглах боломжтой гэсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэсэн тайлбарыг хүлээн авах боломжгүй.

         Тодруулбал, Иргэний нисэхийн тухай хуулийн 20.1-д “Нислэгийн аюулгүй ажиллагааг хангах шаардлагын үүднээс иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага харъяалах сум, дүүргийн Засаг даргатай хамтарч аэродром орчмын аюулгүйн бүсийг тогтооно.” 20.2-т “Аюулгүйн бүсийн нутаг дэвсгэрийн ашиглалттай холбогдсон асуудлыг Иргэний нисэхийн багц дүрмээр зохицуулна.” гэж тус тус заасан тул шинэчлэн батлагдсан дүрмийг баримтлах нь үндэслэлтэй байна.

         4. “Алтай” нисэх буудал нь Говь-Алтай аймгийн төвийн сум болох Есөнбулаг сумын төвд байршилтай учир аэродром орчмын 8 км радиус бүхий аюулгүйн бүсэд ихэнх барилга байгууламж нь багтдаг. Гэвч “А” бүс буюу 3 км-ын радиус бүхий тусгай бүсийн дотор онгоц хөөрч, буух зурвасын чиглүүлэгч гэрлээс 181,7 метр зайд техникийн зах барих нь нисэхийн аюулгүй ажиллагааг зөрчихгүй гэж дүгнэх үндэслэлгүй.

          Иймээс гуравдагч этгээд “А С” ХХК-ийн захирал Д.Э-аас “нисэх буудлын байршлаас болж ихэнх барилга байгууламж энэ бүсэд нь хамаарч байгаа. Яагаад зөвхөн манай газрыг цуцлаад байгаа юм. Цаг уурын газар тэнд байсаар ирсэн.” гэх тайлбар үндэслэлгүй байна. Учир нь нэхэмжлэгчээс 2019 онд шүүхэд хандаж уг захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэгдэх явцад Говь-Алтай аймгийн Засаг дарга “Ө Б” ХХК-д худалдааны төвийн зориулалтаар олгосон 18000 м2 газрын эрхийн гэрчилгээг 2019 оны 11  дүгээр сарын 08-ны өдөр хүчингүй болгосон тул Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 112/ШЗ2019/0183 дугаар захирамжаар нэхэмжлэлийг зарим шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

          Иргэний нисэхийн үйл ажиллагаанд хамаардаг байгууллагын нэг нь Цаг уурын газар бөгөөд Иргэний нисэхийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.9-д заасан “нислэгийг цаг уурын мэдээгээр хангах байгууллагыг гэрчилгээжүүлэх;” дүрмээр түүний үйл ажиллагаа нь зохицуулагддаг байна.

          5. Говь-Алтай аймаг нь улсын нийслэлээс 1050 км зайд оршдог тул нийтийн ашиг сонирхлыг хамгаалах нэн тэргүүний зорилтын хүрээнд нисэх буудлын ажиллагаа нь тасралтгүй хэвийн үргэлжлэх ёстой байна. Нийтийн ашиг сонирхол нь хувь хүний ашиг сонирхол бус, нийт иргэдийн нийтлэг сонирхол байх тул зөвхөн нэг хуулийн этгээдийн аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх нөхцөлийг хангаж тухайн байршилд газар эзэмшүүлэх нь зүйд үл нийцнэ.  Иймээс нэхэмжлэгчийн “Энд газар өгөөд байх юм бол Говь-Алтай аймагт агаарын тээвэр хөгжих боломжгүй, цаашид агаарын тээврийн үйлчилгээ үзүүлэх боломжгүй, нислэгийг зогсоох хүртэл арга хэмжээ авна гэсэн шаардлага байдаг.” гэсэн тайлбарыг үгүйсгэх боломжгүй юм.

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний нисэхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, 22 дугаар зүйлийн 22.1, 40 дүгээр зүйлийн 40.4, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.3, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус  баримтлан Иргэний нисэхийн ерөнхий газар, Иргэний нисэхийн үндэсний төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Говь-Алтай аймгийн “Алтай” нисэх буудлын дарга Д.Б-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Говь-Алтай аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/513 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дах хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ч.ОЮУНСҮРЭН