| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Даваанямын Оюумаа |
| Хэргийн индекс | 128/2023/0696/З |
| Дугаар | 221/МА2025/0089 |
| Огноо | 2025-02-04 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 221/МА2025/0089
Н.Бийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч: шүүгч О.Оюунгэрэл
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч З.Ганзориг
Илтгэгч: шүүгч Д.Оюумаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б
Нэхэмжлэгч: Н.Б
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга
Хариуцагч: Нийслэлийн газар зохион байгуулалтын алба
Нэхэмжлэлийн шаардлага: “Сүхбаатар дүүргийн ** дүгээр хороо, ** дугаар гудамж, *** тоот хаягт байршилтай ********** гэрчилгээний дугаартай, ****************** нэгж талбарын дугаартай 94 м.кв гэр бүлийн хэрэгцээний газарт авто зам барьж тухайн газрыг ашиглах боломжгүй болгосон ба үүнээс үүдсэн үр дагавар, хохирлыг барагдуулах тухай гомдлыг хянан шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, Авто зам барьсан газрын оронд зохих хэмжээний газрыг өөр байршилд шилжүүлэн олгох тухай захирамж гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргйин анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 915 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Хариуцагч Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.А
Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Галцэцэг
Хэргийн индекс: 128/2023/0696/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Н.Б нь Нийслэлийн засаг дарга, Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдуулан “Сүхбаатар дүүргийн ** дүгээр хороо, ** дугаар гудамж, *** тоот хаягт байршилтай Г-********** гэрчилгээний дугаартай, ****************** нэгж талбарын дугаартай 94 м.кв гэр бүлийн хэрэгцээний газарт авто зам барьж тухайн газрыг ашиглах боломжгүй болгосон ба үүнээс үүдсэн үр дагавар, хохирлыг барагдуулах тухай гомдлыг хянан шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, Авто зам барьсан газрын оронд зохих хэмжээний газрыг өөр байршилд шилжүүлэн олгох тухай захирамж гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 915 дугаар шийдвэрээр: “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.3, 32.2, 32.4, 32.6, 36 дугаар зүйлийн 36.1, 37 дугаар зүйлийн 37.1, 38 дугаар зүйлийн 38.1, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Бийн нэхэмжлэлийн Сүхбаатар дүүргийн ** дүгээр хороо, ** дугаар гудамж, *** тоот хаягт байршилтай Г-********** гэрчилгээний дугаартай, ****************** нэгж талбарын дугаартай 94 метр квадрат гэр бүлийн хэрэгцээний газарт авто зам барьж тухайн газрыг ашиглах боломжгүй болгосон ба үүнээс үүдсэн үр дагавар, хохирлыг барагдуулах тухай гомдлыг хянан шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгах шаардлагыг хангаж, үлдэх Авто зам барьсан газрын оронд зохих хэмжээний газрыг өөр байршилд шилжүүлэн олгох тухай захирамж гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож...” шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. “...Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.3-д “Харин 2023 оны 1 сараас хойш нэхэмжлэл гаргасан 7 сар хүртэлх хугацааг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д “Захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацаа хэтэрсэн бол энэ хуулийн 14.6 дахь хэсэг хамаарахгүй” гэж заасан хуулийн зохицуулалтад хамааруулан үзэх үндэслэлтэй, тодруулбал захиргааны байгууллага өөртэй нь зөвшилцөж, асуудлыг нь шийдвэрлэж өгнө хэмээн итгэл төрүүлж түүний маргах хугацаа нь энэ байдлаас шалтгаалан хойшилсон байх учир шүүхэд хандах хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
3.2. 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Нийслэлийн Засаг даргад хандан гомдол гаргасныг хүлээн авч “Зөвшилцөх ажил үргэлжилж байна” гэх агуулга бүхий утгаар шийдвэрлэсэн байдаг. Уг асуудлын дараа нэхэмжлэгч Н.Б нь баримт материалаа авч ирж өгөөгүйн улмаас зөвшилцөх ажил явагдаагүй эцэст нь шийдвэрлэх боломжгүй байдал үүссэн. Үүнээс хойш 6 сарын дараа буюу 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл бүрдсэн байна. Уг хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн гэх үндэслэл бүхий шалтгаан баримт тогтоогдоогүй.
3.3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана”, 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт “Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргасан гомдлыг Захиргааны ерөнхий хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлээгүй бол хугацаа өнгөрснөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж тус тус заасан байдаг тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.3.3 дахь заалтад “гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн” гэж заасан байх тул нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзах бүрэн үндэслэлтэй байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 128/ШШ2024/0915 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
2. Шүүх дараах үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.
2.1. Нэхэмжлэгч Н.Баас “Сүхбаатар дүүргийн ** дүгээр хороо, ** дугаар гудамж, *** тоот хаягт байршилтай ********** гэрчилгээний дугаартай, ****************** нэгж талбарын дугаартай 94 м.кв гэр бүлийн хэрэгцээний газарт авто зам барьж тухайн газрыг ашиглах боломжгүй болгосон ба үүнээс үүдсэн үр дагавар, хохирлыг барагдуулах тухай гомдлыг хянан шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, Авто зам барьсан газрын оронд зохих хэмжээний газрыг өөр байршилд шилжүүлэн олгох тухай захирамж гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Нийслэлийн засаг дарга, Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдуулан гаргажээ.
2.2. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч Н.Б нь анх Сүхбаатар дүүргийн ** дүгээр хороо,** дугаар гудамж, *** тоот хаягт байршилтай, 485 м.кв талбайтай газрыг иргэн Д.Д, Д.Э, Д.О, Б.Т, Э.Ш, Э.Х, Д.О нараас 2006 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн “Газар худалдах, худалдан авах гэрээ”-гээр худалдан авч, мөн өдрөө нэгж талбарын *************** дугаартай, улсын бүртгэлийн Г-********** дугаар бүхий өмчлөх эрхийн гэрчилгээгээр маргаан бүхий газрыг өмчлөх эрх үүссэн байх бөгөөд 2012 онд тус газраа 391 м.кв болон 94 м.кв болгон хоёр хувааж, 391 м.кв газрыг нь 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдөр иргэн Д.Т-ад худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлж, 94 м.кв газрын хууль ёсны өмчлөгчөөр 2012 оны 08 дугаар сарын 13-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Г-********** дугаарт бүртгүүлж, харин 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр уг газрын өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээ үрэгдүүлсэн тул ******* дугаартай гэрчилгээг шинээр гаргуулан авсан байна.
2.3. Маргаан бүхий газар нь Нийслэлийн Засаг даргын 2005 оны 338 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дэх Дамдинсүрэнгийн гудамж, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дэх Олимпын гудамжинд тавигдах автозамын трасст орж, улмаар Нийслэлийн Засаг даргын 2007 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 468 дугаар захирамжаар тус автозамын трасст орсон өмчлөгдсөн газар болон бусдын эзэмшилд байгаа газрын нөхөн олговрын хэмжээг шийдвэрлэсэн байх боловч хавсралтад заасан иргэдийн дотор нэхэмжлэгч Н.Б хамрагдаагүй, харин өмнөх өмчлөгч Д.Д гийн нэр тусгагджээ. Гэтэл тухайн үед уг газар нь нэхэмжлэгч Н.Бийн өмчлөлд шилжсэн байхад ийнхүү нөхөн олговрыг иргэн Д.Д д олгохоор шийдвэрлэсэн нь захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа гэж үзэх үндэслэлтэй. Харин иргэн Д.Д-д нөхөн олговор олгогдоогүй болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
2.4. Хэрэгт авагдсан Бүртгэл хяналтын картаас үзэхэд нэхэмжлэгчийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд гаргасан хохирол барагдуулах тухай өргөдлийг 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Дүүрэг хариуцсан газар зохион байгуулагч Д.Д “Шүүхээр шийдвэрлүүлэх боломжтой” гэж, 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.С-т мөн хохирол барагдуулах агуулга бүхий өргөдөл гаргасныг 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Дүүрэг хариуцсан газар зохион байгуулагч Г.Н “Иргэн Н.Б нь газрыг газраар солих саналтай байгаа тул зөвшилцөх ажил үргэлжилж байна” гэж тус тус хаасан баримт хавсаргагджээ.
2.5. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Улсын дор дурдсан тусгай хэрэгцээг үндэслэн иргэний өмчийн газрыг бүхэлд нь буюу түүний зарим хэсгийг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авч болно” гээд 32.1.3-д “улсын чанартай зам, шугам сүлжээ, барилга байгууламж барих” гэж, 32.2-т “Иргэний өмчийн газрыг улсын тусгай хэрэгцээг үндэслэн нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах тухай шийдвэрийг Засгийн газар гаргана”, 32.4-д “Иргэний өмчийн газрыг улсын тусгай хэрэгцээг үндэслэн нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах тухай шийдвэр гаргахаас нэгээс доошгүй жилийн өмнө газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага газар өмчлөгчтэй энэ тухай урьдчилан тохиролцсон байна”, 32.6-д “Иргэний өмчийн газрыг улсын тусгай хэрэгцээг үндэслэн солих буюу эргүүлэн авахад газар өмчлөгчид олгох нөхөх олговрыг улсын төсвөөс гаргана” гэж, мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д “Иргэний газар өмчлөх эрх зөрчигдсөн бол түүнийг шүүхийн журмаар сэргээн тогтооно”, 38 дугаар зүйлийн 38.1-д “Иргэн газар өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд нь бусад этгээд аливаа хэлбэрээр саад учруулахыг хориглоно” гэж тус тус заасан.
2.6. Анхан шатны шүүх маргааны үйл баримтын талаар “...нэхэмжлэгч Н.Б нь маргаан бүхий газрыг 2006 онд өөрийн өмчлөлдөө шилжүүлэн авсан хэдий ч хариуцагч захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа эрх, ашиг сонирхол нь хөндөгдөх этгээдийг өмнөх өмчлөгч Д.Д гэж тогтоосноос эхлээд нэхэмжлэгчийн газар өмчлөх эрх хөндөгдөж, зөрчигдсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдлоо...” гэж дүгнээд 2023 оноос хойш нэхэмжлэгчийн өргөдөл, гомдлыг эцэслэн шийдвэрлээгүй байгаа хариуцагч Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус тул нэхэмжлэгчийн өргөдөл, гомдлыг зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь хуулийн дээрх заалтуудад нийцсэн байна.
2.7. Учир нь захиргааны байгууллага өмчлөлийн болон эзэмшлийн газар нь автозамын трасст орсон иргэдийн нөхөн олговрыг шийдвэрлэхдээ газар өмчлөх эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээдийг бүрэн тогтоогоогүй буюу эрх, ашиг сонирхол нь бодитоор хөндөгдсөн этгээдийг тогтоож оролцуулаагүй, хариуцагчаас нэхэмжлэгч Н.Бийн 2020 онд Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд, 2023 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.С-т гаргасан өргөдлийг Бүртгэл хяналтын картаар хааж, шийдвэрлэсэн гэж тайлбарлаж байх боловч энэ нь нэхэмжлэгчийн гаргасан өргөдөлд хариу өгч, түүнд албан ёсоор мэдэгдсэн гэх хангалттай үндэслэл болохооргүй байна.
2.8. Нөгөөтэйгүүр нэхэмжлэгчид 2012, 2019 онд олгогдсон газар өмчлөх эрхийн гэрчилгээнүүд хүчин төгөлдөр байхад түүний өмчлөх эрхэд аливаа байдлаар шууд халдах хууль зүйн үндэслэлгүй тул анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн өргөдөл, гомдлыг зохих журмын дагуу шийдвэрлэхийг эрх бүхий этгээдэд даалгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.
2.9. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд зааснаар иргэний өмчийн газрыг улсын тусгай хэрэгцээг үндэслэн нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах тухай шийдвэр гаргахаас нэгээс доошгүй жилийн өмнө газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага газар өмчлөгчтэй энэ тухай урьдчилан тохиролцсон байх нь хуулийн шаардлага юм. Харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь хуулийн энэхүү урьдач шаардлагыг хангаагүй буюу өмчлөлийн газрын асуудлыг илт шийдвэрлээгүй эс үйлдэхүйтэй маргаж байгаа тухайн тохиолдолд “...хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн... тул нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзах бүрэн үндэслэлтэй” гэх агуулга бүхий хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй байна.
Иймд анхан шатны шүүхээс маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулан, уг баримтуудыг үндэслэл бүхий дүгнэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргйин анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 915 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ Д.ОЮУМАА