Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 2023/ШЦТ/23

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Буянзаяа,

Улсын яллагч Ц.Цэрэнбалжир,

Хохирогч Б.Атейн,

Шүүгдэгч М.Хувлай,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэнбалжирын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 11 дугаартай хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хөвөг овогт Маденбайгийн Хувлайд холбогдох эрүүгийн 2307000000008 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1970 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Ховд аймагт төрсөн, яс үндэс халх, 53 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр 1 хүүхдийн хамт Налайх дүүргийн 8 дугаар хороо Нарлаг 15-12 тоотод оршин суух хаягтай,

Урьд 1994 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Ховд аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар, 1995 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Ховд аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар, 1998 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Ховд аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 cap хорих ялаар тус тус шийтгүүлж байсан. Хөвөг овогт Маденбайгийн Хувлай /РД:ПЛ70032019/

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч М.Хувлай нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 23-ны шөнө Налайх дүүргийн 8 дугаар хороо, Нарлагийн 15 ЯуТаар гудамж 12 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр В.Атейн "шөнө ганцаараа архи уулаа" гэсэн үг хэллэг хэлснээс шалтгаалж маргалдан нүүрэн тус газар цохиж, түүний биед зовхинд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулан эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатайгаар учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

Улсын яллагчийн зүгээс: Хохирогч В.Атейны мэдүүлэг/хх-6-10/, гэрч Х.Булгаханы мэдүүлэг /хх-17/, гэрч П.Батцэрэнгийн мэдүүлэг /хх-21/, гэрч Н.Ууганбаатарын мэдүүлэг /хх-22-23/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 018 дугаартай шинжээч эмчийн дүгнэлт /хх-27-28/, 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн "Аюулын зэргийн үнэлгээ" хийсэн тэмдэглэл /хх-55-57/, 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хохирогч В.Атейны Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Дүрс оношилгооны төвд үзүүлсэн талаарх эмчийн дүгнэлтийн хуулбар /хх-26/, 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 16 цаг 57 минутанд Налайх дүүргийн эрүүл мэндийн нэгдэлд үзүүлсэн яаралтай тусламжийн хуудас /хх-113-114/, зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

 

            Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.

 

Шүүгдэгч  М.Хувлай нь  шүүхийн  хэлэлцүүлэгт:  “...Манай том хүү гадуур, дотуур яваад сүүлийн үед архи дарс ууж, муу нэр гаргаад болдоггүй. Нэг шөнө унтаж байсан чинь Цагдаагаас залгаад хүүхдээ ирж ав гэсэн. Хүү маань эрэн сурвалжлагдаж байгаад, Төв аймгийн нэг сумаас бариад ирсэн байсан. Тэр хүүхдийн тухай л маргасан. Байцаагч нь батлан даалтад ав гэхээр нь би очиж батлан даалтад аваад гэртээ авчирсан. Тэгсэн манай эхнэр миний хийсэн хоол унд, боорцог хурдан дуусаад байна. Шоронд нь явуулахгүй яасан юм, яах гэж гэрт авчирсан юм гэсэн. Тэрнээс үүдэн би хүн надад өгсөн архийг ууж эхнэрийгээ цохисон нь үнэн...” гэв.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд М.Хувлайд холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч М.Хувлай нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 23-ны шөнө Налайх дүүргийн 8 дугаар хороо, Нарлагийн 15 ЯуТаар гудамж 12 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр В.Атейн "шөнө ганцаараа архи уулаа" гэсэн үг хэллэг хэлснээс шалтгаалж маргалдан нүүрэн тус газар цохиж, түүний биед зовхинд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулан эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

1 Мөрдөн байцаалтад яллагдагчаар М.Хувлайгийн өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 23-ны орой 23 цагийн үед таксинд явж байгаад орой гэртээ орж ирсэн. Миний даралт ихсээд байхаар нь манайд ирсэн хүмүүсийн ууж байгаад үлдээсэн 100 гр архийг уусан. Тэгээд эхнэр Атейнд хандаж манай том хүү хэрэг төвөг тариад ажил төрөл хийсэнгүй гээд хэлсэн чинь манай эхнэр чамд ямар хамаатай юм гээд өмөөрөөд байсан. Тэгээд эхнэр бид хоёр хоорондоо маргалдаж байгаад эхнэрийг цаашаа хэвт гээд гарыг нь тохойгоороо цаашаа гээд тохойлдсон. Тэгээд манай эхнэр хүү Булгахантай утсаар яриад намайг аав чинь цохиж авлаа гэж хэлсэн. Удалгүй Булгахан орж ирээл цагдаад дуудлага өгөөд намайг хоёр цагдаа ирээд эрүүлжүүлэх байранд хүлээлгэж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-13/

2. Мөрдөн байцаалтад хохирогчоор В.Атейны өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 22-23-ны шилжих шөнө манай нөхөр М.Хувлай таксинд явж байгаад 01 цагийн орчимд гэртээ орж ирээд хүмүүсийн үлдээсэн байсан архинаас ганцаараа уугаад бага зэрэг согтчихсон байх үедээ манай дүү нарыг муулаад үглээд байхаар нь миний уур хүрээд муудалцахад над руу уурлаад миний зүүн нүд рүү тохойгоороо нэг удаа цохичихсон...гэх мэдүүлэг, /хх-5/

3. Мөрдөн байцаалтад гэрчээр Х.Булгаханы өгсөн: “...Би аавыг ерөөсөө зодож, цохиогүй, аав эрүүлжүүлэхэд орохгүй, гарахгүй гээд байхаар нь гэрээс хүчээр татаад гаргасан л болохоос өөр зүйл байхгүй. Ах Х.Амандыкийн хувьд бол би нэг удаа өшиглөхийн хувьд өшиглөсөн. Ах өөрөө хулгайн асуудалд холбогдчихоод цагдаа дээр очиж хэргээ шийдүүлэхгүй, хаагуур явж байгаа нь мэдэгдэхгүй алга болоод байгаа юм. ...намайг цагдаа дуудсаны дараа аав цагдаа руу явахгүй гээд тэрүүгээр орилж хашхичаад, чи өөрөө цагдаа байж аавыгаа эрүүлжүүлэх гэлээ гээд уурлаад явахгүй гээд байхаар нь би гэрээс гаргах гээд таттал өөрөө зугатаагаад, намайг гараас бариад татаж байхад миний гараас мултрах гээд зугатаагаад байсан. Тэгээд яг гэрийн үүдэнд авчрахад бас хаалганаас зуураад гарахгүй гээд байсан. Тэгэхдээ хаалганы хажуу талын ханыг мөргөсөн байж магадгүй. Намайг гэрээс гаргасны дараа манай хоёр алба хаагчид Булгахан намайг зодчихлоо гээд байсан. Би зодож цохиогүй болохоор тэр яриаг нь тоогоогүй өгөөд явуулчихсан...” гэх мэдүүлэг /хх-17/,

4. Мөрдөн байцаалтад гэрчээр П.Батцэрэнгийн өгсөн: “...дуудлага ирсний дагуу миний бие Налайх дүүргийн 8 дугаар хороо Нарлагийн 15-12 тоотод очиж, тухайн тоот хаяг руу ороход Булгахан, аав М.Хувлай, ээж В.Атейн, ах Х.Амандык нар нь гэр дотроо байсан. Тэгээд Х.Булгахан хүрч ирээд манай ээжийн нүдийг ийм болтол цохисон байна гээд ээжийгээ харуулахад ээжийнх нь нүд хавдчихсан байсан. ...Эхлээд гэрт нь ороод харахад М.Хувлайгийн биед хацар, хамар хэсэгт нь зулгарсан шарх байгаагүй. Булгаханыг гэрээсээ гаргах гэж татаж байхад Хувлай нь гарахгүй гээд Булгаханаас мултарсаныхаа дараа өөрөө хаалганы хажуу талыг толгойгоороо мөргөчих шиг болсон. Тэрнээс Х.Булгахан бол ямар нэгэн байдлаар М.Хувлайгийн биед халдаагүй...” гэх мэдүүлэг /хх-21/,

5. Мөрдөн байцаалтад гэрчээр Н.Ууганбаатарын өгсөн: “...Цагдаагийн хэлтэст 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр ирүүлсэн дуудлага, мэдээллийн дагуу Налайх дүүргийн 8 дугаар хороо, Нарлагийн 15 дугаар гудамжны 12 тоотод очиход манай ажлын газрын цагдаа Х.Булгахан гэрээсээ гарч ирсэн. Манай аав согтуу агсам тавиад манай ээжийг зодсон байна. Энийг аваад яв гэж хэлсэн. Ээжийн нүдийг ийм болгосон байна гэж хэлээд надад харуулсан. Намайг харахад ээжийнх нь нүд хавдсан байсан...” гэх мэдүүлэг /хх-22-23/,

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 018 дугаар “...В.Атейны биед зовхинд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. В.Атейны биед учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хэрэг болсон гэх цаг хугацаатай тохирч байна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт, /хх-27-28/

7. 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Аюулын зэргийн үнэлгээ хийсэн тэмдэглэл /хх-55-57/,

8. Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Дүрс оношилгооны төв эмнэлгийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр эмчид үзүүлсэн дүгнэлтийн хуулбар /хх-26 /,

9. Налайх дүүргийн эрүүл мэндийн нэгдэлд үзүүлсэн яаралтай тусламжийн хуудас /хх-113-114/

10. Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-58-66/,

11. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-97/,

12. Захиргааны шийтгэл хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-98/,

12. Шүүгдэгч М.Хувлайгийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-68-95, 121-127/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд гэм буруу болон эрүүгийн хариуцлагын талаар

 гаргасан дүгнэлт тайлбар

 

Улсын яллагч...Шүүгдэгч М.Хувлайд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Иймд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгож, уг торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч цаашид гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул түүнийг бусдад төлөх төлбөргүйд тооцуулж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж, мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан зардалгүйг болохыг тус тус дурдуулах саналтай байна.” гэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Улсын яллагчийн гаргасан яллах дүгнэлттэй маргах зүйл байхгүй. Үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Иймд шүүгдэгч М.Хувлайг улсын яллагчийн гаргасан яллах дүгнэлтийн дагуу 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж өгнө үү гэсэн саналтай байна...” гэх дүгнэлт, тайлбарыг гаргав.

Шүүхээс хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч М.Хувлай нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй сэдэлтээр халдаж, хохирогч В.Атейны эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч М.Хувлай нь хохирогч В.Атейны биед зовхинд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 018 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

Тиймээс шүүгдэгч М.Хувлайг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

   Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч М.Хувлайд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч М.Хувлайгийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч В.Атейнд бие махбодод хөнгөн хохирол учирсан ба хохирогч “...Гомдол санал болон нэхэмжлэх зүйлгүй...гэсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: хохирол, хор уршигт хандаж буй хандлага,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзэв.

 

Харин шүүгдэгч М.Хувлайд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

  Иймд М.Хувлайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож түүнд прокурортой тохиролцсон ялын төрөл хэмжээний дотор буюу  500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Бусад асуудлаар

Шүүгдэгч энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч ирүүлсэн Хөвөг овогт Маденбайгийн Хувлайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Хувлайг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Хувлайд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

          4. Шүүгдэгч М.Хувлай нь эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Хувлайд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ЧИНЗОРИГ