| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2023/0029/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/030 |
| Огноо | 2023-02-01 |
| Зүйл хэсэг | 23.2.1., |
| Улсын яллагч | Н.Энхтөр |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 2023/ШЦТ/030
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: ,
Улсын яллагч: Н.Энхтөр,
Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2209000002326 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн,******* овогтой *******гийн *******, регистрийн дугаар: *******,
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын 3 дугаар багт байрлах “Хүүхдийн цэцэрлэг”-т Монгол Улсын Боловсролын их сургууль, сургуулийн өмнөх боловсролын сургуулийн D201822679 дугаартай 2018 оны Боловсролын бакалаврын зэргийн дипломыг хуурамч гэдгийг мэдсээр байж Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн №56 дугаартай тушаалаар холимог бүлгийн багшаар ажилд орж, 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хуурамч баримт бичиг үйлдэж, ашигласан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн
...Би Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын цэцэрлэгт 2020 онд хүний оронд багшаар 2 сар ажилласан. Тэгээд тухайн Баян-Өндөр сумын цэцэрлэгээс гарахад нь нэг хоёр сарын хугацаатай оронд нь ажилдаг байсан. 2021 оны намраас жинхэлгэгдсэн. Тухайн үед хуурамчаар гаргуулсан дипломоо үзүүлж ажилд орсон. Би Монгол Улсын Боловсролын их сургуулийн өмнөх боловсролын салбар сургуульд сурч байсан. Албан ёсоор төгсөөгүй. Хуурамч диплом гаргуулан авсан...гэх мэдүүлэг/хх-ийн 87-88/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн
“...Манай цэцэрлэгийн өргөтгөлийн барилга 2020 оны 11 дүгээр сард ашиглалтад ороод 2 бүлэг шинээр нээсэн багш авах шаардлага үүсээд ******* цэцэрлэгийн багшаар төгссөн талаар хэлж байсан мөн нэг сумынх учир Улаанбаатар хотод цэцэрлэгийн багшийн сургуульд сурдаг байсныг мэддэг байсан. Тэгээд *******ийг 2020 оны 11 дүгээр сарын 04-ны өдөр холимог бүлгийн багшаар томилж тушаал гаргасан юм тэр үеэс хойш манай цэцэрлэгт ажиллаж байгаад ажлаас гарах хүсэлтээ өгч 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн №58 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлсөн. *******ийн хувьд хүнтэй сайхан харилцдаг, ёс зүйн зөрчилд холбогдоод байдаггүй, ажилдаа сайн ханддаг, ахуй амьдралын хувьд их тааруу хүн байгаа юм, эмээтэйгээ хамт амьдардаг, эмээ нь 70 гарч яваа хүн бий, ээж нь хөдөө мал малладаг, тусдаа амьдралтай нөхөр нь Баянхонгор аймгийн залуу байдаг, албан ёсоор гэр бүл болоогүй, хүүхэд нь 2 сарын дутуу төрж байсан, одоо байнга эмнэлгээр явдаг, хүүхэд нь тархины өвчтэй хүүхэд байдаг юм. Миний хувьд 4,688,075 төгрөгийг төлвөл гомдол, санал, нэхэмжлэх зүйл алга байна...*******ээс 4,688,075 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 112-113, 116-117/,
Гэрч ын мөрдөн байцаалтад өгсөн“...Улаанбаатар хотод Цэцэрлэгийн багшийн сургуульд сурч байсан. Одоо Баян-Өндөр суманд эмээтэйгээ хамт байдаг, найз залуутай, албан ёсоор, гэрлэж гэр бүл болоогүй байгаа, 1 хүүхэдтэй, ой гарантай, хүүхэд нь тархины саажилттай. байнгын асаргаанд байдаг, найз залуу нь эрхэлсэн тодорхой ажилгүй, ирэн очин яваад байдаг...” гэх мэдүүлэг / хх-ийн 119-120 /,
Гэрч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн...Дээд боловсролын удирдлага мэдээллийн систем гэдэг нь НЕMIS программ буюу их дээд сургууль төгсөгчдийн дипломын мэдээлэл юм. Ерөнхийдөө шалгалтаар системд бүртгэлгүй, дугаар давхардсан гэх зөрчлүүд гарч байсан. Гэхдээ шалгалтын явцад бол цагдаагийн байгууллагад шилжүүлсэн мэдээлэл нь 4-өөс 5 өөр баримт бичиг дээр үндэслэн зөрчилтэй диплом баталгаажсан мэдээллийг үндэслэж хүргүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-43/
Гэрч*******ийн мөрдөн байцаалтад өгсөн “...Манай ажлын хэсгийн шалгалтаар 21 аймаг, 9 дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэг, сургуулийн багш, удирдах ажилтны боловсролын баримт бичиг, мэдээллийн сангийн бүртгэл, рdf файлаар тулгалт хийж үзэхэд дипломын дугаар давхардсан 458, бүртгэлгүй дипломын дугаар ашигласан 145 боловсролын баримт бичгийг хуурамчаар үйлдэж, ашигласан гэж үзэж байна. Хуурамчаар авч ашигласан дипломын дийлэнх нь Монгол Улсын их сургууль, Монгол Улсын боловсролын их сургуулийн диплом байсан. Уг дипломыг хаана ямар байдлаар үйлдвэрлэж олгосон гэдгийг тогтоох боломжгүй байна. Ажлын хэсэг нь хуурамч дипломтой багш, удирдах ажилтантай холбогдож уулзаагүй, тайлбар өгөөгүй байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-46/
Гэрч А.Танан-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн “...Манай ажлын хэсэг 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 09 дүгээр сарын 06-ны өдрийн хооронд явуулсан бөгөөд нарийн тоон мэдээлэл бол бид нарын гаргасан дүгнэлтээс дэлгэрэнгүй харагдах байх мөн тэр болгоныг нарийн сайн санахгүй маш олон багш нарын мэргэжлийн диплом, баримт бичгийг шалгасан юм. Зөрчилтэй диплом бүхий багш нарын төгссөн эсэхийг тухайн сургуулиудаас нь тодруулж лавлагаа аваагүй. Зөвхөн дээрх бүртгэл, мэдээллүүдээс шүүлт хийх замаар зөрчилтэй дипломыг тодруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-50/
Гэрч ийн мөрдөн байцаалтад өгсөн “...Тухайн үед Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангийн тушаалаар баталсан удирдамжийн хүрээнд хяналт шалгалтыг явуулсан. Тухайн хяналт шалгалтыг хийхдээ Боловсролын тухай хуулийн 9 дүгээр зүйл, 28 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Боловсрол, шинжлэх ухааны яамны бүтэц, чиг үүргийг заасан Засгийн газрын тогтоолын дагуу тус тус хяналт, шалгалтыг явуулсан. Миний хувьд тухайн ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Ерөнхийдөө манай яамын дотооддоо ашиглаж байгаа цахим, мэдээллийн бааз дээр тулгуурлан мөн өөрсдийн архивын нэгжтэй тулгалт хийх, Архивын ерөнхий газраас төгсөгчидтэй холбоотой лавлагааг мөн давхардуулан тулгах замаар дээрх зөрчлүүдийг илрүүлсэн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 52-54/
Гэрч ийн мөрдөн байцаалтад өгсөн “...Дээд боловсролын удирдлага мэдээллийн систем нь төгсөгчдийн дипломын үнэн зөвийг систем нотлох боломжгүй зөрчилтэй эсэхийг тухайн сургууль нотолно. Дээд боловсролын удирдлага мэдээллийн системийн мэдээллийн сан бүрдүүлэх ажил үе шаттайгаар тасралтгүй хийгдэж байна тиймээс системд бүртгэлгүй шүүлт хийхэд байхгүй байна гэдэг нь системийн алдаа биш юм..." гэх мэдүүлэг /хх-ийн 57-59/
Гэрч гийн мөрдөн байцаалтад өгсөн “...Программ дээр байгаа иргэний үнэн зөв байгаа эсэхийг систем нотлохгүй тухайн сургуулийн захирлын тушаал, сургуулиас ирүүлсэн төгсөгчдийн статистик мэдээ болон бусад баримтад үндэслэн Hemis программ дээр оруулдаг. Программ дээр буруу шивсэн байвал хариуцлагыг тухайн их, дээд сургууль хариуцахаар сайдын тушаал, статистикийн тухай хуулиар зохицуулж өгсөн..." гэх мэдүүлэг /хх-ийн 62-65/,
Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...Манай сургуулийг суралцаж төгссөн гэх нийт 400 орчим хүний мэдээлэл ирсэн бөгөөд түүний дагуу манай сургууль дээр ажлын хэсэг байгуулагдаж миний бие ахлагчаар нь ажиллаж байна. Одоогийн байдлаар нийт 196 хүний мэдээллийг нарийвчлан тулгалт хийж үзсэн ба үүнээс 12 иргэн нь суралцаж төгссөн үнэн байна. Харин үлдэгдэл иргэдийн хувьд бол манай сургуульд огт элсэн орж төгсөлт хийгээгүй энэ талаар ямар нэгэн мэдээлэл байхгүй. Үүнийг бол бидний зүгээс хуурамч диплом хийлгэсэн гэж үзэж байна...гэх мэдүүлэг, /хх-ийн 67/,
- Монгол Улсын боловсрол, шинжлэх ухааны сайдын 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн тушаал, хавсралт /хх-ийн 12-13/, Монгол Улсын боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 03 дугаар сарын 14-ны өдрийн тушаал, хавсралт /хх-ийн 11-12/, Боловсрол, шинжлэх ухааны яамны хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод, ауидын газрын хяналт шинжилгээ хийсэн тухай танилцуулга /хх-ийн 13-37/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 123/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 125/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 126/, депозит дансны хуулганууд /хх-ийн 128-131/,шүүгдэгч *******ийн цагийн бүртгэл/хх-ийн133-141/, шүүгдэгч *******ийн цалингийн карт /хх-ийн 142-144/, Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 56 дугаар тушаал хавсралт /хх-ийн 145-146/, оршин суугаа газрын засаг даргын тодорхойлолт /хх-ийн 153/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 154/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын 3 дугаар багт байрлах “Хүүхдийн цэцэрлэг”-т Монгол Улсын Боловсролын их сургууль, сургуулийн өмнөх боловсролын сургуулийн D201822679 дугаартай 2018 оны Боловсролын бакалаврын зэргийн дипломыг хуурамч гэдгийг мэдсээр байж Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн №56 дугаартай тушаалаар холимог бүлгийн багшаар ажилд орж, 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хуурамч баримт бичгийг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.*******ийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 87-88/, хохирогч байгууллагын төлөөлөгч *******гийн мэдүүлэг /хх-ийн 112-113/, гэрч *******гийн мэдүүлэг /хх-ийг 40-43/, гэрч*******ийн мэдүүлэг /хх-ийн 44-46/, гэрч А.Танан-Эрдэнийн мэдүүлэг /хх-ийн 48-50/, гэрч ийн мэдүүлэг/хх-ийн 52-54/, гэрч ийн мэдүүлэг /хх-ийн 57-59/, гэрч гийн мэдүүлэг/хх-ийн 62-65/, гэрч гийн мэдүүлэг /хх-ийн 67/, болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлд “Хуурамч бичиг баримт үйлдэх,ашиглах” гэмт хэргийг хуульчилсан ба уг гэмт хэрэг нь тусгай зөвшөөрөл, эрх олгосон...диплом ...хуурамч болохыг мэдсээр байж ашигласан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл юм.
Шүүгдэгч Б.******* нь Монгол Улсын Боловсролын их сургууль, сургуулийн өмнөх боловсролын сургуулийн багш мэргэжлээр төгсөөгүй атлаа D201822679 дугаартай боловсролын бакалавр зэргийн дипломыг хуурамч дипломыг ашиглан, улмаар Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын хүүхдийн цэцэрлэгийн холимог бүлгийн багшаар 2020 оны 11 дүгээр сарын 04-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг дуустал дуустал ажилласан байна.
Шүүгдэгч Б.******* нь Монгол Улсын Багшийн Их сургуулийн D201822679 дугаарын бакалаврын дипломыг хуурамч гэдгийг мэдсээр байж, уг хуурамч дипломыг гэм буруугийн санаатай хэлбэрээр идэвхтэй үйлдлээр ашиглаж, улмаар багшийн ажилд орж, 2020 оны 11 дүгээр сарын 04-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг дуустал ажилласан болох нь тогтоогдсон тул түүний энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурамч баримт бичиг ашиглах” гэмт хэргийн объектив, субьектив шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.
Шүүгдэгчээс өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрийг агуулсан гэж үзнэ.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******ийг хуурамч диплом болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.
Хавтас хэргээс үзэхэд шүүгдэгч Б.******* нь 2020 оны 11 дүгээр сарын 04-ны өдөр томилогдож, 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын хүүхдийн цэцэрлэгийн холимог бүлгийн багшаар ажиллахдаа хуурамч диплом гэдгийг мэдсээр байж ашиглан гэмт санаагаа хэрэгжүүлсээр байсан тул түүний энэхүү хууль бус үйлдлийн улмаас олсон ашгийг энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзнэ.
Шүүгдэгч Б.*******ийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “боловсролын дипломыг... хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэмт хэрэг үйлдсэн, ингэснээрээ эрхлэх ёсгүй албан тушаалыг хашиж, олгогдох учиргүй цалин буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасан хөлсийг авч эдийн хөрөнгийг шууд олсон байна.
Хохирогч байгууллагын төлөөлөгч ******* нь *******ийн үйлдлийн улмаас 4688075 хохирол нэхэмжилсэн уг хохирлыг шүүгдэгч ******* нь төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг хувьд анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон байна.
Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ийн дөрвөн тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялаас чөлөөлөх саналыг шүүгдэгч зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т ... гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг зэргийг харгалзан ялаас чөлөөлж болно... гэж хуульчилсан.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ...гэж тус тус заасныг баримтлан шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал/ өндөр настай эмээ, 1 хүүхэдтэй, ой гарантай, хүүхэд нь тархины саажилттай, байнгын асаргаанд байдаг, тодорхой орлогогүй / эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын саналыг зэргийг харгалзан шүүгдэгч *******ийг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялаас чөлөөлж шийдвэрлэлээ.
Улсын яллагчаас шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.*******ийг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн ялыг оногдуулж, ...шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан ялаас чөлөөлөх тухай” дүгнэлтийг гаргасныг шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан ...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн... гэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэж, түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад зааснаар ялаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Монгол Улсын боловсролын Их сургуулийн D201822679 дугаартай бакалаврын диплом 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хамт хадгалж,
ШҮүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт *******гийн хуурамч диплом болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ийг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1-т зааснаар оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгийн торгох ялаас чөлөөлсүгэй.
4. Шүүгдэгч *******т хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Монгол Улсын боловсролын Их сургуулийн D201822679 дугаартай бакалаврын диплом 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хамт хадгалсугай.
6. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7-д зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА