Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 331

 

 

 

 

 

 

2019 оны 06 сарын 26 өдөр                   Дугаар 153/ШШ2019/00331             Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Зэрэг сумын Хөндлөн багт оршин суух, тоот регистрийн дугаартай, Аралынхан овогт Ранзын  Оюунцэцэгийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Очирбат, нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Р. ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Очирбат шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ховд аймгийн Зэрэг сумын Хөндлөн багт оршин суух Р. нь 1968 онд төрсөн. Р нь бага байхдаа их өвддөг байсан учир түүнийг Урнаа, Уранцэцэг гэж дууддаг байсан гэсэн.1984 онд Ховд аймгийн Зэрэг сумын сургуулийг 8 дугаар анги төгссөн. Сургууль төгсөөд 1984 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 2 дугаар сарыг дуустал Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж амьдарч байсан. Одоо ч Ховд аймгийн Зэрэг суманд ажиллаж амьдарч байна. Р.Оюунцэцэг нь 1993 оны 3 дугаар сараас 2000 оныг дуустал Ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэлийн нөхөн тооцох тухай хуульд хамрагдаж нөхөн бичилт хийлгэсэн. Одоо Р.Оюунцэцэг нь өндөр насны тэтгэвэрт гарах гэсэн боловч ажилд анх орсон гарсан тушаал архиваас олдохгүй байгаа тул өндөр насны тэтгэвэрт гарч чадахгүй хохироход хүрээд байна. Р.Оюунцэцэгийн тухайн үед ажиллаж байсан үеийн баримтууд олдохгүй байгаа бөгөөд аймгийн архивын 70-р дансанд түүний аав Ранзын нэр дээрх хуулбарт Урнаа, Уранцэцэг гэсэн нэр орсон байгаа. Ранзын гэр бүлд Урнаа, Уранцэцэг гэсэн нэртэй хүүхэд байхгүй.

Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хүсэлт гаргагч Р.Оюунцэцэгийг 1984 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, 1990 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 02 дугаар сарыг дуустал Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэсэн хүсэлт гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаад 1984 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 1985 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1990 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар, 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 1993 оны 2 дугаар сарыг дуустал Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Р.Оюунцэцэг нь 1984 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, 1990 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 02 дугаар сарыг дуустал Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Очирбат нь нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж хүсэлт гаргагч 1984 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 1985 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1990 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар, 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 1993 оны 2 дугаар сарыг дуустал Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүх хуралдаанд тайлбар гаргалаа. Хүсэлт гаргагч Р.Оюунцэцэг нь итгэмлэгдсэн төлөөлөгч Н.Очирбатад нэхэмжлэлийн шаардлагыг багасгах эрхийг олгосон байх тул хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан хэмжээнд хянан шийдвэрлэлээ.

Хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагатай холбогдуулан дараах баримтууд хэрэгт авагджээ. Үүнд:

-Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2173 дугаартай, 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 748 дугаартай лавлагаанууд,

-Ховд аймгийн Зэрэг сумын Бургасан бригадын 1983-1985, 1990-1992 оны Раанзын нэр дээрх 70-р дансны хуулбарууд,

-Р.Оюунцэцэгийн 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн Малчин мэргэжлийн үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Р.Оюунцэцэгийн нэр дээрх 2017-2016 оны Татварын тооцоололын жагсаалт,

-Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлстийн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 719 дугаартай архивын тус хэлтсийн архивт Ранз овогтой Оюунцэцэг ажиллаж байсан Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэл /Хөдөлмөр ХК/ нь 1991-1993 онд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байгааг тодорхойлов гэх лавлагаа,

-Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 145 дугаартай Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэл нь 1991 оны 12 дугаар сарын 26-нд Хөдөлмөр ХК болж улсын бүртгэлд бүртгэгдсэн байна гэх лавлагаа,

-Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 126 дугаартай Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа,

-Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 126 дугаартай ХААТР-1 маягтын Н.Могсоо 1988 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 5 хүүхэд төрүүлсэн гэх лавлагаа,

-Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Ховд аймгийн Зэрэг сумын малчин Нүдэнгийн Могсоо, Доржийн Ранзаа нарын охин Оюунцэцэг 1968.10.12, хүү Гансүх 1970.09.17, хүү Ганбат 1973.01.22, охин Мөнхтуяа 1976.06.10, хүү Гантөгс 1979.10.05 төрсөн гэх лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 1991-1994 оны Хөдөлмөр нэгдэл, Хөдөлмөр ХК-ний нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаарх нэгтгэсэн төлбөрийн даалгаварын хуулбарууд,

-Гэрч Б.Наранцэцэгийн шүүхэд өгсөн ...Б.Оюунцэцэг нь Ранз гэдэг айлын хүүхэд юм. Р.Оюунцэцэг нь 1980 онд Ховд аймгийн Зэрэг сумын сургуулийг 4-р анги төгссөн. Бага наснаасаа эхлэн эцэг эхийн хамт Ховд аймгийн Зэрэг сумын Бургасан бригадад мал малласан. Тэгээд нэгдэл тарсны дараа нэгдлийн суурь дээр байгуулагдсан компанид 1993 оны 3 дугаар сар хүртэл малчнаар ажилласан. Р.Оюунцэцэгийн ээжийг Могсоо, эгч нарыг нь Дэлгэрцэцэг, Дагийцэцэг, дүүг нь Гансүх гэдэг. Р.Оюунцэцэгийг Урнаа гэж дууддаг байсан. Тэрээр эцэг эхээс наймуулаа. Түүний бусад дүү нарыг танихгүй. Р.Оюунцэцэг нь одоог хүртэл мал маллаж байгаа гэх мэдүүлэг,

-Гэрч Д.Гонгорын шүүхэд өгсөн ...би 1976 оноос эхлэн Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд нэгдэл тарах хүртэл малчнаар ажиллаж байсан. Б.Оюунцэцэг нь Ранз гэдэг айлын хүүхэд юм. Р.Оюунцэцэг нь 1980 онд Ховд аймгийн Зэрэг сумын сургуулийг 4-р анги төгссөн. Бага наснаасаа эхлэн эцэг эхийн хамт Ховд аймгийн Зэрэг сумын Бургасан бригадад мал малласан. Тэгээд нэгдэл тарсны дараа нэгдлийн суурь дээр байгуулагдсан компанид 1993 оны 3 дугаар сар хүртэл малчнаар ажилласан. Р.Оюунцэцэгийн ээжийг Могсоо, эгч нарыг нь Дэлгэрцэцэг, Дагийцэцэг, дүүг нь Гансүх, Төгсөө, Төмөрөө, Мөнхцэцэг гэдэг. Нэг дүүгийнх нь нэрийг санахгүй байна. Р.Оюунцэцэгийг Урнаа гэж дууддаг байсан. Тэрээр эцэг эхээс наймуулаа. Р.Оюунцэцэг нь одоог хүртэл мал маллаж байгаа... гэх мэдүүлэг зэрэг баримтууд хэрэгт авагджээ.

Хүсэлт гаргагч Р.Оюунцэцэгийг Урнаа, Уранцэцэг гэж дууддаг байсан болох нь гэрч Б.Наранцэцэг, Д.Гонгор нарын мэдүүлэгээр нотлогдож байх тул хэрэгт авагдсан Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2173 дугаартай, 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 748 дугаартай лавлагаануудаар ирүүлсэн Ховд аймгийн Зэрэг сумын Бургасан бригадын 1985, 1990-1992 оны Ранзын нэр дээрх 70-р дансны хуулбаруудыг нотлох баримтаар үнэлсэн болно. Тус 70-р дансны хуулбарт Урнаа, Уранцэцэг гэх нэр бичигдсэн байх бөгөөд Ранз, Могсоо нарын гэр бүлд Урнаа, Уранцэцэг гэдэг хүүхэд байхгүй болох нь хэрэгт авагдсан Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Ховд аймгийн зэрэг сумын малчин Нүдэнгийн Могсоо, Доржийн Ранзаа нарын охин Оюунцэцэг 1968.10.12, хүү Гансүх 1970.09.17, хүү Ганбат 1973.01.22, охин Мөнхтуяа 1976.06.10, хүү Гантөгс 1979.10.05 төрсөн гэх лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрч нарын мэдүүлэгээр нотлогдож байна.

Иймд хэрэгт авагдсан дээрх баримтуудаар хүсэлт гаргагч Р.Оюунцэцэг нь 1984 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, 1990 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 02 дугаар сарыг дуустал Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал нь нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ПЕ68101204 тоот регистрийн дугаартай, Аралынхан овогт Ранзын Оюунцэцэгийн 1984 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, 1990 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 02 дугаар сарыг дуустал Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Б.МАРИНА