| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2019/00276/И |
| Дугаар | 332 |
| Огноо | 2019-06-26 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 332
2019 оны 06 сарын 26 өдөр Дугаар 153/ШШ2019/00332 Ховд аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч:Ховд аймгийн Жаргалант сумын 2-р баг Баатархайрханы 11 гудамжны 24 тоотод оршин суух, регистрийн дугаартай, Аатынхан овогт Данзангийн гийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Д., хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг, гэрч Ц.Цэцгээ, Ө.Цэдэнбал, нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д. шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аатынхан овогт Данзангийн миний бие нь 1969 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Ховд аймгийн Манхан суманд Данзангийн том охин болж төрсөн. Бага насаа аав ээжийн гар дээр өнгөрөөж 1977 онд Ховд аймгийн Манхан сумын Ерөнхий боловсролын дунд сургуульд элсэж, 1981 онд 4 дүгээр ангиасаа сургуулиас гарсан.
Миний аав Ядам овогтой Данзан нь Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Ботгон бригадад үхэр малладаг, Монгол улсын Хошой аварга малчин байсан. Ээж Б.Бааст нь сүү саалийн төлөвлөгөөт нормоо байнга давуулан биелүүлдэг байсан.
Миний бие нь дунд сургуулиас гараад аав ээжийн хамт үхэр маллаж байгаад 1984 оноос Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Ботгон бригадын үхэрчин өөрийн аав Я.Данзангийн суурьт туслах малчнаар бүртгэгдэж, хөдөлмөрийн хөлс авч эхэлсэн. 1988 онд миний бие нь Цэвээний Эрдэнэчулуунтай гэр бүлж болж, Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Ботгон бригаддаа 1994 оныг дуустал хугацаанд мөн мал маллаж байсан. Бид гэр бүл болсноос хойш 7 хүүхэд төрүүлснээс 5 нь эрүүл саруул өсч торнисон.
Иймд Аатынхан овогт Данзангийн Цэцэгмаа намайг 1984 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг дуустал Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Ботгон бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Д нь 1984 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагатай холбогдуулан дараах баримтууд хэрэгт авагджээ. Үүнд:
-Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 515 дугаартай лавлагаа,
-Ховд аймгийн Манхан сумын Ботгон бригадын 1984-1990 оны Я.Данзангийн нэр дээрх 70 дугаар дансны хуулбар,
-Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2019 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 264 дугаартай Ховд аймгийн Манхан сумын Ботгон бригадын 1985 оны 10 дугаар сараас 1989 оныг дуустал Д.Цэцэгмаагийн нэр дээрх цалингийн 70 дугаар дансны лавлагаа,
-Д.Цэцэгмаагийн 1058168 дугаартай нийгмийн даатгалын дэвтэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Д.Цэцэгмаагийн нэр дээрх 1991 оны 3 дугаар сарын 18-ны өдөр нээлгэсэн эрхэлсэн ажил, ажилласан хоног, авсан хөлсийн талаарх бичилттэй хөдөлмөрийн дэвтэр,
-Гэрч Ө.Цэдэнбалын шүүх хуралдаанд өгсөн ...миний бие 1979-1992 он хүртэл Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд, 1993-2000 он хүртэл Ховд аймгийн Манхан сумын Ботгон бригадад нярав, бригадын даргаар ажиллаж байсан бөгөөд Данзангийн Цэцэгмааг сайн танина. Тэрээр 1981 оноос хойш Ховд аймгийн Манхан суманд мал маллаж байсан гэх мэдүүлэг,
-Гэрч Ө.Цэдэнбалын Ховд аймаг дах сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 153/ШШ2017/00543 дугаартай шүүхийн шийдвэрийн хуулбар,
-Гэрч Ц.Цэцгээгийн шүүх хуралдаанд өгсөн ...Д.Цэцгээ нь бага наснаасаа эхлэн өдий хүртэл Ховд аймгийн Манхан суманд мал малласаар ирсэн. Би Д.Цэцэгмаатай хамт нэг суурьт малчин байсан гэх мэдүүлэг,
-Ховд аймгийн Манхан сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2019 оны 6 дугаар сарын 14-ны өдрийн 48 дугаартай Данзан овогтой Цэцэгмаа нь 1981 онд Манхан сумын дунд сургуулийн 4 дүгээр ангийг төгссөн үнэн болно гэх тодорхойлолт,
-Д.Цэцэгмаагийн нэр дээрх Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 1995 оноос 2000 онд Ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах тухай хуульд хамрагдсан тухай архивын лавлагаа,
-Д.Цэцэгмаагийн нэр дээрх Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2012 оноос 2015 оны 5 дугаар сард нийгмийн даатгалын шимтгэл сайн дураар төлсөн талаарх архивын лавлагаа,
-Д.Цэцэгмаагийн 28 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-1991 оноос 1993 оны Ц.Эрдэнэчулууны нэр дээрх Төллөлт, төл бойжилтын мэдээний хуулбар,
-Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 157 дугаартай Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэл нь 1992 оны 2 дугаар сарын 09-ны өдөр Баясгалант амьдрал ХК болж улсын бүртгэлд бүртгэгдсэн байна гэх лавлагаа зэрэг баримтууд хэрэгт авагджээ.
Хэрэгт авагдсан Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 515 дугаартай лавлагаагаар ирүүлсэн Ховд аймгийн Манхан сумын Ботгон бригадын 1985-1988, 1990 оны Я.Данзангийн нэр дээрх 70 дугаар дансны хуулбараас үзэхэд хүсэлт гаргагч Д.Цэцэгмаагийн нэр орж, түүний нэр дээр цалин хөлс бодогдож байсан байх тул энэхүү 70-р дансны хуулгыг нотлох баримтаар үнэлсэн болно.
Мөн хэрэгт авагдсан 28 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараас үзэхэд хүсэлт гаргагч Д.Цэцэгмаагийн нөхөр Ц.Эрдэнэчулуун мөн болох нь нотлогдож байх тул хэрэгт авагдсан 1991 оноос 1993 оны Ц.Эрдэнэчулууны нэр дээрх Төллөлт, төл бойжилтын мэдээний хуулбарыг нотлох баримтаар үнэлсэн бөгөөд энэ хугацаанд хүсэлт гаргагч Д.Цэцэгмаагийн малчнаар ажиллаж байсан байдал нь нотлогдож байна.
Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэл нь 1992 оны 2 дугаар сарын 09-ны өдөр Баясгалант амьдрал ХК болж улсын бүртгэлд бүртгэгдсэн болох нь хэрэгт авагдсан Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 157 дугаартай лавлагаагаар нотлогдож байх тул хүсэлт гаргагч Д.Цэцэгмаагийн нэхэмжлэлийн шаардлага болох 1992-1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд малчнаар ажиллаж байсан... гэх хэсгийн хуулийн этгээдийн нэршлийг өөрчилж Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал ХК гэж дурдах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн хүсэлтээр түүнтэй хамт ажиллаж байсан гэх Ө.Цэдэнбалыг гэрчээр асуусан бөгөөд гэрч Ө.Цэдэнбал нь 1984-1994 онуудад Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэл ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан Ховд аймаг дах сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 153/ШШ2017/00543 дугаартай шүүхийн шийдвэрийн хуулбараар нотлогдож байна.
Иймд хэрэгт авагдсан дээрх баримтуудаар хүсэлт гаргагч Д.Цэцэгмаа нь 1984 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 1992 оны 2 дугаар сарын 09-ний өдөр хүртэл Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Ботгон бригадад малчнаар, 1992 оны 2 дүугаар сарын 09-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал ХК-д малчнаар ажиллаж байсан нь нотлогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ПЖ69092502 тоот регистрийн дугаартай, Аатынхан овогт Данзангийн Цэцэгмаагийн 1984 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 1992 оны 2 дугаар сарын 09-ний өдөр хүртэл Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Ботгон бригадад малчнаар, 1992 оны 2 дугаар сарын 09-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал ХК-д малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА