Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 333

 

 

 

 

 

 

2019 оны 06 сарын 26 өдөр                Дугаар 153/ШШ2019/00333             Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Зэрэг сумын Хөндлөн багт оршин суух, тоот регистрийн дугаартай, Тогосой овогт Батхуягийн ийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Б., хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг, гэрч М.Мөнгөнцэцэг, Ё.Орломжав, нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 1967 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Ховд аймгийн Зэрэг суманд төрсөн. Бага насаа аав, ээжийн гар дээр өнгөрөөж, 1975 онд Ховд аймгийн Зэрэг сумын 8 жилийн дунд сургуульд элсэн орж, 1983 онд 8 дугаар ангиа төгссөн. Дунд сургуулиа төгсөөд Залуучуудын Эвлэлийн илгээлтээр Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Бураа бригадад /3 дугаар бригад/ өөрийн аав Т.Батхуягийн суурьт туслах малчнаар ажиллаж, ажил хөдөлмөрийн гараагаа эхэлсэн бөгөөд цалин хөлс аавын нэр дээр гардаг байсан. Аав Т.Батхуяг нь ямаа голдуу бог мал малладаг байсан.

Миний бие нь Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Бураа бригадад 1983 оны 6 сарын 1-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Т.Батхуягийн суурьт малчнаар ажилласан. Б.Замбагацэцэг миний бие нь 8 хүүхэд төрүүлсэн. Алдарт эхийн I, II дугаар одонтой. Миний бие нь одоо ч Ховд аймгийн Зэрэг сумандаа хувиараа мал маллаж амьдарч байна. Иймд Б.Замбагацэцэг намайг Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Бураа бригадад 1983 оны 6 сарын 1-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Б.Замбагацэцэг нь Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Бураа бригадад 1983 оны 6 сарын 1-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагатай холбогдуулан дараах баримтууд хэрэгт авагджээ. Үүнд:

-Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 253 дугаартай лавлагаа,

-Ховд аймгийн Зэрэг сумын Бураа бригадын 1984-1986, 1988 оны Т.Батхуягийн нэр дээрх 70-р дансны хуулга,

-Б.Замбагцэцэгийн нэр дээрх 1988 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн хөдөлмөрийн дэвтэр,

-Б.Замбагацэцэгийн 019186 дугаартай тэтгэмжийн дэвтэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Б.Замбагацэцэгийн 59411 дугаартай Алдарт эхийн 1 дүгээр, 2 дугаар одонгийн үнэмлэхийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Б.Замбагацэцэг, Ц.Нямдорж нарын 23 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Ц.Ганболдын нас барсны бүртгэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Б.Замбагацэцэгийн 0766897 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримтууд цугларчээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан дээрх нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэв.

Хүсэлт гаргагч Б.Замбагацэцэг нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Хэрэгт авагдсан Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 253 дугаартай лавлагаагаар ирүүлсэн Ховд аймгийн Зэрэг сумын Бураа бригадын 1986, 1988 оны Т.Батхуягийн нэр дээрх 70-р дансны хуулгад Замбага гэх нэр орсон, мөн хүсэлт гаргагч Б.Замбагацэцэгийн шүүх хуралдаанд гаргасан ...Батхуяг гэж миний аав, Идэш гэж манай ээж, Отгоо гэж манай ах, Замбага гэж би... гэх тайлбараар хүсэлт гаргагч Б.Замбагацэцэг нь Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Бураа бригадад 1986 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдал нь нотлогдож байх тул хүсэлтийн энэ хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. Түүний 1987 онд малчнаар ажиллаж байсан талаарх баримт хэрэгт авагдаагүй ч хүсэлт гаргагч Б.Замбагацэцэг нь 1986, 1988 онд малчнаар ажиллаж байсан нь нотлогдож байх тул хүсэлт гаргагч Б.Замбагацэцэгийг 1987 онд Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Бураа бригадад малчнаар ажиллаж байсан гэж үзэх боломжтой.

Харин хэрэгт авагдсан Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 253 дугаартай лавлагаагаар ирүүлсэн Ховд аймгийн Зэрэг сумын Бураа бригадын 1984-1985 оны Т.Батхуягийн нэр дээрх 70-р дансны хуулгад хүсэлт гаргагч Б.Замбагацэцэгийн нэр ороогүй тул түүний эцэг Т.Батхуягийн нэр дээрх баримтаар хүсэлт гаргагч Б.Замбагацэцэгийн ажиллаж байсан байдлыг тогтоох боломжгүй байна.

Хүсэлт гаргагч Б.Замбагацэцэг нь шүүхэд гаргасан тайлбартаа ...би Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Бураа бригадад өөрийн аав Т.Батхуягийн суурьт туслах малчнаар ажиллаж байсан... гэж тайлбарлах боловч энэ нь бичгийн баримтаар нотлогдохгүй байна.

Мөн хэрэгт Б.Замбагацэцэгийн нэр дээрх хөдөлмөрийн дэвтэр эх хувиар авагдсан бөгөөд тус дэвтрийн 8-15 дугаар хуудаст ажилласан хоног, авсан хөлсийн талаарх бичилт хийгдсэн, харин тус хөдөлмөрийн дэвтэрт эрхэлсэн ажлын талаарх ямар нэгэн бичилт хийгдээгүй байна. Өөрөөр хэлбэл энэхүү хөдөлмөрийн дэвтрийн 8-15 дугаар хуудаст бичигдсэн ажилласан хоног, авсан хөлсийн талаарх бичилт нь түүнийг малчнаар ажиллаж байх хугацаанд авсан хөлсийн талаарх бичилт болох нь нотлогдохгүй байна. Мөн энэ нь хүсэлт гаргагч Б.Замбагацэцэгийн шүүхэд гаргасан ...би Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Бураа бригадад өөрийн аав Т.Батхуягийн суурьт туслах малчнаар ажиллаж байсан. Цалин хөлс миний аавын нэр дээр гардаг байсан... гэх тайлбараар няцаагдаж байна.

Хүсэлт гаргагчийн хүсэлтээр шүүх хуралдаанд гэрчээр М.Мөнгөнцэцэг, Ё.Орломжав нарыг асуусан боловч тэдгээр нь Ховд аймгийн Зэрэг сумын Бураа бригадад 1983-1990 онд ажиллаж байсан талаарх баримт хэрэгт авагдаагүй бөгөөд гэрчийн мэдүүлэг нь бичгийн нотлох баримтаар нотлогдохгүй байна.

Иймд хүсэлт гаргагч Б.Замбагацэцэгийг 1983 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл, 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ямар нэгэн хөдөлмөр эрхэлж байсан байдлыг үгүйсгээгүй, харин малчнаар ажиллаж байсан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байх тул дээрх хугацааны баримтаа бүрдүүлэн дахин шүүхэд хандах эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Хавтаст хэрэгт авагдсан Б.Замбагацэцэгийн нэр дээрх 019186 дугаартай тэтгэмжийн дэвтэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Б.Замбагацэцэгийн нэр дээрх 59411 дугаартай Алдарт эхийн 1 дүгээр, 2 дугаар одонгийн үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ц.Ганболдын нас барсны бүртгэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар нь түүний малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтэд хамааралгүй, хавтаст хэрэгт авагдсан Д.Сандагчулуун, М.Мөнгөнцэцэг нарын тодорхойлолтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул хэрэгт баримтаар үнэлээгүй болно.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ПЕ67040904 тоот регистрийн дугаартай, Тогосой овогт Батхуягийн Замбагацэцэгийн 1986 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Бураа багт малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Хүсэлт гаргагч Б.Замбагацэцэгийн 1983 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл, 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлын талаарх баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Б.МАРИНА