| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Даваанямын Оюумаа |
| Хэргийн индекс | 128/2020/0056/З |
| Дугаар | 221/МА2025/0090 |
| Огноо | 2025-02-04 |
| Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 221/МА2025/0090
“ГСТ” ТӨҮГ-ын
гомдолтой захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Г.Билгүүн
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч О.Оюунгэрэл
Илтгэгч: шүүгч Д.Оюумаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М
Гомдол гаргагч: “ГСТ” ТӨҮГ
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Д.Х, Ч.М
Нэхэмжлэлийн шаардлага: “Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Д.Х, Ч.М нарын 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн ******** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 914 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М
Хариуцагч улсын байцаагч Д.Х, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Галцэцэг
Хэргийн индекс: 128/2020/0056/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гомдол гаргагч “ГСТ” ТӨҮГ нь Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Д.Х, Ч.М нарт холбогдуулан “Улсын байцаагчийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн ******** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 914 дүгээр шийдвэрээр: “Татварын ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1, 1.1, 1.14, 1.5 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 4.1 дүгээр 1, 2 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 2.6 дахь хэсэг, 1.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хэсгийн 1.1 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч ГСТ төрийн өмчит үйлдвэрийн газар /хуучин нэрээр ГСТ ТӨААТҮГ/-ын гаргасан Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын улсын байцаагч Д.Х, Ч.М нарын 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн ******** дугаартай Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож...” шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. “...Зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч буюу итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох Захиралд мэдэгдээгүй. Тодруулбал, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн тогтоолоор ГСШТ-ийн захирал Ө.О ыг чөлөөлж, Э.Тыг томилсон. Анхан шатны шүүхээс татварын улсын байцаагч нараас ГСШТ-ийн 2014-2018 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд иж бүрэн татварын хяналт шалгалт явуулах цаг хугацааны туршид тус компанийг төлөөлөх эрхтэй этгээд нь Ө.О байсан гэж дүгнэсэн бөгөөд хариуцагч татварын байцаагч нарыг 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Шийтгэл хуудсыг үйлдэн гаргах, уг эрх зүйн баримт бичгээр тус компанид захиргааны хариуцлага тооцохдоо холбогдогчийг төлөөлөх эрхтэй этгээд нь солигдсон гэдгийг мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан гэж үзэх цаг хугацаа байгаагүй гэж үзэн Ө.О т мэдэгдсэн гаргасан шийдвэрээ тус байгууллагад хүргүүлснийг хуульд нийцсэн гэж үзнэ гэж дүгнэсэн.
3.2. Гэтэл Компанийн тухай хуулийн 83.1-д “Гүйцэтгэх удирдлага нь компанийн дүрэм болон төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-гүй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна”, 83.2-т “Компанийн дүрэмд гүйцэтгэх удирдлагыг багаар хэрэгжүүлэхээр заагаагүй бол хувь хүн хэрэгжүүлнэ”, 83.3-д “Хувь хүн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байгаа тохиолдолд уг этгээд компанийн гүйцэтгэх захирал байна”, 83.8-д “Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна" гэж тус тус заасан бөгөөд уг хүн бол Э.Т бөгөөд шалгалт хийх цаг хугацааны туршид байсан этгээд болох Ө.О ыг төлөөлөх бүрэн эрхтэй гэж үзсэн нь хуульд үл нийцнэ. Мөн тухайн цаг хугацааны явцад Э.Тд зөрчлийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх аль эсвэл ердийн журмаар шийдвэрлүүлэх байсан зэрэг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1, 32.1-д заасан эрхийг эдлүүлэх боломжийг олгоогүй эрхийг нь хязгаарласан. Мөн Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэхэд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т заасны дагуу холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байх ёстой байдаг. Гэтэл сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зүйл байхгүй байхад хялбаршуулсан журмаар зөрчлийг шалган шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
3.3. ...Ө.О ГСШТ-ийн Захирал албан тушаалаас чөлөөлөгдөж түүний оронд Э.Т томилогдсон билээ. Э.Т уг хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хууль бус гэж үзэн түүнийг эс зөвшөөрч Татварын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.6-д заасны дагуу Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан билээ.
3.4. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 520 дугаар магадлалаар “...хэдэн оны ямар алдагдлыг аль дүнгээс хассан, мөн хэрэгт авагдсан тус хуулийн этгээдээс татварын байгууллагад удаа дараа санхүүгийн хүндрэлтэй холбоотой татвараа хугацаанд нь төлөөгүй, график гарган хэсэгчлэн төлөх талаар хүргүүлж байсан албан бичгүүд торгууль, алдангийн хэмжээг тооцох хугацаанд нөлөөлсөн эсэх зэргийг тодруулаагүй байна. Иймд тоо тооцооллын зөрүүг арилгах шаардлагатай.” гэсэн бөгөөд үүнтэй холбоотойгоор хүсэлтийг гаргасан ч анхан шатны шүүхээс олон удаа хойшлуулсан учир хүсэлтийг хангах боломжгүй гэж шийдвэрлэсэн. Уг хүсэлтийг хангахгүй байх нь нэхэмжлэгч хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулах, буруу бодсон татварыг төлүүлэх, санхүүгийн том хүндрэлд оруулах нөхцөл байдал бүрдэж нэхэмжлэгчийн эрхийг хязгаарласан гэж үзэж байна.
3.5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 3-д “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тэмдэглэсүгэй” гэсэн байх бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т “Энэ хуулийн 113.1-д заасан шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш таван хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй”, 113.1-д “Энэ хуулийн 112.1.3, 112.4-д заасан маргааныг хянан шийдвэрлээд гаргасан шүүхийн шийдвэрийг таван хоногийн дотор бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурж, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авна”, 112.1.3-д “хуульд өөрөөр заагаагүй бол Монгол Улсыг Их Хурлын болон Ерөнхийлөгчийн сонгуулийн маргаан”, 112.1.4-д “Өмгөөллийн тухай хуулийн 7.7, 37.1-д заасан маргаан”, Өмгөөллийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7-д “Хуульч өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрх олгохоос татгалзсан тухай шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргах эрхтэй”, 37.1-д “Мэргэжлийн хариуцлагын хорооны шийдвэрийг уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд өмгөөлөгч, эсхүл хүсэлт, гомдол, мэдээллийг ирүүлсэн этгээ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргах эрхтэй” гэж тус тус заасан байдаг. Гэтэл анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэгдсэн маргаан нь дээрх маргааны төрөл биш байтал анхан шатны шүүх давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг хүртэл үндэслэлгүйгээр багасгаж нэхэмжлэгчийн эрхийг ноцтой зөрчиж байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
4. Хариуцагчаас нэхэмжлэгчийн гомдлыг үгүйсгэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэр тус хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
2. Шүүх дараах үндэслэлээр гомдлыг хангахгүй орхив.
2.1. Гомдол гаргагч “ГСТ” ТӨҮГ /хуучнаар ГСТ ТӨҮААТГ/-аас “Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Д.Х, Ч.М нарын 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн ******** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг гаргасан байна.
2.2. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Хариуцагч Татварын улсын байцаагч нар нь 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 04 дугаартай Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлээр “ГСТ ” ТӨҮГ-ыг
1. 2016 онд 15,213,671.0, 2018 онд 9,501,091.0 төгрөгийн албан татвар ногдох орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тусгаагүй, албан татвар ногдуулж төлөөгүй;
2. 2016 онд 16,963,160.0 төгрөгийн хувь хүнд олгосон хөдөлмөрийн хөлс, шилжүүлсэн орлогыг суутгагчийн хувь хүнд олгосон орлогоос суутгасан албан татварын ногдуулалт, төлөлтийн тайланд тусгаагүй, татвар ногдуулж төлөөгүй;
3. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын ногдуулалт, төлөлтийн тайлангаар ногдуулсан албан татвар 2015 онд 10,643,372.30, 2018 онд 33,942,995.50 төгрөгийг хуульд заасан хугацаанд төсөвт төлөөгүй 50-310 хоног хожимдуулсан;
4. Хувь хүний орлогын албан татварын ногдуулалт, төлөлтийн тайлангаар ногдуулсан албан татвар 2016 онд 63,932,108.30, 2017 онд 41,359,453.60, 2018 онд 21,401,290,10 төгрөгийг хуульд заасан хугацаанд төсөвт төлөөгүй 50-263 хоног хожимдуулсан;
5. 2016 онд 226,868,965.10, 2017 онд 388,235,237.10, 2018 онд 408,472,349.60 төгрөгийн тайлангаар ногдуулсан нэмэгдсэн өртгийн албан татварыг хуулийн хугацаанд төсөвт төлөөгүй 320-324 хоног хожимдуулсан зэрэг зөрчлүүдийг гаргасан гэж үзээд, маргаан бүхий 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн ******** дугаар шийтгэлийн хуудсаар нэхэмжлэгчийг 2014-2018 онуудад татвараа үнэн зөв тодорхойлж, тайлагнах, төлөх үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр 275,461,264.80 төгрөг, хохирол 144,792,881.20 төгрөг, нөхөн төлбөрийн 2,646,425.0 төгрөг нийт 422,300,571.00 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.
2.3. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн зорилт нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үндэслэл, журмыг тогтоож, зөрчлийг шалгах, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах, энэхүү ажиллагааны явцад хүн, хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад оршино” гэж Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн зорилгыг тодорхойлсны зэрэгцээ Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 2-т Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна, 3.1 дүгээр зүйлийн 1-д Шийтгэлийн зорилго нь хүн, хуулийн этгээдийг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, шударга ёсыг тогтооход оршино гэж шийтгэл оногдуулах үндэслэлийг тусгасан бөгөөд хүн, хуулийн этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан тодорхой төрлийн зөрчлийн шинжийг хангасан тохиолдолд шийтгэл гарцаагүй байх нь шударга ёсны зарчимд нийцэх талаар хууль тогтоогчоос тусгайлан зохицуулсан.
2.4. Маргааны үйл баримт болон маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийн талаар анхан шатны шүүхээс “...Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсанд холбогдогчийн гомдол гаргах хугацаа болон хэнд хандаж гомдол гаргах талаар заасан байхыг оруулаагүй байгаа учраас уг батлагдсан загварын дагуу Шийтгэлийн хуудсыг бичсэн хариуцагч нарыг журам зөрчсөн гэж үзэхгүй, нэхэмжлэгч өөрийнх нь үзэж байгаагаар алданги хэд хоног байх ёстой гэж тооцсон талаар тооцоолол байхгүй, мөн түүнчлэн нэмэгдсэн өртгийн албан татварыг бүхэл үнийн дүнгээс тооцсон, зардал хасч тооцоогүй гэж байгаа ч нэмэгдсэн өртгийн албан татварыг ямар дүнгээс, ямар журмын дагуу тооцох, ямар зардлыг хасах, хэдэн төгрөг хасах талаараа тооцоолол байхгүй, энэ талаараа тодорхой тайлбар гаргаагүй, холбогдох нотлох баримтыг гаргаж өгөөгүй, нэхэмжлэгчийн татвар тайлагнах, төлөх эцсийн хугацаа нь жил бүрийн 02 дугаар сарын 20-ны дотор байгаа бөгөөд уг хугацаанаас хойш хоногийг тоолж, 324 хоног төлөөгүй гэж тооцсон нь үндэслэлтэй” гэж тус тус дүгнээд, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх төдийгүй хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэргийн үйл баримтад холбогдуулан хэрэглэвэл зохих Зөрчлийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн гэж дүгнэх үндэслэлтэй байна.
2.5. Учир нь Татварын ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д “Татварын хяналт шалгалтыг хийх явцад Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил илэрсэн тохиолдолд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу шийдвэрлэнэ” гэж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд зөрчил шалган шийдвэрлэх явцад дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд мөн зүйлийн 1.1-д “хуулиар харьяалуулсан зөрчлийг өөрөө илрүүлсэн, эсхүл зөрчлийн тухай гомдол, мэдээлэл ирүүлснийг хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх” гэж, 1.14-д “хуульд заасан бусад” гэж, мөн зүйлийн 1.5-д “зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах”, 6.6 дугаар зүйлийн 1-д “Дараахь үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг газар дээр нь, эсхүл хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ”, 1.1-д “зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол” гэж тус тус заасан бөгөөд эрх бүхий этгээдээс хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил нь нотлох баримтаар хангалттай тогтоогдсон, ил тодорхой тохиолдолд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх бүрэн эрхийг хуулиар олгосон байна.
2.6. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд өмнө нь тухайн маргааны үйл баримтад холбогдуулан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 520 дугаар магадлалаар “...торгууль, алдангийг буруу тооцсон, шийтгэлийн хуудсан дээрх дүн нь хяналт шалгалтын үеийн тооцооллоос зөрүүтэй гэсэнтэй холбоотойгоор нотлох баримт цуглуулаагүй, ... хэдэн оны ямар алдагдлыг аль дүнгээс хасч тооцсон, ...зэргийг тодруулаагүй гэж дүгнээд ...холбогдох тооцооллын зөрүүг тодруулах, үүний үндэслэл болсон баримтыг цуглуулах, гомдлын үндэслэлд дүгнэлт өгөх шаардлагатай” гэж үзэж хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр буцаасан байх ба үүний дагуу анхан шатны шүүхээс 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 14 дугаартай тогтоолоор ...“ГСТ ” ТӨААТҮГ-т хийсэн татварын хяналт шалгалтаар илэрсэн зөрчилд ногдуулсан төлбөрийн тооцоотой холбоотой асуудлыг тодруулахаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлжээ.
2.7. Харин Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 10/3444 дүгээр албан бичгээр “...шинжилгээнд “ГСТ ” ТӨААТҮГ-ын санхүүгийн баримтыг ирүүлээгүй тул буцаав” гэж, 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 10/5986 дугаар албан бичгээр “...холбогдох анхан шатны баримтуудыг ирүүлэх шаардлагатай” талаар мэдэгдсэн байх бөгөөд улмаар шүүхээс энэ талаар баримтуудыг хэргийн оролцогч нараас шаардахад хариуцагч “...2014 оны 01-12 дугаар саруудын НӨАТатварын тайлан, 2014, 2015 оны ААНОТатварын тайлан, 2014, 2018 оны ХХОАТатварын тайлангуудыг Татварын албаны программаас татан авч хүргүүлэв. Бусад баримтууд нь “ГСТ ” ТӨААТҮГ-аас гарах болно” гэж, нэхэмжлэгч “...Татварын улсын байцаагчдын хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны материалд шинжээч дүгнэлт гаргахад шаардлагатай холбогдох бүхий л мэдээллийг гаргаж өгсөн бөгөөд түүний хүрээнд ажиллах, дүгнэлт гаргах бүрэн боломжтой гэж үзэж байна” гэх хариуг тус тус шүүхэд ирүүлж, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 10/7043 дугаар албан бичгээр “...дүгнэлт гаргахад шаардлагатай шинжилгээний объектыг ирүүлээгүй тул буцаав” гэж, 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 10/905 дугаар албан бичгээр “...Тус шинжилгээний онцлог, цар хүрээнээс шалтгаалан шинжилгээ хийж дүгнэлт гаргах боломжгүй байна. Шинжилгээ хийх хугацааг сунгаж өгнө үү” гэж, 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 10/1749 дүгээр албан бичгээр “...шинжилгээний объектууд нь хуулбарласан, шаардлагатай баримт дутуу тул захирамжийн дагуу ГСТ-н архивд байх санхүүгийн баримтад шинжилгээ хийхээр очиход шинжлэх баримтуудыг танилцуулах боломжгүй гэж татгалзсан тул ирүүлсэн баримт, ГСТ ос ирүүлсэн албан бичгийг хүргүүлж байна” гэх хариуг мөн ирүүлсний дагуу анхан шатны шүүхээс 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 1/9158, 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 1/4935 дугаартай албан бичгүүдээр “ГСТ ” ТӨҮГ-т хууль, сануулж, нотлох баримт гаргуулахыг тус тус мэдэгдсэн байх ба Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 06/3298 дугаар албан бичгээр “...Шинжилгээ хийж дүгнэлт гаргахад тухайн шинжилгээний объект эх хувиар биш хуулбарласан, шаардлагатай баримт дутуу тул “ГСТ ” ТӨААТҮГ-ын архивд байх санхүүгийн баримтад Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын Эдийн засгийн шинжилгээний хэлтсийн шинжээч шинжилгээ хийхээр 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр очиход анхан шатны баримтуудыг танилцуулах боломжгүй гэж татгалзан, танилцах боломжоор хангаагүй, ...иймд шинжээч дүгнэлт гаргахаас татгалзаж, буцаасан” зэрэг үйл баримтууд тогтоогдож байна.
2.8. Дээрх байдлаар анхан шатны шүүхээс Давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан ажиллагааг хийхээр холбогдох ажиллагааг явуулж, тодорхой арга хэмжээнүүдийг авсан байгаа энэ тохиолдолд шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, хэргийг шийдвэрлэснийг буруутгах боломжгүй. Өөрөөр хэлбэл гомдол гаргагч нь гомдлын шаардлагын үндэслэлээ нотлох үүргээ хэрэгжүүлээгүй атлаа шинжээчийн дүгнэлт гаргахад шаардлагатай баримтуудыг өгөхөөс татгалзаж, дүгнэлт гаргах ажиллагаанд саад учруулж, улмаар шинжээчийн дүгнэлт гаргах боломжгүйд хүргэсэн байх тул гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсанаар дахин шинжээч томилуулах, нотлох баримт гаргуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгосныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэхгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй.
2.9. Тодруулбал, Татварын ерөнхий хууль /2008 он/-ийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Татвар төлөгч дараахь үүрэг хүлээнэ” гээд 18.1.1-д “татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх”, 18.1.2-т “татвар ногдуулах, төлөхтэй холбогдсон тооцоо, мэдээ, тайланг гаргаж тогтоосон хугацаанд татварын албанд ирүүлэх”, 18.1.3-д “анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам болон нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хөтөлж, санхүү,аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэл гаргах”, 18.1.6-д “бусдад олгох хөдөлмөрийн хөлс, шилжүүлсэн орлогод ногдох татварыг үнэн зөв суутган тооцож, тогтоосон хугацаанд төсөвт төлөх” үүрэгтэй гэж тус тус заасан ба 43.5-д “Татварын тайлан тушаах, төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох ба татвар төлөх, тайлагнах эцсийн хугацаа адил байна” гэж,
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Албан татвар суутган төлөгч нь борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг доор дурдсан журмаар дараа сарын 10-ны өдрийн дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, баталсан маягтын дагуу тайлангаа харьяалах татварын албанд тушаана”, 16.1.1-д “тухайн сард борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд ногдох албан татварыг албан татвар төлөгч өөрөө төсөвт төлөх” гэж,
Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн арван нэгдүгээр бүлгийн 11.19 дүгээр зүйлийн 1.1-д “татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийг нуун дарагдуулсан, эсхүл бусад хүн, хуулийн этгээдэд үндэслэлгүйгээр шилжүүлсэн, эсхүл нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд тусгахгүй орхигдуулсан бол татварыг нөхөн төлүүлж хүн, хуулийн этгээдийг нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно”, мөн зүйлийн 2-т “Татварыг хугацаанд нь төлөөгүй бол хүн, хуулийн этгээдийг хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй татварын дүнгийн 0.1 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж тус тус заасан бөгөөд гомдол гаргагчаас 2016 онд 15,231,671.00 төгрөг, 2018 онд 9,501,091.00 төгрөг, нийт 24,732,762.00 төгрөгийн албан татвар ногдох орлогыг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тусгаагүй, хуульд заасан хугацаанд борлуулсан бараа, ажил үйлчилгээнд ногдох албан татварыг суутгаж, төсөвт төлөөгүй талаар маргаагүй, харин хасагдах зардлыг тооцоогүй бүхэл үнийн дүнгээс татвар ногдуулсан, алдангийн хоног, хэмжээ зөрүүтэй гэж тайлбарлаж байгаа нь нэгэнт хуульд заасан албан татвар ногдох орлогыг тайлагнаагүй, тайлангаар ногдуулсан албан татварыг хуулийн хугацаанд төлөлгүй хугацаа хэтрүүлсэн бол зөрчилд тооцох дээрх хуулийн заалтыг зөрчсөнийг зөвтгөх үндэслэл болохгүй. Иймд хариуцагчаас уг зөрчлүүдэд 275,461,264.80 төгрөгийн төлбөр, 144,792,881.20 төгрөгийн хохирол, 2,646,425.00 төгрөгийн алданги, нийт 422,900,571.00 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан ******** дугаар шийтгэлийн хуудас нь хууль зөрчөөгүй, энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэжээ.
2.10. Түүнчлэн гомдол гаргагчаас гомдлын шаардлагын үндэслэлээ маргаан бүхий шийтгэлийн хуудас нь хэлбэрийн шаардлага хангаагүй гэх агуулгаар тайлбарлаж байх боловч тус шийтгэлийн хуудас нь Засгийн газрын 2017 оны 194 дүгээр тогтоолоор баталсан Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудасны маягтын загварт нийцсэн байх төдийгүй зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гомдлын үндэслэлд анхан шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
2.11. Тус маргаан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.4.3-д заасан гомдлоор үүсэх хэрэг, маргаанд хамаарах бөгөөд мөн хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш таван хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй байхаар хуульчилсан тул гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...анхан шатны шүүх давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг үндэслэлгүйгээр багасгаж нэхэмжлэгчийн эрхийг ноцтой зөрчиж байна” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.
Иймд гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэл тогтоогдохгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 914 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан гомдол гаргагчаас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авснаас хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
ШҮҮГЧ Д.ОЮУМАА