| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2019/00262/И |
| Дугаар | 336 |
| Огноо | 2019-06-26 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 336
2019 оны 06 сарын 26 өдөр Дугаар 153/ШШ2019/00336 Ховд аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Мянгад сумын Цагаанбулан багт оршин суух, ПЗ68122107 тоот регистрийн дугаартай, Хүрдээнхэн овогт Түвшингийн ын хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Чулуун, нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Т. шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1968 онд Ховд аймгийн Мянгад суманд төрсөн, сургуульд суугаагүй, бичиг үсэг үл мэднэ. Бага наснаасаа аав, ээж хоёртойгоо мал маллаж ирсэн. 1990 онд Т.Жаргалтай гэр бүл болж 4 хүүхэд төрүүлсэн. Нөхөр 2014 онд нас барсан, өрх толгойлсон эмэгтэй.
Би 1983 оны 1 дүгээр сараас 1991 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл тасралтгүй Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд мал малласан. Одоо ч малаа малласаар байна. Иймд Т. намайг хөдөлмөрийн дэвтэр, архивын лавлагаа, гэрчийн мэдүүлэг зэргийг үндэслэн Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд 1983 оны 1 дүгээр сараас 1991 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажилласан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Чулуун шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т. нь 1983-1991 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэвч тэрээр Ажилласан жил тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд хамрагдаж 1990-2000 оныг дуустал тооцуулсан. Иймд нэхэмжлэлд давахцуулсан 1990-1991 оныг хасаж, Т. ыг 1983 оноос 1989 оныг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Т. нь 1983 оноос 1991 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасныг түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Чулуун нь шүүх хуралдаан дээр 1983 оноос 1989 оныг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагыг багасгалаа. Хүсэлт гаргагч Т. нь итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Чулуунд нэхэмжлэлийн шаардлагыг багасгах эрхийг олгосон байх тул түүний ажиллаж байсан байдлыг багасгасан шаардлагын хүрээнд хянан шийдвэрлэсэн болно.
Хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагатай холбогдуулан дараах баримтууд хэрэгт авагджээ. Үүнд:
-Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 524 дугаартай лавлагаа,
-Ховд аймгийн Мянгад сумын Цагаанбулан бригадын 1983-1984, 1986-1989 онуудын Түвшин, нарын нэр дээрх 70-р дансны хуулбарууд,
-Т ын нэр дээрх эрхэлсэн ажлын талаарх бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Т. ын нэр дээрх 0701586 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Т. ын 1988-1989 онд багийн малчин эмэгтэйчүүдийн чуулга уулзалтын үеэр авахуулсан гэх гэрэл зураг,
-Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа,
-Гэрч Б.Нохойжавын шүүхэд өгсөн ...Т. нь Түвшин гэдэг айлын бага охин бөгөөд сургуульд сурч байгаагүй. Бага наснаасаа эхлэн эцэг, эхийн хамт мал маллаж байгаад П.Жаргал гэдэг хүнтэй гэр бүл болсон. Тэрээр нэгдэл тарах хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн мал маллаж байсан.Би 1980-1990 он хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байсан гэх мэдүүлэг,
-Гэрч О.Мөнхжаргалын шүүхэд өгсөн ...би 1966 онд Улаанбаатар хотод төрөөд мөн жилээ эцэг эхийн хамт Ховд аймгийн Мянгад суманд шилжин ирсэн. Тэгээд 1981 онд 8-р анги төгсөөд Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд малчнаар 1991 он хүртэл ажилласан. Т. нь Түвшин гэдэг айлын бага охин бөгөөд сургуульд сурч байгаагүй. Бага наснаасаа эхлэн эцэг, эхийн хамт мал маллаж байгаагд П.Жаргал гэдэг хүнтэй гэр бүл болсон. Тэрээр нэгдэл тарах хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн мал маллаж байсан гэх мэдүүлэг,
-Гэрч О.Мөнхжаргалын нэр дээрх Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 67 дугаартай шийдвэрийн хуулбар зэрэг баримтууд хэрэгт авагджээ.
Хүсэлт гаргагчийн хүсэлтээр Т. тай 1983 оноос 1989 оныг дуустал хамт ажиллаж байсан гэх О.Мөнхжаргалыг гэрчээр асуусан бөгөөд О.Мөнхжаргал нь Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 67 дугаартай шийдвэрийн хуулбараар нотлогдож байна.
Хэрэгт авагдсан дээрх баримтуудаар хүсэлт гаргагч Т. нь 1983 оноос 1989 оныг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байсан нь нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ПЗ68122107 тоот регистрийн дугаартай, Хүрдээнхэн овогт Түвшингийн ын 1983 оноос 1989 оныг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА