| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2019/00314/И |
| Дугаар | 337 |
| Огноо | 2019-06-26 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 337
2019 оны 06 сарын 26 өдөр Дугаар 153/ШШ2019/00337 Ховд аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Үенч сумын Нарийн гол багт оршин суух, регистрийн дугаартай, Хар хүүхэн овогт Баастайн гийн хүсэлттэй үрчлэлт хүчингүйд тооцуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б. шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Баастай овогтой Баатархүү нь 2004 оны 8 дугаар сарын 06-нд төрсөн хүү Бүрэнбат /регистрийн дугаар ПК 04280611/-ыг хүүхэд тогтохгүй байсан тул аав Баастай, ээж Хүрэлмаа нарт үрчлүүлсэн. Түүний дараа 2 хүүхэд төрж эсэн мэнд бойжиж сургуульд сурч байгаа бөгөөд хүү Бүрэнбат нь аавын нэр дээр бүртгэлтэй боловч өөрийн төрсөн гэртээ амьдарч ирсэн. Миний аав Баастай 2008 оны 6 дугаар сарын 20-ны өдөр нас барж, ээж Хүрэлмаа 64 настай өндөр насны тэтгэвэрт гарсан. Хуулиар 60 наснаас дээш настай хүнд хүүхэд үрчлүүлэх нь хориотой байдаг юм байна. Б.Бүрэнбат нь сургуульд орохдоо төрсөн эцэг Б. гээр овоглож бүх бичиг баримтууд нь бүгд Баатархүүгээр явдаг. Тэгээд бичиг баримтуудын зөрчил гараад байна. Иймд үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч нь 2004 оны 8 дугаар сарын 6-ны өдөр төрсөн хүү Б.Бүрэнбатыг 2008 оны 6 дугаар сарын 17-ны өдөр М.Баастайд үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцуулахыг хүсжээ.
Б.Баатархүү, Я.Түмэндэмбэрэл нар нь 2004 оны 8 дугаар сарын 06-ны өдөр хүү Б.Бүрэнбатыг төрүүлж, 2008 оны 6 дугаар сарын 17-ны өдөр М.Баастайд үрчлүүлэн, Ховд аймгийн Үенч сумын хүүхэд үрчилсний бүртгэлийн 100 дугаарт бүртгүүлж, төрсний гэрчилгээ авсан болох нь үрчилсний бүртгэлийн 3 дугаартай гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Б.Бүрэнбатын төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хүсэлт гаргагч болон гэрч нарын тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хүү Б.Бүрэнбатыг үрчилж авсан М.Баастай нь 2008 оны 6 дугаар сарын 20-ны өдөр нас барсан болох нь хэрэгт авагдсан Нас барсны бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байна. Мөн үрчилж авсан М.Баастайн эхнэр Б.Хүрэлмаа нь тус үрчлэлтийг хүчингүй тооцуулахыг зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд өгсөн ...Б.Баатархүү нь миний 3 дахь хүү. Б.Бүрэнбат нь багадаа их өвддөг байсан учир түүний бид нар үрчилж авсан. Манай хөгшиний нэрээр овоглодог боловч тэрээр төрсөн эцэг эхийн хамт амьдардаг байсан. Одоо Б.Бүрэнбат нь 2 дүүтэй. Би өндөр настай хүн, хөгшин Баастай нас барсан. Иймд Б.Бүрэнбатын үрчлэлтийг хүчингүйд тооцуулахыг зөвшөөрч байна гэх мэдүүлэгээр, хүү Б.Бүрэнбатын шүүхэд өгсөн ...би аав, ээжтэйгээ хамт амьдардаг. Намайг бага байхад өвөө Баастайд үрчлүүлсэн гэсэн. Гэхдээ би өвөөгөө сайн мэдэхгүй байна. Манай эмээ Б.Хүрэлмаа нь өндөр настай хүн. Миний бичиг баримтуудад бичигдсэн Баастай, Баатархүү гэх овог зөрчилтэй болоод байгаа тул энэ үрчлэлтийг хүчингүй тооцуулахыг зөвшөөрч байна гэх мэдүүлэгээр нотлогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т шаардлагатай гэж үзвэл бусад үндэслэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцож болно гэж заасны дагуу Б.Баатархүү нь хүү Б.Бүрэнбатыг М.Баастайд үрчлүүлсэн боловч хүү Б.Бүрэнбат нь одоог хүртэл төрсөн эцэг Б.Баатархүү, эх Я.Түмэндэмбэрэл нарын асрамжид амьдарч байгаа, үрчлэн авагч Б.Баастай нь 2008 оны 6 дугаар сарын 20-ны өдөр нас барсан нь болон бусад нөхцөл байдлуудыг харгалзан үзэж 2008 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хийгдсэн үрчлэлтийг хүчингүй болгож, хүү Б.Бүрэнбатыг төрсөн эцэг Б.Баатархүү, төрсөн эх Я.Түмэндэмбэрэл нарын асрамжид шилжүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.6, Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т заасныг баримтлан 2004 оны 8 дугаар сарын 06-ний өдөр төрсөн хүү Б.Бүрэнбатыг 2008 оны 6 дугаар сарын 17-ны өдөр М.Баастайд үрчлүүлсэн 03 тоот бүртгэлийн дугаартай үрчлэлтийг хүчингүйд тооцсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.7-д зааснаар хүү Б.Бүрэнбатыг төрсөн эцэг Хар хүүхэн овогт Баастайн Баатархүү, төрүүлсэн эх Дөнгөн овогт Янжмаагийн Түмэндэмбэрэл нарын асрамжид шилжүүлсүгэй.
3.Иргэний бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.9-д зааснаар Б.Бүрэнбатын холбогдох үрчлэлтийн талаарх бүртгэлд өөрчлөлт оруулж, төрсний гэрчилгээг сэргээж, төрсөн эцэг Б.баатархүүд олгохыг Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай.
4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хүсэлт гаргагч Б.Баатархүүгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА