Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 2023/ШЦТ/92

 

 

 

 

 

 

 

 

 

      2023            02           02                                      2023/ШЦТ/92                              

                                                                                                                     

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, улсын яллагч А.Алтангэрэл, шүүгдэгч/хохирогч М.*******, түүний өмгөөлөгч Г.Жаргалбаяр, шүүгдэгч/хохирогч Э.Зоригтбаатар, түүний өмгөөлөгч Г.Алтанчимэг, гэрч С.Хунцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос******* овогт**************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,******* овогт******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 22100 2632 1434 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1979 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 43 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын засал чимэглэлийн ажил хийдэг гэх, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдрах,******* дүүргийн 10 дугаар хороо, 2 дугаар гудамжны 47 тоотод оршин хаягийн бүртгэлтэй, одоо******* дүүргийн 10 дугаар хороо, Шинэчлэл 804 дүгээр байрны 57 тоотод түр оршин сууж байгаа гэх, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:

- Хан-Уул дүүргийн шүүхийн 2003 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 129 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, бие эрүүл, ухаан бүрэн, Халзан бааст овогт************** /РД:********/,

2. Монгол Улсын иргэн, 1970 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, аймгийн сумын Сумт Туулын шинэ хороо, 4 дүгээр гудамжны 3 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан бүрэн,******* овогт******* ******* /РД:********/.

Холбогдсон хэргийн талаар:

1. Шүүгдэгч Э.Зоригтбаатар нь 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Архивын Ерөнхий газрын зүүн талын замын хажууд иргэн М.*******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар харилцан зодолдож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд,

2. Шүүгдэгч М.******* нь 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Архивын Ерөнхий газрын зүүн талын замын хажууд иргэн Э.Зоригтбаатартай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар харилцан зодолдож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд тус тус холбогджээ.   

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч М.*******аас шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Би 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 16-17 цагийн үе эхнэрийн хамт аймаг ороод буцаж явсан. Тэгэхэд зам дээр нэг хүн гар өргөөд зогсож байсан. Миний урд талд явж байсан машинууд авахгүй байсан учраас би ч гэсэн өнгөрөөд явсан. Тэгтэл манай эхнэр “наадах чинь хөлдөх гэж байгаа хүн байна, авчих” гэхээр нь ухарч очоод авсан. Машинд суусан хүн “ахаа, хамгийн эхний автобусны буудал хүргээд өгчих, 10.000 төгрөг өгье” гэхээр нь “мөнгө төгрөг яах вэ” гээд цааш явж байхдаа “муу пиздаанууд, намайг хүчээр ажил хийлгэх гээд байна. Би хүчээр ажил хийдэг хүн мөн үү, би ална шүү дээ, тийм биз дээ ах” гэсэн зүйл яриад байхаар нь “мэдэхгүй шүү дээ” гээд буудал дээр ирээд “ингээд буучих” гэж хэлсэн.

Тэгэхэд тэр залуу өөрийнхөө утсаар нэг хүн рүү залгахад хадам ээж нь аваад “мөнгө байхгүй” гээд хэрүүл хийгээд байсан. Тэгээд дахин нэг хүнтэй ярьсан боловч мөнгө нь бас бүтээгүй. Манай эхнэрт “утсаа өгөөч, эхнэртэйгээ яриад өгье” гээд утсыг нь авсан. Эхнэр нь “наад хүмүүстэй чинь яръя” гэх шиг болоод, манай эхнэр ярихад “наад хүнээ наанаа буулгачих, би 10.000 төгрөгийг чинь шилжүүлье” гэж байсан.

Нөгөө залуу болохоор “Дэнжийн 1000 хүргээд өгчих” гэхээр нь би “тийм юм байхгүй” гэхэд “сүртэй пизда вэ” гээд байсан. Би “нялх хүүхэдтэй, тийм хол явж чадахгүй, буучих” гэхэд буухгүй байхаар нь хаалгаа онгойлгоод буулгасан боловч эргээд машинд суух гээд дайраад байсан.

Тэгж байгаад “сүртэй пизда вэ” гээд намайг нэг цохисон. Намайг “яаж байна вэ” гэх хооронд дахин нэг удаа цохисон. Тэгээд би хойш нь түлхээд унагаасан. Манай эхнэр утсаа оролдсон сууж байсан учраас юу ч мэдээгүй байсан. Би машинд суугаад, “намайг зодчихлоо, цагдаа дууд” гэж хэлсэн. Энэ үед машинаа түгжээгүй байсан учир нөгөө залуу машины хойд хаалгаар орж ирж суугаад хэрүүл хийсэн, намайг үсдэж татаад дахин цохисон.

Улмаар машинаас намайг татаж унагаагаад, доороо оруулж байгаад цохисон. Сүүлдээ амь тэмцээд “үхлээ шүү дээ, амь авраач” гэж орилсон. Эхнэр миний орилохыг сонсоод гарч ирсэн үү, мэдэхгүй ямар ч байсан машинаас гарч ирээд миний дээрээс тэр хүнийг түлхсэн үү, татсан уу, ямар ч байсан салгасан. Тэгээд намайг машинд сууя гэхэд нь босох гэсэн боловч толгой эргээд босож чадахгүй байсан. Энэ үед нөгөө залуу “нэг мөр гүйцээе” гээд чулуу хайгаад байхаар нь бид хоёр шууд яваад өгсөн. Явж байхад толгой эргээд байхаар нь замаасаа гарч зогсоод цаг гаруй болоод, цагдаагийн байгууллагад очсон. Худал мэдүүлэг өгч байгаад гомдолтой байгаа.“ гэсэн мэдүүлэг,

2. Шүүгдэгч Э.Зоригтбаатараас шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад болсон хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн. Одоо нэмж хэлэх зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж, харамсаж байгаа.“ гэсэн мэдүүлэг,

3. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Зоригтбаатарын өгсөн:

“...Би томографын зураг авхуулсан төлбөрийг нэхэмжилж байна. Хоёр нүд хөхөрсөн, 10 гаруй хоног ажилдаа яваагүй гэртээ хэвтсэн. М.******* ах гараараа намайг 4-5 удаа цохисон. Би нэг л удаа цохисон. Тухайн үед архи уусан байсан. Гэхдээ болсон үйл явдлыг санах хэмжээний ухаантай байсан. Миний нэхэмжилж байгаа 128.000 төгрөг төлөгдсөн. М.*******ад төлөгдөх ёстой байсан 496.000 төгрөгөөс өөрийн хохирлын хасаж тооцож хохирлыг хүлээлгэн өгсөн. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй.” гэсэн мэдүүлэг,

4. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.*******ын өгсөн:

“...Миний зүүн шанаа, эрүү, дагзанд 5-6 хугарал, шанаа хэсэгт цөмөрсөн гэмтэл учирсан. Уг цөмөрсөн гэмтлийг дүгнэлтэд оруулаагүй. Тухайн үедээ гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд “хагалгаа хийж болно, гэхдээ шанаа хэсгийн яс нимгэн байдаг учраас гэртээ 2 сар хөдөлгөөнгүй хэвтсэн нь дээр” гэж зөвлөсөн. Одоо толгой байнга өвддөг, цөмөрсөн хэсэгт өдөрт 3-4 удаа ухаан алдах хэмжээний хатгадаг болсон. Эмийн эмчилгээ хийлгэсэн. Толгойгоо 10 хоног бариулсан. Сүхбаатар сувилалд 10 хоног хэвтэж, өнөөдөр гарсан. Дахин үзүүлэхэд “цөмөрсөн хэсэг асуудалтай, хагалгаа хийх шаардлагатай” гэж байсан. Өөрөө хагалгаанаас айгаад байж байна. “Хугарал нь бороолсон байна” гэсэн. Нэг цохиход ийм хэмжээний бэртэл гарахгүй. Одоо сумынхаа эмчийн хяналтад байгаа.

Хохиролд Э.Зоригтбаатар 496.000 төгрөгөөс өөрийнхөө эмчилгээний төлбөрийг хасаж 380.000 төгрөг өгсөн. Би гар хүрээгүй байж энэ хүний эмчилгээний төлбөрийг төлмөөргүй байна. Өнөөдөр бариа заслын баримт өгөх гэж байгаад баримтаа авч ирж чадсангүй.” гэсэн мэдүүлэг,

5. Гэрч С.Хунцэцэгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...Би тухайн үед нөхрөө авах гэж машинаас нэг удаа буусан. Би утсаа оролдоод сууж байсан болохоор *******,******* нарыг машинаас буусныг мэдээгүй. Тэгэхэд манай нөхөр “ёо ёо цагдаа дуудаарай, энэ залуу намайг зодчихлоо” гээд нүүрээ дараад, машиндаа орж ирсэн. Намайг машинаас буухад манай нөхрийн дээр******* гараад суучихсан зодож байсан. Хамар амнаас нь цус гараад, “амь авраарай” гэж орилж байсан. тэгэхээр нь би “чи хүн аллаа, боль, тус болъё гэж бодож байхад хүнд гай боллоо” гээд*******ыг арай гэж татаж салгасан.

Надад болохоор “пизда минь, чамд ямар хамаатай юм бэ” гэж байсан. Би нөхрөө татаж босгоод гуйваад байхаар нь арай гэж машинд нь суулгахад нөгөө залуу “гүйцээе пизда” гээд цаана байсан овоолсон шороо руу явахаар нь мод чулуу барьж магадгүй гээ айгаад явсан.” гэсэн мэдүүлэг,

Хоёр. Эрүүгийн 22100 2632 1434 дугаартай хэргээс:

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад М.*******ын хохирогчоор өгсөн:

“...Би аймгийн сум, 1 дүгээр баг, Сумт Туулын шинэ хороо, 4-3 тоотод эхнэр, хүүхдийнхээ хамт оршин суудаг юм. Өнөөдөр гэртээ байж байгаад 14 цагийн үед гэрээсээ гарч аймаг орсон. Тэндээ ажил хөөцөлдөж явж байгаад 16-17 цагийн үед гэртээ харих гээд буцаж явахад манай дүү аймгийн пост дээрээс хөнжил, гудас зэрэг зүйлс аваад яваач гэхээр нь очиж аваад харих гээд явж байхад Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд байдаг Түргэний ам автозамын постын наана даарч бээрсэн эрэгтэй хүн гараа өргөөд зогсож байсан юм. Тэгэхээр нь би түүнийг аваад явъя гэж бодоод зогссон.

Тэгэхэд тэр залуу согтуу байсан ба “ах, дүүгээ хот руу оруулаад, ойрхон байгаа автобусны буудал дээр буулгачих, дүү нь 10.000 төгрөг өгье” гэхээр нь “мөнгө төгрөг яах вэ, ах нь дөхүүлээд өгье” гэж хэлээд явсан. Явж байх замдаа тэр залуу “эд нар надаар хүчээр ажил хийлгэх гэж байна, яг харагдана биз” гээд үглээд уурлаад яваад байсан.

Ингээд Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Архивын ерөнхий газрын харалдаа зүүн урд талын автобусны буудал дээр ирж зогсоод “за ахын дүү, автобусны буудал дээр ирчихлээ” гэхэд тэр залуу гар утсаа өгөөд, “энэ утсыг авчих” гэж хэлсэн.

Би “утас хэрэггүй ээ, би хүний утас шөрмөс авахгүй, мөнгө төгрөг хэрэггүй” гэхэд “би эхнэртэйгээ яриад таны мөнгийг хийе, тэгээд бууя” гэж хэлсэн. Тэгснээ утсаар яриад бүтээгүй бололтой хэрэлдээд байсан. Тэгснээ дахин “та намайг Дэнжийн 1000 хүргэж өгөөд төлбөрт нь миний утсыг авчих” гэж хэлсэн. Би “надад утас шөрмөс хэрэггүй, ах нь өөр ажилтай явж байна, нялх нойтон хүүхэд орхиод хүрээд ирсэн учир боломжгүй байна” гэхэд “мөнгийг чинь өгнө гээд байхад юун сүртэй пизда вэ” гээд бид хоёр машин дотор маргалдсан. Тэгээд би түүнийг машинаас буулгасан. Нөгөө залуу буцаад машинд суух гээд байхаар нь би хоёр удаа цээж рүү нь түлхсэн.

Тэгэхэд миний нүүр лүү 2 удаа баруун гараараа цохихоор нь би би түүнийг түлхэхэд газар унасан. Би машиндаа ороод суухад тэр залуу машин дотор орж ирээд миний хойд талд суусан ба дахин надтай маргалдсан. Тэгснээ гэнэт миний үснээс зулгааж, нүүр лүү нэг удаа цохисон. Би манараад машины суудал дээр сууж байхад тэр залуу машинаас буугаад, миний хаалгыг онгойлгоод намайг машинаас татаж газар унагааж байгаад миний дээр гарч нүүр лүү хэд хэдэн удаа цохисон. Манай эхнэр надтай цуг явж байсан болохоор энэ үед бууж ирээд тэр залууг ...надаас холдуулсан. ...Намайг зодсон хүнийг олж, эмчилгээний зардлаа гаргуулж авмаар байна.” гэсэн мэдүүлэг (хэргийн 08-09 дэх тал),

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.Зоригтбаатарын хохирогчоор өгсөн:

“...2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр би өөрийн найз Ууганбаяртай хамт 21 дүгээр хороололд явж байхдаа 0.5 литрийн савлагаатай 2 шил архи хувааж уусан. ...16-17 цагийн орчимд байшин бариулж байсан хүн бид хоёртой яриад ирж авахаар болоод ирсэн юм. Тэгэхэд Ууганбаяр тэр өдөр ажилдаа явахгүй гээд, би нөгөө хүнтэй хамт Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд байх Кувейтийн ам орох гээд явсан.

Замдаа би нөгөө хүнтэйгээ яриад, “ажилдаа маргааш ирье” гээд ...машинаас нь буучихсан юм. Тэгээд замын эсрэг талд гараад миний санаж байгаагаар 18 цагийн үед такси барих гээд гараа өргөөд зогссон. Тэгээд зогсож байхад нэг машин ирж зогссон ба тухайн үед цасаар шуурч байсан учир машины дугаар, загвар зэргийг харж чадаагүй.

Намайг машинд суухад жолооч нь эрэгтэй, хажуу талд нь нэг эмэгтэй хүн байсан болохоор би эхнэр, нөхөр гэж ойлгосон. Тэгээд жолооч нь “хаа хүрэх вэ” гэхээр нь би “Дэнжийн 1000” гэж хэлсэн. “Дэнжийн 1000 явж чадахгүй” гэхээр нь би “тэгвэл ойрхон автобусны буудал оруулаад өгчих, Нисэхийн тойрог орчихъё” гэж хэлсэн.

Улмаар Нисэхийн тойрог дээр ирээд автобусны буудлын ойролцоо ирж зогссон бөгөөд “11.000 төгрөг болсон” гэж надаас төлбөр нэхсэн. Би “надад бэлэн мөнгө байхгүй, дансаа өгчих, эхнэртээ хэлээд данс руу нь хийлгүүлье” гэж хэлээд, эхнэртэйгээ яриад “энэ данс руу мөнгө хийчих, би такси бариад явж байна” гээд дансны дугаарыг мессежээр явуулсан.

Манай эхнэр “дансанд мөнгө алга, АТМ орж шилжүүлье” гэж байсан. Ингэж байтал жолоочийн хажууд явсан эмэгтэй нь “мөнгөгүй юм байж яах гэж такси барьдаг юм бэ, энэ муу сайн архичид ингэдэг юм” гэхээр нь би “тэгвэл Дэнжийн 1000 хүргэж өгөөд нэг мөсөн мөнгөө авчих, нэг бол миний утсыг авчих, манайх руу үсрээд 30.000 төгрөг гарна” гэж хэлээд, жолооч бид хоёр маргалдсан.

Тэгэхэд таксины жолооч буугаад “чи муу пизда, буугаад ир” гэхээр нь би машинаас буугаад, бид хоёр маргалдаж, ноцолдож зууралдсан. Эхнэр нь мөн бууж ирээд намайг зуурч аваад, тэр хоёр нийлж газар унагасан. Ингээд хоёулаа миний дээр гарчихаад нүүр лүү 5-6 удаа гараараа цохисон. Би эхлээд эхнэрийг нь түлхэж холдуулаад, өөрөө газраас босоод жолооч ахын нүүр лүү нэг удаа цохиход нүүрээ дарж аваад, “аа пизда” гэж орилоод машиндаа суугаад ум хумгүй яваад өгсөн. Явахдаа миний утсыг машин дотроо аваад явчихсан байсан ба дараа нь манай эхнэртэй ярьсан байсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 17-18 дахь тал),

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.Хунцэцэгийн гэрчээр өгсөн:

“...2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 16 цагийн үед аймгаас гарах замд МТ шатахуун түгээх станцын хажуу зам дагуу нэг эрэгтэй хүн гар өргөөд зогсож байсан. Гадаа цас ороод хүйтэй байсан учир даарч байгаа байх гээд манай нөхөр зогсоод авсан юм. Ингээд тэр эрэгтэй машины баруун хойд суудалд суусан ба “та автобусны буудал орох уу” гэхээр нь “Нисэх орно” гэж хэлсэн. “10.000 төгрөг өгье, автобусны буудал хүргээд өгчих” гэж хэлээд явцгаасан.

Ингээд Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Архивын ерөнхий газрын автобусны буудал дээр ирээд зогсоод, манай нөхөр “за ирчихлээ, мөнгөө өгөөрэй” гэхэд нөгөө залуу утсаар хүмүүстэй яриад мөнгө асуугаад байсан ба уурлаад бухимдаад, утсаар ярьсан хүмүүс нь “байхгүй” гэсэн юм шиг байсан. Тэгснээ миний утсаар өөрийнхөө эхнэр лүүгээ залгая гэж залгаад, нэг эмэгтэй хүнтэй намайг яриулсан. Тэр эмэгтэй нь болохоор “дансаа өгчих, би 15 минутын дараа мөнгийг нь хийчихье, наад залуугаа наанаа буулгачих” гэж хэлсэн. Тэгэхэд нөгөө залуу манай нөхрийг араас нь үстээд, зүүн талын шанаа хэсэгт нь гараараа нэг удаа цохисон ба машины хойд хаалгаар буугаад, жолооч талын хаалгыг онгойлгож манай нөхрийг татаж газар унагаад, дээрээс нь гараараа 2-3 удаа цохисон.

Энэ үед манай нөхөр орилоод, би очиж салгасан. Тэр залуу надад “ална шүү пизда минь, гичий чинь” гэхээр нь би айгаад машиндаа суусан. Миний утсыг өг гэхэд нь манай нөхөр “мөнгөө өгөхөд чинь өгнө” гэж хэлэхэд дахиад манай нөхрийг зөндөө цохиж зодсон. Би цааш нь түлхээд, манай нөхөр “чи намайг яасан гэж зодож байгаа юм бэ” гэхэд нөгөө залуу газраас юм авах шиг болохоор нь би нөхөртөө “зугтаарай” гээд машиндаа суулгаад зугтаад явсан. Тэгээд цагдаад хандсан юм.” гэсэн мэдүүлэг (хэргийн 25-26 дахь тал),

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Цэвэгмэдийн гэрчээр өгсөн:

“...2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр би ажилдаа яваад, орой шууд гэртээ харихаар болсон. Манай нөхөр ...таньдаг хүмүүстэйгээ таарч архи уучихсан байсан. 17 цаг 50 минутын үед манай нөхөр над руу утсаар яриад “таксины мөнгө шилжүүлээч” гэхээр нь би тухайн үед нөхрөө архи уучихсан байна гэж уур хүрээд “өгч чадахгүй” гэж хэлсэн. Удалгүй дахин залгаад “Буянт-Ухаа спорт цогцолборын арын Өлзийт явдаг унааны зогсоол дээр байна, мөнгө шилжүүлээч” гэхээр нь би “жолоочтой нь яръя” гээд жолоочтой нь яриад үнэн учраа хэлсэн. “Дансанд мөнгө байхгүй, та наад хүндээ гар утсыг нь өгөөд буулгачих, би тань руу удахгүй шилжүүлье” гэхэд “чамайг мөнгө шилжүүлэх эсэхийг чинь би яаж мэдэх юм бэ” гэсэн ба цаанаас нь эхнэр нь бололтой эмэгтэй хүн манай нөхөртэй “мөнгө төгрөгөө өгөөч, заваан амьтан бэ” гэх зэргээр маргалдах нь сонсогдож байсан.

Ингээд би дэлгүүрийн хүнээс гуйж гэдэг хүний данс руу 11.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд нөхөртөө болон тэр жолооч руу залгахад утсаа авахгүй байсан ба ...манай нөхөр 20 цаг 22 минутын үед нүүр ам нь цус болчихсон, баруун нүд нь хөхөрчихсөн, нүүр хэсэгт нь хумсны бололтой сорив болчихсон орж ирсэн.” гэсэн мэдүүлэг (хэргийн 28-29 дэх тал),

5. ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 13881 дугаартай:

“1. Э.Зоригтбаатарын биед баруун нүдний зовхинд зулгаралт, 2 нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Уг гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт (хэргийн 32-33 дахь тал),

6. ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 13871 дугаартай:

“1. М.*******-н биед зүүн хацар, хацрын сэртэн, зүүн хоншоорын урд, гадна хана, зүүн нүдний ухархайн гадна хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний алим, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт (хэргийн 38-39 дэх тал),

7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Э.Зоригтбаатарын яллагдагчаар өгсөн:

“...Би ял сонсгож, яллагдагчаар татсан Прокурорын тогтоолтой уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. ...Миний буруу, би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хохирогчоосоо уучлалт гуйж байна. Би толгойн компьютер томограф авхуулсан 120.000 төгрөг, шүүх эмнэлэгт үзүүлсэн 8.000 төгрөг, нийт 128.000 төгрөгийг нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг (хэргийн 86, 87-88 дахь тал) болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хэргийн 42 дахь тал), Хан-Уул дүүргийн шүүхийн 2003 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 129 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хэргийн 44-46 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хэргийн 49 дэх тал),

8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч М.*******ын яллагдагчаар өгсөн:

“...Би ял сонсгож, яллагдагчаар татсан Прокурорын тогтоолтой уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэсэн мэдүүлэг (хэргийн 76 дахь тал) болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хэргийн 47 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий шинжээч эмч гаргасан байх тул шүүх тэдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Э.Зоригтбаатар, М.******* нарын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Гурав. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Э.Зоригтбаатар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 17 цагийн орчимд М.*******ын жолоодон явсан тээврийн хэрэгсэлд зорчин Хан-Уул дүүргийн 14 хорооны нутаг Өлзийтийн шинэ пост орчмоос Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо Архивын ерөнхий газрын ойролцоох автобусны буудал хүргүүлэх үедээ “таксины төлбөр тооцоог бэлнээр хийх боломжгүй, шилжүүлгээр төлье, төлбөрт нь гар утсаа өгье, мөн хүргүүлэх чиглэлээ өөрчлөн Дэнжийн мянга хүргүүлээд тооцоог нь хийе” гэхэд М.******* нь боломжгүй шалтгаанаа тайлбарлан татгалзаж, түүнийг машинаасаа татаж буулгаснаар тэдгээрийн хооронд үл ойлголцол маргаан үүссэн, маргааны явцад тэдгээр нь бие биедээ хүч хэрэглэн халдаж, харилцан зодолдсоноос хохирогч Э.Зоригтбаатарын биед “баруун нүдний зовхинд зулгаралт, хоёр нүдний зовхинд цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол, хохирогч М.*******ын биед “зүүн хацар, хацрын сэртэн, зүүн хоншоорын урд, гадна хана, зүүн нүдний ухархайн гадна хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн нүдний алим, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацарт цус хуралт” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол тус тус учирсан үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан, хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн:

- хохирогч М.*******ын: “...Ингээд Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Архивын ерөнхий газрын харалдаа зүүн урд талын автобусны буудал дээр ирж зогсоод “за ахын дүү, автобусны буудал дээр ирчихлээ” гэхэд тэр залуу гар утсаа өгөөд, “энэ утсыг авчих” гэж хэлсэн. Би “утас хэрэггүй ээ, би хүний утас шөрмөс авахгүй, мөнгө төгрөг хэрэггүй” гэхэд “би эхнэртэйгээ яриад таны мөнгийг хийе, тэгээд бууя” гэж хэлсэн. Тэгснээ утсаар яриад бүтээгүй бололтой хэрэлдээд байсан. Тэгснээ дахин “та намайг Дэнжийн 1000 хүргэж өгөөд төлбөрт нь миний утсыг авчих” гэж хэлсэн. Би “надад утас шөрмөс хэрэггүй, ах нь өөр ажилтай явж байна, нялх нойтон хүүхэд орхиод хүрээд ирсэн учир боломжгүй байна” гэхэд “мөнгийг чинь өгнө гээд байхад юун сүртэй пизда вэ” гээд бид хоёр машин дотор маргалдсан. Тэгээд би тэр залууг машинаас буулгасан.

Тэгтэл тэр залуу буцаж машинд суух гээд байхаар нь байхаар нь би хоёр удаа цээж рүү нь түлхсэн. Тэгэхэд тэр залуу миний нүүр хэсэгт 2 удаа баруун гараараа цохиход би тэр залууг түлхтэл газарт унасан. Би машиндаа ороод суухад тэр залуу машин дотор орж ирээд миний хойд талд суусан ба дахин надтай маргалдсан. Тэгснээ гэнэт миний үснээс зулгааж, нүүр лүү нэг удаа цохисон. Би манараад машины суудал дээр сууж байхад тэр залуу машинаас буугаад, миний хаалгыг онгойлгоод намайг машинаас татаж газар унагааж байгаад миний дээр гарч нүүр лүү хэд хэдэн удаа цохисон. Манай эхнэр надтай цуг явж байсан болохоор энэ үед бууж ирээд тэр залууг ...надаас холдуулсан. ....Эмчилгээний зардлаа гаргуулж авмаар байна.” гэсэн мэдүүлэг (хэргийн 08-09 дэх тал),

- хохирогч Э.Зоригтбаатарын: “...2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр би өөрийн найз Ууганбаяртай хамт 21 дүгээр хороололд явж байхдаа 0.5 литрийн савлагаатай 2 шил архи хувааж уусан. ...16-17 цагийн орчимд байшин бариулж байсан хүн бид хоёртой яриад ирж авахаар болоод ирсэн юм. Тэгэхэд Ууганбаяр тэр өдөр ажилдаа явахгүй гээд, би нөгөө хүнтэй хамт Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд байх Кувейтийн ам орох гээд явсан.

Замдаа би нөгөө хүнтэйгээ яриад, “ажилдаа маргааш ирье” гээд ...машинаас нь буучихсан юм. Тэгээд замын эсрэг талд гараад миний санаж байгаагаар 18 цагийн үед такси барих гээд гараа өргөөд зогссон. Тэгээд зогсож байхад нэг машин ирж зогссон ба тухайн үед цасаар шуурч байсан учир машины дугаар, загвар зэргийг харж чадаагүй.

Намайг машинд суухад жолооч нь эрэгтэй, хажуу талд нь нэг эмэгтэй хүн байсан болохоор би эхнэр, нөхөр гэж ойлгосон. Тэгээд жолооч нь “хаа хүрэх вэ” гэхээр нь би “Дэнжийн 1000” гэж хэлсэн. “Дэнжийн 1000 явж чадахгүй” гэхээр нь би “тэгвэл ойрхон автобусны буудал оруулаад өгчих, Нисэхийн тойрог орчихъё” гэж хэлсэн.

Улмаар Нисэхийн тойрог дээр ирээд автобусны буудлын ойролцоо ирж зогссон бөгөөд “11.000 төгрөг болсон” гэж надаас төлбөр нэхсэн. Би “надад бэлэн мөнгө байхгүй, дансаа өгчих, эхнэртээ хэлээд данс руу нь хийлгүүлье” гэж хэлээд, эхнэртэйгээ яриад “энэ данс руу мөнгө хийчих, би такси бариад явж байна” гээд дансны дугаарыг мессежээр явуулсан.

Манай эхнэр “дансанд мөнгө алга, АТМ орж шилжүүлье” гэж байсан. Ингэж байтал жолоочийн хажууд явсан эмэгтэй нь “мөнгөгүй юм байж яах гэж такси барьдаг юм бэ, энэ муу сайн архичид ингэдэг юм” гэхээр нь би “тэгвэл Дэнжийн 1000 хүргэж өгөөд нэг мөсөн мөнгөө авчих, нэг бол миний утсыг авчих, манайх руу үсрээд 30.000 төгрөг гарна” гэж хэлээд, жолооч бид хоёр маргалдсан. Тэгэхэд таксины жолооч буугаад “чи муу пизда, буугаад ир” гэхээр нь би машинаас буугаад, бид хоёр маргалдаж, ноцолдож зууралдсан.

Эхнэр нь мөн хажуунаас бууж ирээд намайг зуурч аваад, тэр хоёр нийлж газар унагасан. Ингээд хоёулаа миний дээр гарчихаад нүүр лүү 5-6 удаа гараараа цохисон. Би эхлээд эхнэрийг нь түлхэж холдуулаад, өөрөө газраас босоод жолооч ахын нүүр лүү нэг удаа цохиход нүүрээ дарж аваад, “аа пизда” гэж орилоод машиндаа суугаад ум хумгүй яваад өгсөн. Явахдаа миний утсыг машин дотроо аваад явчихсан байсан ба дараа нь манай эхнэртэй ярьсан байсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 17-18 дахь тал),

- гэрч С.Хунцэцэгийн: “...2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 16 цагийн үед аймгаас гарах замд МТ шатахуун түгээх станцын хажуу зам дагуу нэг эрэгтэй хүн гар өргөөд зогсож байсан. Гадаа цас ороод хүйтэй байсан учир даарч байгаа байх гээд манай нөхөр зогсоод авсан юм. Ингээд тэр эрэгтэй машины баруун хойд суудалд суусан ба “та автобусны буудал орох уу” гэхээр нь “Нисэх орно” гэж хэлсэн. “10.000 төгрөг өгье, автобусны буудал хүргээд өгчих” гэж хэлээд явцгаасан. Ингээд Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Архивын ерөнхий газрын автобусны буудал дээр ирээд зогсоод, манай нөхөр “за ирчихлээ, мөнгөө өгөөрэй” гэхэд нөгөө залуу утсаар хүмүүстэй яриад мөнгө асуугаад байсан ба уурлаад бухимдаад, утсаар ярьсан хүмүүс нь “байхгүй” гэсэн юм шиг байсан.

Тэгснээ миний утсаар өөрийнхөө эхнэр лүүгээ залгая гэж залгаад, нэг эмэгтэй хүнтэй намайг яриулсан. Тэр эмэгтэй нь болохоор “дансаа өгчих, би 15 минутын дараа мөнгийг нь хийчихье, наад залуугаа наанаа буулгачих” гэж хэлсэн. Тэгэхэд нөгөө залуу манай нөхрийг араас нь үстээд, зүүн талын шанаа хэсэгт нь гараараа нэг удаа цохисон ба машины хойд хаалгаар буугаад, жолооч талын хаалгыг онгойлгож манай нөхрийг татаж газар унагаад, дээрээс нь гараараа 2-3 удаа цохисон. Энэ үед манай нөхөр орилоод, би очиж салгасан. ...Миний утсыг өг гэхэд нь манай нөхөр “мөнгөө өгөхөд чинь өгнө” гэж хэлэхэд дахиад манай нөхрийг зөндөө цохиж зодсон. Би цааш нь түлхээд, манай нөхөр “чи намайг яасан гэж зодож байгаа юм бэ” гэхэд нөгөө залуу газраас юм авах шиг болохоор нь би нөхөртөө “зугтаарай” гээд машиндаа суулгаад зугтаад явсан. Тэгээд цагдаад хандсан юм.” гэсэн мэдүүлэг (хэргийн 25-26 дахь тал),

- гэрч Б.Цэвэгмэдийн: “...2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр би ажилдаа яваад, орой шууд гэртээ харихаар болсон. Манай нөхөр ...таньдаг хүмүүстэйгээ таарч архи уучихсан байсан. 17 цаг 50 минутын үед манай нөхөр над руу утсаар яриад “таксины мөнгө шилжүүлээч” гэхээр нь би тухайн үед нөхрөө архи уучихсан байна гэж уур хүрээд “өгч чадахгүй” гэж хэлсэн. Удалгүй дахин залгаад “Буянт-Ухаа спорт цогцолборын арын Өлзийт явдаг унааны зогсоол дээр байна, мөнгө шилжүүлээч” гэхээр нь би “жолоочтой нь яръя” гээд жолоочтой нь яриад үнэн учраа хэлсэн. “Дансанд мөнгө байхгүй, та наад хүндээ гар утсыг нь өгөөд буулгачих, би тань руу удахгүй шилжүүлье” гэхэд “чамайг мөнгө шилжүүлэх эсэхийг чинь би яаж мэдэх юм бэ” гэсэн ба цаанаас нь эхнэр нь бололтой эмэгтэй хүн манай нөхөртэй “мөнгө төгрөгөө өгөөч, заваан амьтан бэ” гэх зэргээр маргалдах нь сонсогдож байсан. Ингээд би дэлгүүрийн хүнээс гуйж гэдэг хүний данс руу 11.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд нөхөртөө болон тэр жолооч руу залгахад утсаа авахгүй байсан ба ...манай нөхөр 20 цаг 22 минутын үед нүүр ам нь цус болчихсон, баруун нүд нь хөхөрчихсөн, нүүр хэсэгт нь хумсны бололтой сорив болчихсон орж ирсэн.” гэсэн мэдүүлэг (хэргийн 28-29 дэх тал),

- ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 13881 дугаартай:

“1. Э.Зоригтбаатарын биед баруун нүдний зовхинд зулгаралт, 2 нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Уг гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт (хэргийн 32-33 дахь тал),

- ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 13871 дугаартай:

“1. М.*******-н биед зүүн хацар, хацрын сэртэн, зүүн хоншоорын урд, гадна хана, зүүн нүдний ухархайн гадна хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний алим, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт (хэргийн 38-39 дэх тал),

- Мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүгдэгч Э.Зоригтбаатар, М.******* нарын болсон хэргийн талаар өгсөн мэдүүлэг (хэргийн 76, 86, 87-88 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдсон байна.

Шүүгдэгч Э.Зоригтбаатар нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм бурууд маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Хэргийн шүүгдэгч М.******* нь хохирогчийг зодож цохиогүй, түлхсэн, түүний эрүүл мэндэд учирсан гэх хөнгөн хохирлыг би учруулаагүй гэж, мөн түүний өмгөөлөгчөөс шүүгдэгчийн хувьд гарцаагүй байдалд буюу аргагүй хамгаалалтын нөхцөлд хохирол учруулсан хэмээн хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар тус тус маргасан, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс өөрийн үйлчлүүлэгчид холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.8-д тус тус заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү гэж санал гаргаж мэтгэлцсэнийг шүүх хангах үндэслэлгүй гэж дүгнэв. 

Тодруулбал: Нэр бүхий шүүгдэгч нар нь тодорхой сэдэлттэй шалтгааны улмаас /таксины төлбөр тооцооноос үүдэлтэй/ хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар харилцан барьцалдан зууралдах, ноцолдох, түлхэлцэх, зодолдох зэргээр бие биедээ хүч хэрэглэсэн үйлдэл хийсний улмаас шүүгдэгч Э.Зоригтбаатар нь хохирогч М.*******ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, шүүгдэгч М.******* нь хохирогч Э.Зоригтбаатарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд гэмт хэргийг үгүйсгэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4 дүгээр бүлэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

Түүнчлэн гэмт хэрэг гарсан тухайн цаг хугацаа, орон зайд хохирогч Э.Зоригтбаатар, М.******* нарын эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл хохирлыг шүүгдэгч М.*******, Э.Зоригтбаатар нараас өөр бусад этгээд учруулсан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй.  

Тухайн хэргийн хувьд хэргийн талаар хэргийн талаар нотолбол зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нөхцөл байдлыг хангалттай шалгаж тогтоосон, прокуророос нэр бүхий шүүгдэгч нарт ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хуулийн үндэслэл бүхий гэж шүүх дүгнэсэн болно.

Монгол Улсын Үндсэн хуулиар хүний халдашгүй, чөлөөтэй байх эрх, эрх чөлөөг баталгаажуулсан бөгөөд хууль бусаар хүний эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт заасан гэмт хэрэгт тооцож, хариуцлага хүлээлгэх үндэслэл болно. 

Иймд дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгч Э.Зоригтбаатарыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэгт, шүүгдэгч М.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч М.*******, түүний өмгөөлөгчийн гаргасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.8 дахь заалтад тус тус заасан үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгуулах талаарх гаргасан хүсэлтийг шүүх хангаж шийдвэрлэх эрх зүйн үндэслэлгүй байна.  

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

Хэргийн хохирогч М.*******, Э.Зоригтбаатар нарын эрүүл мэндэд учирсан хүндэвтэр, хөнгөн гэмтэл бүхий хохирол нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй гарсан зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.

Хэргийн хохирогч нар нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй байна.

Гэмт хэргийн хохирол хор уршгийн төлбөрт тооцон:  

- хохирогч Э.Зоригтбаатар нь Лазер мед эмнэлэгт толгойн КТГ-ийн шинжилгээ хийлгэсний төлбөр 120.000 төгрөг, шүүх эмнэлэгт үзүүлсний 8000 төгрөг, нийт 128.000 төгрөгийг шүүгдэгч М.*******аас гаргуулахаар,

- хохирогч М.******* нь Лазер мед эмнэлэгт толгойн КТГ-ийн шинжилгээ хийлгэсний төлбөр 120.000 төгрөг, Сүхбаатар сувилалд хэвтэн эмчлүүлсний зардалд 234.500 төгрөг, эм тарианы зардлын 141.500 төгрөг, 10 хоног бариа заслын эмчилгээ хийлгэсний 300.000 төгрөгийг тус тус шүүгдэгч Э.Зоригтбаатараас нэхэмжилж, холбогдох баримтыг тус тус хэрэгт хавсаргуулахаар шүүхэд гаргаж өгсөн.

Дээрх хохирлоос хохирогч М.*******ын бариа заслын эмчилгээ хийлгэсэн гэх 300.000 төгрөгийн шаардлагад хамаарах тодорхойлолт баримт нь /бариач Я.Хишигсүрэн гэх/ нотлох баримтын шаардлага хангахгүй үндэслэлээр хохирогч, түүний өмгөөлөгчөөс баримтаа хуулийн дагуу бүрдүүлээд жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан тул шүүх хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэсэн болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Зоригтбаатар нь хохирогч М.*******ын баримттай хохирлын Лазер мед эмнэлэгт толгойн КТГ-ийн шинжилгээ хийлгэсний төлбөр 120.000 төгрөг, Сүхбаатар сувилалд хэвтэн эмчлүүлсний зардалд 234.500 төгрөг, эм тарианы зардлын 141.500 төгрөг, нийт 496.000 төгрөгийг, шүүгдэгч М.******* нь хохирогч Э.Зоригтбаатарын хохиролд нэхэмжилсэн 128.000 төгрөгийг тус тус харилцан нөхөн төлж, хүлээлгэн өгсөн талаар талууд 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн бичгээр үйлдсэн тэмдэглэл баримтыг хэрэгт гаргаж өгсөн ба нэр бүхий хохирогч нарын баримттай гарсан хохирол төлбөр нөхөн төлөгдсөн гэж дүгнэхээр байна.

Түүнчлэн хохирогч М.******* нь гомдолтой, цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ хэмээн мэдүүлсэн ба шүүгдэгч Э.Зоригтбаатар нь хохирогчид баримттай гарах эмчилгээний зардал төлбөрийн нөхөн төлөхөө илэрхийлсэн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй. /шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан/

Иймд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцож нэр бүхий шүүгдэгч нараас энэ тогтоолоор  гаргуулах хохирол төлбөргүй гэж шүүх дүгнэв.

Хэргийн шүүгдэгч Э.Зоригтбаатар нь Хан-Уул дүүргийн шүүхийн 2003 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 129 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан тухай урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хэргийн 42 дахь тал), Хан-Уул дүүргийн шүүхийн 2003 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 129 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хэргийн 44-46 дахь тал) баримт, мөн шүүгдэгч М.******* нь гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй талаар “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хэргийн 47 дахь тал) зэрэг нотлох баримтууд тус тус хэрэгт авагдсан байна.

“Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан тул шүүгдэгч Э.Зоригтбаатарын урьд гэмт хэрэг үйлдэн ял шийтгүүлж байсан нөхцөл байдал нь түүний эрх зүйн байдлыг дордуулах, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болохгүй юм.

Нэр бүхий шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч Э.Зоригтбаатар, М.******* нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол хор уршигт баримттай гарсан зардлыг тус тус хохирогч нарт нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т тус тус заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд шүүх тооцон үзсэн ба тэдний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх мөн хуулийн 6.6 дугаар зүйлд тухайлан заасан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх, шүүгдэгч М.*******, Э.Зоригтбаатар нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдгээр нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршигт баримттай гарсан зардлыг тус тус хохирогч нарт нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал болон улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын санал зэргийг тус тус харгалзан эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн;

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Зоригтбаатарт 1500 /нэг мянга таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.*******ад 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, шүүгдэгч нарын хөдөлмөр эрхлэлтийн байдал, орлого олох боломж зэргийг харгалзан тэдгээрт оногдуулсан торгох ялыг 08 /найм/ сарын хугацаанд хэсэгчлэн төлж биелүүлэх хугацаа тогтоож шийдвэрлэсэн болно.

Энэ хэрэгт шүүгдэгч М.*******, Э.Зоригтбаатар нар нь цагдан хоригдоогүй, тэдгээрийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                                                      

ТОГТООХ нь:

 

1. Халзан бааст овогт**************ыг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

-******* овогт******* *******ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Зоригтбаатарт нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.*******ад 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуу мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Э.Зоригтбаатар, М.******* нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 08 /найм/ сарын хугацаанд хэсэгчлэн төлж биелүүлэх хугацаа тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан нарт анхааруулж мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч М.******* нь шаардлагатай гэж үзвэл цаашид цаашид гарах эмчилгээний зардал төлбөрт хамаарах  баримт нотолгоог бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гаргасан шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

5. Энэ хэрэгт М.*******, Э.Зоригтбаатар нар нь цагдан хоригдоогүй, тэдний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэвэл эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлс үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай. 

7. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд М.*******, Э.Зоригтбаатар нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                   С.БАЗАРХАНД