Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 338

 

 

 

 

 

 

2019 оны 06 сарын 27 өдөр           Дугаар 153/ШШ2019/00338             Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн 24-09 тоотод оршин суух, тоот регистрийн дугаартай, Очир овогт гийн Түмэндэмбэрэлийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Буян багийн Эко 1-15 тоотод оршин суух, ПЭ72021405 тоот регистрийн дугаартай, Шархүүхнээхэн овогт Дамирангийн Балжиннямд холбогдох гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Түмэндэмбэрэл, хариуцагч Д.Балжинням, нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Түмэндэмбэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 1993 онд Д.Балжиннямтай гэр бүл болсон. Гэр бүл болоод хамт амьдрах хугацаанд 1993 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр том охин Т.Аззаяа, 1996 оны 7 дугаар сарын 8-ны өдөр дунд хүү Т.Доржзодов, 2001 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр бага охин Т.Буянзаяа нар төрсөн. 2 том хүүхэд маань сургуулиа төгсөөд ажиллаж байгаа. Бага охин Т.Буянзаяа нь оюутан. Д.Балжинням бид хоёрын хувийн таарамжгүй харилцаа, гэр бүлийн хэрүүл маргаанаас болж 2014 оноос хойш өнөөдрийг хүртэл тус тусдаа амьдарч байна. Энэ хугацаанд би өөр хүнтэй амьдрал зохиож бидний дундаас охин төрсөн. Д.Балжинням бид хоёр хамтран амьдрах хугацаанд бий болсон үл хөдлөх хөрөнгө, хашаа, байшин зэргийг би 2016 онд түүний нэр дээр шилжүүлж өгсөн учраас бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. 3 хүүхэд насанд хүрсэн тул асрамжийн талаар маргаан байхгүй. Эцэг хүний хувьд 3 хүүхдээ харж хандаад ирсэн цаашид харж хандаад явах болно. Д.Балжинням нь гэрлэлт цуцлуулах асуудлаар өмнө нь шүүхэд хандаад 3 сарын эвлэрүүлэх хугацаа, мөн дахин шүүхээс 1 сарын хугацаагаар эвлэрэх хугацаа өгсөн боловч бид хоёр эвлэрээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө гэв.

Хариуцагч Д.Балжинням шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ц.Түмэндэмбэрэлийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Ц.Түмэндэмбэрэл бид хоёр 1993 онд гэр бүл болж 2014 он хүртэл хамт амьдарсан. 2014 оноос тусдаа амьдарч байгаа. Ц.Түмэндэмбэрэл нь одоо тусдаа амьдралтай болж эхнэр хүүхэдтэй болсон. Цаашид эвлэрч хамт амьдрах боломжгүй тул гэрлэлт цуцлахыг зөвшөөрч байна, 3 хүүхдээ би өөрийн асрамжид авах хүсэлтэй байна. Хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй, гэр бүлийн дундын эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Түмэндэмбэрэл нь хариуцагч Д.Балжиннямд холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Ц.Түмэндэмбэрэл, хариуцагч Д.Балжинням нар нь 1993 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гэр бүл болж, 1993 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр гэрлэлтээ батлуулсан болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 4 дүгээр сарын 11-ны өдрийн 126/1001421 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар, тэдгээрийн дундаас 1993 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр охин Т.Аззаяа, 1996 оны 7 дугаар сарын 8-ны өдөр хүү Т.Доржзодов, 2001 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр охин Т.Буянзаяа нар төрсөн болох нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна.

Гэрлэгчид нь гэрлэлтээ цуцлуулахыг хоёулаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд тэдгээр нь 2014 оноос хойш тусдаа амьдарч эхэлсэн, гэрлэгчдийн хооронд эхнэр нөхрийн дотно харьцаа байхгүй болсон, нэхэмжлэгч Ц.Түмэндэмбэрэл нь шинээр амьдрал зохиож хүүхэдтэй болсон, гэрлэгчидэд шүүхээс эвлэрүүлэх хугацаа олгосон боловч эвлэрээгүй зэрэг үндэслэлүүдийг харгалзан үзэж гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч нь охин Т.Аззаяа, хүү Т.Доржзодов, охин Т.Буянзаяа нарын асрамжийн талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй бөгөөд тэрээр хүүхдүүд нь бүгд 18 насанд хүрсэн байна. Иймд насанд хүрсэн охин Т.Аззаяа, хүү Т.Доржзодов, охин Т.Буянзаяа нарын асрамжийн асуудал яригдахгүй, харин гэр бүлийн дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах эрхтэй боловч гэрлэгчид нь гэр бүлийн дундын эд хөрөнгийн маргаангүй талаар шүүх хуралдаанд тайлбар гаргалаа.

Гэрлэгч Ц.Түмэндэмбэрэл, Д.Балжинням нарын гэрлэлтээр холбогдсон харилцан тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх нөхөр, эхнэрийн харилцаа дуусгавар болж байгаа ч Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба охин Т.Аззаяа, хүү Т.Доржзодов, охин Т.Буянзаяа нар нь эх Д.Балжиннямын асрамжид үлдэж байгаа нь эцэг, эхийн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүргээ хэрэгжүүлэхэд, мөн эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байх ёстой.

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д зааснаар хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дүгээр зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Очир овоггийн Түмэндэмбэрэл /ПЮ70112972/, Шархүүхнээхэн овогт Дамирангийн Балжинням / ПЭ72021405/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарласугай.

3.Гэрлэгчид нь гэр бүлийн дундын эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д зааснаар нэхэмжлэгч Ц.Түмэндэмбэрэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

5.Шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Э.Батцэнгэлд даалгасугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б.МАРИНА