Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2019 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 361

 

 

 

 

 

 

2019 оны 07 сарын 06 өдөр

              Дугаар 153/ШШ2019/00361

Ховд аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн 14-02 тоотод оршин суух, егистрийн дугаартай, Галуут овогт Далхжавын ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Манхан сумын Улаанхүрээ багт оршин суух, регистрийн дугаартай, Шийнэн овогт Хөөдөөн Бямбасүрэнд холбогдох, 200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 153/2019/00318/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Х.Бямбасүрэн нь миний охин О.Билгээтэй хамтран амьдарч байсан бөгөөд охин маань 2018 оны 4 сард нас барж, зээ хүү Б.Ариунболд маань миний асран хамгаалалтанд үлдсэн юм.

Зээ хүүгийн төрсөний гэрчилгээ нь Х.Бямбасүрэнгээр овоглогдсон байдаг бөгөөд Х.Бямбасүрэнгээс шүүхээр хүүхдийн тэтгэлэг гаргуулах гэтэл түүнийг Ариунболдын эцэг биш гэж тогтоож хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон билээ. Б.Ариунболдын ээж /О.Билгээ/ нас барсаны дараа Х.Бямбасүрэн нь өөр амьдралтай болоод явсан, Хаан банкаар ордог хүүхдийн 20,000 мянган төгрөгийг 2018 оны 4 сараас 2019 оны 1 сар дуустал буюу нийт 10 сарын хугацаанд 200,000 төгрөг авч хэрэглэсэн байна. Энэ тухай хүсэлтээ ХААН банкинд гаргаж 2019 оны 2 сараас Х.Бямбасүрэнд шилжүүлэхгүй байхаар зогсоолгосон болно.

Харин Х.Бямбасүрэн нь авч ашигласан хүүхдийн сар бүрийн 20 000 төгрөг буюу 2018 оны 4- сараас 2019 оны 1 сар дуусталх хугацааны 200 000/ хоёр зуун мянган/ төгрөгийг нөхөж өгөхөөр баримт үлдээсэн боловч одоо зугатаад байгаа тул шүүхийн журмаар гаргуулж өгнө үү гэжээ.

 Хариуцагчийн төлөөлөгч Х.Бямбасүрэн шүүхэд гаргасан тайлбартаа: Х.Бямбасүрэн миний бие Д. ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 200,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд тус мөнгийг 2019 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулах тул тус хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д. ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Х.Бямбасүрэнд холбогдох, 200,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Х.Бямбасүрэн нь нэхэмжлэлийн шаардлага болох 200,000 төгрөгийг 2019 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлөхийг хүлээн зөвшөөрсөн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д. нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 6,650 төгрөгийн 50 хувь болох 3,325 төгрөгийг хариуцагч Х.Бямбасүрэнгээс гаргуулан нэхэмжлэгч Д. т олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Хариуцагч Х.Бямбасүрэн нь уг шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч Д. ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Х.Бямбасүрэнд холбогдох 200,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Х.Бямбасүрэн нь 200,000 төгрөгийг 2019 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлөхийг хүлээн зөвшөөрсөний баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 6,650 төгрөгийн 50 хувь болох 3,325 төгрөгийг хариуцагч Х.Бямбасүрэнгээс гаргуулан нэхэмжлэгч Д. т олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                      Б.МАРИНА