Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 2023/ШЦТ/26

 

                                   

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх  хуралдааныг шүүгч З.Нандинцэцэг даргалж

Нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал

Улсын яллагч Б.Эрхэмбаяр

Шүүгдэгч   Х.Цэцэгмаа

Түүний өмгөөлөгч Б.Алтангэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Цэцэгмаад холбогдох 2323000000002 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.         

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1970 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Завхан аймгийн Алдархаан суманд төрсөн, 53 настай, эмэгтэй, халх, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл-5, нөхөр, 3 хүүхдийн хамт амьдардаг, Завхан аймгийн Улиастай сум Жинст баг Булгийн эх хэсгийн задгайд оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Сартуул овогт Хувцагааны Цэцэгмаа /Регистрийн дугаар: ИА:70092209/,

Шүүгдэгч Х.Цэцэгмаа нь 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Завхан аймгийн Улиастай сум Жинст баг Булгийн эх 1-10-а тоотод байх хүү Г.Лхагвасүрэнгийн гэрт бэр Э.Нямцэцэгийг галын хайчаар дагзны ар хэсэгт, зүүн гуя, баруун өвдөг, зүүн шилбэ, баруун гарын шууны хэсэгт цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт  хамаарч байна.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “Тухайн байгууллагын албан ёсны харилцаа холбооны  хэрэгсэл ашиглан оролцогчийг дуудаж болно” гэж заасан журмын дагуу хохирогч Э.Нямцэцэгт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.

Хохирогч Э.Нямцэцэг шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хохирогч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй” гэж заасан учир хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

1.1 Шүүгдэгч Сартуул овогт Хувцагааны Цэцэгмаа нь 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Завхан аймгийн Улиастай сум Жинст баг Булгийн эх 1-10-а тоотод байрлах хүү Г.Лхагвасүрэнгийн гэрт бэр Э.Нямцэцэгийг ”нөхрөө хардлаа” гэсэн шалтгаанаар дагзны ар хэсэгт, зүүн гуя, баруун өвдөг, зүүн шилбэ, баруун гарын шууны хэсэгт галын хайчаар цохиж зодсон хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:

Х.Цэцэгмаад зодуулсан талаараа шууд тусган мэдүүлсэн хохирогч Э.Нямцэцэгийн “...Би 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр өөрийн байшинд 11 сартай хүүтэйгээ хамт байж байтал 18 цагийн үед хадам ээж Х.Цэцэгмаа ганцаараа манайд ирсэн. ...хадам ээж чи эр нөхрөө хардлаа, арчаагүй энэ тэр гэж хэлээд байхаар нь би хадам ээжид овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ гэдэг үг байдаг шүү дээ гэж хэлсэн. Тэгтэл хадам ээж уурлаад чи ер нь хадам ээжийнхээ урдаас ингэж хэлдэг хэн юм гэж хэлээд ирээд зүүн бугалганаас гараараа чимхээд байхаар нь би нэг гартаа хүүхдээ тэврээд нөгөө гартаа галын хайчаа бариад босож ирээд галын хайч барьж байсан гараараа хадам ээжийг түлхсэн. Тэгтэл хадам ээж миний барьж байсан галын хайчийг миний гараас булааж аваад намайг зүүн талын хөлийн гуяны гадна тал руу цохиод байхаар нь би хадам ээжийг үснээс нь зулгаагаад цааш нь түлхтэл миний толгой руу хайчаараа цохиод би толгойдоо байнга цохиулахгүйн тулд баруун талын гараараа хааж гар, толгой лугаа цохиулсан. Хэд цохисоныг би мэдэхгүй байна их олон удаа дандаа хайчаар л цохиод байсан. Тэгж байтал гэнэт хүүхэд чанга уйлахаар нь би маанаг жингэрээ чи хүүхэд цохьчихлоо шүү дээ гэж хэлээд би гараараа хацар луу нь нэг удаа цохисон тэгтэл хадам ээж чи хадам ээжийгээ жингэр гэдэг хэн юм манай хүүхдийн гэрээс зайл гээд намайг гэрээс түлхэж гаргахаар би хажуу айл руу явах гээд эргээд хартал араас хайчаараа нэг удаа цохисон миний толгой өвдөж толгойны ар хэсгээс цус гарч байсан....” гэсэн мэдүүлгээр /хэргийн 09-16 дахь тал/

Э.Нямцэцэг бусдад зодуулсан байдалтай гэрт нь орж ирсэн талаар шууд тусган мэдүүлсэн гэрч Х.Цэвээндарийн “...Би 2022 оны 12 дугаар сарын 09-ний 18-19 цагийн үед ...гэртээ байж байтал ... бэр дүү Нямцэцэг 11 сартай хүүгээ тэврээд манайд орж ирсэн. Нямцэцэг орж ирэхдээ үс нь сэгсийчихсэн хадам ээж намайг зодчихлоо гэж хэлж байсан. Тэгэхээр би юу болов гээд лавлаж асуухад хадам ээж Цэцэгмаа манайд орж ирээд галын хайчаар толгой, гар, хөл рүү цохичихлоо гэж хэлээд доголж яваад, гарын шуу хэсгээ үзүүлж байсан. Тухайн үед Нямцэцэгийн хоёр гарын шуу хавдсан байдалтай намайг галын хайчаар толгой руу цохиод байхаар нь би гараараа хаасан чинь ийм болчихлоо гэж хэлж байсан. Дараа нь Нямцэцэг толгойн ар хэсэгтээ гараараа хүрэхэд гар цус болоод миний толгой руу цохиод цус гаргачихсан байна гэж хэлж байсан. Толгойд үүссэн гэмтэл үснийхээ уг хэсэгт толгойн ар хэсэгт байсан учир ил харагдахгүй байсан...” гэсэн мэдүүлгээр, /хэргийн 24-25 дахь тал/

гэрч Ө.Болормаагийн “...Би 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр ... Цэвээндарийн гэрт байж байтал хажуу талын хашаанд нь байдаг Нямцэцэг 11 сартай хүүгээ тэврээд орж ирсэн. Нямцэцэг орж ирэхдээ үс нь сэгсийчихсэн хадам ээж намайг зоддог байна ш дээ гэж хэлээд яагаад зоддог юм бол гээд сонсож байтал галын хайчаар гар луу, хөл рүү, толгой руу цохиод гэж хэлээд гараа үзүүлэх үед нэг талын гарын тохой хавьд нь халцарсан байдалтай мөн толгой цоорчих шиг боллоо гээд толгойныхоо ар луу гараараа хүрэх үед гар нь цус болж байсан. ...” гэсэн мэдүүлгээр, /хэргийн 27-28 дахь тал/

Цагдаагийн газарт ирсэн дуудлагын дагуу очиход Э.Нямцэцэг Х.Цэцэгмаад зодуулсан гэж хэлсэн тухай мэдүүлсэн гэрч М.Сэр-Одын “...Би 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Цагдаагийн газрын томилгоот эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 20-21 цагийн хооронд жижүүрийн 80641102 дугаарын утсаар над руу залгаад Жинст баг Ногоочдын хэсэгт Булгийн эх 1-10 тоотод хүн зодуулсан байна хэв журмын оройн эргүүл дуудлагад явсан байгаа учир надтай хамт гарч байсан д/а Б.Сэр-одын хамт оч гэсний дагуу бид хоёр тухайн хаягаар очсон. Тухайн хаягаар очиход Э.Нямцэцэг гэх эмэгтэй хадам ээж Цэцэгмаа намайг галын хайчаар цохичихлоо гээд хажуу талын айлдаа орчихсон байж байсан. Тэгээд Б.Сэр-од бид хоёр Э.Нямцэцэгийг аваад ойрхон байдаг хадам ээж Цэцэгмаагийнд очсон. Цэцэгмаа гэх айлд очоод юу болсон талаар асуухад наад хүүхэн чинь манай хүүг хардаад байнга хэрүүл хийгээд байдаг юм одоо наадахыг чинь зайлуулмаар гээд байна одоо намайг барьж авч зодох нь шиг байна гэж хэлж байсан харин Э.Нямцэцэг би таныг зодоогүй та харин намайг галын хайчаар цохисон биз дээ гэж хэлэхэд Цэцэгмаа гэх хүн чи хадам ээждээ зодуулахгүй өөр хэнд зодуулах юм гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлгээр /хэргийн 30-31 дахь тал/

гэрч Б.Сэр-Одын “...Би 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Цагдаагийн газрын томилгоот эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 20-21 цагийн хооронд жижүүрийн 80641102 дугаарын утсаар М.Сэр-Од руу залгаад Жинст баг Ногоочдын хэсэгт Булгийн эх 1-10 тоотод хүн зодуулсан байна хэв журмын оройн эргүүл дуудлагад явсан байгаа учир М.Сэр-Од бид хоёрыг яаралтай очиж бай гэхээр нь тухайн хаягаар очиход Э.Нямцэцэг гэх эмэгтэй хадам ээж Цэцэгмаа намайг гэртээ байж байх үед манайд ирээд хүүхдээ хардлаа гэж өмөөрөөд намайг галын хайчаар цохичихлоо гээд хажуу талын айлдаа орчихсон байж байсан. Тэгээд М.Сэр-Од бид хоёр Э.Нямцэцэгийг аваад ойрхон байдаг хадам ээж Цэцэгмаагийнд нь очсон. Цэцэгмаа гэх айлд очоод юу болсон талаар асуугаад цагдаагийн газар очих талаар хэлэхэд Цэцэгмаа гэх хүн наад хүүхэн чинь манай хүүг хардаад байнга хэрүүл хийгээд байдаг юм би наадахыг чинь галын хайчаар цохих нь цохисон гэхдээ би цагдаа явахгүй эндээ асуудлаа шийдүүлнэ гэж хэлж байсан. Тэгтэл удалгүй хэв журмын эргүүл ахлагч Баярсайхан, дэд ахлагч Оргил нар ирсэн. Тэгээд бид тэд нарыг үлдээгээд явсан...” гэсэн мэдүүлгээр, /хэргийн 33-34 дахь тал/

гэрч А.Баярсайханы “... Би 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр дэд ахлагч Оргилын хамт Цагдаагийн газрын томилгоот эргүүлийн үүрэг 12-20 цагийн хугацаанд гүйцэтгэж байх үед 20 цагийн үед жижүүрийн 80641102 дугаарын утсаар над руу залгаад Жинст баг Ногоочдын хэсэгт Булгийн эх хэсэгт хүн зодуулсан байна гэх дуудлага хүлээн авч дэд ахлагч Ж.Оргилын хамт Х.Цэцэгмаа гэх айлд очиход цагдаа-зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч Б.Сэр-Од, М.Сэр-Од тухайн дуудлага дээр очсон байсан. Намайг гэрт очиход Б.Сэр-Од, М.Сэр-Од нар нөхцөл байдлын талаар хэлсэн. Тэгээд би юу болсон талаар асуухад Х.Цэцэгмаа гэх хүн би бэр Э.Нямцэцэгт нөхрөө айлын авгайтай хардаж байхаар гэр орныхоо ажлыг хийгээд, үхэр малдаа явахад яадаг юм бэ гэж хэлээд мөр рүү нэг удаа цохисон чинь намайг зөрүүлээд галын хайчаар гар луу цохисон. Тэгэхээр нь би галын хайчийг нь булааж аваад толгой руу нэг удаа цохисон гэж хэлж байсан. Мөн Нямцэцэг гэх эмэгтэй хадам ээж намайг галын хайчаар толгойны ар хэсэгт цохиод толгой хагалчихлаа би одоо гэртээ байж чадахгүй хамгаалах байранд очмоор байна гэхээр нь Нямцэцэгийг цагдаагийн газарт хүргэсэн...” гэх мэдүүлгээр, /хэргийн 36-37 дахь тал/

гэрч Ж.Оргилын “...Би 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр ахлагч А.Баярсайханы хамт Цагдаагийн газрын томилгоот эргүүлийн үүрэг цагийн хугацаанд гүйцэтгэж байх үед 19-20 цагийн үед Жинст баг Ногоочдын хэсэгт Булгийн эх хэсэгт хүн зодуулсан байна гэх дуудлагад очсон. Бид хоёрыг очиход цагдаа-зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч Б.Сэр-Од, М.Сэр-Од тухайн дуудлага дээр очсон байсан. Бид хоёрыг очиход зөрөөд тэр хоёр явсан тэгээд бид хоёр дуудлага өгсөн Нямцэцэг гэх хүний хадам ээж Цэцэгмаагийн гэрт орсон. Гэрт орох үед Цэцэгмаа, Нямцэцэг, болон нэг хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байсан өөр хүн байгаагүй. Ороод яагаад дуудлага өгөх болсон талаар асуухад Нямцэцэг гэх эмэгтэй хадам ээж Цэцэгмаа манай гэрт очихдоо намайг үхэр малаа харахгүй, гэрийн ажлаа ч хийхгүй хүүхэд хардлаа гээд галын хайчаар цохиж миний толгойг хагалчихлаа гээд толгойгоо үзүүлэхэд түүний толгойн ар хэсгээс нь цус гарсан байсан. Харин Цэцэгмаа гэх хүн наадах чинь ерөөсөө гэрийн ажлаа хийхгүй юм хэлэхээр дандаа ингэж хэрүүл хийж байдаг юм гэж хэлж байсан. ...” гэсэн мэдүүлгээр /хэргийн 39-40 дахь тал/ тогтоогдож байна.

Х.Цэцэгмаагийн үйлдлийн улмаас хохирогч Э.Нямцэцэгийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Завхан аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 000000014 дугаартай “...1.Э.Нямцэцэгийн биед: Дагзны ар хэсэгт шарх, зүүн гуя, баруун өвдөг, зүүн шилбэ, баруун гарын шууны хэсэгт цус хуралт гэмтэл учирсан байна. 2.Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. 3.Дээрх гэмтлүүд нь гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Тухайн гэмтлүүд хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. 5.Э.Нямцэцэгийн биед: Дагзны ар хэсэгт шарх, зүүн гуя, баруун өвдөг, зүүн шилбэ, баруун гарын шууны хэсэгт цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна. /хэргийн 43-44 дахь тал/,

1.2. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.

1.3. Шүүгдэгч нь хохирогчийг галын хайчаар цохиж зодоход түүний биед гэмтэл учирч хүн эрүүл мэндээрээ хохирч болно гэдгийг энгийн ухамсрын түвшинд бүрэн ухамсарлан ойлгох боломжтой. Ийнхүү ухамсарлаж байгаа хор уршгаа хүсэж хийсэн үйлдлээрээ шууд бий болгож, уг хор уршигт зориуд хүргэсэн байна.

Иймд түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн 2.3 дугаар  зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг гэж үзнэ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь бусдын эрүүл мэндийг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.

Шүүгдэгч Х.Цэцэгмаа хохирогч Э.Нямцэцэгийг зодсон үйлдэл болон хохирогчийн биед учирсан гэмтлийн хооронд шалтгаант холбоо тогтоогджээ.

Шүүгдэгч Х.Цэцэгмаа нь хохирогчийг зодсон үйлдэлдээ шууд санаатай хандаж, хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл зориуд учруулжээ.

Шүүгдэгч Х.Цэцэгмаа нь хохирогч Э.Нямцэцэгийн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчиж түүнийг шууд санаатай зодсон үйлдлийн улмаас  түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэргийн обьектив шинжийг, шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж өөрийн үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсэж, зориуд хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субьектив шинжийг тус тус хангаж байна.

Иймд Х.Цэцэгмааг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгчээс хохирогч ямар нэгэн хохирол нэхэмжлээгүй нь хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож байна.

1.4. Шүүгдэгчээс иргэний нэхэмжлэгч Завхан аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн дарга Д.Цэндсүрэн хохирогч Э.Нямцэцэгийн эмчлүүлэхтэй холбогдон гарсан зардал нийт 161,000 төгрөгийн нэхэмжилсэн байна.

Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогчийг эмчлэхэд нийт 161,000 төгрөгийн зардал гарсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн  12.1.1-д “ гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад” төлүүлнэ гэж заасан учир 161,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж Завхан аймгийн эрүүл мэндийн даатгалын хэлтэст олгох нь зүйтэй  байна.

Шүүгдэгч Х.Цэцэгмаа болон түүний өмгөөлөгч шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийг танилцуулж тэмдэглэлд тусгуулсны дараа хохирол нөхөн төлөх хүсэлтэй байгаагаа илэрхийлж шүүх хуралдааныг 30 минутаар завсарлуулах хүсэлт гаргасан ба дээрх хүсэлтийг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг 30 минутын хугацаагаар завсарлуулсан.

Шүүгдэгч шүүх хуралдаан завсарласан хугацаанд дээрх хохирлыг төлж барагдуулсан болох нь эрүүл мэндийн даатгалын санд 161,000 төгрөгийг 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр төлсөн баримтаар тогтоогдож байх тул түүний бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

2.1 Шүүгдэгч Сартуул овогт Хувцагааны Цэцэгмааг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,  мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“  гэж тус  тус  заасныг үндэслэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн  төлснийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.

2.2 Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Алтангэрэл эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхэлдэггүй, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асран хамгаалдаг зэрэг ар гэрийн байдлыг харгалзан ял оногдуулахгүйгээр албадлагын арга хэмжээ авч өгнө үү” гэсэн хүсэлтийг хангах боломжгүй байна.

Учир нь: Эрүүгийн хуулийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ “Шүүх энэ хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан ялын зорилгыг хангахад шаардлагатай гэж үзвэл гэмт хэрэг үйлдсэн  хүнд ял оногдуулахгүйгээр тэнсэж, эсхүл  оногдуулсан ял дээр нэмж албадлагын арга хэмжээг хэрэглэж болно” гэж заасан бөгөөд дээрх зохицуулалтаар ял оногдуулахгүйгээр албадлагын арга хэмжээг дангаар нь хэрэглэх боломжгүй байна. Иймд өмгөөлөгчийн дүгнэлтийг хангахаас татгалзах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа хохирлоо төлсөн, түүний ар гэрийн байдлыг харгалзан түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, болон Эрүүгийн хуулийн  5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын  зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилготой нийцнэ гэж үзлээ.

2.3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан галын хайчийг цаашид ашиглах боломжгүй учир устгахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзээд

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5,1.6,1.7, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Сартуул овогт Хувцагааны Цэцэгмааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Цэцэгмааг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Цэцэгмаад оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн сар бүр тэнцүү хэмжээгээр төлөхөөр тогтоосугай.   

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Цэцэгмаа нь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай.

5. Шүүгдэгчид Х.Цэцэгмаад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан галын хайчийг устгасугай.

7. Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, түүний төлөөлөгч улсын яллагч, түүний дээд шатны прокурор нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах  эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.НАНДИНЦЭЦЭГ