Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 127

 

Өмнөговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Уранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

                                                  Нэхэмжлэгч:  *******       овогт    Ө.Ч        /РД:................./, Өмнөговь аймаг Даланзадгад сум,     ...................    тоот

Хариуцагч:    *******       овогт        Х.Ө  /РД:................./,

Өмнөговь аймаг Даланзадгад сум,      ......................   тоот

          Гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ө.Ч , хариуцагч Х.Ө , нарийн бичгийн дарга Ц.Анхбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ө.Ч  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х.Ө тай 2007 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Улсын бүртгэлийн хэлтэст гэрлэлтээ батлуулан гэр бүл болсон. 2007 онд хүү Ч.Д , 2009 оны 12 дугаар сарын 04-ний өдөр охин Ч.Н  нар төрсөн. Бид 2011 оноос хойш одоог хүртэл тус тусдаа амьдарч байгаа бөгөөд цаашид эвлэрэн хамт амьдрах боломжгүй болсон. Иймд 2007 оны 223 дугаартай гэрлэлтийн гэрчилгээтэй бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Хүүхдүүдээ нэг нэгээр нь авч асрамжлах саналтай байгаа гэжээ.

          Хариуцагч Х.Ө  шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Ө овогтой Ө.Ч тай 2007 онд гэрлэж, хүү Ч.Д  төрсөн. 2009 онд охин Ч.Н  төрсөн. Улмаар 2010 он хүртэл амьдарч 2011 онд гэр бүлийн үл ойлголцох явдлаас болж салсан. 2011 оноос хойш одоог хүртэл тусдаа амьдарч байна. Тус тусдаа гэр бүлтэй болж, эргэж нийлэх боломжгүй тул Ө.Ч ын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Том хүүхдээ өөр дээрээ авах саналтай байгаа. Би жирэмсэн, 2019 оны 06 дугаар сард төрнө гэжээ.

  Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болох Ө.Ч , Х.Ө  нарын иргэний үнэмлэхийн хуулбар, хүү Ч.Д , охин Ч.Н  нарын төрсний гэрчилгээний хуулбар, Ө.Ч , Х.Ө  нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, Өмнөговь аймгийн “Өнө-Орших” өрхийн эрүүл мэндийн төвийн 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Ч.Д , Ч.Н  нарын тодорхойлолт, Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 43 дугаартай эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хариуцагч Х.Ө гийн хариу тайлбар, Ч.Д , Ч.Н  нарын саналыг асуусан тэмдэглэл зэргийг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ө.Ч  нь хариуцагч Х.Ө д холбогдуулан гэрлэлт цуцлуулахыг хүсжээ.

Хариуцагч Х.Ө  нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч тайлбар гаргадаг.

Ө.Ч , Х.Ө  нар нь 2006 оны 06 дугаар сарын 28-ны өдөр гэр бүл болж, гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Иргэний бүртгэлийн байгууллагын 2007 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 0000590 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбараар нотлогдож байна.

Гэрлэгчид шүүхэд хандахаас өмнө шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан байна. Гэрлэгчдийн хэн аль нь гэр бүлээр амьдрах хүсэлгүй, өөр бусадтай хамтын амьдралтай болсноос эвлэрэх боломжгүй гэснээр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон нь эвлэрүүлэн зуучлагчийн 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 43 дугаартай тэмдэглэлээр тогтоогдсон тул шүүх нэхэмжлэгчийн гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянан хэлэлцсэн болно.

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед хариуцагч Х.Ө  жирэмсэн болох нь түүний “...Би жирэмсэн, 2019 оны 06 дугаар сард төрнө” гэх тайлбараар нотлогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт “Эхнэр нь жирэмсэн буюу хүүхэд нь нэг нас хүрээгүй, эсхүл хариуцагч хүндээр өвчилсөн тохиолдолд гэрлэлтийг цуцлахыг хориглоно.” гэж заасныг баримтлан гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлахаас татгалзав.

Нэхэмжлэгч нь гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг төлжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Ө.Ч ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт заасныг баримтлан Ө.Ч ын гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын Тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ө.Ч ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Р.УРАНЧИМЭГ