Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 2023/ШЦТ/117

 

 

 

 

 

 

 

 

 

   2023            02           14                                      2023/ШЦТ/117                            

                                                                                                                     

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, шүүгч Д.Алтанжигүүр, шүүгч Д.Доржсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Батцэцэгийн Тэргэлд холбогдох эрүүгийн 22020 0592 0450 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Ч.Батзориг /нийслэл/, иргэдийн төлөөлөгч М.Хишигжаргал, шүүгдэгч Б.Тэргэл, түүний өмгөөлөгч Д.Дарханбаатар нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Д.Баасандорж шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1997 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, татварын эдийн засаг, нягтлан бодох бүртгэл мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, хоёр дүү нарын хамт амьдрах, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Сариг А11 байрны 07 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, одоо Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Ногоон төгөл хотхоны 170б тоотод оршин суух, урьд:

- Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 04 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэснийг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар тэнссэн хугацааг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигин овогт Батцэцэгийн Тэргэл /РД:********/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Тэргэл нь 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр өөрийн найз охин Г.Сугарын нэрээр Төрийн банкны “western union” мөнгөн гуйвуулгын үйлчилгээг ашиглан 660 ам долларыг Малайз Улсад байх Азри Даниэл /Azri Daniel/ гэх хүн рүү шилжүүлж, “JWH-018” буюу /ADB-BUTINACA/ гэх нэршилтэй Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтдаг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр өөрөө хэрэглэхээр захиж, улмаар 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дахь “Чингис Хаан” Олон улсын нисэх буудал дахь Гаалийн газрын хяналтаар цэвэр жин нь нийт 22 мл хэмжээтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг Монгол Улсын хилээр нэвтрүүлэн, “DHL” олон улсын шуудан илгээмжээс очиж авч, хууль бусаар олж авсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч Б.Тэргэлээс шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн. Надад нэмж хэлэх зүйл байхгүй. Гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, хүлээн зөвшөөрч байгаа. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэсэн мэдүүлэг,    

Хоёр. Эрүүгийн 22020 0592 0450 дугаартай хэргээс:

1. “FedEx” 277464221528 дугаартай Гаалийн байгууллагын нягтлан шалгах гэх бичигтэй эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл (хэргийн 1-р хавтас 5 дахь тал),

2. Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах DHL шуудан илгээмжийн газраас хүлээн авсан илгээмжид үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд (хэргийн 1-р хавтас 08-12 дахь тал),

3. Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах DHL шуудан илгээмжийн газрын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд (хэргийн 1-р хавтас 13-16 дахь тал),

4. Г.Сугар, Б.Тэргэл нарын гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хэргийн 1-р хавтас 19-30, 31-39 дэх тал),

5. “Г.Сугар, Б.Тэргэл нарын Western Union мөнгөн гуйвуулгаар гүйлгээ хийсэн дансны хуулга баримтыг хүргүүлэв” гэсэн Төрийн банкны 2022 оны 10 дугаар сарын 26-ны 18/4875 дугаартай албан бичиг, хавсралтын хамт (хэргийн 1-р хавтас 43-49 дэх тал),

6. Эрүүгийн 22020 0592 0450 дугаартай хэрэгт:

6.1. Г.Сугарын эзэмшлийн Iphone Xs маркийн гар утас 1 ширхэг,

6.2. Б.Тэргэлийн эзэмшлийн Iphone Xs Max маркийн гар утас 1 ширхэг,

6.3. “Women of earth” гэсэн бичигтэй, хуванцар савтай, шар өнгийн тосорхог бодис 1 ширхэг,

6.4. “Luck” гэсэн бичигтэй, хуванцар савтай, шар өнгийн тосорхог бодис 1 ширхэг зэрэг эд зүйлсийг Эд мөрийн баримтаар тооцсон 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Мөрдөгчийн тогтоол (хэргийн 1-р хавтас 50 дахь тал),

7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Ганбилэгийн гэрчээр өгсөн:

“...2022 оны 9 дүгээр сарын 22-ны өглөө 10 цаг 30 минутын үед ажилдаа очоод байж байхад Тэргэл өөрийн фейсбүүк чатаар залгаад “Нисэх яваад ирье, бензин хийж өгнө” гэж гуйхаар нь зөвшөөрсөн. Тэгээд өдөр 14 цагийн үед Тэргэлийг Багшийн Дээдийн автобусны буудлаас авахад надад “ачаа бараа ирж байгаа, Нисэхийн каргоноос очиж авна” гэж хэлээд, бид хоёр түүний найз охин Сугарыг замдаа Төв номын сангийн автобусны буудлаас авсан.

Би Тэргэлийн хүлээж авах гэж байсан шуудан илгээмжийн талаар мэдэхгүй. Бид 3 Нисэх явж байхдаа шуудан илгээмжийн талаар яриагүй, зүгээр ойр зуурын хоол хүнсний талаар ярьсан санагдаж байна. Тэгээд Нисэхийн зүүн талд байрлах газар очсон ба би хаана очиж байгаагаа мэдээгүй, харин Нисэх байсан гэдгийг бол мэдэж байна.

Бид гурав ойролцоогоор 15 цагийн үед очсон ба Сугар ганцаараа машинаас буугаад явсан. Хаашаа орж, юу авах гэж байгаа талаар нь би мэдээгүй, машинд явж байхдаа энэ талаар яриагүй. Тэгэхэд Сугар буцаж ирэлгүй 30-аад минут болсон ба Тэргэл гэнэт “хөдлөөрэй, явъя” гэхээр нь би машинаа асааж хөдлөөд шууд Нисэхийн зам руу гарсан.

Энэ үед Тэргэлийн гар утас дуугараад, миний хажууд утсаар ярьсан. Надад “Тагнуулын Ерөнхий газраас дуудаж байна, асууж тодруулах зүйл байна гэнэ” гээд зам дагуу автобусны буудал дээр буусан. Дараа нь юу болсон талаар нь би мэдэхгүй байна.

Сүүлд ...таарахад Тэргэл “асуудалд орчихсон, өмгөөлөгч аваад явж байна. Тагнуулын ерөнхий газраас дуудаж мэдүүлэг авсан уу” гэж асуусан. Тэрнээс хойш холбогдоогүй.” гэсэн мэдүүлэг (хэргийн 1-р хавтас 53-54 дэх тал),

8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Баатарын гэрчээр өгсөн:

“...Би өөрийн хүү Тэргэлийн талаар мэдүүлэг өгнө. ...Тэргэл 2020 оны сүүлээр Цагдаагийн ерөнхий газарт хар тамхины хэрэгт холбогдоход нь хэрэглэдэг гэдгийг нь мэддэг болсон. 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Тэргэл өөрийн 9920хх99 дугаараас над луу залгаад “Би шингэн тамхи захиалсан юм, тэр нь буруу нэршлээр ирчихсэн. Таньд Гааль дээр таньдаг хүн байна уу, хураагдаж торгууль төлдөг үү” гэхээр нь “нэр нь буруу бол гаалийн бүрдүүлэлтээ залруулж бичээд, гаалийн бүрдүүлэлтээ өөрчилж хийгээд төлбөрөө төлөөд авч болно” гэж хэлсэн. Би тухайн үед анхаарал хандуулаагүй.

2022 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Тэргэл “ирсэн бараа хураагдчихсан” гэж хэлж байсан. ...Тэргэл хориотой бодисыг Сугарын нэр дээр захиалсанд харамсаж байна. Тэргэл надад “найз маань захиалсан болохоор би Сугарын нэр дээр захиалсан” гэж хэлсэн. Сугар нь “чиний нэр дээр захиалчихъя гэхээр нь би зөвшөөрчихсөн” гэдэг.” гэсэн мэдүүлэг (хэргийн 1-р хавтас 57-58 дахь тал),

9. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Сугарын гэрчээр өгсөн:

“...2021 оны 9 дүгээр сард Б.Тэргэл нь Улаанхуаранд байрлах Төрийн банкны Western Union гэх мөнгөн гуйвуулгын үйлчилгээгээр Малайз Улсаас тос, шингэн тамхи захихдаа миний иргэний үнэмлэхийг ашигласан. Тухайн үед би Тэргэлийн хамт 1.0 сая төгрөгийг гадаад хүний нэр лүү хийсэн ба тухайн хүнийг хэн болохыг мэдээгүй.

2022 оны 8 дугаар сард миний 9440хх91 дугаар дээрх телеграмм хаяг дээр Малайз хүнээс чат ирсэн. Би телеграмм ашигладаггүй учраас тухайн чатыг Тэргэлд ирсэн чат гэж бодоод, утсаа өгсөн. Ямар чат болохыг нь уншаагүй болохоор мэдэхгүй байна. Тухайн үед Тэргэл надад “Малайз Улсаас юм захиалаад авчихъя” гээд надаас гэрийн хаяг, зипкод, цахим хаяг, утасны дугаар гэх мэдээллүүдийг авсан. Надад хэлэхдээ “тос, шингэн тамхи захиална” гэж байсан. Тэр захиалсан юмнууд нь ямар үйлчилгээтэй болохыг би мэдэхгүй, тос гэж бодсон.

2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр миний 9440хх91 дугаар луу FedEx шуудан илгээмжийн газраас “шуудан илгээмж чинь ирлээ, ирж аваарай” гэж залгасан. 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Тэргэлийн хамт очиход “ахлах байцаагчтай уулзаж авна” гэхээр нь ахлах байцаагчтай нь уулзахад өөр байцаагч томилж өгсөн юм. Тэгээд би гарын үсэг зураад, барааг хүлээж авах гэж байхад шуудан илгээмжийн газар хаачихсан.

Маргааш нь буюу 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр би Тэргэл, Тэргэлийн танил ахын хамт шуудан илгээмжийн газраас илгээмжээ авахаар явсан. Намайг DHL гэх шуудан илгээмжийн газраас илгээмжээ аваад гарч байхад Тагнуулын байгууллагын 2 албан хаагч ирээд намайг түр саатуулсан. Намайг саатуулж байхыг Тэргэл, түүний ах хоёр хараад машинаа хөдөлгөөд явсан.

...Би Тэргэлийг сэтгэцэд нөлөөт бодис захиж байна гэж мэдээгүй. Тэргэл надад “шингэн тамхи, тос захиж байгаа” гэж хэлсэн. Би түүнээс илгээмжийн талаар дэлгэрэнгүй асуугаагүй ба хар тамхи гэж огт бодож байгаагүй.” гэсэн мэдүүлэг (хэргийн 1-р хавтас 87-88, 90-92 дахь тал),

10. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Тусгай шинжилгээ хийсэн шинжээчийн 4725 тоот:

1.2. Шинжилгээнд ирүүлсэн “1” гэсэн хаягтай хуванцар савтай шар өнгийн тосорхог шингэн, “2” гэсэн хаягтай хуванцар савтай шар өнгийн тосорхог шингэн зэргээс JWH-018 (ADB-BUTINACA) илэрч байна. Илэрсэн JWH-018 нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтдаг болно.

3. “1” гэсэн хаягтай хуванцар савтай шар өнгийн тосорхог шингэний хуванцар савтай жин 29.1584 гр, шар өнгийн тосорхог шингэн нь 16.5 мл хэмжээтэй, “2” гэсэн хаягтай хуванцар савтай шар өнгийн тосорхог шингэний хуванцар савтай жин 35.1698 гр, шар өнгийн тосорхог шингэн нь 5.5 мл хэмжээтэй байна. Ирүүлсэн дээж тус бүрээс 0.5 мл хэмжээтэй шингэнийг шинжилгээ хийхэд зарцуулсан болно.

4. Илэрсэн сэтгэцэд нөлөөлөх бодисын тоо хэмжээг тогтоох шаардлагагүй.” гэсэн дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд (хэргийн 1-р хавтас 110-113 дахь тал),

11. Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1074 тоот шинжээчийн дүгнэлт:

1. Б.Тэргэл нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

2. Б.Тэргэл нь өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадвартай байна.

3. Б.Тэргэл нь хэрэгт ач холбогдол бүхий байдлыг бодитой тусган үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

4. Б.Тэргэл нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.” гэсэн дүгнэлт (хэргийн 1-р хавтас 119 дэх тал),

12. “...Малайз Улсаас “Сугар” гэсэн нэрээр ирүүлсэн 277464221528 дугаартай илгээмж нь 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт байрлах Чингис хаан Олон улсын нисэх буудал дахь гаалийн газрын хяналтад улсын хилээр нэвтэрч, 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын DHL дахь гаалийн хяналтын бүсийн хяналтад орсон.” гэх Гаалийн Ерөнхий Газрын Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 16/1119 дугаартай албан бичиг (хэргийн 1-р хавтас 168-169 дэх тал),

13. “...Гантөмөрийн Сугар /РД:********/-ын нэр дээр 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр ОМ302 дугаартай нислэгээр 289-5306 1105 тээврийн баримттай, 2774 6422 1528 ачааны дугаартай 340 малайз ринггит бүхий 0.45 кг FISHING MACHINE нэртэй илгээмж ирж, 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр гаалийн хяналтаар оруулснаар уг илгээмж саатуулагдсан бөгөөд 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авагчид DHL-ын шуудан илгээмжийн гаалийн хяналтын бүс дэх салбараас ачааг бичиг баримтын хамт гардуулсан.” гэсэн “Туушин Улс хоорондын тээврийн зууч” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 3/775 дугаартай албан бичиг, хавсралтын хамт (хэргийн 1-р хавтас 177-182 дахь тал),

14. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээч Д.Золзаяаг байцаасан тэмдэглэлд:

“...Шинжилгээнд ирүүлсэн 2 ширхэг бодисоос дээж авч, органик уусгагчид уусган шинжилгээний дээжийг бэлтгэсэн. Дээжийг стандарт ажлын зааврын дагуу хийж, хроматографи спектрометр багаж ашиглан шинжилгээ хийсэн. Тухайн бодисоос JWH-018 илэрсэн. Илэрсэн бодис нь Монгол Улсын хэмжээнд анх удаа илэрсэн шинэ төрлийн сэтгэцэд нөлөөт бодис юм. Өмнө нь энэ төрлийн бодис Монгол Улсын хэмжээнд илэрч байгаагүй. Мөн энэ төрлийн шинжилгээг тодорхойлж чаддаггүй байсан.

Миний бие Бүгд Найрамдах Солонгос Улсын Шүүхийн шинжилгээний хүрээлэнд 50 хоногийн хугацаатай мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдаж, шинэ төрлийн мансууруулах бодисыг илрүүлэх арга аргачлал болон программ хангамжийн мэдлэгийг эзэмшээд ирсэн юм. Эзэмшсэн мэдлэгийн хүрээнд ирүүлсэн дээжээс дээрх бодисыг илрүүлсэн.

Шинжилгээнд ирүүлсэн 2 ширхэг бодисоос Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг JWH-018 (ADB-BUTINACA) гэх бодис илэрсэн.” гэсэн мэдүүлэг (хэргийн 2-р хавтас 85 дахь тал),

15. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.Тэргэлийн яллагдагчаар өгсөн:

“...Би 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр өөрийн найз охин Сугарын нэрээр шингэн тамхи захиалж, Малайз Улсын иргэн Азри Даниэл гэх хүн рүү 660 ам долларыг шилжүүлсэн. Би өөрөө хэрэглэх гэж захиалсан ба худалдан борлуулах санаа байгаагүй. Тэгээд 2022 оны 7 дугаар сар хүртэл сураггүй алга болсон байж байгаад огноог тодорхой санахгүй байна, Азри Даниэл надтай холбогдсон.

Ингэхдээ Сугарын 9440хх91 дугаар дахь телеграмм хаяг руу чат бичсэн байсан ба энэ талаар Сугар мэдээгүй. Тэгээд шингэн тамхийг явуулахаар миний мэдээллийг асуусан. Тухайн үед би иргэний үнэмлэхээ алга болгочихсон байсан болохоор илгээмжээ Сугарын нэр дээр авахаар шийдээд, найз охиныхоо гэрийн хаяг, утасны дугаар зэргийг нь өгсөн.

Удалгүй 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр би барааг авах гэж очиход надад өгөөгүй. Тэгээд 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр би таньдаг ах Ганбилэгийг дуудаад, Сугарыг хичээлээс нь аваад Нисэхийн хажууд байх DHL олон улсын карго илгээмжийн газар очсон. Сугар тэндээс илгээмжийг аваад гарч ирэхэд түүнийг Тагнуулын байгууллагаас саатуулсан. Энэ үед би Ганбилэг ахтай хамт зугтсан. Удалгүй миний утас руу Тагнуулын ажилтнаас залгаад “хүрээд ир, тодруулах зүйл байна” гэж хэлсэн.

Сугар болон Ганбилэг нар илгээмжид юу байгааг мэдэхгүй, зүгээр надтай хамт явсан юм. Би тэдэнд илгээмжид юу байгаа талаар хэлээгүй. ...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг (хэргийн 2-р хавтас 78-80 дахь тал) болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд болох Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хэргийн 1-р хавтас 141-145 дахь тал), Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт (хэргийн 2-р хавтас 145 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хэргийн 1-р хавтас 162 дахь тал), урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас баримт (хэргийн 1-р хавтас 166 дахь тал) зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

Тухайн хэргийн хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих асуудлыг бүрэн шалгаж тогтоосон, хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн нотлох баримтуудыг үнэлж дүгнэн шүүгдэгч Б.Тэргэлийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.     

Гурав. Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

Монгол Улсын Олон улсын гэрээнд сэтгэцэд нөлөөлөх бодисыг тусгай зөвшөөрөл, хяналтын дор бэлтгэх, худалдах, түгээх үйл ажиллагаа явуулах хэм хэмжээг тогтоосон ба “Сэтгэцэд нөлөөт бодис” гэдэгт НҮБ-ын 1971 онд баталсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 1, 2, 3, 4 дүгээр жагсаалтад орсон байгалийн буюу аливаа бодис, эсхүл байгалийн аливаа материалыг хэлэх энэ төрлийн бодис, аливаа бэлдмэл нь хараат байдлыг үүсгэж донтуулах чадвартай, төв мэдрэлийн системийн тогтолцоог сэргээх буюу дарангуйлах гаж нөлөө үзүүлж, үр дүнд нь хий үзэгдэл харахад хүргэх, хүний ердийн үйл ажиллагаа, сэтгэхүй, мэдрэхүй, зан авирыг саатуулан хямрааж айдас түгшүүрт автах, булчин шөрмөс хөших, биеийн халуун нэмэгдэх, ам хатах зэргээр олон нийтийн эрүүл мэнд болон нийгэмд хортой үр дагавар үүсгэх чадвартай учир тухайн төрлийн сэтгэцэд нөлөөлөх бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулахад чиглэсэн аливаа үйл ажиллагааг Эрүүгийн хуулийн Хорьдугаар бүлэгт заасан Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн төрөлд хамааруулж, гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна. 

Иймээс энэ төрлийн эм, бэлдмэл, бодисыг хууль ёсны буюу зөвхөн зохих байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр нийлүүлэх, онцгой тохиолдолд хувь хүмүүст эмнэлгийн зорилгоор хэрэглэхэд зориулж эмчийн жороор, эрүүл мэндийг хариуцдаг эрх бүхий байгууллагаас томилсон тусгай зөвшөөрөл бүхий зөвхөн эмийн сан, эмнэлгийн байгууллагаар дамжуулан олж авахаас бусад аргаар олж аван өөрийн эзэмшлийнх болгож буй аливаа үйлдлийг “хууль бусаар олж авсан” гэж, түүнчлэн сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур өөрийн бие, эд зүйл, цүнх сав, тээврийн хэрэгсэл, орон байр, агуулах, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис байлгахыг “хууль бусаар хадгалсан” гэж, байгальд жам ёсоороо ургадаг мансууруулах бодис бүхий ургамлыг ямар ч зөвшөөрөлгүйгээр түүж цуглуулсан, цэвэршүүлснээс гадна уг бодисыг дахин гар аргаар боловсруулж хувирган өөрчилж, бэлэн бүтээгдэхүүн болгох, түүхий эдийн хэлбэрээр бий болгосныг “хууль бусаар бэлтгэсэн” гэж, улмаар дээрх хориглосон хүн амын эрүүл мэндэд хор хөнөөл бүхий мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг шуудан ба тээшийн илгээлтийн төрлийг ашиглан хууль бус эргэлтэд оруулж, улсын хилээр нэвтрүүлснийг “хууль бусаар улсын хил нэвтрүүлсэн” гэж тус тус үзнэ.

Тухайн хэргийн нөхцөлд шүүгдэгч Б.Тэргэл нь:

2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр өөрийн найз охин Г.Сугарын нэрээр Төрийн банкны “western union” мөнгөн гуйвуулгын үйлчилгээг ашиглан 660 ам долларыг Малайз Улсад байх Азри Даниэл /Azri Daniel/ гэх хүн рүү шилжүүлж, “JWH-018” буюу /ADB-BUTINACA/ гэх нэршилтэй Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтдаг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр өөрөө хэрэглэхээр захиалж, 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр тус улсаас шуудан илгээмж ашиглан Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэн хууль бусаар олж авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан:

- “FedEx” 277464221528 дугаартай Гаалийн байгууллагын нягтлан шалгах гэх бичигтэй эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл (хэргийн 1-р хавтас 5 дахь тал),

- Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах DHL шуудан илгээмжийн газраас хүлээн авсан илгээмжид үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд (хэргийн 1-р хавтас 08-12 дахь тал),

- Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах DHL шуудан илгээмжийн газрын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд (хэргийн 1-р хавтас 13-16 дахь тал),

- Г.Сугар, Б.Тэргэл нарын гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хэргийн 1-р хавтас 19-30, 31-39 дэх тал),

- “Г.Сугар, Б.Тэргэл нарын Western Union мөнгөн гуйвуулгаар гүйлгээ хийсэн дансны хуулга баримтыг хүргүүлэв” гэсэн Төрийн банкны 2022 оны 10 дугаар сарын 26-ны 18/4875 дугаартай албан бичиг, хавсралтын хамт (хэргийн 1-р хавтас 43-49 дэх тал),

- Эрүүгийн 22020 0592 0450 дугаартай хэрэгт:

1. Г.Сугарын эзэмшлийн Iphone Xs маркийн гар утас 1 ширхэг,

2. Б.Тэргэлийн эзэмшлийн Iphone Xs Max маркийн гар утас 1 ширхэг,

3. “Women of earth” гэсэн бичигтэй, хуванцар савтай, шар өнгийн тосорхог бодис 1 ширхэг,

4. “Luck” гэсэн бичигтэй, хуванцар савтай, шар өнгийн тосорхог бодис 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Мөрдөгчийн тогтоол (хэргийн 1-р хавтас 50 дахь тал),

- гэрч Г.Ганбилэг (хэргийн 1-р хавтас 53-54 дэх тал), гэрч Д.Баатар (хэргийн 1-р хавтас 57-58 дахь тал), гэрч Г.Сугар (хэргийн 1-р хавтас 87-88, 90-92 дахь тал) нарын мэдүүлэг,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Тусгай шинжилгээ хийсэн шинжээчийн 4725 тоот:

1.2. Шинжилгээнд ирүүлсэн “1” гэсэн хаягтай хуванцар савтай шар өнгийн тосорхог шингэн, “2” гэсэн хаягтай хуванцар савтай шар өнгийн тосорхог шингэн зэргээс JWH-018 (ADB-BUTINACA) илэрч байна. Илэрсэн JWH-018 нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтдаг болно.

3. “1” гэсэн хаягтай хуванцар савтай шар өнгийн тосорхог шингэний хуванцар савтай жин 29.1584 гр, шар өнгийн тосорхог шингэн нь 16.5 мл хэмжээтэй, “2” гэсэн хаягтай хуванцар савтай шар өнгийн тосорхог шингэний хуванцар савтай жин 35.1698 гр, шар өнгийн тосорхог шингэн нь 5.5 мл хэмжээтэй байна. ирүүлсэн дээж тус бүрээс 0.5 мл хэмжээтэй шингэнийг шинжилгээ хийхэд зарцуулсан болно.

4. Илэрсэн сэтгэцэд нөлөөлөх бодисын тоо хэмжээг тогтоох шаардлагагүй.” гэсэн дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд (хэргийн 1-р хавтас 110-113 дахь тал),

- Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1074 тоот шинжээчийн дүгнэлт:

1. Б.Тэргэл нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

2. Б.Тэргэл нь өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадвартай байна.

3. Б.Тэргэл нь хэрэгт ач холбогдол бүхий байдлыг бодитой тусган үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

4. Б.Тэргэл нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.” гэсэн дүгнэлт (хэргийн 1-р хавтас 119 дэх тал),

- “...Малайз Улсаас Сугар гэсэн нэрээр ирүүлсэн 277464221528 дугаартай илгээмж нь 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт байрлах Чингис хаан Олон улсын нисэх буудал дахь гаалийн газрын хяналтад улсын хилээр нэвтэрч, 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын DHL дахь гаалийн хяналтын бүсийн хяналтад орсон.” гэх Гаалийн Ерөнхий Газрын Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 16/1119 дугаартай албан бичиг (хэргийн 1-р хавтас 168-169 дэх тал),

- “...Гантөмөрийн Сугар /РД:********/-ын нэр дээр 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр ОМ302 дугаартай нислэгээр 289-5306 1105 тээврийн баримттай, 2774 6422 1528 ачааны дугаартай 340 малайз ринггит бүхий 0.45 кг FISHING MACHINE нэртэй илгээмж ирж, 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр гаалийн хяналтаар оруулснаар уг илгээмж саатуулагдсан бөгөөд 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авагчид DHL-ын шуудан илгээмжийн гаалийн хяналтын бүс дэх салбараас ачааг бичиг баримтын хамт гардуулсан.” гэсэн “Туушин Улс хоорондын тээврийн зууч” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 3/775 дугаартай албан бичиг, хавсралтын хамт (хэргийн 1-р хавтас 177-182 дахь тал),

- Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээч Д.Золзаяаг байцаасан тэмдэглэлд:

“...Шинжилгээнд ирүүлсэн 2 ширхэг бодисоос дээж авч, органик уусгагчид уусган шинжилгээний дээжийг бэлтгэсэн. Дээжийг стандарт ажлын зааврын дагуу хийж, хроматографи спектрометр багаж ашиглан шинжилгээ хийсэн. Тухайн бодисоос JWH-018 илэрсэн. Илэрсэн бодис нь Монгол Улсын хэмжээнд анх удаа илэрсэн шинэ төрлийн сэтгэцэд нөлөөт бодис юм. Өмнө нь энэ төрлийн бодис Монгол Улсын хэмжээнд илэрч байгаагүй. Мөн энэ төрлийн шинжилгээг тодорхойлж чаддаггүй байсан.

Миний бие Бүгд Найрамдах Солонгос Улсын Шүүхийн шинжилгээний хүрээлэнд 50 хоногийн хугацаатай мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдаж, шинэ төрлийн мансууруулах бодисыг илрүүлэх арга аргачлал болон программ хангамжийн мэдлэгийг эзэмшээд ирсэн юм. Эзэмшсэн мэдлэгийн хүрээнд ирүүлсэн дээжээс дээрх бодисыг илрүүлсэн.

Шинжилгээнд ирүүлсэн 2 ширхэг бодисоос Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг JWH-018 (ADB-BUTINACA) гэх бодис илэрсэн.” гэсэн мэдүүлэг (хэргийн 2-р хавтас 85 дахь тал),

- Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Тэргэлийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг (хэргийн 2-р хавтас 78-80 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан) зэрэг бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй хийснээр үйлдэгдсэнд тооцогдох хэлбэрийн бүрэлдэхүүнтэй тул заавал хор уршиг учирсан байхыг шаардахгүй бөгөөд Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах /ЭХТА-20.7 дугаар зүйл/ гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь олон нийтийн эрүүл мэндэд болон нийгэмд хортой үр дагавартай учир тухайн төрлийн бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, түгээх, тарьж ургуулах, боловсруулж бэлтгэхэд чиглэсэн аливаа үйл ажиллагаа, уг төрлийн бодисын үндэстэн дамнасан хууль бус аливаа эргэлтийг хориглож, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн төрөлд хамааруулж Үндэсний хууль тогтоомж болон Олон улсын гэрээ, конвенцид заасан.

Нийслэлийн прокуророос Б.Тэргэлийн 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр өөрийн найз охин Г.Сугарын нэрээр Төрийн банкны “western union” мөнгөн гуйвуулгын үйлчилгээг ашиглан 660 ам долларыг Малайз Улсад байх Азри Даниэл /Azri Daniel/ гэх хүн рүү шилжүүлж, “JWH-018” буюу /ADB-BUTINACA/ гэх нэршилтэй Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтдаг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр өөрөө хэрэглэхээр захиалж, улмаар 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр тус улсаас шуудан илгээмж ашиглан Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж олж авсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан гэмт хэргээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн үндэслэл бүхий гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч Б.Тэргэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан гэмт хэргийг улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн” гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй.

Шүүгдэгч Б.Тэргэл нь урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 04 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглосон хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэснийг 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 5.3-т зааснаар өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн талаар хэрэгт Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоол, Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тухай шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол, Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 01/1650 дугаартай албан тоот (хэргийн 1-р хавтас 141-145, 147-148 дахь тал) баримтууд хэрэгт авагдсан байна.

Шүүх, шүүгдэгч Б.Тэргэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ “гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт эрүүгийн хариуцлага тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын санал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан ялын хэмжээний дотор 05 /тав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Түүнчлэн шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн үйл баримтад шүүгдэгч маргаагүй, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулахад дэмжлэг үзүүлэн аливаа хэлбэрээр саад учруулаагүй, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд төлөх төлбөргүй зэрэг нөхцөл байдлыг шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан хэрэглэж өгнө үү” хэмээх санал гаргаж мэтгэлцсэнийг шүүх доорх үндэслэлээр хүлээн авах боломжгүй юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  “...Гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно.” гэсэн,

- мөн зүйл, хэсгийн 1.4-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах” гэсэн хэм хэмжээ нь шүүхэд эрх олгосон заалт болохоос заавал хэрэгжүүлэх, үүрэг болгосон эрх зүйн зохицуулалт биш бөгөөд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршгийн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан зохицуулалтыг журамлан хэрэглэх боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Тагнуулын Ерөнхий газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж буй Мөрдөгчийн тогтоолоор хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 22 мл хэмжээтэй тос мэт шар өнгийн бодисыг зохих журмын дагуу устгаж, уг ажиллагаанд прокурор, мэргэжилтнийг оролцуулан тэмдэглэл үйлдэн, устгасан эд мөрийн баримтын жагсаалтыг хэрэгт хавсаргуулахаар тус шүүхэд ирүүлэхийг Тагнуулын Ерөнхий газрын Мөрдөн шалгах газарт даалгаж,

- мөн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Г.Сугарын эзэмшлийн Iphone XS загварын, Б.Тэргэлийн Iphone XS Max загварын гар утаснуудыг тус тус эзэмшигч нарт буцаан олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.  

Энэ хэрэгт Б.Тэргэл нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Боржигин овогт Батцэцэгийн Тэргэлийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан гэмт хэргийг улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасныг баримтлан Б.Тэргэлд 05 /тав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Тэргэлд оногдуулсан 05 /тав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 3, 6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Тагнуулын Ерөнхий газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж буй, Мөрдөгчийн тогтоолоор хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон  22 мл хэмжээтэй тос мэт шар өнгийн бодисыг зохих журмын дагуу устгаж, уг ажиллагаанд прокурор, мэргэжилтнийг оролцуулан тэмдэглэл үйлдэн, устгасан эд мөрийн баримтын жагсаалтыг хэрэгт хавсаргуулахаар тус шүүхэд ирүүлэхийг, мөн хэрэгт хураагдсан Г.Сугарын эзэмшлийн Iphone XS загварын, Б.Тэргэлийн Iphone XS Max загварын гар утаснуудыг тус тус эзэмшигч нарт нь буцаан олгож, энэ тухай баримт үйлдэн хэрэгт хавсаргуулахаар шүүхэд ирүүлэхийг тус тус Тагнуулын Ерөнхий Газрын Мөрдөн шалгах газарт даалгасугай.  

 

5. Энэ хэрэгт Б.Тэргэл нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэх битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Б.Тэргэлд урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгон цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Ялтан, түүний өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор тус тус давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай. 

 

8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Тэргэлд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 С.БАЗАРХАНД

 

               ШҮҮГЧИД                                                                   Д.АЛТАНЖИГҮҮР

 

                                                                                                   Д.ДОРЖСҮРЭН