| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Равданжамцын Уранчимэг |
| Хэргийн индекс | 143/2019/00109/И |
| Дугаар | 128 |
| Огноо | 2019-05-28 |
| Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 128
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Уранчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* овогт Ц.А
/РД:...................../, Өмнөговь аймгийн
Даланзадгад сум, .........................
Улс төрийн хилс хэрэгт ял шийтгүүлэн цагаатгагдсан эцэг Г.Н ын нөхөх олговорт 80 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М , нарийн бичгийн дарга Ц.Анхбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний аав Г.Н нь 1993 онд 92 дугаар магадлалаар 1938 онд улс төрийн хэрэгт хилсээр хэлмэгдэж цаазаар авхуулсан нь тогтоогдож, 1993 онд 1 000 000 төгрөгийн нөхөн олговор авсан. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1, 13.2.2 дахь хэсэгт заасны дагуу төрсөн охин надад 80 000 000 төгрөгийн нөхөн олговор олгож өгөхийг нэхэмжилж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай ээж Ц.А нь 1924 онд “Хоёрдугаар хонгор” сум, одоогийн Баяндалай суманд төрсөн. Эхээс тавуулаа. Манай ээжийг 13 настай байхад нь аав Г.Н ийг нь малдаа явж байхад хүмүүс ирээд хувцсыг нь ч солиулалгүйгээр бурхан тахил зэргийг нь хурааж аваад баривчилж явсан. Хүрээд ирэх байх гэж харж байсан боловч улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж цаазаар авхууллаа гэсэн мэдээ ирсэн юм. Тэгээд ээжтэйгээ, таван хүүхэд өнчирч үлдсэн юм гэнэ лээ. Тэр таван хүүхдийн нэг нь манай ээж юм. Манай ээжийн ээж нь Ц гэдэг хүн байсан ба хүүхдүүд нь бүгдээрээ ээжээрээ овоглодог. Г.Н , Ц хоёр нь нэг гэр бүлийн хүмүүс ба 5 хүүхэдтэйгээ амьдардаг байсан юм. Г.Н гэдэг хүн манай ээжийн аав нь байсан боловч яагаад ээжээрээ овоглодог байсныг нь сайн мэдэхгүй байна. Г.Н гэдэг хүн Байшинтийн хийд гэдэг газар лам нарын хувцас хийх зэргээр ажиллаж байсан хүн. Яг лам биш байж, яагаад бариад явчихав гээд нутгийн хүмүүс их гайхаж байсан юм гэнэ лээ. Г.Н нь Д гэгээнтний хамгаалагчаар явдаг байсан. Тэр утгаараа баривчлагдаж байсан юм болов уу гэж боддог. Тэр үед баривчлах хүний тоо нь хүрээгүй болохоор харь хамаагүй хүмүүсийг баривчилж байсан гэх яриа байсан гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Ц.А нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж цагаатгагдсан эцэг Г.Н ын нөхөх олговорт 80 000 000 гаргуулахыг хүсчээ.
Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харъяат Г.Н нь улс төрийн хилс хэрэгт баривчлагдаж Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 36 дугаар хурлын тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 47 дугаар зүйлээр хөрөнгө хурааж, буудан алах ялаар шийтгүүлжээ.
Түүнд холбогдох эрүүгийн хэргийг Дээд шүүхийн хуралдаанаар хэлэлцээд 1993 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 92 дугаар магадлалаар хэргийг хэрэгсэхгүй болгож, Г.Н ыг цагаатгасан болох нь Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын лавлагаа, Улсын Дээд шүүхийн 92 дугаартай магадлал, цагаатгалын үнэмлэх зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна.
Нэхэмжлэгч Ц.А нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж цагаатгагдсан Г.Н ын төрсөн охин болох нь:
- Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 1998 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 164 дугаартай шийдвэр “1. ИХШХШ тухай хуулийн 138-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц овогтой Ц.А нь хэлмэгдэгч Г овогтой Г.Н ын төрсөн хүүхэд мөн болохыг тогтоосугай.”-ийн хуулбар,
-Архивын Ерөнхий газар, Үндэсний төв архивын 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 03-4/3016 дугаартай “Өмнөговь аймгийн Хонгор сумын 4 дүгээр багийн 1933 оны хүн амын тооллогын бүртгэлийн 2 дугаар хуудсанд: өрхийн тэргүүн *******ийн С эрэгтэй 47 настай, ах *******ийн Г.Н лам 59 настай, эгч *******ийн Ц 49 настай, зээ Ц ын Цэж лам 23 настай, зээ Ц ын Бя эмэгтэй 9 настай, зээ Ц ын Ц.А гай /Аанай/ эмэгтэй 8 настай гэж бүртгэгдсэн байна” гэж бичигдсэн лавлагаа,
- Оюуны өмч, улсын бүртгэлийн Ерөнхий газар Улсын бүртгэлийн төв архивын 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 103/013846 дугаартай “******* овогт Ц ын Ц.А /РД:................./, Өмнөговь аймгийн Баяндалай суманд төрсөн, эцгийн нэр: Г.Н , эхийн нэр: *******ийн Ц ” гэж бичигдсэн лавлагаа,
-Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М гийн “...Манай ээжийн ээж нь Ц гэдэг хүн байсан ба хүүхдүүд нь бүгдээрээ ээжээрээ овоглодог. Г.Н , Ц хоёр нь нэг гэр бүлийн хүмүүс ба 5 хүүхэдтэйгээ амьдардаг байсан юм. Г.Н гэдэг хүн манай ээжийн аав нь байсан...” гэсэн тайлбар зэргээр нотлогдож байна.
Дээрх баримтуудаар Ц.А нь хэлмэгдэгч Г.Н ын төрсөн хүүхэд, түүний эцэг Г.Н нь улс төрийн хилс хэрэгт холбогдон цаазаар авах ялаар шийтгэгдсэн нь тогтоогдож байх тул тэрээр нөхөх олговор 80 000 000 төгрөгийг нэхэмжлэх эрхтэй байна.
Нэхэмжлэгч Ц.А нь хуульд заасны дагуу орон сууц авч байгаагүй болох нь түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, зууны мэдээ сонины 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 43, 44-р дугаарын 5-р нүүрэнд “Доорх нэр бүхий иргэд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1, 13.2.2 дахь заалт, Монгол улсын засгийн газрын 1998 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 21 дүгээр тогтоолын хавсралтын 3 дугаар хэсгийн дагуу нөхөх олговрын нэхэмжлэлээ бүрдүүлсэн тул мөн тогтоолын 4 дэх хэсгийн 5-ын б, в, 9 дүгээр заалтуудыг баримтлан нийтэд мэдээлж байна. 2019 оны хоёрдугаар сарын нэрс 1. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийн хүүхэд: ...4.нэхэмжлэгчийн үндсэн захиргаа-Өмнөговь, нэхэмжлэгчийн овог нэр-Ц ын Ц.А , хэлмэгдэгчийн овог нэр-Г.Н , хэлмэгдэгчийн үндсэн захиргаа-Өмнөговь, хэлмэгдэгчийн юу болох-хүүхэд, нөхөн олговрын хэмжээ-80 сая” гэж бичигдсэн зэргээр нотлогдож байна гэж үзэв.
Иймд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ц.А д 80 000 000 төгрөгийг олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.1, 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол улсын улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1 дэх хэсэгт зааснаар Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсээс 80 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц ын Ц.А /РД:.................../-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.А гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.УРАНЧИМЭГ