Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 2023/ШЦТ/15

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2023/0013/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор К.Нанжинханд,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Золзаяа,

Шүүгдэгч ***** нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт ***** холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2218000000503 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1981 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, урианхай, бүрэн бус дунд боловсролтой, барилгын бетон армотурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дархан-Уул аймгийн Дархан сумын ***** дугаар баг, *****дүгээр хороолол, *****дугаар байрны ***** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй,

 

Сэлэнгэ аймгийн Сум дундын шүүхийн 1996 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 477 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял шийтгэж, 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 2001 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 16 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан,

Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 2008 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 85 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял,

Дархан-Уул аймгийн Сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 83 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар баривчлах ял,

Дархан-Уул аймгийн Сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 170 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 72 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зуйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 24 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 160 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан,

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 402 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар шийтгүүлсэн, 9 удаагийн ял шийтгэлтэй, ***** /РД:/,

 

Холбогдсон хэргийн талаар:

                                                                                                         

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас *****ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч ***** нь 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 11 цаг 30 минутын орчимд Дархан-Уул аймаг Дархан сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэр, “Гэрэлтэй” өрхийн эрүүл мэндийн төвийн 2 тоот өрөөнд амны хаалт асуун орж, анхаарлыг нь сарниулан, иргэн ***** ширээн дээрээ ил тавьсан байсан Самсунг 3-21 маркийн гар утсыг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч 2,400,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч***** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би Дархан сумын 9 дүгээр багт байрлах “Гэрэлтэй” өрхийн Эрүүл мэндийн төвийн даргаар ажилладаг юм. 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өглөө би 08 цагийн орчимд 2 тоот өрөөнд хүмүүсийн биед үзлэг хийгээд сууж байтал 11 цаг 30 минутын орчимд манай өрхийн эмнэлгийн ойролцоо архи уугаад яваад байдаг ***** гэх хүн орж ирээд надад маск өгөөч гэж хэлэхээр нь би шүүгээнээс маск авч өгөх хооронд ***** нь миний ширээ рүү дөхсөн юм. Ингээд би маск аваад өгтөл уг маскийг ***** нь аваад миний өрөөнөөс шууд явчихсан юм. Би ширээн дээр байсан өөрийнхөө Самсунг Эс 21 маркийн ягаан өнгийн утсыг хартал байхгүй байсан болохоор нь би өөрийнхөө утас руу залгатал 2 удаа дуудаад холбогдох боломжгүй болохоор нь шууд цагдаагийн байгууллагад хандсан. ...Би тухайн гар утсыг Дархан-Уул аймгийн “Буудай” зочид буудлын 1 давхарт байрлах “Сайн” компьютерын дэлгүүрээс 2022 оны 08 дугаар 31-ний өдөр зээлээр 3,499,900 төгрөгөөр худалдаж авсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дугаар тал/,

 

Гэрч *****ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Дархан сумын 9 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Гэрэлтэй” өрхийн эрүүл мэндийн төвд хөтөч сувилагчаар ажиллаж байх хугацаанд би 5 номерын өрөө лүү орж томуугийн вакцин хийчхээд 5-10 минут л болсон байх, буцаж гараад үүдэнд сууж байтал орон гэргүй тэнэмэл хээтэй хорооллоор архи ууж, байрнуудын гаднах хог ухаад яваад байдаг ***** гэх хүн манай эрхлэгч эмчийн өрөөнөөс гараад хазганаад доголоод гараад явж байсан. Би тухайн үедээ эмчид орж биеэ үзүүлсэн юм байх гэж бодоод өнгөрсөн, гэтэл удалгүй эмч “миний гар утас алга болчихсон байна, сая манай өрөөнөөс гарсан ***** хаашаа явсан бэ” гээд гараад ирсэн, тэгээд бид нар гараад хайгаад олоогүй учраас цагдаад хандсан.... ***** тухайн үед ганцаараа орж ирсэн....Тэр өдөр эмчийн өрөөнд өөр хүн орж гараагүй байна лээ. Бид нар өөрсдөө камер шүүж үзэхэд манай байгууллагын ажилчид л орж гарсан байсан. Гаднын хүн гэвэл ***** л орсон байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дүгээр тал/,

 

Гэрч *****ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...би өөрийн ажиллуулдаг “Өгөөж хайрхан” хүнсний дэлгүүр лүү явж байтал гудамжинд хар өнгийн, нилээд шороо тортог болсон хувцастай эрэгтэй хүн явж байсан бөгөөд надаас гар утас худалдаж авах уу гээд асуусан юм. Тухайн үед тэр хүний барьж явсан гар утас нь шинэвтэр утас байхаар нь “та наад утсаа хаанаас авсан юм бэ, хулгайлсан юм биш биз дээ” гээд асуусан чинь “би хог түүгээд явж байгаад олсон юм, хулгайнх бишээ, та хямдхан авчхаач дээ” гээд байхаар нь би тухайн үед надад бэлэн 40,000 төгрөг байсныгаа өгөөд тэр гар утсыг авсан. Би тэр гар утсыг гэртээ 2-3 хоног байлгаж байгаад 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн цэнэглээд өөрийн сим картаа хийгээд асаах гэсэн чинь дэлгэцэн дээрээ кодтой байхаар нь форматлаад кодыг нь арилгаад барьж байсан юм, Samsung S21 FE 5G гэсэн нэртэй гар утас байсан. Би тэр утсыг аваад ар талд нь гоёлын хуулга наалгуулсан. Тухайн гар утас нь одоо надад байгаа, ...Энэ хяналтын камерын бичлэг дээр гаднаас орж ирж байгаа хазганаад явж байгаа хар хувцастай эрэгтэй хүн надад гар утас зарсан хүн мөн байна, ...Тэр хүнээс 40,000 төгрөгөө нэхэмжилж авахгүй ээ. Би иргэний нэхэмжлэгчээр оролцохгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29-30 дугаар тал/,

 

“Капитал зууч” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ хийсэн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн "алдагдсан гэх Самсунг 321 маркийн гар утсыг 2,400,000 төгрөг”-өөр үнэлсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 31 дүгээр тал/,

 

Камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 13 дугаар тал/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалтай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Иймд шүүгдэгч *****ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй байна.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Хохирогч***** алдагдсан гар утсыг гэрч Ч.Батбаяраас хураан авч биет байдлаар нь хүлээлгэж өгсөн, хохирогчид шүүх хуралдааны тов мэдэгдэхэд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

Гар утсыг хулгайлан авч гарсны дараа гэрч ***** уг гар утсыг 40,000 төгрөгөөр худалдсан байх ба ***** гар утсыг хуулийн байгууллагад хураалгасан боловч төлбөр 40,000 төгрөгийг нэхэмжлэхгүй гэсэн байх тул *****ыг энэ хэрэгт гаргах иргэний нэхэмжлэлээс татгалзсан байна гэж үзэв.

 

Ял, эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “учруулсан хохирлыг нөхөн төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч *****т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэв.

 

Шүүгдэгч ***** нь Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 402 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн байх ба уг хэрэгт цагдан хоригдсон 41 хоногийг хорих ялын 41 хоногоор тооцон эдлэх ялаас хасаж тооцвол, 2 жил, 10 сар, 19 хоногийн хорих ял эдлээгүй үлдсэн байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж заасан тул энэ тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил, 10 сар, 19 хоногийн хорих ял нэмж нэгтэн, нийт эдлэх ялыг 3 жил, 4 сар, 19 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн си ди-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч *****т энэ өдрөөс эхлэн энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. ***** овогт ***** *****ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *****т 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *****т энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял дээр Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 402 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил, 10 сар, 19 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын хэмжээг 3 /гурав/ жил, 4 /дөрөв/ сар, 19 /арван ес/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *****т оногдуулсан 3 жил, 4 сар, 19 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

  1. Энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн си ди-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *****т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Г.ГЭРЭЛТ-ОД