Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 169

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

          Нэхэмжлэгч: Дайчин овогт Б.Д  /РД:.................../, Өмнөговь аймгийн Даланзадгад сум, ............... тоот

          Хариуцагч: Тайж овогт Э.Э   /РД:.............../, Өмнөговь аймгийн Даланзадгад сум, ................... тоот

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Д , хариуцагч Э.Э  , нарийн бичгийн дарга Ц.Анхбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Д  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э.Э  тай 2011 онд танилцаж дотносон 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын улсын бүртгэлийн хэлтэст гэрлэлтээ батлуулан гэр бүл болсон. 2012 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүү Э.Эн төрсөн. Одоо 7 настай. Э.Э   сүүлийн жилүүдэд архи ууж, ааш зан нь эвдэрч, хэрүүл маргаан тасрахгүй, амар тайван амьдрах орчин бүрдэхгүй байгаа тул гэрлэлтээ цуцлуулан, Э.Э  аас хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. Э.Э   бид хоёр эд хөрөнгийн маргаангүй тул 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 59 дугаартай гэрлэлтийн гэрчилгээтэй бидний гэрлэлтийг цуцалж, хүү Э.Энт Э.Э  аас тэтгэлэг тогтоолгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.Д  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Э  тай 2011 онд танилцаж 2012 онд гэрлэлтээ батлуулсан. 2012 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүү Э.Эн төрсөн. Э.Э   бид хоёр 2017 оноос эхлэн тусдаа амьдарч байна. Би 2018 оны дунд үеэс өөр хүнтэй хамтран амьдарч байгаа. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

Хариуцагч Э.Э   шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Б.Д гаас гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ. Энэ гаргасан нэхэмжлэлийг Э.Э   миний бие хүлээн зөвшөөрч байна. Хүү Э.Эн-ийг ээжийнх нь асрамжид байлгана гэжээ.

Хариуцагч Э.Э   шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Д  бид хоёр 2011 онд танилцаж 2012 онд гэрлэлтээ батлуулсан. 2012 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүү Э.Эн төрсөн. Бид 2016 оны сүүлчээс эхлэн тусдаа амьдарч байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болох нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, Э.Энийн төрсний гэрчилгээний хуулбар, Э.Э  , Б.Д  нарын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, “Энхийн хүслэн” өрхийн эрүүл мэндийн төвийн 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн тодорхойлолт, Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 73 дугаартай эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл зэргийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Д  нь хариуцагч Э.Э  аас гэрлэлтээ цуцлуулан, хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг хүсчээ.

Хариуцагч Э.Э   нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргадаг.

Э.Э  , Б.Д  нар нь 2011 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр гэр бүл болж, гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын улсын бүртгэлийн хэлтэст 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн бүртгүүлсэн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байх ба тэдний дундаас 2012 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүү Э.Эн төрсөн болох нь түүний 0000823814 бүртгэлийн дугаартай төрсний гэрчилгээний хуулбараар нотлогдож байна.

       Гэрлэгчид нь 2017 оноос хойш тусдаа амьдарсан бөгөөд шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсан боловч дээрхи ажиллагаа амжилтгүй болж дуусгавар болсон нь Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 73 дугаартай Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, талууд цаашид хамтран амьдрах хүсэлгүй, нэхэмжлэгч Б.Д  нь өөр бусадтай хамтын амьдралтай болсон болох нь түүний тайлбараар нотлогдож байх тул гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Гэр бүлийн насанд хүрээгүй гишүүн Э.Эн-ийг эх Б.Д гийн асрамжид байлгахаар зохигчид санал нэгдэж байгаа, одоо эхийн асрамжид байгаа байдал зэргийг харгалзан гэрлэгчдийн хүүхдийг насанд хүртэл эхийнх нь асрамжид байлгахаар асрамжийг тогтоов.

Хариуцагч хүүхдээсээ тусдаа амьдарч байгаа хэдий ч Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан хүүхдээ хүмүүжүүлэхэд эхтэй нь адил эрх эдэлж, үүрэг хүлээх бөгөөд ... хүүхдээ тэжээн тэтгэх үүргээс чөлөөлөгдөхгүй тул 2012 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн хүү Э.Эн-эд эцэг Э.Э  аас хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж улсын тэмдэгтийн хураамжид 140 400 төгрөг төлжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Б.Д  гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагад 70 200 төгрөг, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад 31 492 төгрөг нийт 101 692 төгрөг төлөх тул илүү төлсөн 38 708 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагч Э.Э  аас улсын тэмдэгтийн хураамжид 101 692 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

 Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийг баримтлан Тайж овогт Э.Э  , Дайчин овогт Б.Д  нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2012 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн хүү Э.Энийг 18 насанд хүртэл эх Б.Д гийн асрамжид байлгахаар асрамжийг тогтоосугай.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Э.Эаас 2012 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн хүү Э.Энэд 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Д гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Э  аас улсын тэмдэгтийн хураамжид 101 692 төгрөгийг, орон нутгийн төсвийн орлогоос 38 708 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.Д д олгосугай.

6. Зөрчлийн тухай хуулийн 15.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийг хүчин төгөлдөр болмогц улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй тохиолдолд зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэдэг болохыг  зохигчдод мэдэгдсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.ОТГОНСҮРЭН