Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2025/0105

 

 

 

 

 

 

 

 

“СУ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

       захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: шүүгч З.Ганзориг

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Г.Билгүүн

Илтгэгч: шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, Б.А, Э.У, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Г, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Л.Э, З.С

Нэхэмжлэгч: “СУ” ХХК

Хариуцагч: Эрүүл мэндийн яам

Хариуцагч: Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар

Гуравдагч этгээд: “ЧГТ” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: “Эрүүл мэндийн яамнаас олгосон Эм, эмнэлгийн хэрэгслийн импортын/экспорт/ 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 003/19/1258, 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 003/19/3989 дугаар лицензийн 1 дэх хэсэг, 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 003/19/6443 дугаар лицензүүдийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1055 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.У

Хариуцагч Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, Л.Б, Э.У,  хариуцагч Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын өмгөөлөгч Т.Ц

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Г, Э.Э, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Л.Э, З.С

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхжин

Хэргийн индекс: 128/2021/0459/З

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “СУ” ХХК-аас Эрүүл мэндийн яам, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газарт тус тус холбогдуулан “Эрүүл мэндийн яамнаас олгосон Эм, эмнэлгийн хэрэгслийн импортын/экспорт/ 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 003/19/1258, 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 003/19/3989 дугаар лицензийн 1 дэх хэсэг, 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 003/19/6443 дугаар лицензүүдийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох”-аар маргасан байна.

 

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1055 дугаар шийдвэрээр: “...Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай /2010 оны/ хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 15 дугаар зүйлийн 15.1, 15.3, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч СУ ХХК-аас, Эрүүл мэндийн яам, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт холбогдуулан гаргасан Эрүүл мэндийн яамнаас олгосон Эм, эмнэлгийн хэрэгслийн импортын/экспорт/ 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 003/19/1258, 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 003/19/3989 дугаар лицензийн 1 дэх хэсэг, 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 003/19/6443 дугаар лицензүүдийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож...” шийдвэрлэжээ.

 

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “...Нэхэмжлэгч гэдэгт захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус захиргааны актын улмаас хуулиар олгогдсон үндсэн эрх нь зөрчигдсөн хэмээн үзэж, эрхээ хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан хувь хүн, хуулийн этгээдийг хэлдэг. Гэтэл энэ тохиолдолд хариуцагч ямар хуулийн зүйл заалтыг зөрчсөний улмаас “СУ” ХХК-ийн ямар субьектив эрх зөрчигдсөн нь тодорхойгүй, үүний талаар хуульд үндэслэсэн дүгнэлт хийгээгүй, мөн лицензүүдийг илт хууль бус болохыг тогтоолгохоор шаардах эрхтэй этгээд мөн эсэх нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдохгүй байхад нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

3.2. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 19 дэх хэсэгт “ ... нэхэмжлэгч тал Терумогийн албан ёсны эрхтэй гэдэг нь тогтоогдож байхад хариуцагч байгууллага мэдсээр байж тухайн үйлдвэрлэгчийн зөвшөөрөлгүй этгээдэд лиценз олгох байдлаар нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн.” гэх агуулгаар дүгнэсэн. Гэтэл энэ дүгнэлтийг ямар нэг хуулийн зүйл, заалтад үндэслээгүй байна. Иймд, хариуцагчаас “ЧГТ” ХХК-д олгосон 2019 оны 3 лиценз нь нэхэмжлэгч “СУ” ХХК-ийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хариуцагч болон “ЧГТ” ХХК-ийн хооронд үүссэн эрх зүйн харилцааны улмаас нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх нөхцөл байдал хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаас шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдоогүй юм.

3.3. ЭМЯ-наас олгосон 2019 оны 03 дугаар сарын 04-ны өдрийн 003/19/1258 дугаартай импортын лиценз, 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 003/19/3989 дугаартай импортын лиценз, 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 003/19/6443 дугаартай импортын лицензэд ямар байгууллага, ямар бүтээгдэхүүнийг аль боомтоор оруулж ирэх, бүтээгдэхүүний нэр, код зөв бичигдсэн, мөн тухайн бүгээгдэхүүнийг оруулж ирэх хүчинтэй хугацаа зэрэг нь утга агуулгын хувьд хэнд ч ойлгомжтой маш тодорхой бичигдсэн бөгөөд импортын лиценз, 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 003/19/6443 дугаартай импортын лицензэд ямар байгууллага, ямар бүтээгдэхүүнийг аль боомтоор оруулж ирэх, бүтээгдэхүүний нэр, код зөв бичигдсэн, мөн тухайн бүтээгдэхүүнийг оруулж ирэх хүчинтэй хугацаа зэрэг нь утга агуулгын хувьд хэнд ч ойлгомжтой маш тодорхой бичигдсэн бөгөөд зөвхөн тухайн эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэгч компанийн нэрийг сольж бичсэн нь ямар ч этгээдэд илэрхий биш тул эдгээр лицензүүдийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1 дэх хэсэгт зааснаар илт хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэлгүй.

3.4. Мөн захиргааны акт илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн зүйл нь эрх зүйн үйлчлэлтэй захиргааны актын тухайд л байхаас хэрэгжээд дууссан захиргааны актад хамаарахгүй. Өөрөөр хэлбэл нэгэнт үйлчлэл нь дуусгавар болж, үр дагаваргүй болсон захиргааны актыг илт хууль бус захиргааны актад тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй юм.

3.5. “СУ” ХХК нь хүчинтэй хугацаа дууссан захиргааны актыг одоо илт хууль бус болохыг тогтоолгосноор нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн сэргэх, шүүхээр хэрхэн хамгаалагдах, түүний ямар эрх зүйн байдал дээрдэх, уг актыг илт хууль бус болохыг тогтоолгох онцгой ашиг сонирхол нэхэмжлэгчид байгаа эсэхийг анхан шатны шүүх тодруулаагүй, энэ талаар шүүхийн шийдвэрт нэг ч удаа дурдахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байдаг. Үүнээс үүдэн нэхэмжлэлийн шаардлага хангагдсанаар нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол эргэж сэргэх хууль зүйн үр дагавар үүсэх эсэх нь эргэлзээтэй буюу гурван лицензийг илт хууль бус болохыг тогтоосноор “СУ” ХХК ямар ашиг хүртэх, ямар давуу байдлыг бий болгох эсэх нь тодорхойгүй. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн зөрчигдөөгүй эрхийг сэргээсэн, хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжгүй нөхцөл байдалд хүрч байна. Үр дагавар үүсэхгүй байна гэдэг нь нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхгүй юм.

Иймд, анхан шатны шүүхийн шийдвэр нь маргаж буй захиргааны акт, маргааны агуулга, үйл баримтыг зөв тодорхойлоогүй, холбогдох хуулийг бодит нөхцөл байдалд зөв тайлбарлан хэрэглээгүй, дүгнэлт нь хуулийн тодорхой зүйл заалтад үндэслэгдээгүй, захиргааны хэргийг бүрэн, бодитой, нэг мөр шийдвэрлэж чадаагүйн улмаас нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон давж заалдах гомдлыг хангаж өгнө үү” гэжээ.

 

4. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Л.Э дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

4.1. “...импортын 3 лицензүүдэд бүгдэд нь импортлогчийн нэр, хаяг, бүтээгдэхүүнийг оруулж ирэх хүчинтэй хугацаа, гэрээний дугаар, бүтээгдэхүүний марк, бүртгэлийн код, тоо ширхэг, нэвтрүүлэх хилийн боомт зэрэг нь бүгд үнэн зөв бичигдсэнээс гадна 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 003/19/1258 дугаар лицензэд үйлдвэрлэгчийн нэр нь “ТЕRUMО СОRРОRАТION гэж зөв бичигдсэн, мөн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 003/19/3989 дугаартай лицензийн 1 дэх хэсэгт дамжуулагч гуурсны бүртгэлийн кодын өмнөх хэсэгт ТЕRUMО гэж үйлдвэрлэгчийн нэр нь мөн л зөв бичигдсэн лицензийн 2 дэх хэсэгт нь эмтэй стент бүтээгдэхүүний үйлдвэрлэгчийн нэр нь МЕDТRОNIC гэж бас зөв бичигдсэн, 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 003/19/6443 дугаартай лицензийн бүтээгдэхүүний нэр марк, бүртгэлийн код, нэвтрүүлэх хилийн боомт зэрэг нь мөн л зөв бичигдсэн ба үйлдвэрлэгчийн нэрийг хэдий сольж бичсэн ч энэ нь захиргааны актын агуулгад нөлөөлөхөөргүй, утга, агуулгын хувьд хэнд ч ойлгомжтой тодорхой байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1 дэх хэсэгт заасан “утга агуулгын илэрхий алдаатай” илт хууль бус захиргааны актын алдаанд хамаарахгүй байхад шүүх хуулийн энэ заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

4.2. Мөн 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 003/19/1258 дугаартай лицензийн хүчинтэй хугацаа нь 2019 оны 09 дүгээр сарын 04-ны өдөр дууссан, 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 003/19/3989 дугаартай лицензийн хүчинтэй хугацаа нь 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр дууссан, 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 003/19/6443 дугаартай лицензийн хүчинтэй хугацаа нь 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр дууссан байдаг. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргасан 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр гэхэд бүх лицензийн эрх зүйн үйлчлэл нь дуусгавар болсон байдаг. Тэгвэл захиргааны акт илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн зүйл нь эрх зүйн үйлчлэлтэй захиргааны акт байх ёстой. Гэтэл шүүх маргаж буй лицензүүдийн эрх зүйн үйлчлэл нь аль хэдийн дуусгавар болсон, нөгөө талаар уг акт нь нэг удаагийн шинжтэй, “ЧГТ” ХХК-д хандсан тодорхой нэг тохиолдол бөгөөд уг актын биелэлт нь хэрэгжээд дууссаныг ч анхаарч үзэлгүй нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзэж байна.

4.3. Анхан шатны шүүх “нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхол нь зөрчигдсөн” гэж үзэхдээ Эрүүл мэндийн сайд Д.С-д ТЕRUMО СОRРОRАТION компаниас 2019 оны 5 сард хүргүүлсэн мэдэгдэл, мөн компанийн бүтээгдэхүүнийг Монгол Улсад борлуулах албан ёсны итгэмжлэгдсэн төлөөлөгч, албан ёсны эрхтэй борлуулагч болохыг үүгээр баталж байна гэх итгэмжлэл зэргийг үндэслэл болгож үнэлсэн. Гэтэл энэ компанийн мэдэгдэл нь зөвхөн “СУ” ХХК-д хамааралтай болохоос өөр этгээдүүдэд ямар ч хамааралгүй бөгөөд хариуцагчаас ижил төрлийн барааг импортлох зөвшөөрлийг өөр аж ахуй нэгжид олгохыг хязгаарласан зүйл огтоос биш юм. Хэрвээ нэхэмжлэгч компани нь ТЕRUMО СОRРОRАТION компаниас олгосон онцгой эрхийг ашиглан бусад эх сурвалжаас ТЕRUMО СОRРОRАТION компанийн барааг оруулж ирсэн тохиолдолд Терумо компани нь ийм бараанд чанарын баталгаа олгохгүй, мөн хариуцлага хүлээхгүй гэсэн агуулгатай байгааг ч анхан шатны шүүх анхаарч үзээгүй.

4.4. ТЕRUMО СОRРОRАТION компаниас нэхэмжлэгч “СУ” ХХК-д 2019 оны 5 дугаар сарын 7-ны өдөр олгосон итгэмжлэл нь 2020 оны 3 дугаар сарын 3-нд дуусч, дахин 2020 оны 3 дугаар сарын 3-нд олгосон итгэмжлэл нь 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр дууссан байхад анхан шатны шүүх эдгээр нотлох баримтыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлэлгүйгээр “нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн” гэсэн үндэслэлгүй дүгнэлтийг хийж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Зүй нь анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдсанаар зөрчигдсөн гэх эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн ямар байдлаар сэргэх эсэхэд дүгнэлт өгөх ёстой байсан.

4.5. Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол гэдэгт хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг ойлгох бөгөөд хариуцагчаас “ЧГТ” ХХК-д олгосон дээрх 3 лицензийн улмаас нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, эсвэл зөрчигдөж болзошгүй ямар ч нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож, тогтоогдоогүй. Үүнд дүгнэлт хийхэд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн зөрчигдөөгүй эрхийг сэргээсэн гэж үзэхээр байгаа ба хариуцагч ч шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжгүй, үр дагавар үүсэхээргүй нөхцөл байдалд хүрэхээр байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дах заалтыг зөрчиж гарсан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2024/1055 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

5. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Г, өмгөөлөгч З.С нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

5.1. “...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “...хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ...харилцааг зохицуулахад оршино”, мөн 3 дугаар зүйлийн 3.1.3-д ““нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар... маргааныг, шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” гэж заасан. Тиймээс Захиргааны хэргийн шүүх нэхэмжлэлийн дагуу захиргааны байгууллагын гаргасан захиргааны акт хуульд нийцсэн эсэх, түүний улмаас шүүхэд хандсан этгээдийн холбогдох хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн эсэхийг хянах ёстой. Нэхэмжлэгчийн маргаж буй гурван зөвшөөрөл нь нэг удаагийн үйлчлэлтэй зөвхөн Монгол Улсын хилээр эм, эмнэлгийн хэрэгслийг оруулж ирэхэд чиглэсэн баримт бичиг бөгөөд “СУ” ХХК-д чиглэгдээгүй, түүний эрх зүйн байдал ба эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, харин ч эсрэгээрээ олон Монгол хүний амь нас, эрүүл мэндийг авран хамгаалах үндэслэл болсон юм..

5.2. Хариуцагч болон гуравдагч этгээдийн зүгээс дээрх үндэслэлийг гаргаж мэтгэлцсэн болно. Харин анхан шатны шүүх нэхэмжлэгч “СУ” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн талаар “...гуравдагч этгээд тухайн бүтээгдэхүүний үйлдвэрлэгчтэй гэрээ байгуулаагүй, борлуулах эрхийг аваагүй байхад лиценз олгосон нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн байна”  гэсэн бодит байдалд үл нийцэх дүгнэлтийг хийсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасан “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасныг зөрчсөн.

5.3. Тодруулбал, гуравдагч этгээдийн хувьд үйлдвэрлэгчтэй бус эм, эмнэлгийн хэрэгслийг олон улсын хэмжээнд ханган нийлүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг ISPL MEDICAL SP.ZO.O компаниас гэрээний дагуу нэн шаардлагатай байсан эм, эмнэлгийн хэрэгслүүдийг худалдан авч нийлүүлсэн болно. Эрүүл мэндийн яамнаас олгосон тусгай зөвшөөрлүүд нь гуравдагч этгээд “ЧГТ” ХХК-д эрх олгосон, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.4-т заасан эерэг үйлчлэлтэй акт тул уг актыг хүчингүй болгуулах, илт хууль бусд тооцуулахаар шаардаж байгаа тохиолдолд нэхэмжлэгч “СУ” ХХК-ийн шаардах эрхийн үндэслэлийг зайлшгүй тодруулах ёстой. Өөрөөр хэлбэл, хэн нэгэн этгээдээс бусдад хамааралтай актыг хүчингүй болгуулахаар шаардаж байгаа тохиолдолд тухайн этгээдийн буюу нэхэмжлэгчийн хуульд тухайлан заасан шаардах эрхийг үндэслэх учиртай.

5.4. Тус зөвшөөрлийн бичгийн хүрээнд оруулж ирсэн, “СУ” ХХК-ийн маргаж буй дамжуулагч гуурс (introducer) нь судсан дотуурх оношилгоо, эмчилгээний үед хэрэглэгддэг, тэр дундаа зүрхний хэм алдагдлын үед зүрхний эмгэг сэрлийг түлэх /ablation/ эмчилгээнд хэрэглэгддэг бүтээгдэхүүн юм. Энэхүү дамжуулагч гуурсыг өөр төрлийн эмнэлгийн хэрэгслээр орлуулах боломжгүй, мэс засалд нэн шаардлагатай бүтээгдэхүүн бөгөөд манай улсад үйлдвэрлэгддэггүй болно.

5.5. Гадаадын мэргэшсэн эмч нар нь өөрсдийн ажлын цагт тохируулан, өндөр зардалтайгаар Монгол Улсад ирэхэд дамжуулагч гуурсыг урьдчилан худалдан авч бэлэн байлгах ёстой байдаг. Учир нь дамжуулагч гуурсгүйгээр мэс заслыг хийх огт боломжгүй тул бид АНУ-ын үйлдвэрлэгч Абботт компанид яаралтай нөхцөлтэйгөөр захиалга өгсөн. Гэтэл тус компаниас дамжуулагч гуурсыг захиалга өгснөөс хойш 2-3 сарын дараа нийлүүлэх боломжтой талаар хариу ирүүлсэн. Иймд бид бусад үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч байгууллагуудад хандан, дамжуулагч гуурсыг яаралтай худалдан авах саналыг тавьсан. Үүнд эм, эмнэлгийн хэрэгслийг олон улсын хэмжээнд ханган нийлүүлэгч Польш Улсын ISPL компани бидэнд Терумо компанийн дамжуулагч гуурс бэлэн байгаа, нийлүүлэх боломжтой тухай мэдэгдсэн тул бид хэдий үнэтэй байсан ч захиалгаа өгсөн.

5.6. Эм, эмнэлгийн хэрэгслийн импортын зөвшөөрөлд үйлдвэрлэгчийн нэрийг ташаарсан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан “утга агуулгын илэрхий алдаатай” байдалд хүргэхгүй юм Учир нь тус зөвшөөрөлд үйлдвэрлэгчийн нэрээс бусад бүхий л мэдээлэл тухайлбал, гарал үүсэл, зориулалт, шинж чанар, нэр, худалдагчийн нэр зэрэг мэдээллийг цөм агуулсан бөгөөд ханган нийлүүлэгч байгууллагуудаас тухайн эм, эмнэлгийн хэрэгслийг нийлүүлэхдээ таньж ялгадаг код нь хүртэл бичигдсэн. Тухайлбал:

- 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн эм, эмнэлгийн хэрэгслийн импорт /экспорт/-ын №003/19/1258 дугаартай зөвшөөрлийн хүснэгтийн Эм, эмнэлгийн хэрэгслийн нэр, марк, тун хэмжээ хэсгийн 1-т “RS+A50G07SQ, RT-R40A10PQ, RS+C60N10NR, INTRODUSER II RADIFOCUS /Дамжуулагч гуурс/”, 2-т “АРВ-5-10-3D-SS АХIUМ РRIМЕ /Судасны цүлхэн бөглөгч катетер-койл/” гэж;

- 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн эм, эмнэлгийн хэрэгслийн импорт /экспорт/-ын №003/19/3889 дугаартай зөвшөөрлийн хүснэгтийн Эм, эмнэлгийн хэрэгслийн нэр, марк, тун хэмжээ хэсгийн 1-т “Теrumо, RS+R60N10MQ8 10CM, 0.038 /Дамжуулагч гуурс/”, 2-т “RESOLUTE INTEGRITY /Эмтэй Стент/” гэж;

- 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн эм, эмнэлгийн хэрэгслийн импорт /экспорт/-ын №003/19/6443 дугаартай зөвшөөрлийн хүснэгтийн Эм, эмнэлгийн хэрэгслийн 1-т “RS+A60K10SQ, RS-A70K10SQ, RS+A80K10SQ, RADIFOCUS INTRODUCER/Дамжуулагч гуурс/” гэж тус тус бичигдсэн бөгөөд худалдагчийн нэрийг ISPL MEDICAL SP.ZO.O гэж тодорхой бичсэн байгаа болно. Дээрх зөвшөөрлүүд гарсан хэрэгцээ шаардлага, зорилгодоо бүрэн нийцсэн, хэрэгжээд дууссан, эрх зүйн үр дагаваргүй болсон юм. Тус актыг илт хууль бус болохыг тогтоосноор нэхэмжлэгчид сэргэх эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй буюу ямар ч эрх, хууль ёсны ашиг сонирхол бодит байдал дээр зөрчигдөөгүй, зөрчигдсөн зүйл байхгүй юм.

5.7. Мөн тус акт утга агуулгын хувьд илэрхий алдаагүй, гаргасан байгууллага нь тодорхой, өөрийн чиг үүрэгт хамааралтай асуудлыг шийдвэрлэсэн, түүнийг хэрэгжүүлэх гүйцэтгэх этгээд тодорхой буюу маргаан бүхий захиргааны актаар нэхэмжлэгч “СУ” ХХК-ийн эрх хууль, ёсны ашиг сонирхлыг хөндөх хуульд заасан үндэслэл байхгүй байна. Угтаа бол захиргааны акт эрх зүйн илт алдаатай, энэхүү алдаа нь хэн ч харсан илэрхий байвал түүнийг илт хууль бус захиргааны акт гэж үздэг. Эрх зүйн илт алдаа гэдэг нь одоо үйлчилж байгаа Үндсэн хуулийн үндсэн зарчмуудад, эсхүл одоогийн эрх зүйн тогтолцооны үнэт зүйлсийн ойлголтод харшиж байна гэдэг үндэслэлээр эрх зүйн одоогийн ямар ч нөхцөлд нийцэхгүй байгааг ойлгох бол илэрхий алдаа гэдгийг ердийн хүн хараад тухайн захиргааны акт хуульд нийцсэн байх боломжгүй гэдгийг амархан тогтоох боломжтой байхыг хэлдэг. Утга агуулгын хувьд илэрхий алдаатай захиргааны актын хувьд захиргааны байгууллагын алдаа нь ноцтой алдаа байх хэн ч харсан илэрхий алдаатай байх тохиолдолд хамаарах ба энэ тохиолдолд маргаан бүхий зөвшөөрөл нь зөвхөн нэг үндэслэл буюу үйлдвэрлэгчийн нэрээс хамааралтай бус, бусад бичигдсэн мэдээлэл нь хуулийн шаардлага хангаж байгаа тохиолдолд “утга агуулгын илэрхий алдаатай” захиргааны акт гэж үзэхгүй, хэрхэвч үзэхгүй юм.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2024/1055 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

6. Нэхэмжлэгчээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалсан агуулга бүхий тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

 

2. Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэрийг дараах үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ. Үүнд:

 

2.1. Нэхэмжлэгч “СУ” ХХК-аас Эрүүл мэндийн яам, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газарт тус тус холбогдуулан ““ЧГТ” ХХК-д олгосон Эм, эмнэлгийн хэрэгслийн импортын/экспорт/ 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 003/19/1258, 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 003/19/3989 дугаар лицензийн 1 дэх хэсэг, 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 003/19/6443 дугаар лицензүүдийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

 

2.2. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Эрүүл мэндийн яамнаас

- 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Терумо корпорацийн RS+A50G07SQ, RT-R40A10PQ, RS+C60N10NR, INTRODUSER II RADIFOCUS /Дамжуулагч гуурс/ 20 ширхэг, АРВ-5-10-3D-SS АХIUМ РRIМЕ /Судасны цүлхэн бөглөгч катетер-койл/ 1 ширхэг эмнэлгийн хэрэгслийг импортлох 003/19/1258 дугаартай лиценз,

- 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр МЕDТRОNIC INC компанийн Теrumо, RS+R60N10MQ8 10CM, 0.038 /Дамжуулагч гуурс/ 40 ширхэг, RESOLUTE INTEGRITY /Эмтэй Стент/ 70 ширхгийг импортлох 003/19/3989 дугаартай лиценз,

- 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр МЕDТRОNIC INC компанийн RS+A60K10SQ, RS-A70K10SQ, RS+A80K10SQ, RADIFOCUS INTRODUCER /Дамжуулагч гуурс/ 100 ширхгийг импортлох 003/19/6443 дугаартай лицензийг тус тус 6 сарын хугацаагаар “ЧГТ” ХХК-д олгосон байна.

 

2.3. Ийнхүү гуравдагч этгээд “ЧГТ” ХХК-д олгосон дээрх 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 003/19/1258 дугаартай лицензийн хугацаа 2019 оны 09 дүгээр сарын 04-нд, 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 003/19/3989 дугаартай лицензийн хугацаа 2019 оны 12 дугаар сарын 20-нд, 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 003/19/6443 дугаартай лицензийн хугацаа 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр тус тус дуусчээ.

 

2.4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3, 52 дугаар зүйлийн 52.5.1, 106 дугаар зүйлийн 106.3.2 дахь заалтаас үзэхэд, захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхэд (a) маргаж буй захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуульд заасан илт хууль бус захиргааны актын шинжийг агуулахын зэрэгцээ (б) нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол ноцтой зөрчигдсөн байх урьдчилсан нөхцөлүүд бүрэн хангагдсан тохиолдолд шүүхээс тухайн захиргааны актыг илт хууль бусд тооцох учиртай.

 

2.5. Ерөнхийдөө Захиргааны акт хууль бус байсан болохыг тогтоолгох шаардлагын тухайд тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн буюу эрх зүйн үйлчлэлгүй болсон байхыг шаарддаг бол захиргааны актыг хүчингүй болгуулах болон илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд маргаан бүхий акт нь хуулийн хүчин төгөлдөр үйлчлэлтэй байхаас гадна нэхэмжлэгчид сэргэх эрх, хууль ёсны ашиг сонирхол байхыг шаарддаг.

 

2.6. Гэтэл анхан шатны шүүх “...Гуравдагч этгээдээс лиценз авах хүсэлт гаргахдаа алдаатай бичсэн, холбогдох баримттайгаа нийцээгүй байхад түүнийг нь хянаж шалгах үүргээ хэрэгжүүлэлгүйгээр хариуцагчаас Эм эмнэлгийн хэрэгслийн импортын/экспорт 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 003/19/1258 дугаар / лицензийг AXIUM PRIME /судасны цүлхэн бөглөгч катетер-койлын үйлдвэрлэгчийн нэр хэсэгт ТERUMO гэж, 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 003/196443 дугаар лицензийн 1 дэх бүтээгдэхүүний үйлдвэрлэгчийн нэрийг MEDTRONIC гэж, 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 003/19/6443 дугаар лицензийн бүтээгдэхүүний үйлдвэрлэгчийн нэрийг MEDTRONIC гэж утга агуулгын хувьд илэрхий алдаатайгаар маргаан бүхий актуудыг гаргасан гэж үзлээ” гэж, тухайн нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэх урьдач нөхцөлүүдийг шалгалгүйгээр шууд нэрийн зөрүүтэй байдалд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

 

2.7. Зүй нь нэхэмжлэгч “СУ” ХХК-аас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д зааснаар утга агуулгын илэрхий алдаатай гэх агуулгаар гуравдагч этгээдэд олгосон тусгай зөвшөөрлүүдийг илт хууль болохыг тогтоолгохоор тодорхойлсон, харин маргаан бүхий лицензүүдийн хугацаа дуусгавар болж, нэгэнт хуулийн хүчин төгөлдөр үйлчлэлгүй болсон байгаа энэ тохиолдолд тус лицензүүдийн улмаас нэхэмжлэгч компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн болон зөрчигдөж байгаа эсэхээс эхлэн дүгнэх шаардлагатай юм.

 

2.8. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3-д зааснаар шүүх хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хянан шийдвэрлэхээр зохицуулсан. Харин ЧГТ” ХХК-д Эм, эмнэлгийн хэрэгслийн импорт /экспорт/-ын зөвшөөрөл олгосон энэхүү лицензүүд нь зөвхөн Монгол Улсын хилээр эм, эмнэлгийн хэрэгслийг оруулж ирэхэд чиглэсэн, нэхэмжлэгч “СУ” ХХК-ийн хуульд заасан аливаа эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсхүл зөрчигдөж болзошгүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

2.9. Мөн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Эм биобэлдмэлийн хяналтын улсын байцаагчаас “ЧГТ” ХХК-ийг Эрүүл мэндийн яамнаас импортын лиценз авахдаа үйлдвэрлэгчийн мэдээллийг буруу мэдүүлсэн, өөр бүтээгдэхүүний бичиг баримтаар бараа бүтээгдэхүүн импортолсон гэх үндэслэлээр 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр *******  дугаартай шийтгэлийн хуудас ногдуулсан байх бөгөөд гуравдагч этгээдээс тус шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар шүүхэд хандаж байжээ. Тус хэргийг шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 892 дугаар шийдвэрт “...“ЧГТ” ХХК нь эмнэлгийн хэрэгсэл /RS+A60K10SQ, RS+A70K10SQ, RS+A80K10SQ Radifocus introducer дамжуулагч гуурс/-ийг Эрүүл мэндийн яамнаас импортын лиценз авахдаа үйлдвэрлэгчийн мэдээллийг буруу мэдүүлсэн, өөр бүтээгдэхүүний бичиг баримтаар бараа бүтээгдэхүүн импортолсон болох нь ... нотлогдож байна” гэх агуулгаар дүгнэж, шийтгэлийн хуудастай холбоотой асуудлыг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон байна. Энэхүү шүүхийн шийдвэр нь маргаан бүхий 3 лицензийг хууль бус бөгөөд хүчин төгөлдөр үйлчлэх боломжгүй болохыг дүгнэсэн ба энэ талаар шүүх дахин дүгнэх боломжгүй.

 

2.10. Хэдийгээр илт хууль бус захиргааны акт нь гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэлгүй ч түүний оршин байгаа байдал нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг хөндөж болох тул нэхэмжлэгчийн хувьд захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох онцгой ашиг сонирхол байх ёстой. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагыг хангаснаар нэхэмжлэгчийн эрх зүйн байдал дээрдэх боломжтой гэсэн үг юм.

 

2.11. Тухайн тохиолдолд маргаан бүхий лицензүүдийг илт хууль бус болохыг тогтоосноор дээр дурдсанчлан нэхэмжлэгч компанид сэргэх эрх, хууль ёсны онцгой ашиг сонирхол байхгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын “...“СУ” ХХК нь хүчинтэй хугацаа дууссан захиргааны актыг одоо илт хууль бус болохыг тогтоолгосноор нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн сэргэх, шүүхээр хэрхэн хамгаалагдах, түүний ямар эрх зүйн байдал дээрдэх, уг актыг илт хууль бус болохыг тогтоолгох онцгой ашиг сонирхол нэхэмжлэгчид байгаа эсэхийг анхан шатны шүүх тодруулаагүй” гэх, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын “...маргаж буй гурван зөвшөөрөл нь нэг удаагийн үйлчлэлтэй зөвхөн Монгол Улсын хилээр эм, эмнэлгийн хэрэгслийг оруулж ирэхэд чиглэсэн баримт бичиг бөгөөд “СУ” ХХК-д чиглэгдээгүй, түүний эрх зүйн байдал ба эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, ...эрх зүйн үр дагаваргүй болсон” зэрэг гомдлуудыг хүлээн авах үндэслэлтэй. 

 

2.12. Шүүхээс нэгэнт хуулийн хүчин төгөлдөр үйлчлэлгүй болсон захиргааны актуудыг илт хууль бус эсэх талаарх хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийж, тухайн актуудыг илт хууль бус байсан болохыг тогтоох боломжгүй, энэ нь захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй тул уг шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасан үндэслэлээр шүүх хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иймд анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэх үндэслэл тогтоогдож байхад нэхэмжлэлийг хүлээн авч, шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, “СУ” ХХК-ийн дээрх шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1055 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан “СУ” ХХК-аас Эрүүл мэндийн яам, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газарт тус тус холбогдуулан гаргасан ““ЧГТ” ХХК-д олгосон Эм, эмнэлгийн хэрэгслийн импортын/экспорт/ 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 003/19/1258, 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 003/19/3989 дугаар лицензийн 1 дэх хэсэг, 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 003/19/6443 дугаар лицензүүдийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                           З.ГАНЗОРИГ

 

ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН

 

ШҮҮГЧ                                                           Д.ОЮУМАА