Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 212/МА2017/00136

 

М.Б, К.Т нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй, тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 567 дугаар шийдвэртэй, М.Б, К.Т нарын нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн У сумын дунд сургуульд  холбогдох иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Ц.С, орчуулагч А.Е, нэхэмжлэгч М.Б, К.Т, түүний өмгөөлөгч Х.З, хариуцагчийн өмгөөлөгч Я.С нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: (1) Нэхэмжлэгч М.Б нь Баян-Өлгий аймгийн У сумын дунд сургуулийн дотуур байрны хүмүүжүүлэгч багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан 2013 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацааны дундаж цалин хөлстэй нь тэнцэх хэмжээний олговорт 20.994.090 төгрөг гаргуулах, дээрх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлж нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлэхийг хариуцагчид даалгах, (2) нэхэмжлэгч К.Т нь Баян-Өлгий аймгийн У сумын дунд сургуулийн дотуур байрны багшийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг тус тус гаргажээ. 

 

Нэхэмжлэгч М.Б-ы нэхэмжлэлийн агуулга: “  дунд сургуулийн дотуур байрны хүмүүжүүлэгчээр 1990 оноос одоо хүртэл хориод жил ажиллаж байгаа юм. Гэтэл У сумын   дунд сургуулийн захирал хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай 2013 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 49 дугаартай тушаал гаргаж, Хөдөлмөрийн тухайн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, сургуулийн дотоод журмын 6.4.10, хөдөлмөрийн гэрээний 1.10 дахь заалтыг тус тус үндэслэн хүүхдийн тоог илүү гаргаж, төрөөс хууль бус санхүүжилт авах боломж бүрдүүлж хөдөлмөрийн сахилгыг зөрчсөн гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Намайг сургуулийн захирал 2013 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 33 дугаартай тушаал гаргаж дотуур байрны хүмүүжүүлэгчийн ажлаас чөлөөлж, 2013 оны 5 дугаар сарын 27-ны өдөр гаргасан тушаал нь агуулгын хувьд буруу болж дахиж намайг ажилд авсан. Би сургуулийн “үдийн цай” хөтөлбөрийг гэрээ хийж авч хариуцаж байтал захирал 2013 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс өөр хүнд хариуцуулсан. Би сургуулийн дотуур байрны хүмүүжүүлэгчийн ажилтай холбоотой зөрчил гаргаагүй байхад өөр холбогдолгүй зүйлийг үндэслэж гэрээг цуцалж ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1.3-т сахилгын зөрчил илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэлийг ногдуулна гэсэн заалтыг зөрчсөн. Учир нь намайг үдийн цайны хөтөлбөртэй холбоотой зөрчил гаргасан гэж энэхүү ажлыг авчхаад дотуур байрны хүмүүжүүлэгчийн ажилд ямар ч холбогдолгүй зүйлийг үндэслэж ажлаас чөлөөлсөн явдал нь хөдөлмөрийн хуулийн агуулгатай зөрчилдсөн.   дунд сургуулийн захирлын 2013 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 49 тоот тушаалаар намайг ажлаас чөлөөлсөн тул ажилд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгч М.Б-ы нэхэмжлэлийн тодруулсан шаадлагад: М.Б би тус шүүхэд Баян-Өлгий аймгийн У сумын  дунд сургуулийн дотуур байрны хүмүүжүүлэгч-багшийн ажилд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсний нөхөн олговрыг ажил олгогчоос гаргуулах, ажилгүй байсан хугацаанд ноогдох нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын байгууллагад нөхөн шилжүүлэхийг ажил олгогчид даалгах тухай нэхэмжлэл гаргасан билээ. Нэхэмжлэгч М.Б би У сумын  дунд сургуулийн дотуур байрны хүмүүжүүлэгч багшийн ажилд 2016 оны  9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн томилогдсон боловч уг орон тоонд К.Т маргаж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар тодруулж байна. Үүнд, М.Б намайг Баян-Өлгий аймгийн У сумын  дунд сургуулийн дотуур байрны багш, хүмүүжүүлэгчийн ажилд эгүүлэн томилох,  М.Б миний 2013 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлсний нөхөн олговорт 20.994.090 төгрөгийг Баян-Өлгий аймгийн У сумын  дунд сургуулийн санхүүгээс гаргуулах, М.Б миний 2013 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацаа буюу 36 сард ноогдох нийгмийн даатгалын шимтгэл 2.994.009 төгрөгийг аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын санд нөхөн шилжүүлэхийг ажил олгогчид даалгаж өгөхийг тус тус хүсэж байна.” гэжээ. 

 

Нэхэмжлэгч К.Т-ийн нэхэмжлэлийн агуулга: “Миний бие 2011 оноос дуу хөгжмийн багш, бага ангийн багш, дотуур байрны багшаар ажиллаж байсан. Захирал К.С 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 38.1.2, Бага, дунд боловсролын тухай хуулийн 20.1.2, 2013 оны 3 дугаар сард байгуулсан миний хөдөлмөрийн гэрээний 1.3 дахь заалтуудыг үндэслэн 57 тоот тушаалаар миний хөдөлмөрийн гэрээг цуцлан миний оронд өөрийн хүргэн ах нь болох ямар ч мэргэжилгүй  М.Б-ыг авч ажиллуулж байна. Миний хөдөлмөрийн гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлтүүд гэсэн хэсэгт сургуулийн захирал Ш.М 2014-2015 оны хичээлийн жилээс бүр орон тоогоор ажиллана гэж 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр тэмдэглэл хийсэн байгаа. Би түр ажилтан биш. Надтай анх хөдөлмөрийн гэрээг сургуулийн захирал Ш.М байгуулахдаа эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж байгаа М.Б-ыг эргэн ирэх хүртэл ажиллана гэж хугацааг буруу бичсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг хэвээр хадгалах тухай долоон заалт дотор эрүүгийн хэргийн учир шалгагдаж байгаа хүнийг эргэн ирэх хүртэл ажил, албан тушаалыг нь хэвээр хадгална гэсэн заалт байхгүй. Тийм учраас хамаатны хүнээ багшийн ажилд эргүүлэн авахын тулд намайг үндэслэлгүй ажлаас халсан гэж үзэж байна. Иймд намайг У сумын   ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны багшийн ажилд эгүүлэн тогтоож өгөхийг хүсье.” гэжээ.

 

Хариуцагчийн М.Б-ы нэхэмжлэлд холбогдуулан гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгч К.Т-ийн ажиллаж байгаа орон тоо нь тус сургуулийн дотуур байрны багш буюу хүмүүжүүлэгчийн орон тоо юм. Тухайн орон тоонд анх М.Б ажиллаж байсан. М.Б-ыг тус сургуулийн “үдийн цай” хөтөлбөрөөс 12506800 төгрөгийг хувьдаа завшсан гэж тус аймгийн Цагдаагийн газраас эрүүгийн хэрэгт сэжиглэн шалгах болсон тул тус сургуулийн захирлын тушаалаар ажлаас чөлөөлсөн. М.Б-ыг ажлаас чөлөөлөх үед сургуулийн захиргаа тухайн орон тоонд К.Т-тэй түр хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулан тус сургуулийн дотуур байрны багшаар томилсон. М.Б нарт холбогдох эрүүгийн 201304000251 дугаартай хэргийг шийдвэрлэж, 2016 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 21 дугаартай цагаатгах тогтоол гарсан. Давж заалдах шатны шүүх 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 4 дугаартай магадлалаар  гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй гэж дүгнэсэн нь хуулийн хүчин төгөлдөр байна. 

Нэгэнт М.Б-ыг анх үүрэгт ажлаас чөлөөлөх үндэслэл болсон эрүүгийн хэрэг нь хэрэгсэхгүй болсон учраас М.Б-ы хүсэлтийг үндэслэн түүнийг өмнө эрхэлж байсан ажил буюу дотуур байрны багшаар 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн томилсон. Түүнчлэн М.Б-д холбогдох эрүүгийн хэрэг нь 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр анхан шатны шүүхээр хэлэлцэгдэн түүнийг ажлаас түр чөлөөлөх үндэслэл болсон өмч хөрөнгийг идэж ашигласан гэх гэмт хэрэг нь хэрэгсэхгүй болсон тул М.Б-ыг өмнө эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилох хууль зүйн үндэслэл бүрдсэн. 

Иймд М.Б-ыг өмнө эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг төлүүлэх, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.” гэжээ. 

 

  Хариуцагчийн К.Т-ийн нэхэмжлэлд холбогдуулан гаргасан тайлбарын агуулга: “Нэхэмжлэгч К.Т-ийн ажиллаж байгаа орон тоо нь тус сургуулийн дотуур байрны багш буюу хүмүүжүүлэгчийн орон тоо юм. Тухайн орон тоонд анх М.Б ажиллаж байсан. М.Б-ыг тус сургуулийн “үдийн цай” хөтөлбөрөөс 12506800 төгрөгийг хувьдаа завшсан гэж тус аймгийн Цагдаагийн газраас эрүүгийн хэрэгт сэжиглэн шалгах болсон тул тус сургуулийн захирлын тушаалаар ажлаас чөлөөлсөн. М.Быг ажлаас чөлөөлөх үед сургуулийн захиргаа тухайн орон тоонд К.Т-тэй түр хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулан тус сургуулийн дотуур байрны багшаар томилсон. М.Б нарт холбогдох эрүүгийн 201304000251 дугаартай хэргийг шийдвэрлэж, 2016 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 21 дугаартай цагаатгах тогтоол гарсан. Давж заалдах шатны шүүх 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 4 дугаартай магадлалаар  гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй гэж дүгнэсэн нь хуулийн хүчин төгөлдөр байна. 

Нэгэнт М.Б-ыг анх үүрэгт ажлаас чөлөөлөх үндэслэл болсон эрүүгийн хэрэг нь хэрэгсэхгүй болсон учраас М.Б-ы хүсэлтийг үндэслэн түүнийг өмнө эрхэлж байсан ажил буюу дотуур байрны багшаар 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн томилсон. 

Нэхэмжлэгч Х.Т-тэй анх ажил олгогчоос 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.3-т хөдөлмөрийн гэрээний хугацааг орон дахь хүн эргэж ирэх хүртэл гэж тусгасан байна. Үүнийг Х.Т зөвшөөрч тухайн үед гарын үсэг зурж байжээ. Энэ нь Х.Т-ийг өмнө ажиллаж байсан М.Б-ы асуудал шийдвэрлэх хүртэл хугацаагаар тухайн ажилд томилогдсон гэж үзэх хууль зүйн үндэслэлийг бий болгож байна. Тус сургуулийн дотуур байрны багшаар олон жил ажиллаж байсан М.Б-ыг буруутгасан, өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй тул ажил олгогчийн төлөөлөл миний бие ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс шийдвэр гаргасан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгч К.Тийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.”  гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 567 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.5-д заасныг баримтлан М.Б-ы Баян-Өлгий аймгийн У сумын   дунд сургуулийн дотуур байрны багшийн ажилд эгүүлэн тогтоож, 2013 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин болох 20094000 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагч даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-ыг баримтлан К.Т-ийг Баян-Өлгий аймгийн У сумын   дунд сургуулийн дотуур байрны багшийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэжээ. 

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн давж  заалдах гомдолд: “1. Нэхэмжлэгч М.Б-ы нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч байгууллага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар хүлээн зөвшөөрсөн тохиролцоог анхан шатны шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн явдал нь хариуцагчид хуулиар олгосон бүрэн эрхэд бүдүүлгээр халдсан үйлдэл гэж үзэж байна. Учир нь М.Б-ы нэхэмжлэлийг анхан шатны шүүх хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шалгах явцад ажил олгогчоос түүнийг урьд эрхэлж байсан ажилд томилох тухай 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 58 тоот тушаал гаргасан ба М.Б нь одоо хүртэл үүрэгт ажлаа хийж байна. Нэхэмжлэгч М.Б нь тухайн үед ажил олгогчийн буруутай, хууль бус тушаал, шийдвэрээс болж 2013 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 01-нийг хүртэл 20994090 төгрөгийн цалин хөлсөө авч чадаагүй хохирсон нь сургуулийн нягтлан бодогчийн гаргасан цалин хөлсний тооцоо, түүний шүүхэд гаргасан нэхэмжлэлээр нотлогдсон гэж үзэж байна. Анх М.Б-ыг ажлаас чөлөөлөх болсон хууль зүйн үндэслэл болсон эрүүгийн хэрэг түүнд ашигтайгаар шийдвэрлэгдэж гэм буруугүй болохыг шүүхээс эцэслэн тогтоосон учир тэрээр урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилогдсоноор тэрээр цалин хөлс нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байна. 

2. Нэхэмжлэгч К.Т нь Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөгдөх ёстой. Нэхэмжлэгч К.Т-тэй анх ажил олгогчоос 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан “Хөдөлмөрийн гэрээ”-ний Нэгдүгээр зүйлийн 1.3-т Хөдөлмөрийн гэрээний хугацааг заахдаа “Орон дахь хүн эргэж ирэх хүртэл гэж” дурджээ. Уг хөдөлмөрийн гэрээг ажилтан К.Т тухайн үед хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурснаар хүчин төгөлдөр хөдөлмөрийн гэрээ болжээ. Ингэхээр хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсон хууль зүйн нөхцөл байдал нь К.Т-ийг өмнө тус сургуулийн дотуур байрны багшаар ажиллаж байсан М.Б нь хуучин ажилдаа эргэн орох хүртэл тухайн ажилд түр хугацаагаар томилогдсон болохыг нотолж байна. Хөдөлмөрийн гэрээний 1.3-т орон дахь хүн эргэн ирэх хүртэл гэж хугацаатай гэрээ байгуулсан атлаа Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасан хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлийг тохирсон эсэх нь эргэлзээтэй ажлын байрны буюу албан тушаалын нэр, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүрэг, үндсэн цалин буюу цалингийн хэмжээ, хөдөлмөрийн нөхцөл зэргийг тус тус тодорхой бичээгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-т зааснаар энэ хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцохгүй байх нь зүйтэй байна” гэж дүгнэсэн нь учир дутагдалтай гэж үзэж байна. Гэтэл энэхүү хөдөлмөрийн гэрээг ажилтан К.Т тухайн үед зөвшөөрч гарын үсгээ зурж, 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 1 жил 9 сар буюу 21 сарын турш ердийн нөхцөлд ажиллаж, цалин хөлсөө авч ирсэн юм. 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдөр ажил олгогчоос ажилтан К.Т-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 23 дугаар зүйлийн 23.2.2-т заасан шаардлагыг хангасан гэж үзэж байна. Иймээс анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийг буруу хэрэглэн тайлбарласан гэж үзэж байна.

3. Анхан шатны шатны шүүх М.Б, К.Т нарын нэхэмжлэлийг хянан шийдвэрлэхэд иргэний хавтаст хэрэгт цугларсан Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуулийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоолын утга агуулгыг бодитой судлаагүй, зөвхөн нэхэмжлэгч К.Т-ийн эрх ашиг, түүнийг ажилд авсан У сумын  дунд сургуулийн захирал асан, өмнөх шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Ш.Мын эргэлзээтэй буюу К.Т-т ашигтай шийдвэр гаргах үүднээс урьдчилан бэлтгэсэн мэдүүлгийг үндэслэсэн явдалд гомдолтой байна.

4. Баян-Өлгий аймгийн У сумын  дунд сургуулийн дотуур байр нь олон жилийн турш дотуур байрны багш буюу хүмүүжүүлэгчийн 4 орон тоотой ажиллаж ирсэн нь 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс одоо хүртэл тухайн ажлын байранд дотуур байрны багш-хүмүүжүүлэгчийн ажлыг хашиж байгаа М.Б, Ш.Т, Х.М, Ж.А нартай удаа дараа ажил олгогчийн байгуулсан хөдөлмөрийн хугацаагүй гэрээнүүд, Төрийн албан хаагчийн анкет, ажил олгогчоос нэр бүхий ажилтан нарыг дотуур байрны багш-хүмүүжүүлэгчийн ажилд томилсон тушаалууд, Баян-Өлгий аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын даргын тодорхойлолт, Баян-Өлгий аймгийн дотуур байрны ажиллагсдын 2014, 2015 оны төсвүүд, У сумын   дунд сургуулийн захирлын 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн “Ажил, албан тушаалын жагсаалт буюу орон тоог батлах тухай” 77 дугаар тушаал зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байгааг анхан шатны шүүх анхаарч үзээгүй явдалд гомдолтой байна. Харин К.Т нь 5 дахь орон тоонд ажиллаж байна гэдгийг нотолж чадаагүй, хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд К.Т нь М.Б-ы оронд тус сургуульд дотуур байрны багш, хүмүүжүүлэгчийн ажлыг эрхэлж байсан нь нотлогдсон байна.

Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 567 дугаар шийдвэрийн хууль зүйн үндсийг хянан үзээд нэхэмжлэгч М.Б-ы урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 20994090 төгрөгийг ажил олгогчийн санхүүгээс гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид үүрэг болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг ханган, нэхэмжлэгч К.Т-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан уг маргааныг шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.” гэжээ. 

 

Нэхэмжлэгч К.Т-ийн давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбарт: “Нэхэмжлэгч М.Б нь тухайн хэргийн хариуцагч болох “” бүрэн дунд сургуулийн захирал К.С-ын хүргэн ах юм. Хариуцагч К.С нь тус сургуулийн захирлын албан тушаалд 2016 оны 8 дугаар сарын сүүлээр томилогдон өөрийн хүргэн ах болох М.Б-ыг дотуур байрны багшаар томилж улмаар ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 20.994.090 төгрөгийг М.Б-д олгохоор нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлыг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т заасныг ноцтой зөрчсөн явдал юм. 

Хариуцагч К.С, нэхэмжлэгч М.Б нар нь ах дүүс, төрөл садны  холбоотойгоос гадна Эрүүгийн гэмт хэрэгт “хамтран оролцогч” болж хоёр жил “Төсвийн мөнгө бүлэглэн ашигласан” гэмт хэрэгт хамт шалгагдсан “бүлэглэн гүйцэтгэгч" нар болсон болно. М.Б нь гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож тогтоогдсон, ял шийтгэл хүлээсэн болох нь хавтаст хэрэгт байгаа хүчин төгөлдөр “Шийтгэх тогтоол”-оор батлагдаж байна. М.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166 дугаар зүйлийн 166.2 -т зааснаар 5 жил 1 сарын хорих ял оногдуулж, Өршөөлийн хуулиар ялыг өршөөн хэлтрүүлсэн. Өршөөлийн хууль гараагүй бол М.Б одоо ял эдэлж явах байсан. Гэмт хэрэгтэн хүнд төсвөөс 20.994.090 төгрөг олгохыг хариуцагч К.С зөвшөөрсөн нь ёс зүйгүй, К.С мөн гэмт хэрэгтэн болохыг батлах юм. Давж заалдах гомдолд “М.Б-ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар “Эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон” гэж үзсэн бодит байдлыг өмгөөлөгч Я.С илт гуйвуулсан гэж үзэж байна. Учир нь М.Б-ыг “ажилд эгүүлэн томилсон” тухай шүүхээс шийдвэр гараагүй, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байхгүй болно. Хариуцагч К.С-ын хувьд нэхэмжлэгч М.Б-ы нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа явдал нь хууль бус явдал болно. М.Б нь "” дунд сургуулийн дотуур байрны багшийн үүрэгт ажлаас 2013 оны 8 дугаар сарын 30-ны өдөр чөлөөлөгдсөн тул түүний орон тоог Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-т зааснаар “хэвээр хадгалах” хуульд заасан үндэслэл байхгүй. Бага дунд боловсролын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т “... Багшийг багш бэлтгэдэг их сургууль дээд сургууль коллежид бэлтгэнэ” гэсэн заалт, мөн хуулийн 21.2-т “багш багшлах эрхтэй байна” гэсэн заалтыг М.Б нь хангахгүй байгаа болно. Тус сургуулийн захирал байсан, хариуцагч К.С нь өөрөө хууль бус томилогдсон болох нь 3 шатны шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр батлагдан тогтоогдож. тус сургуулийн захирлаар М нь буцаан томилогдсон учраас “хэргийн хариуцагч” нь К.С биш болох нь тогтоогдсон. Нэгэнт К.С нь захирлын албан тушаалд “хууль бус томилогдсон” болох нь нотлогдсон учир түүний гаргасан эрхийн актууд хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Тухайлбал: К.С нь өөрийн хамаарал бүхий этгээд болох М.Б-ыг 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр “дотуур байрны хүмүүжүүлэгчийн ажилд томилсон тухай” тушаал гаргасан нь хууль бус бөгөөд Хөдөлмөрийн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-т зааснаар ноцтой зөрчсөн үйлдэл мөн. Хариуцагч К.С нь Тилеубай намайг ажлаас чөлөөлсөн тухай 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 57 тоот тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн холбогдох хэсгийг баримтлаагүй явдал нь хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл мөн. Иймд өмгөөлөгч Я.Сийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Баян -Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр 08-ны өдрийн 567 тоот шийдвэрийг хэвээр баталж өгнө үү.” гэжээ. 

 

ҮНДЭСЛЭХ нь: 

 

Анхан шатны шүүх М.Б-ы нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлээгүй, хэрэглэвэл зохих хуулийг тайлбарлаж хэрэглээгүй, К.Т-ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч маргааныг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий зарим нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэлийг дүгнээгүй орхигдуулсан зэрэг алдаа гаргаснаас шийдвэрийн зарим дүгнэлтүүд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. 

 

Давж заалдах шатны шүүх тус хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзэж, дараах үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар маргааныг шийдвэрлэлээ. 

 

Нэг. М.Бы нэхэмжлэлийн тухайд

 

М.Б-ы 2013 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр шүүхэд анх гаргасан нэхэмжлэл , 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн шүүхэд гаргасан тодруулга тайлбар  зэргээс үзвэл, тэрээр хариуцагч Баян-Өлгий аймгийн У сумын   дунд сургуульд холбогдуулан тус сургуулийн дотуур байрны хүмүүжүүлэгч багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан 2013 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацааны дундаж цалин хөлстэй нь тэнцэх хэмжээний олговорт 20.994.090 төгрөг гаргуулах, дээрх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлөхийг хариуцагчид үүрэг болгохыг шаарджээ. 

 

У сумын   дунд сургуулийн захирлын 2013 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 49 дүгээр тушаалаар  Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, сургуулийн дотоод журмын 6.4.10, хөдөлмөрийн гэрээний 1.10 дахь заалтыг тус тус үндэслэн тус сургуулийн дотуур байрны хүмүүжүүлэгч ажилтай М.Б-ыг “хүүхдийн тоог илүү гаргаж, төрөөс хууль бус санхүүжилт авах боломж бүрдүүлсэн хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан нь тогтоогдсон” гэсэн үндэслэлээр мөн өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлсөн байна. 

 

1. Зохигчийн тайлбар, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2013 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 1-01/1837 дугаар У сумын   дунд сургуулийн захиралд хандсан албан бичиг , Засаг даргын Тамгын газрын 2013 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн   дунд сургуулийн үйл ажиллагаанд шалгалт хийсэн тухай танилцуулга , Аудитын газрын 2013 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 91 дүгээр   дунд сургуулийн захиралд хандсан албан бичиг , 2013 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн   дунд сургуулийн үйл ажиллагаанд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлан , 2013 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 01/28 дугаар акт , 2013 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 01/10 дугаар акт ,   дунд сургуулийн захирлын 2013 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 38 дугаар тушаал , 2013 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ  зэргээс дүгнэвэл, Баян-Өлгий аймгийн У сумын   дунд сургуулийн дотуур байрны хүмүүжүүлэгч багшаар ажиллаж байсан М.Б нь ажиллаж байх хугацаандаа хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан “хариуцаж буй ажлын талаар худал хуурмаг мэдээлэл өгсөн, түүнийг хувийн ашиг сонирхолд ашигласан”  хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан гэх боловч ажил олгогчоос хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан уг сахилгын зөрчлийг ажилтан хэзээ, хэрхэн үйлдсэнийг нарийвчлан шалгаж, бүрэн тогтоогоогүй байна. 

Дээрх нотлох баримтуудад   дотуур байрны хүмүүжүүлэгч багшаар ажиллаж байсан М.Б нь дотуур байрны хүүхдийн тоог зохиомлоор өсгөж, худал мэдээлэл өгөх замаар улс, орон нутгийн төсвөөс илүү санхүүжилт авах, “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжид хууль бус санхүүжилт олгох боломжийг бүрдүүлсэн талаар тусгагдсан боловч ажил олгогчоос уг зөрчлийг илрүүлснээс хойш нэг сарын дотор ажилтанд хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2.-т заасныг зөрчиж, 2013 оны 8 дугаар сарын 30-ны өдөр ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцээгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Сургуулийн захиралд хандсан аймгийн Засаг даргын 2013 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн, Аудитын газрын 2013 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн албан бичгүүд, Засаг даргын Тамгын газрын 2013 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн шалгалтын танилцуулга, 2013 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн аудитын тайлан, уг тайланг үндэслээд гаргасан 2013 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн акт /“Зөвшөөрсөн:” хэсэгт сургуулийн захирал Ш.М гарын үсэг зурж, танилцсан / зэргээс дүгнэвэл, ажилтан М.Б-ы гаргасан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг эрх бүхий байгууллагаас 2013 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар илрүүлснийг ажил олгогчоос 2013 оны 5 дугаар сарын 27-ны өдөр мэдсэн, түүнчлэн бусад байгууллагаас ажилтан М.Б-д холбоотой зөрчлийг илрүүлснийг ажил олгогчоос 2013 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар мэдэх боломжтой байсан  тул ажил олгогчоос ажилтны гаргасан гэх сахилгын зөрчилд хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахдаа хуульд заасан “илрүүлснээс хойш нэг сарын дотор” гэх хугацааг хэтрүүлсэн байна. 

 

2. Хариуцагчийн тайлбарт М.Б-ыг ажлаас чөлөөлөх болсон 2 дахь үндэслэлээ “М.Б нь К.С-ын төрөл садан учраас тэдгээрийг бүлэглэн мөнгө завшсан” гэж тайлбарлажээ.   Хэрэгт авагдсан Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 5/297 дугаар тогтоол , 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 5/75 дугаар тогтоолоор  М.Б-д холбогдох Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.2.-т заасан хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-т зааснаар тус тус хэрэгсэхгүй болгосон, Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 21/А дугаар шийтгэх тогтоолоор  прокуророос М.Б нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, ажилтан М.Б нь эрүүгийн гэмт хэрэгт холбогдон шалгагдсан боловч түүнийг бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэж гэм буруутайд тооцсон шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоол гараагүй, харин түүнтэй холбоотой хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул ажил олгогчийн дээрх тайлбар үндэслэлгүй. 

 

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 21/А дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч М.Быг давтан үйлдлээр татвар ногдох онц их хэмжээний орлогоо нуун дарагдуулж, татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 166 дугаар зүйлийн 166.2.-т зааснаар 100000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэсэн боловч уг ялыг Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.-т зааснаар /үндсэн болон нэмэгдэл ялыг/ өршөөн хэлтрүүлсэн ба шүүгдэгч М.Б нь ийнхүү ял шийтгүүлж, Өршөөлийн хуульд хамрагдсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7.-д зааснаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох үндэслэлд хамаарахгүйг тэмдэглэх нь зүйтэй байна. 

Иймд ажилтан М.Б нь ажлаас буруу халагдсан нь тогтоогдсон тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, хөдөлмөрийн гэрээнд заасан буюу түүний урьд эрхэлж байсан Баян-Өлгий аймгийн У сумын   дунд сургуулийн дотуур байрны хүмүүжүүлэгч багшийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэлээ. 

 

Хэргийн I хавтасны 213 дугаар талд ажил олгогчийн 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 58 дугаар тушаалаар ажилтан М.Б-ыг урьд эрхэлж байсан дотуур байрны багшийн ажилд эгүүлэн тогтоосон ба тэрээр өнөөдрийг хүртэл тус ажлын байранд ажиллаж байгаа нь зохигчийн тайлбараар нотлогджээ. Ажилтан ийнхүү урьд эрхэлж байсан ажилдаа ажил олгогчийн шийдвэрээр эгүүлэн томилогдсон атлаа шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байгаа бөгөөд үндэслэлээ “тус ажлын байранд эгүүлэн тогтоолгохоор нэхэмжлэгч К.Т нь шүүхэд гомдол гаргаж М.Б нь ажлаас чөлөөлөгдсөнөөр уг ажлын байрыг сул орон тоо гэж үзнэ, түүний ажлын байр хэвээр хадгалагдахгүй, тэрээр уг ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангаагүй зэргээр маргаж байгаа учраас урьд эрхэлж байсан ажилдаа шүүхийн шийдвэрээр эгүүлэн тогтоолгох тухай шаардлага гаргасан” гэж тайлбарласан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд нийцсэн байна. Тодруулбал, хөдөлмөрийн маргаантай хэргийг хянан шийдвэрлэх явцад ажил олгогчоос ажилтныг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилсон нь ажилтны шүүхэд мэдүүлэх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд ажилтан уг ажилдаа томилогдсон боловч урьд нь ажлаас үндэслэлгүй, буруу халагдсан талаар гомдлоо шүүхэд гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй тул энэ маргааныг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.-т зааснаар шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв. 

 

Хэргийн I хавтасны 45 дугаар талд авагдсан ажил олгогчийн тодорхойлолтыг хөдөлмөрийн гэрээ болон бусад нотлох баримтуудтай харьцуулж, ажилтны нэг сарын хөдөлмөрийн хөлсийг 489939 төгрөгөөр тооцон, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-т заасныг үндэслэн М.Бы ажилгүй байсан 2013 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 3 жил буюу 36 сарын хугацааны олговорт 17.637.804 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.  Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2.-т зааснаар ажилтны ажилгүй байх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлж нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлэн, энэ тухай ажилтны нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийж баталгаажуулахыг хариуцагч Баян-Өлгий аймгийн У сумын   дунд сургуульд үүрэг болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. Иймд дээрх үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт орууллаа. 

 

Хоёр. К.Т-ийн нэхэмжлэлийн тухайд

 

Нэхэмжлэгч К.Т нь хариуцагч Баян-Өлгий аймгийн У сумын   дунд сургуульд холбогдуулан тус сургуулийн дотуур байрны багшийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байна. Хариуцагч түүний уг шаардлагыг эс зөвшөөрч, тус сургуулийн дотуур байрны багшаар ажиллаж байсан М.Б нь гэмт хэрэгт холбогдон шалгагдсаны улмаас ажлаас чөлөөлөгдсөн байсан ба түүний ажиллаж байсан орон тоонд К.Ттэй түр хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллуулж байсан, М.Бд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул түүний оронд түр хугацаагаар ажиллаж байсан К.Тийг ажлаас чөлөөлсөн гэж тайлбарлажээ. 

 

Баян-Өлгий аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргын тодорхойлолт, түүний хавсралт , У сумын   дунд сургуулийн захирлын 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 77 дугаар тушаалын хавсралт  зэргээс үзвэл, 2013 оноос хойш тус сургууль нь дотуур байрны нийт 4 хүмүүжүүлэгч багшийн орон тоотой байна. Уг ажлын байрны нэрийг нэхэмжлэгч нар “хүмүүжүүлэгч”, “хүмүүжүүлэгч багш”, “багш” гэж өөр өөр тайлбарлаж байгаа боловч эдгээр нь “дотуур байрны багш” гэсэн нэг ажлын байрны нэр болох нь хэрэгт авагдсан баримт, зохигчийн тайлбараар тогтоогдсон ба уг ажлын байранд М.Б, Х.М, Ж.А нар ажиллаж байсан нь сургуулийн захирлын 2013 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 38 дугаар, 2009 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 29 дүгээр тушаалууд , тэдгээртэй мөн ажлын байранд байгуулсан 2013 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн , 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн  хөдөлмөрийн гэрээнүүдээр тогтоогджээ. 

 

Хэрэгт авагдсан тус сургуулийн захирлын 2013 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 33 дугаар тушаалаар  М.Быг дотуур байрны хүмүүжүүлэгч багшийн ажлаас, Ш.Т-ыг дотуур байрны жижүүрийн ажлаас тус тус чөлөөлж, М.Б-ыг дотуур байрны жижүүрийн ажилд, Ш.Т-ыг дотуур байрны хүмүүжүүлэгч багшийн ажилд  томилж байсан боловч захирлын 2013 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 38 дугаар тушаалаар  М.Б-ыг урьд эрхэлж байсан дотуур байрны хүмүүжүүлэгч багшийн ажилд буцаан томилж, харин Ш.Т-ыг дотуур байрны жижүүрийн ажилд томилж байсан үйл баримт тогтоогдсоныг тэмдэглэх нь зүйтэй байна. 

 

Хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон дээрх үйл баримтуудаас дүгнэвэл, У сумын   дунд сургуулийн захирлын 2013 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 49 дүгээр тушаалаар М.Б-ыг тус сургуулийн дотуур байрны хүмүүжүүлэгч багшийн ажлаас чөлөөлөхөөс өмнө тус сургуулийн дотуур байрны багшаар М.Б, Х.М, Ж.А нар ажиллаж байсан бөгөөд захирлын 2013 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 49 дүгээр тушаалаар М.Б-ыг дотуур байрны хүмүүжүүлэгч багшийн ажлаас чөлөөлсний дараа сургуулийн захирлын 2013 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 51 дүгээр тушаалаар  дотуур байрны жижүүрээр ажиллаж байсан Ш.Турсыныг дотуур байрны багшийн ажилд томилон, түүнтэй 2013 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээ  байгуулсан байна. 

 

К.Т нь хэзээнээс эхлэн дотуур байрны багшаар түр ажиллах болсон талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй боловч У сумын   дунд сургуулийн захирлын 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 54 дүгээр тушаалаар  тус сургуулийн дотуур байрны багшаар түр ажиллаж байсан К.Т-ийг 2015 оны 9 дүүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн үндсэн ажилтнаар томилжээ. Харин түүнийг сургуулийн захирлын 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 57 дугаар тушаалаар “орон дахь хүн нь эргэн ирсэн” буюу М.Б нь урьд эрхэлж байсан ажилд томилогдсон  гэсэн үндэслэлээр, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2.-т заасныг баримталж ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй, хуульд нийцээгүй байна. 

 

Учир нь, сургуулийн захирлын 2013 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 49 дүгээр тушаалаар М.Быг тус сургуулийн дотуур байрны хүмүүжүүлэгч багшийн ажлаас чөлөөлсний дараа 2013 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 51 дүгээр тушаалаар дотуур байрны жижүүрээр ажиллаж байсан Ш.Т-ыг дотуур байрны багшийн ажилд томилсон үйл баримт тогтоогдсон, К.Т-ийг М.Б-ы ажиллаж байсан дотуур байрны багшийн ажил, орон тоонд түр томилон ажиллуулж байсан талаар хэрэгт нотлох баримт байхгүй, энэ талаар хариуцагч нотлох үүргээ биелүүлээгүй байна. Түүнчлэн, сургуулийн захирлын 2013 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 49 дүгээр тушаалаар М.Б-ыг дотуур байрны хүмүүжүүлэгч багшийн ажлаас түр чөлөөлөөгүй буюу ажилтанд чөлөө олгоогүй, дотуур байрны багшийн орон тоо нь байнгын ажлын байр тул Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1.-т заасныг үндэслэвэл, К.Т-тэй уг ажлын байранд хугацаатай буюу “орон дахь хүн нь эргэж ирэх хүртэл” гэх хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулах хууль зүйн үндэслэлгүй, ийм үйл баримт хэргээс тогтоогдохгүй байна. 

 

Хэрэгт авагдсан   дунд сургуулийн 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 74 дүгээр тушаалаар К.Т-ийг бага ангийн багшаар түр томилон ажиллуулж байсан үйл баримт тогтоогддог боловч энэ нь маргааны зүйлд хамааралгүй, ажилтан, ажил олгогчийн хооронд 2013 оны 3 дугаар сарын 02-ны өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээнд “орон дахь хүн эргэн ирэх хүртэл”, “2014-2015 оны хичээлийн жилээс бүр орон тоогоор ажиллана” гэж тэмдэглэгдсэн боловч уг хөдөлмөрийн гэрээ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй буюу ажлын байр, албан тушаалын нэр, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүрэг зэргийг тодорхой тусгагдаагүй тул уг гэрээг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх боломжгүй, ажил олгогчийн 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 54 дүгээр тушаалаар К.Т-ийг сургуулийн дотуур байрны багшийн ажилд томилсон боловч түүнтэй уг ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь тогтоогдохгүй байх тул хариуцагчийн “оронд дахь хүн нь эргэн ирсэн” гэх үндэслэл хууль зүйн болон бодит үндэслэлгүй байна. 

 

Иймээс К.Т-ийг   дунд сургуулийн дотуур байрны багшаар ажиллаж байсан М.Б нь ажил үүргээ гүйцэтгээгүй үед түүний оронд хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж, түр ажиллуулж байсан үйл баримт тогтоогдоогүй, ажил олгогчоос ажилтан К.Т-ийг дотуур байрны багшийн ажилд томилсон атлаа уг ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, “орон дахь хүн нь эргэн ирсэн” гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь хууль бус, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлд нийцээгүй гэсэн ажилтны гомдлыг үндэслэлтэй гэж үзнэ. Түүнчлэн, ажилтан К.Т-ийг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн тушаал нь хууль ёсны байх шаардлагыг хангаагүй талаар анхан шатны шүүх  үндэслэлтэй дүгнэлт хийжээ. Энэ талаар гаргасан ариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй. 

 

Иймд ажлаас үндэслэлгүй, буруу халагдсан ажилтан К.Т-ийг түүний урьд эрхэлж байсан Баян-Өлгий аймгийн У сумын   дунд сургуулийн дотуур байрны багшийн ажилд эгүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна. 

 

М.Б нь У сумын   дунд сургуульд, К.Т нь тус  Ерөнхий боловсролын дунд сургуульд холбогдуулж тус тус нэхэмжлэл гаргасан, хэрэг үүсгэх захирамжуудад хариуцагч байгууллагын оноосон нэрийг өөр өөр байдлаар бичсэн боловч М.Б, К.Т нар нь нэг хариуцагчид холбогдуулан нэхэмжлэл гаргасан нь нотлогдсон тул анхан шатны шүүх нэхэмжлэгч М.Б-ы хүсэлтийг  үндэслэн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2573 дугаар захирамжаар М.Б-ы нэхэмжлэлтэй хэрэгт К.Тийн нэхэмжлэлтэй хэргийг нэгтгэж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3.-т заасныг зөрчөөгүй. 

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт М.Бы нэхэмжлэлийг хангаж өөрчлөлт оруулсантай холбогдуулан шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн хоёр дахь заалтыг хуульд нийцүүлэн өөрчилж, улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилах нь зүйтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь: 

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 567 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг:  

 

“1.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2.-т заасныг баримтлан М.Б-ыг Баян-Өлгий аймгийн У сумын   дунд сургуулийн дотуур байрны хүмүүжүүлэгч багшийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч Баян-Өлгий аймгийн У сумын   дунд сургуулийн санхүүгээс М.Б-ы ажилгүй байсан 2013 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацааны дундаж цалин хөлстэй нь тэнцэх хэмжээний олговорт 17.637.804 /арван долоон сая зургаан зуун гучин долоон мянга, найман зуун дөрөв/ төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, дээрх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлж нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлэн, энэ тухай ажилтны нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийж баталгаажуулахыг хариуцагч Баян-Өлгий аймгийн У сумын   дунд сургуульд үүрэг болгосугай.

1.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.-т заасныг баримтлан К.Т-ийг Баян-Өлгий аймгийн У сумын   дунд сургуулийн дотуур байрны багшийн ажилд эгүүлэн тогтоосугай.” гэж, 

 

2 дахь заалтын “70200 төгрөг” гэснийг “316339 (70200+246139) төгрөг” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоос зарим хэсгийг хүлээн авсугай. 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.КӨБЕШ 

 

 

ШҮҮГЧИД Н.ТУЯА

 

 

С.ӨМИРБЕК