Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
Хэргийн индекс | 128/2016/0090/з |
Дугаар | 221/МА2016/0690 |
Огноо | 2016-10-26 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 10 сарын 26 өдөр
Дугаар 221/МА2016/0690
“Г*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Болормаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г*******, Л.С*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э******* нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 514 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Г*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, А*******д холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Г*******” ХХК анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 1054 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулж, тусгай зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгаж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч “Г*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа: “...Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн манай компанид тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шалтгаан хууль бус эсэхийг тодорхойлж, хайгуулын тусгай зөвшөөрөл олгох эсэхийг хуулийн хүрээнд зохих журмын дагуу шийдвэрлүүлж өгнө үү” гэжээ.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 514 дүгээр шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.6, 11.1.23, 12 дугаар зүйлийн 12.1.4, 13 дугаар зүйлийн 13.1.2, 17 дугаар зүйлийн 17.2.1, 17.3, 19 дүгээр зүйлийн 19.1.3, 19.3-т заасныг тус тус баримтлан А*******ас дахин шинэ акт гаргах хүртэл 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 1054 дүгээр шийдвэрийн “Г*******” ХХК-д холбогдох хэсгийг 6 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э******* давж заалдах гомдолдоо: “...Шүүх Ашигт малтмалын тухай хуулийн зүйл, заалтыг буруу тайлбарлан хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн.
“Г*******” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл нь Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.1, 17 дугаар зүйлийн 17.3-д заасан шаардлагуудыг хангаагүй. Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд тусгагдсан талбайд зураг зүйн шүүлт хийсэн Кадастрын хэлтсийн мэргэжилтэн “Г*******” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн талбай нь дээрх шаардлагыг хангаагүй болохыг тодорхойлсон. Мөн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн Дотоод хяналтын хуудсаар дээрх 2 үндэслэлийг хангахгүй байсан нь нотлогдож байна.
Шүүхийн шийдвэрт “Орон нутгийн тусгай хэрэгцээний газартай 50 метр хиллэхгүй байгаа нь тогтоогдож байх боловч тус талбай нь бусдын эзэмшил газар болон тусгай хэрэгцээний газартай дундуураа зайгүйгээр хиллэх ёстой гэх шаардлага байхгүй” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-д заасан нөхцөл байдал үүссэн тохиолдолд шулуун шугам биш байж болох ч “...газар нутаг, талбайтай хиллэж байгаа хэсэг нь...” гэсэн орон нутгийн тусгай хэрэгцээний газартай хиллэсэн байх ёстой бөгөөд 50 метр хоосон зай үүсгэсэн нь дээрх хуулийн шаардлагад нийцээгүйг харуулж байна.
Кадастрын зураг зүйн шүүлт хийхэд баримталдаг Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-д “Кадастрын зургийн нарийвчлал нь тухайн масштабын 0,1 мм-т ногдох хэмжээнээс ихгүй байна” гэж заасан байхад 50 метр хоосон орон зай үүсгэсэн нь дээрх хуулийн шаардлагад нийцээгүйг харуулж байна.
Шүүхийн шийдвэрт “Ашигт малтмалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2-т заасан эрхийнхээ хүрээнд тусгай зөвшөөрлийн талбайг шууд хиллүүлэн асуудлыг шийдвэрлэх боломжтой” гэж дүгнэсэн нь Ашигт малтмалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг дор дурдсан зорилгоор Засгийн газрын шийдвэрээр нөөцөд авч болно”, 13.1.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд гарсан хилийн маргааныг шийдвэрлэх” гэсэн хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч хооронд гарсан хилийн маргааны асуудал юм. Харин хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэхэд хэрэглэх боломжгүй бөгөөд уг хуулийн зүйл, заалтыг буруу тайлбарласан байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 514 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзэж, захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий захиргааны актын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь буруу байх тул шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч “Г*******” ХХК нь Хэнтий аймгийн Мөрөн сумын нутагт орших Өндөр-Уул нэртэй 1030 га /6 өнцөгт хэлбэртэй/ талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч, 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст өргөдөл гаргажээ.
Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс “Г*******” ХХК-ийн өргөдлийг хянаж, 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 1054 дүгээр шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд дурдсан талбай нь Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.1, 17.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж үзэн тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т “Өргөдөлд дурдсан хайгуулын талбай дараах шаардлагыг хангасан байна” гээд 17.2.1-д “дөрвөн өнцөгт хэлбэртэй байх бөгөөд түүний хил нь уртраг, өргөргийн дагуух чиглэлтэй давхацсан шулуун шугамаар хүрээлэгдсэн байх”, 17.3-д “Энэ хуулийн 17.2.2, 17.2.3-д заасан давхцал гаргахгүйн тулд өргөдөлд дурдсан талбайн дараах газар нутаг, талбайтай хиллэж байгаа хэсэг нь шулуун шугам биш байж болно” гэж тус тус заажээ.
Нэхэмжлэгч ”Г*******” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд дурдсан талбай нь дээрх хуулийн тусгайлан заасан 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсгийн шаардлагад нийцсэн болох нь хэрэгт авагдсан Хэнтий аймгийн Мөрөн сумын сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 12 дугаар тогтоол[1], уул уурхайн кадастрын зураг[2], кадастрын тойм зураг[3] зэрэг баримтаар тогтоогдож байна.
Тодруулбал, ”Г*******” ХХК нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор орон нутгийн хамгаалалтад авсан Хэнтий аймгийн Мөрөн сумын нутагт орших Дэлгэр-Уул, Хатан-Уул нэртэй 1320,16 га газартай давхцуулахгүйн тулд олон өнцөг үүсгэн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн байх тул тус компанийн өргөдөлд дурдсан талбай хуулийн шаардлага хангаагүй гэж буруутгах боломжгүй юм.
Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.1-д зааснаар Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс нь “өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуулийн 17.1, 17.2, 18.2-т заасан шаардлагыг хангаагүй бол хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж...” шийдвэрлэх учиртай. Гэтэл хариуцагч захиргааны байгууллага Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.1-д заасан шаардлагаас гадна “талбайн хил хооронд хоосон зай үлдээсэн” гэсэн хуульд заагаагүй шалтгаанаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй.
Харин хариуцагч маргаан бүхий захиргааны актыг алдаатай гарсан гэж хүлээн зөвшөөрөөгүй, мөн хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааныг шийдвэрлэх боломжтой байхад анхан шатны шүүх “хариуцагч ХА-020006-001-NE /NE-026968/ өргөдлийг дахин хянаж шинэ акт гаргах нь зүйтэй” гэж үзэж маргаан бүхий захиргааны актын холбогдох хэсгийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь буруу байна.
Иймээс хариуцагчийн тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэрийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгчид хайгуулын тусгай зөвшөөрөл олгох асуудлыг холбогдох хуульд нийцүүлэн шийдвэрлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 514 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16, 17 дугаар зүйлийн 17.2.1, 17.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Г*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 1054 дүгээр шийдвэрийн “Г*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, “Г*******” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгох асуудлыг холбогдох хуульд нийцүүлэн шийдвэрлэхийг хариуцагчид даалгасугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтыг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН