Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 235

 

“Тундерклап” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Г.Банзрагч, Х.Батсүрэн, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, нэхэмжлэгч “Тундерклап” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Энхбат, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Эрдэнэсувд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Даваажанцан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэбулган, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Э.Энх-Эрдэнэ нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 221/МА2017/0243 дугаар магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор “Тундерклап” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 35 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1, 29 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 6, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай /2002 оны/ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 175 дугаар тогтоолын “Тундерклап” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 221/МА2017/0243 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 35 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасныг баримтлан “Тундерклап” ХХК-ийн нэхэмжлэлд үндэслэн Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан үүсгэсэн захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, “Тундерклап” ХХК-ийн “Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 6 дугаар сарын 08-ний өдрийн 175 дугаар тогтоолыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Нямцоож хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 175 дугаар тогтоолыг захиргааны илт хууль бус акт болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргахаас өмнө Баянзүрх, Сүхбаатар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Монгол Улсын Засгийн газрын 175 дугаар тогтоолын “Тундерклап” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, “Тундерклап” ХХК-д олгогдсон 15252Х, 15253Х, 15254Х дугаартай ашигт малтмалын хайгуулын зөвшөөрөл эзэмших эрхийг сэргээлгэх” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг тус шүүх 2016 оны 759 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байдаг.

Тус иргэний хэргийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд 2016 оны 768 дугаар магадлалаар “нэхэмжлэгчийг Иргэний хуульд зааснаар шаардлага гаргах эрхтэй, эрх нь зөрчигдсөн этгээд гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна” гэх агуулга бүхий дүгнэлтийг хийж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Улмаар хэргийг 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд “ашигт малтмалын хайгуулын зөвшөөрөл эзэмших эрхийг сэргээх асуудал хариуцагчийн чиг үүрэгт хамаарахгүй байгаа тул “Тундерклап” ХХК-ийн нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзнэ” гэх агуулга бүхий дүгнэлтийг хийж, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байдаг.

Дээр дурдсан иргэний хэргийн давж заалдах болон хяналтын шатны шүүхийн шийдвэр “магадлал, тогтоол” нь Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 175 дугаар тогтоолын хууль зүйн үндэслэлд үнэлэлт, дүгнэлт өгсөн шийдвэр биш юм.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийг уг тогтоолтой маргах эрхгүй, эрх нь зөрчигдөөгүй байна гэх агуулга бүхий дүгнэлтийг иргэний хэргийн иргэний хэргийн давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хийж, маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийхгүйгээр орхисон байдаг тул уг акттай холбоотой маргааныг захиргааны хэргийн шүүх шийдвэрлэхэд иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан үйл баримт саад болохгүй болно.

Энэ талаарх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн “Харин иргэний хэргийн давж заалдах болон хяналтын шатны шүүхийн дээрх шийдвэрүүд нь Монгол Улсын Засгийн газрын 175 дугаар тогтоолын хууль зүйн үндэслэлд болон уг 175 дугаар тогтоол “Тундерклап” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн эсэхэд дүгнэлт өгсөн шийдвэр биш байна.

Захиргааны актын хууль зүйн үндэслэлд буюу захиргааны акт нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсэхэд захиргааны шүүх дүгнэлт өгнө” гэх дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй юм.

Түүнчлэн иргэний хэргийн шүүх болон захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага хоёр өөр болно. Үүнийг тодруулбал, Иргэний хэргийн шүүхэд хандан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь хууль ёсны дагуу эзэмшиж байгаа хайгуулын тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаагаа явуулах боломжийг хаасан Засгийн газрын 2011 оны 175 дугаар тогтоолын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгох байсан. Харин Захиргааны хэргийн шүүхэд хандан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь "Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 216 дугаар тогтоолын дагуу сонгон шалгаруулалтад оролцон хайгуулын тусгай зөвшөөрөл авах эрхийг хязгаарласан Засгийн газрын 2011 оны 175 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох” юм. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлд заасан хэргийн үйл баримт, нэхэмжлэлийн шаардлага нь хоёр өөр юм.

Иймд уг маргаан бүхий захиргааны акт хууль зөрчсөн эсэх, илт хууль бус эсэхэд захиргааны хэргийн шүүхээс дүгнэлт өгч, шийдвэрлэх боломжтой тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “Тундерклап” ХХК нь Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 175 дугаар тогтоолын өөрт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийг гаргасан байна. Уг тогтоолоор Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7 дахь хэсгийг үндэслэн 263730 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авч, хилийн заагийг тогтоосон байх бөгөөд нэхэмжлэгчээс “Засгийн газарт газрыг тусгай хэрэгцээнд авах эрх хуулиар олгогдоогүй, уг тогтоол нь анх 2011 онд гарснаас хойш илт хууль бус, манай компанийн сонгон шалгаруулалтад оролцох эрхийг хязгаарласан” гэж маргажээ.

Нэхэмжлэгчээс дээрх 175 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, 15252Х, 15253Х, 15254Х дугаартай ашигт малтмалын хайгуулын зөвшөөрөл эзэмших эрхийг сэргээлгэхээр иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд уг нэхэмжлэлийн үндэслэлээ “...Засгийн газар нь газрыг тусгай хэрэгцээнд авахаар зөвхөн Улсын Их Хуралд санал оруулах эрхтэй байсан, газрыг хуульд заагаагүй үндэслэлээр тусгай хэрэгцээнд авсан” гэж тодорхойлж байжээ.

Нэхэмжлэгчээс иргэний шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хянан шийдвэрлэсэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 101/ШШ2016/00759 дүгээр шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 768 дугаар магадлал, Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 001/ХТ2016/00794 дүгээр тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Иргэний хэргийн шүүхэд маргаж байсан энэхүү нэхэмжлэлийн үндэслэл нь одоогийн захиргааны хэрэгт маргаж байгаа нэхэмжлэлийн үндэслэлтэй адилхан байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах хууль зүйн үндэслэлтэй, энэ талаар давж заалдах шатны шүүхээс зөв дүгнэлт хийжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч нь шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэсэн маргааны талаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах болон шүүхээс нэгэнт тогтоосон үйл баримт, эрх зүйн харилцаа, хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй юм. Гэвч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “захиргааны актын хууль зүйн үндэслэлд иргэний хэргийн шүүхээс эрх зүйн дүгнэлт хийгээгүй нь хууль бус” гэж тайлбарлаж байгаа учир үүнтэй холбоотой дараах дүгнэлтийг хийх нь зүйтэй. 

Захиргааны байгууллагаас бичгээр гаргасан захиргааны актын тухайд иргэн, хуулийн этгээдээс “хууль бус буюу маргаан бүхий, эсхүл илт хууль бус” гэсэн хоёр ангиллын хүрээнд аль нэгийг сонгон нэхэмжлэлийн шаардлага гаргахаар Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 он/ 9, 10 дугаар зүйлд заасан. Өөрөөр хэлбэл бичгээр гаргасан тодорхой захиргааны актын хувьд нэг бол маргаан бүхий, нэг бол илт хууль захиргааны актын аль нэг шинжийг агуулсан байх болохоос нэгэн зэрэг илт хууль бус болон маргаан бүхий шинжийг агуулахгүй юм.

Нэхэмжлэгчээс тухайн үед 175 дугаар тогтоолыг “маргаан бүхий захиргааны акт”-д тооцож, хүчингүй болгуулах сонголт хийж, нэхэмжлэл гаргасан атлаа иргэний шүүхийн шийдвэр хуулийн төгөлдөр болсны дараа “илт хууль бус” захиргааны актад тооцуулах нэхэмжлэл захиргааны хэргийн шүүхэд гаргах хууль зүйн боломжгүй, нэгэнт сонгосон нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргах, нэхэмжлэлийг үндэслэлээ зөв тодорхойлж маргах нь нэхэмжлэгчид өөрт нь хамааралтай байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “Засгийн газарт газрыг тусгай хэрэгцээнд авах эрх хуулиар олгогдоогүй” гэх гомдлын тухайд:

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 он/ 9 дүгээр зүйлийн 9.1.3, 9.1.7 дахь хэсэгт зааснаар захиргааны актыг гаргах эрх хэмжээгүй захиргааны байгууллага, албан тушаалтан гаргасан, захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй бол захиргааны актыг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргах байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7 дахь хэсэгт “ашигт малтмалын асуудлаар Засгийн газар нь тодорхой газрыг нөөц болон тусгай хэрэгцээнд авах асуудлыг шийдвэрлэх, эсхүл энэ талаархи саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх эрхтэй” гэж заажээ. Хуулийн энэхүү заалтын агуулгаас үзэхэд Засгийн газар нь ашигт малтмалын харилцаанд тодорхой газрыг тусгай хэрэгцээнд авах асуудлыг өөрөө бие дааж шийдвэрлэх, эсхүл Улсын Их Хурлаар шийдвэрлүүлэх эрхийг нэгэн зэрэг эдлэх боломжтой байна.

Иймээс уг тогтоолыг илт хууль бус гэж үзэх, Засгийн газарт шийдвэр гаргах эрх хуулиар олгогдоогүй гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй, илт хууль бус захиргааны актын шинжийг агуулаагүй гэж үзнэ.

“Илт хууль бус захиргааны акт”-ын ерөнхий шинж нь тухайн актын алдаа нь ноцтой байх бөгөөд энэ нь нийтэд илэрхий байх юм. Харин энэ тохиолдолд Ашигт малтмалын хуулиар шийдвэр гаргах эрх Засгийн газарт олгогдсон тул маргаан бүхий тогтоолыг хэн ч харсан илэрхий, ноцтой алдаатай буюу “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж үзэхээргүй тул нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “төсөл хэрэгжүүлэх зорилгоор газрыг тусгай хэрэгцээнд авах хуулийн үндэслэл байгаагүй” гэх гомдлын тухайд:

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д заасан “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэдэг нь захиргааны байгууллагад тухайн асуудлыг шийдвэрлэх эрх хуулиар олгогдоогүй, тухайн байгууллагын чиг үүрэгт хамааралгүй асуудлыг шийдвэрлэх тухай ойлголт бөгөөд энэхүү маргааны хувьд дээр дурдсанаар Ашигт малтмалын хуулиар Засгийн газарт шийдвэрт гаргах эрх олгогдсон тул “эрх зүйн үндэслэлгүй” захиргааны акт гэж үзэхгүй.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “Засгийн газар нь тогтоол гаргахдаа Газрын тухай хуулийг хэрэглэх байсан, уг хуулиар Засгийн газарт эрх олгогдоогүй байсан” гэж маргаж байгаа ч тусгай хууль болох Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7 дахь хэсэг нь өөрөө газрыг тусгай хэрэгцээ болон нөөцөд авах зориулалтыг заасан гэж үзэхээр байна. Иймд маргаан бүхий газрыг “ашигт малтмалын асуудлаар тусгай хэрэгцээнд авахад Газрын тухай хуулийг хэрэглээгүй” гэж хариуцагчийг буруутгах боломжгүй.

Түүнчлэн Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.13, 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь хэсэгт 2015 оны 7 дугаар сарын 8-ны өдөр өөрчлөлт орж, Засгийн газар нь үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх газрыг тусгай хэрэгцээнд авах эрхтэй болсон байна.

Захиргааны илт хууль бус акт нь гарсан цагаасаа эхлэн одоог хүртэл хууль зүйн үр дагаваргүй, эрх зүйн үйлчлэлгүй байх зохицуулалтын агуулга нь тухайн актын илэрхий, ноцтой гэх алдаа нь одоо ч хэвээр байх тохиолдолд хэрэглэгдэнэ. Гэтэл энэ тохиолдолд Газрын тухай хуульд дээр дурдсан өөрчлөлт орсноор газрыг тусгай хэрэгцээнд авах зориулалт илүү тодорхой буюу нэмэгдэж зохицуулагдсан байна. Иймд, нэхэмжлэгчийн маргаж буй “Засгийн газарт Газрын тухай хуулиар эрх олгогдоогүй” гэх үндэслэл байхгүй болжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “нөхөн олговор олгоогүй хохироосон, газрыг тусгай хэрэгцээнд авахдаа Газрын тухай хуульд зааснаар нөхөн олговор олгох байсан” гэх гомдлын тухайд:

Нэхэмжлэгчээс дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, нэхэмжлэлийг үндэслэлд огт тусгаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тайлбарлаагүй атлаа хяналтын шатны шүүхэд дээрх агуулгаар гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтын хүрээнд шүүхийн шийдвэр гарах ба нэгэнт анхан шатны шүүхэд маргаагүй асуудлаар хяналтын шатны шүүхэд маргах эрхгүй тул энэ талаар дүгнэлт өгөх боломжгүй.

Харин Захиргааны ерөнхий хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1 дэх хэсэгт захиргааны байгууллагын хууль ёсны үйл ажиллагаанаас иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөний улмаас хохирол учирсан бол төрөөс нөхөх олговор олгож хохирлыг барагдуулахаар заажээ. Иймээс хохирлын асуудлаар эрх бүхий захиргааны байгууллагад хандах, нэхэмжлэл гаргах эрх нь нэхэмжлэгч хуулийн этгээдэд нээлттэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Дээрх үндэслэлүүдээр магадлалыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 221/МА2017/0243 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй. 

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                                М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                                        П.СОЁЛ-ЭРДЭНЭ