Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 2023/ШЦТ/118

 

 

 

 

 

 

 

 

 

      2023            02           14                                      2023/ШЦТ/118                              

                                                                                                                     

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн ******* овогт************** холбогдох эрүүгийн 22030 0705 0015 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч В.Батдэлгэр /тээвэр/, шүүгдэгч Д.Ариунсайхан нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга О.Жавхлан шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1967 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 55 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, хүүхдүүдийн хамт амьдрах,******* дүүргийн 20 дугаар хороо, 80-01 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, ******* овогт************** /РД:********/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Ариунсайхан нь******* дүүргийн 3 дугаар хороо, “Хан-Уул Tower”-ын хойд замын уулзварт 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 22 цаг 30 минутын орчимд “Toyota Prius 30” маркийн 05-87******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1-д заасан “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Ш.Сайнбилэгийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч Д.Ариунсайхан нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Ариунсайханы өгсөн: 

“...Би гэм буруу дээрээ маргахгүй, хүлээн зөвшөөрч байгаа. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ дэмжиж байгаа, мөн прокуророос гаргасан ялын саналыг хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг,

Гурав. Эрүүгийн 22030 0705 0015 дугаартай хэргээс:

1. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд (хэргийн 04-11 дэх тал),

2. Хэрэг гарсан өдрийн замын хяналтын камерын бичлэг бүхий дискт үзлэг хийсэн тэмдэглэл, дуу дүрсний бичлэг бүхий 1 ш дискийг эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргасан мөрдөгчийн тогтоол (хэргийн 16-20 дахь тал),

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ш.Сайнбилэгийн хохирогчоор өгсөн:

“...Би 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 19 дүгээр үйлчилгээний төвд найзуудтайгаа архи уусан. Тэгээд Цагаан хаалганы урд хүнтэй уулзах гээд очиход уулзах хүн маань байхгүй байсан учир буцаад 19 дүгээр үйлчилгээний төвд байх дүүгийнхээ гэр лүү явж байхдаа******* цамхгийн хойд талын гэрлэн дохиотой уулзварын зүүн талын замаар урдаас хойшоо чиглэлтэй зам хөндлөн гарсан. Тэгээд явган хүний гэрлэн дохио улаан гэрэл ассан байхаар нь би хүлээж байгаад ногоон гэрэл асахаар гарцаар гарж явтал зүүн талаас машин ирээд намайг мөргөсөн.

Тухайн үед би 1-2 минут ухаан алдсан байх. Намайг мөргөсөн машины жолооч бууж ирсэн ба 50 орчим насны эрэгтэй хүн байсан. Тэгээд жолооч 102, 103 дугаарт дуудлага өгсөн. Удалгүй түргэн тусламжийн машин ирээд намайг суулгаж Гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан.

...Жолооч Д.Ариунсайхан эмчилгээний зардалд нэхэмжилсэн 500.000 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Жолооч******* ямар нэг гомдол санал байхгүй, цаашид нэхэмжлэх зүйл байхгүй. Жолоочийн зүгээс надад ямар нэг дарамж шахалт үзүүлээгүй.” гэсэн мэдүүлэг (хэргийн 23-24, 25 дахь тал),

4. ШШҮХ-ийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 15342 дугаартай:

1. Ш.Сайнбилэгийн биед бүсэлхийн 1-р нугалмын их биеийн хугарал, зүүн шуу, сарвууны зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөг, өвдөгний дотор хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт (хэргийн 57-58 дахь тал),

5. Тээврийн Цагдаагийн албаны Мөрдөгчийн 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 1603 дугаартай:

1. 05-87******* улсын дугаартай Т.Приус 30 маркийн автомашины жолооч Д.Ариунсайхан нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1-д заасан “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөн нь зам тээврийн осол гарсан шалтгаан нөхцөл болсон гэж үзэх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч Ш.Сайнбилэг нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

7. Магадлагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу холбогдох оролцогч нарт мэдэгдэж, прокурорт танилцуулахаар тогтов.” гэсэн магадлагаа (хэргийн 76 дахь тал),

6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Ариунсайханы яллагдагчаар өгсөн:

“...Би ял сонсгож, яллагдагчаар татсан Прокурорын тогтоолтой уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, бусдад учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулна. 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүү Цогни-Ойдовын эзэмшлийн 05-87******* улсын дугаартай Т.Приус-30 маркийн автомашин жолоодон******* таурын хойд талын гэрлэн дохиотой уулзвараар ертөнцийн зүгээр урд талаас ирээд, уулзварын урд талд улаан гэрэл дээр зогсож байгаад ногоон гэрэл асахаар нь хөдөлгөөнөө эхлээд баруун гар тийш эргэх үедээ явган хүний гарцаар зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөсөн. Би тэр даруй машинаа зогсоогоод машинаасаа буугаад мөргүүлсэн хүн дээр очиход 40 орчим насны эрэгтэй хүн өндийгөөд сууж байсан. Тухайн үед тэр хүнээс архи үнэртэж байсан. тухайн үед миний машинд таксигаар зорчиж явсан үл таних эмэгтэй утсаараа 102, 103-т дуудлага өгсөн. Би бас дуудлага өгөх гээд залгахад утсаа авахгүй байсан. Удалгүй түргэн тусламжийн машин ирээд эмч нь мөргүүлсэн залууг үзээд гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан. Дараа нь цагдаагийн бүрэлдэхүүн ирээд хэмжилт үзлэг хийсэн.  Миний жолоодон явсан машины том хүү Цогни-Ойдовын эзэмшлийнх бөгөөд хүү Австрали улсад сурахаар 2022 оны 8 сард явсан. Тэндээ 2 жилийн хугацаатай суралцана. Би хийсэн хэрэгтэй маш их гэмшиж байна, хохирогчид учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулна. Миний хэргийг хуульд зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэсэн мэдүүлэг (хэргийн 87 дахь тал) болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хэргийн 88 дахь тал), жолоодох эрхийн лавлагаа (хэргийн 89 дэх тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хэргийн 91 дэх тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хэргийн 93 дахь тал), шүүгдэгч Д.Ариунсайханаас өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай Прокурорын шатанд гаргасан хүсэлт (хэргийн 121 дэх тал) зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

Түүнчлэн тухайн хэргийн хувьд шүүгдэгч Д.Ариунсайхан нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрийг хүлээн авсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй тухайгаа илэрхийлсэн ба Д.Ариунсайханаас хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг (хэргийн 121 дэх тал) 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 21 дугаартай прокурорын тогтоолоор хянан шийдвэрлэж, хүлээлгэвэл зохих эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналыг Д.Ариунсайханд танилцуулахад тэрээр хүлээн зөвшөөрснөөр эрүүгийн 22030 0705 0015 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арвандолдугаар бүлэг дэх “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй гэж шүүх дүгнэв.

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгагдаж тогтоосон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.Ариунсайханы гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.    

Дөрөв. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Д.Ариунсайхан нь 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 22 цаг 30 минутын орчимд******* дүүргийн 3 дугаар хороо, “Хан-Уул Tower”-ын хойд замын уулзварт “Toyota Prius 30” маркийн 05-87******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1-д заасан “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Ш.Сайнбилэгийг мөргөсөн зам тээврийн осол гаргасан, энэ ослын улмаас түүний эрүүл мэндэд нь “...бүсэлхийн 1-р нугалмын их биеийн хугарал, зүүн шуу, сарвууны зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөг, өвдөгний дотор хэсэгт цус хуралт” бүхий Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасан эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр гэмтэл учирсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан.

Автотээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл  мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж байхаар хуульчилсан. 

Тээврийн прокуророос шүүгдэгчийн дээрх гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэм буруутай үйлдэлд тохирсон, хуулийн үндэслэл бүхий байна.

Хэргийн шүүгдэгч Д.Ариунсайхан нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.   

Иймд шүүгдэгч Д.Ариунсайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанАвто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх үндэслэлтэй.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлсон.

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.

Шүүгдэгч Д.Ариунсайхан нь зам тээврийн осол хэргийн улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан хохирогч Ш.Сайнбилэгийн эмчилгээний зардал болон бусад зардалд 500.000 төгрөг нөхөн төлсөн талаар хохирогч мэдүүлсэн (хэргийн 25 дахь тал) ба хохирогч, шүүгдэгч хэн аль нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх  тухай хүсэлтийг прокурорын хяналтын шатанд гаргасан баримттай байна. (хэргийн 120, 121 дэх тал)

Иймд энэ тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах баримт бүхий хохирол, хор уршгийн нөхөн төлбөргүй гэж дүгнэв.  

Хохирогч Ш.Сайнбилэг нь зам тээврийн осол хэргийн улмаас учирсан гэмтэл бэртэлтэй холбоотой цаашид эмчилгээ, үйлчилгээ хийлгэх шаардлагатай гэж үзвэл тухай бүрд нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах, гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдэх гэмт хэрэг юм.

Шүүгдэгч Д.Ариунсайхан нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь хэргийн 88 дугаар талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтаар тогтоогдсон тул түүнийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.     

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас шууд үүссэн үр дагавар буюу хор уршгийн нөхөн төлбөрийг төлсөн зэрэг нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад тус тус заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ нь тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал болон хохирогчоос гомдол саналгүй гэснийг тус тус харгалзан, эрүүгийн хариуцлага гаргаагүй байх гэм буруугийн зарчимд нийцүүлэн, улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд торгох ял шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.    

Энэ хэрэгт Д.Ариунсайхан нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ш.Сайнбилэг нь “хохирол төлбөр нөхөн төлөгдсөн үндэслэлээр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус шийтгэх тогтоолд дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерын бичлэг бүхий CD нэг ширхгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэх нь зүйтэй.       

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. ******* овогт**************ыг “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Ариунсайханд 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Ариунсайхан нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт Д.Ариунсайхан нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ш.Сайнбилэг нь “хохирол төлбөр нөхөн төлөгдсөн үндэслэлээр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдон хураагдаж ирсэн камерын бичлэг бүхий CD нэг ширхгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсаргуулахаар үлдээсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” үндэслэлээр ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор  давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус тайлбарласугай.

 

7. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Д.Ариунсайханд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 С.БАЗАРХАНД