Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 2023/ШЦТ/91

 

 

 

 

 

 

 

 

 

     2023            02           02                                         2023/ШЦТ/91                                

                                                                                                                     

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, улсын яллагч Г.Гармаа, шүүгдэгч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн******* овогт******* *******эд холбогдох эрүүгийн 22100 1760 1033 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1982 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 40 настай, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “Хасу мегаватт” ХХК-д метал хийцийн угсрагч ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдрах,******* дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа 1 хорооллын 705 дугаар байрны 61 тоотод оршин хаягийн бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, Цонхи овогт******* ******* /РД:********/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.******* нь 2022 ны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө 01 цагийн үед******* дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хабитатын 6-74 тоотод эхнэр Б.Отгонцэцэгтэй маргалдаж, улмаар биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.                                                   

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч Д.******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч Д.*******ээс шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн. Одоо нэмж хэлэх зүйл байхгүй. Би гэм буруугаа зөвшөөрч байгаа, миний буруу.“ гэсэн мэдүүлэг,

Гурав. Эрүүгийн 22100 1760 1033 дугаартай хэргээс:

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Отгонцэцэгийн хохирогчоор өгсөн:

“...2022 оны 7 дугаар сарын 10-ны өдөр гэртээ байж байхад 17 цагийн үед манай нөхөр над руу залгаад “аавын гэрт хүрээд ир, хэзээ ирэх вэ” гэхээр нь би “за, одоо очлоо” гэж хэлсэн. Тэгээд 18 цагийн үед хадам аав******* гэрт очиход хадам аав*******, хадам ээж, хадам ах, түүний найз хүүхэн, бэр дүү, түүний нөхөр, манай нөхөр ******* нар байсан ба бүгдээрээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тэгээд надад өгсөн архинаас уугаад согтсон байсан ба би бодож санаж байсан юмаа хэлэхэд манай нөхөр “чи дандаа архи уухаараа орилж хашгирдаг” гээд зүүн гараараа миний эрүүнээс барьж байгаад баруун гараа атгаад 3 удаа цохисон. Тэгэхээр нь би “бие засна” гэж худлаа хэлээд гарч, машинаа унаад харих гэж байгаад ухрахдаа хашаа мөргөсөн байсан. ...Одоо надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг (хэргийн 11 дэх тал),

2. ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 9853 дугаартай:

“1. Б.Отгонцэцэгийн биед зүүн нүдний дээд, доод зовхи, баруун доод зовхи, дээд уруулын гадна болон дотно тал, баруун мөр, бугалганы цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Нүүрэнд учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Баруун мөр, бугалганы цус хуралт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

6. Учирсан гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна.” гэсэн дүгнэлт (хэргийн 29-30 дахь тал),

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээч эмч Т.Амартүвшинг байцаасан тэмдэглэлд:

“...Би Б.Отгонцэцэгийн биед үзлэг хийж, нэмэлт шинжилгээнүүдийн хариуг үндэслэн дүгнэлтээ гаргасан. Зүүн нүдний дээд, доод зовхи, баруун нүдний доод зовхи, дээд уруулын гадна болон дотор талын цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь нийлээд болон тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун мөр, бугалганы цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн хүчээр цохих болон базах үед үүсэх боломжтой.

Биеийн үзлэгт зүүн шанаа, хацар хавдсан, дээд уруулын баруун зүүн тал, баруун ирмэгээр хөх ягаан өнгийн цоохортсон цус хуралттай байсан. тэгэхээр зүүн талын шанаа хэсэгт цохиход зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл үүсэх боломжтой. Учир нь зүүн шанаа, хацар, зүн нүдний зовхи нь атгасан гараар цохиход нэг түвшинд, нэг байрлалд байгаа учир дээрх гэмтэл учрах боломжтой юм. Баруун нүдний доод зовхины цус хуралт нь зүүн талд хүчтэй цохисны улмаас үүсэх боломжтой. Дээд уруулын гадна болон дотор талын хуралт нь ам хэсэгт цохиход үүснэ.” гэсэн мэдүүлэг (хэргийн 67 дахь тал),

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Д.*******ийн яллагдагчаар өгсөн:

“...Би ял сонсгож, яллагдагчаар татсан Прокурорын тогтоолтой уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг (хэргийн 38 дахь тал) болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хэргийн 41 дэх тал),******* дүүргийн 16 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт (хэргийн 42 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хэргийн 44 дэх тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хэргийн 45 дахь тал), “Хасу мегаватт” ХХК-ийн ажлын газрын тодорхойлолт (хэргийн 57 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий шинжээч эмч гаргасан байх тул шүүх тэдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.*******ийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Дөрөв. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Д.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 ны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө 01 цагийн үед******* дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хабитатын 6-74 тоотод эхнэр Б.Отгонцэцэгтэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар гараараа нүүрэн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь “...зүүн нүдний дээд, доод зовхи, баруун доод зовхи, дээд уруулын гадна болон дотно тал, баруун мөр, бугалганы цус хуралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд шинжлэн судалсан:

- хохирогч Б.Отгонцэцэгийн: “...2022 оны 7 дугаар сарын 10-ны өдөр гэртээ байж байхад 17 цагийн үед манай нөхөр над руу залгаад “аавын гэрт хүрээд ир, хэзээ ирэх вэ” гэхээр нь би “за, одоо очлоо” гэж хэлсэн. Тэгээд 18 цагийн үед хадам аав******* гэрт очиход хадам аав*******, хадам ээж, хадам ах, түүний найз хүүхэн, бэр дүү, түүний нөхөр, манай нөхөр ******* нар байсан ба бүгдээрээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тэгээд надад өгсөн архинаас уугаад согтсон байсан ба би бодож санаж байсан юмаа хэлэхэд манай нөхөр “чи дандаа архи уухаараа орилж хашгирдаг” гээд зүүн гараараа миний эрүүнээс барьж байгаад баруун гараа атгаад 3 удаа цохисон. Тэгэхээр нь би “бие засна” гэж худлаа хэлээд гарч, машинаа унаад харих гэж байгаад ухрахдаа хашаа мөргөсөн байсан. ...Одоо надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг (хэргийн 11 дэх тал),

- ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 9853 дугаартай:

“1. Б.Отгонцэцэгийн биед зүүн нүдний дээд, доод зовхи, баруун доод зовхи, дээд уруулын гадна болон дотно тал, баруун мөр, бугалганы цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Нүүрэнд учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Баруун мөр, бугалганы цус хуралт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

6. Учирсан гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна.” гэсэн дүгнэлт (хэргийн 29-30 дахь тал),

- шинжээч эмч Т.Амартүвшингийн: “...Би Б.Отгонцэцэгийн биед үзлэг хийж, нэмэлт шинжилгээнүүдийн хариуг үндэслэн дүгнэлтээ гаргасан. Зүүн нүдний дээд, доод зовхи, баруун нүдний доод зовхи, дээд уруулын гадна болон дотор талын цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь нийлээд болон тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун мөр, бугалганы цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн хүчээр цохих болон базах үед үүсэх боломжтой.

Биеийн үзлэгт зүүн шанаа, хацар хавдсан, дээд уруулын баруун зүүн тал, баруун ирмэгээр хөх ягаан өнгийн цоохортсон цус хуралттай байсан. тэгэхээр зүүн талын шанаа хэсэгт цохиход зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл үүсэх боломжтой. Учир нь зүүн шанаа, хацар, зүн нүдний зовхи нь атгасан гараар цохиход нэг түвшинд, нэг байрлалд байгаа учир дээрх гэмтэл учрах боломжтой юм. Баруун нүдний доод зовхины цус хуралт нь зүүн талд хүчтэй цохисны улмаас үүсэх боломжтой. Дээд уруулын гадна болон дотор талын хуралт нь ам хэсэгт цохиход үүснэ.” гэсэн мэдүүлэг (хэргийн 67 дахь тал) болон шүүгдэгч Д.*******ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг (хэргийн 38 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй” гэж, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дугаар зүйлд “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй дархан байх эрхийг баталгаажуулсан.

Хэргийн хохирогч Б.Отгонцэцэгийн эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан “...зүүн нүдний дээд, доод зовхи, баруун доод зовхи, дээд уруулын гадна болон дотно тал, баруун мөр, бугалганы цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч Д.******* түүний нүүрэн тус газарт гараараа цохисноос үүссэн ба шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

Шүүгдэгч Д.*******ийн хүний халдашгүй дархан байдалд хүч хэрэглэн халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэмт үйлдлийг******* дүүргийн прокуророос “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн үндэслэл бүхий, түүний гэм буруутай үйлдэлд тохирсон байна гэж шүүх дүгнэв.

Хэргийн шүүгдэгч Д.******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Иймд шүүгдэгч Д.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй.

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

Хохирогч Б.Отгонцэцэгийн биед учирсан хөнгөн хохирол нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох ба учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхтэй холбоотой гарсан болон бусад зардал нь хохирол учруулсны улмаас шууд үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэндэд, ..., санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй гарсан бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасан.

Энэ хэргийн хохирогч Б.Отгонцэцэг нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй хэдий ч мөрдөн шалгах ажиллагааны явцад “...Надад нэхэмжлэх хохирол байхгүй, гомдол санал байхгүй” гэж хохирогчоор дахин мэдүүлсэн (хэргийн 11 дэх тал) байх тул эрүүгийн хэрэгтэй хамтатган шийдвэрлэх хохирол төлбөргүй гэж үзнэ. 

Шүүгдэгч Д.******* нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь хэргийн 41 дэх талд авагдсан “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтаар тогтоогдсон тул түүнийг анх удаа Эрүүгийн хулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бөгөөд энэ нь мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 заалтад заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзвэл зохих хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болох юм.

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд тухайлан заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх, шүүгдэгч Д.*******ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож шийдвэрлэсэн тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцож, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал болон гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх санал дүгнэлт зэргийг тус тус харгалзан Д.*******эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Энэ хэрэгт Д.******* нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.Отгонцэцэг нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                                                      

ТОГТООХ нь:

 

1. Цонхи овогт******* *******ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Д.*******эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.******* нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт Д.******* нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.Отгонцэцэг нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 

 

6. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Д.*******эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  С.БАЗАРХАНД