Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/05

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

Улсын яллагч О.Батнасан,

Шүүгдэгч М.О,

Нарийн бичгийн дарга А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн А овгийн М-ын От холбогдох 2228000000199 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

Биеийн байцаалт:

Монгол улсын иргэн,

Шүүгдэгч М.О нь Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Замын Шанд 1 дүгээр багийн нутаг, Тавгийн арын ус гэх газарт 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 11 цагийн үед малын бэлчээрээс шалтгаалан Б.М-тай маргаж, улмаар бие эрх чөлөөнд нь халдан зодож, тархины доргилт, зүүн шанааны зулгаралт, баруун бугуй орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч М.Оын яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч М.О шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Болсон үйл явдлын талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн. Өөр нэмж мэдүүлэх зүйл байхгүй гэв.

Хохирогч Б.М- мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би Цогт-Овоо сумын Замын шанд, 1 дүгээр багт сумаас баруун хойш 32 км-т багийн төвийн баруун урд талд хөдөө мал маллаж амьдардаг. Тэгээд 2022 оны 12-р сарын 08-ны өдөр би гэрийн хойд руу 3 км-т байх Тавгийн арын усанд малаа услаад баруун урагш нь гаргаад туугаад явж байсан. Тэгсэн урд байх багийн төвөөс О мотоцикльтой ганцаараа ирсэн. Тэгсэн О мотоцикль дээрээ мордоотой байхдаа намайг пизда, гөлөг минь чи хонио манайхаас холуур явуулахгүй яаж байгаа юм, давраад байгаарай гөлөг минь гээд өөдөөс загнаад байсан. Тэгэхээр нь би От манай мал гэрт чинь тогоотой хоолноос чинь идээгүй биздээ гэсэн. Тэгсэн О намайг заамдахаар нь би зөрөөд заамдалцсан. Тэгээд бид 2 хоорондоо зууралдаж байхад О миний нүүр рүү зүүн гараараа нэг удаа дух хэсэгт, дараа нь баруун гараараа 2 удаа зүүн шанаа хэсэгт цохьсон. Тэгээд бид 2 салсан. Тэгээд ороолтоо тайлаад бүслээд байж байтал О газраас чулуу барьж ирээд зүүн талын чамархай хэсэгт баруун гараараа 2 удаа цохьчоод чамайг ална гээд байсан. Миний зүүн чамархайнаас цус гараад байсан. Тэгээд би босоод Оыг чи араа даадаг юм бол цохь гэсэн. Тэгэхэд О хэл амаар доромжлоод зогсож байсан. Тэгээд би урд нь манай эхнэрт гар хүрсэн байхад нь би чамд юм хэлээгүй шүү гэсэн. Тэгэхэд О над руу та нарыг багадуулсан байсан гэсэн. Тэгээд би От шийддэг газраар нь шийдүүлнэ гээд би мотоциклио унаад гэр рүүгээ явсан гэжээ. /хавтаст хэргийн 10 дахь тал/

Шүүгдэгч М.О мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: Би Цогт-Овоо сумын Замын шанд 1-р багийн төвийн хажууд хөдөө гэртээ мал малладаг. Манайхаас баруун урагш 1 км-т орчим зайд саахалт айл болох М-ынх байдаг. Тэгээд 2022 оны 12-р сарын 08-ны өдөр 11 цаг өнгөрч байхад тэмээ туучаад явж байхад М- малаа услаад туугаад явж байсан. Тэгээд би мотоцильтой хүрээд очсон. Тэгээд би М-т та малаа цааш нь сайн тууж бэлчээрт гаргаарай. Тэгэхгүй бол гэрийн гадуур бутраад байдаг гэж хэлсэн. Тэгсэн М- мотоциклоосоо бууж ирээд та нар муу сайнууд яасан баян пизда вэ гээд намайг цамц дээлний захнаас заамдаад авсан. Тэгэхээр нь би зөрүүлээд М-ыг заамдаад авсан. Тэгээд хоорондоо хэсэг зууралдаж байгаад тавьсан. Тэгээд М- бид 2 хувцсаа тайлж байгаад зодолдъё гээд дээл, хүрмээ тайлсан. Тэгэхээр нь би газраас чулууд аваад баруун гараараа М-ын толгойн зүүн хэсэгт нь нэг удаа цохьсон. Тэгсэн М-ын толгойны зүүн хэсгээс нь цус гарч байгаа харагдсан. Тэгээд М- гэр рүүгээ яваад өгсөн. Би ч гэр рүүгээ явсан гэжээ. /хавтаст хэргийн 29 дэх тал/

Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 05 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Б.М-ын биед тархины доргилт, зүүн шанааны зулгаралт, баруун бугуй орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” /хавтаст хэргийн 18-19 дэх тал/

Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 13 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “М.Оын биед гэмтэл тогтоогдсонгүй” /хавтаст хэргийн 22-23 дахь тал/

Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 30-38 дахь тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 39 дахь тал/

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 40-45 дахь тал/

Төрсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 46 дахь тал/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 47 дахь тал/

Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 48 дахь тал/

Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 49 дэх тал/

М.Оын хүсэлтэд: М.О би 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр иргэн М-тай бэлчээрийн маргаанаас болж марган улмаар М-ын бие эрх чөлөөнд халдаж хөнгөн гэмтэл учруулсан. Иймд хүлээн зөвшөөрч М-аас уучлал гуйж бид хоёр эвлэрсэн. Надад холбогдуулж шалгаж байгаа хэргийг түргэн шуурхай хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. /хавтаст хэргийн 52 дахь тал/

Б.М-ын хүсэлтэд: Б.М- миний гаргасан өргөдлийг хурдан шуурхай шийдвэрлэж өгнө үү. Холбогдогч От миний зүгээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй болно гэжээ. /хавтаст хэргийн 53 дахь тал/

Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 56 дугаартай тогтоол /хавтаст хэргийн 58 дахь тал/

Прокурорын санал /хавтаст хэргийн 59 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл:

Шүүгдэгч М.О нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргаж, уг хэргийг 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 56 дугаартай тогтоол /хавтаст хэргийн 58 дахь тал/-оор хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлсэн байх тул хүлээн авч хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэрэгт тооцно, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж хохирол учирсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч М.Оын гэмт үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаврыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.

Шүүгдэгч М.От холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.

Шүүгдэгч М.Оын нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч М.О нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргаж 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 56 дугаартай тогтоол /хавтаст хэргийн 58 дахь тал/-оор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтож яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг шилжүүлсэн.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч М.Оын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нөхцөл байдлуудыг шүүх хуралдаанаар хянаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Шүүгдэгч М.О үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Өмнөговь аймгийн Прокурорын газарт гаргасан М.Оын хүсэлтэд “М.О би 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр иргэн М-тай бэлчээрийн маргаанаас болж марган улмаар М-ын бие эрх чөлөөнд халдаж хөнгөн гэмтэл учруулсан. Иймд хүлээн зөвшөөрч М-аас уучлал гуйж бид хоёр эвлэрсэн. Надад холбогдуулж шалгаж байгаа хэргийг түргэн шуурхай хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ. /хавтаст хэргийн 52 дахь тал/, Б.М-ын хүсэлтэд: Б.М- миний гаргасан өргөдлийг хурдан шуурхай шийдвэрлэж өгнө үү. Холбогдогч От миний зүгээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй болно гэжээ. /хавтаст хэргийн 53 дахь тал/ зэрэг нотлох баримтаар шүүгдэгч М.Оыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэж үзлээ. 

Шүүгдэгч М.О нь Прокуророос санал болгосон 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялын санал /хавтаст хэргийн 59 дэх тал/-тай танилцан гарын үсэг зурж санал хүсэлт гаргаагүй байх тул  ялыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч М.О нь Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Замын Шанд 1 дүгээр багийн нутаг, Тавгийн арын ус гэх газарт 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 11 цагийн үед малын бэлчээрээс шалтгаалан Б.М-тай маргаж, улмаар бие эрх чөлөөнд нь халдан зодож, тархины доргилт, зүүн шанааны зулгаралт, баруун бугуй орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Б.М-ын мэдүүлэг /хавтаст хэргийн 10 дахь тал/, Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 05 дугаартай шинжээчийн “Б.М-ын биед тархины доргилт, зүүн шанааны зулгаралт, баруун бугуй орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” /хавтаст хэргийн 18-19 дэх тал/ гэх дүгнэлт зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.

Шүүгдэгч М.О нь хохирогч Б.М-ын эрх чөлөөнд халдаж буй үйлдлээ хууль бус гэдгийг ухамсарлах боломжтой байсан хэдий ч түүнийг хүсч үйлдсэнийг санаатай үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.

Иймд шүүгдэгч М.Оыг Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Замын Шанд 1 дүгээр багийн нутаг, Тавгийн арын ус гэх газарт 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 11 цагийн үед малын бэлчээрээс шалтгаалан Б.М-тай маргаж, улмаар бие эрх чөлөөнд нь халдан зодож, тархины доргилт, зүүн шанааны зулгаралт, баруун бугуй орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл тогтоогдож байна.

Хохирогч Б.М- нь шүүгдэгч М.Оаас хохирол төлбөр нэхэмжлээгүй болох нь шүүгдэгч, хохирогчийн мэдүүлэг, Б.М-ын “ Б.М- миний гаргасан өргөдлийг хурдан шуурхай шийдвэрлэж өгнө үү. М.Оаас миний зүгээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй болно гэх хүсэлт /хавтаст хэргийн 53 дахь тал/ зэргээр тогтоогдож байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч М.Оын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч зэргээр тус тус тогтоогдож байна.  

Шүүгдэгч М.Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагч шүүгдэгч М.От 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялын санал, дүгнэлт гаргасан бөгөөд шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирол хор уршгийн хэр хэмжээ, улсын яллагчийн саналын хүрээнд эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шүүгдэгч М.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2, 1.3 зүйлд заасан хууль ёсны болон шударга ёсны зарчим, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод тус тус нийцнэ гэж дүгнэн шийдвэрлэв.

Шүүгдэгч М.О 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд төлж барагдуулахаар тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч М.О цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.О хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэв.

Шүүгдэгч М.О нь өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана.” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангаж ажилласан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 4, 5 дахь хэсэг,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А овгийн М-ын Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.От 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 

3. Шүүгдэгч М.О шүүхээс оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын дотор төлж барагдуулахыг даалгасугай.   

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.О оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

5. Хохирогч Б.М- шүүгдэгч М.Оаас хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

6. Шүүгдэгч М.О цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.    

7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.От хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч М.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Э.ОЮУН-ЭРДЭНЭ