| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 172/2023/0006/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/06 |
| Огноо | 2023-01-02 |
| Зүйл хэсэг | 13.14.1, |
| Улсын яллагч | Б.Мөнхдөл |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 02 өдөр
Дугаар 2023/ШЦТ/06
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,
Улсын яллагч Б.Мөнхдөл,
Шүүгдэгч Ц.С,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч О.Э,
Нарийн бичгийн дарга А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б Д овогт Ц-гийн Сд холбогдох 2228002970176 тоот эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Шүүгдэгч Ц.С нь 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Өмнөговь аймгийн Булган сумын 4 дүгээр баг, Халгайтын 4-10 тоот гэртээ байхдаа хохирогч О.Эыг нөхөр Бтэй хардсаны улмаас “Zaya Zaya” гэх фейсбүүк хаягнаас хохирогч О.Эы зургийг ашиглан “Ханбогд зар /Наn bogd zar/ нэгдсэн групп” фейсбүүкийн пэйж дээр “Ene ynhaniig tanih u oyutolgoi ni ynhan oyutolgoi chini yanhanii gazar ym uu” гэх постыг “Ханбогд шуурхай зар” фейсбүүкийн пэйж дээр “Oyutolgoi ajilladag E gej ynhanaas bolgoomjil ail ger vimuuledeg ichihgui 2 huuhedtei bj bugsuur hooloo olj iddeg” гэх постыг тус тус оруулж, хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ц.С шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Гэм буруутай үйлдлээ өөрөө хүлээж байгаа гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч О.Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Тухайн үед хурлын зааланд байхдаа Б надаас илүү өмд байна уу гэж асуусан. Би өрөөндөө очиж үзчихээд хэлье гээд Бгийн гар утасны дугаарыг нь аваад өглөө 06 цагийн үед ажлын илүү өмд байна гэж хэлэхэд Б манай блокны гадаа ирж залгаж би илүү өмдөө гаргаж өгсөн. Б өмдөө авсан өдрөө амарсан. Намайг унтаж байхад миний гар утас дуугараад авахад энэ дугаарыг таних уу гэж Ц.С асуусан би шөнийн ээлжтэй байгаад унтаж байсан учраас мэдэхгүй гэж хэлээд гар утсаа тасдсан, дахиад залгаад байхаар нь аваад Бгийн хамт ажилладаг хүн байна гэж хэлсэн. Ц.С чи яахаараа Бд өмд өгдөг юм бэ гэж хэлээд өмнөөс нь тайлбар хэлүүлэхгүй орилж хашхираад байсан. Ц.С над руу 30 гаруй удаа залгасан учраас би дугаарыг нь блок хийсэн. Би амраад гэртээ ирсэн байхад манай нөхөр над руу залгаад чиний зураг Ханбогд сумын зар дээр байна гэж хэлсэн. Тэгээд фэйсбүүкээр ороод үзэхэд миний зарим тавьдаг хүмүүс тухайн мэдээллийг пост оруулсан байсан. Удалгүй цагдаад очиж гомдлоо гаргасан. Та яаж Ц.С гэж мэдэж байгаа юм бэ гэж цагдаа асуухаар нь пост дээрээ өөрөө өөрийгөө барьж өгсөн зүйл бичсэн байсан гэж хэлсэн гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч О.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2022 оны 07 сарын 30-ны өдөр манай ажил дээр хурал болохын өмнө хамт ажилладаг Б надаас чамд илүү өмд байна уу гэж асуухаар нь би гэрт очоод үзээд өгье гэж хэлсэн. Маргааш өглөө нь би Б руү залгаад надад илүү өмд байна гэхэд за би гадаа чинь очоод залгая гээд тасалсан. Дараа нь удалгүй Б над руу залгаад гадаа чинь ирчихлээ гэж хэлэхээр нь би гараад өмдөө өгчихөөд орсон. Тэгээд Б амраад гэр рүүгээ явсан дараа 08 сарын 02-нд над руу эхнэр нь залгаад энэ дугаар луу залгасан байна хэн бэ гэхээр нь би шөнийн ээлжинд гараад ядарсан байсан болохоор мэдэхгүй гэж хэлээд тасалчихсан. Дараа нь дахиад залгаад байхаар нь авсан чинь чи яахаараа энэ дугаар руу залгадаг юм Бгийн дугаарыг хэлээд энэ дугаарыг таних уу г.эхээр нь би таниж байна би өмд өгсөн юм гэж хэлсэн чинь чи яахаараа Бд өмд өгдөг юм гээд орилоод хашгираад байсан. Тэгээд дараа нь дахин дахин залгаад байхаар нь авсан чинь чиний Фейсбүүк хаягийг олчихсон байгаа чамайг фейсбуүк дээр тавина чамайг танай ажлынхан янхан гэдгийг чинь мэддэг юм байна лээ гэхээр нь би шууд тасдчихсан. Тэрнээс хойш над руу залгаад байсан би аваагүй. Тэрнээс хойш 08 сарын 17-ны өдөр манай нөхөр над руу залгаад юу болоод байгаа юм бэ зар дээр яагаад чиний зураг яваад байгаа юм гэхээр нь би мэдэхгүй яасан юм гэсэн чинь Фейсбүүк рүүгээ ороод харахгүй юу гэсэн. Тэгээд би харсан чинь Z z гэсэн фейсбүүк хаягаас миний зургийг тавиад намайг доромжилсон утга бүхий зарыг Ханбогд шуурхай зар, Ханбогд зар гэсэн хоёр фейсбүүк групп дээр тавсан байсан... гэжээ.../хавтаст хэргийн 12-13 дахь тал/,
Гэрч Г.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: мэдүүлэгт: “Би 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод ажил дээрээ байж байхад манай төрсөн ах Баянмөнх над руу залгаад "Танай эхнэр Энх- Ариуныг Ханбогд сумын шуурхай зар гэсэн хаяг дээр “хүний нөхөртэй явалддаг гэсэн утгатай зар оруулсан байна” гэж хэлсэн. Тэгээд би “Ханбогд сумын шуурхай зар гэсэн группд руу ороод харахад Z zгэсэн нэртэй фэйсбүүк хаягнаас миний эхнэр Эы зургийг Оюутолгойд ажилладаг Э гэж янханаас болгоомжил, айл гэр үймүүлдэг, ичдэггүй, 2 хүүхэдтэй байж бөгсөөрөө хоолоо олж иддэг гэсэн тайлбартай оруулсан байсан. Уг пост нь 4 лайк, 5 сэтгэгдэлтэй, мөн уг зарыг Ханбогд зарын группд зарыг Ханбогд зарын группд оруулсан байсан ба тэр зар нь мөн адил хандалттай байсан. Би уг постын дагуу өөрийн эхнэр Этай утсаар холбогдож асуухад “Надтай хамт ажилладаг Б гэдэг хун надаас найзынх нь өмд урагдачлаа, илүү өмд байвал тур хэрэглүүлээч гэхээр нь би 1 өмдөө өгсөн. Тэгсэн чинь Б гэдэг хүний эхнэр нь хардаад ийм пост оруулаад байх шиг байна" гэсэн. Тэгээд манай эхнэр Өмнөговь аймаг дахь цагдаагийн газарт өргөдөл гаргасан” гэжээ. /хавтаст хэргийн 32-33 дахь тал/,
Гэрч С.Т мөрдөн байцаалтын шатандаа мэдүүлэхдээ: “2022 оны 08 сарын дундуур би Оюутолгойд ажилладаг байхдаа Бгээс надад таарах ажлын өмд байна уу гэж асуусан юм. Тэгсэн Б надад би олоод өгье гэж хэлсэн. Тэгээд дараахан нь Б надад ажлын өмд авч ирж өгсөн юм. Тэгээд 08 сарын сүүлээр Б амраад гэр рүүгээ явсан дараагаа над руу залгасан. Тэгсэн чинь Бгийн эхнэр С Б чамд өмд өгсөн юм уу гэж асуусан. Би тэгсэн гэж хэлсэн чинь тасалчихсан. Тэрнээс хойш над руу залгаагүй.” гэжээ. /хавтаст хэргийн 36-37 дахь тал/,
Шүүгдэгч Ц.С мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэхдээ: Надад холбогдуулан Монгол Улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйл 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж байгааг хүлээн зөвшөөрч байна. Тухайн цаг хугацаанд өөрийн нөхөр Бг хардаж “Z z” гэсэн хуурамч хаяг нээж тэр фейсбүүк хаягнаас “Ханбогд зарын нэгдсэн групп мэдээлэл оруулсан юм. Одоо тэр “Z z” гэсэн хуурамч фейсбүүк хаяг надад байхгүй би ашиглахгүй байгаа гэжээ. /хавтаст хэргийн 46-47 дахь тал/
Гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 2-4, 53-61 дэх тал/
Өмнөговь аймгийн Булган сумын Булган багийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 604 дугаартай албан бичиг “Тус багийн иргэн Ц- овогтой С нь нөхөр хүүхдийн хамт Халгайт хорооллын 2 дугаар гудамжны 3 тоотод ам бүл 6-уул амьдардаг нь үнэн болохыг тодорхойлов” гэжээ. /хавтаст хэргийн 63 дахь тал/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 64 дэх тал/,
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 54 дугаартай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 71 дэх тал/
Прокурорын санал /хавтаст хэргийн 72-73 дахь тал/
Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.Солонгод гаргасан “Ц.С би О.Эы талаар цахим орчинд худал мэдээлэл тараасан гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч О.Э хохирол төлбөр нэхэмжлээгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хавтаст хэргийн 74 дэх тал/
Төрсний гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 75-78 дахь тал/
Иргэний үнэмлэхийн хуулбар /хавтаст хэргийн 79 дэх тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Ц.Сд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэрэгт тооцно, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж хохирол учирсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч Ц.Сын гэмт үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаврыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.Сд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.
Шүүгдэгч Ц.Сын нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Ц.С нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргаж 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 54 дугаартай Прокурорын тогтоолоор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтож яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг шилжүүлсэн.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан үндсэн 5 нөхцөл байдлыг хянаж шүүгдэгч Ц.Сд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
“…алдар хүнд…” гэдэгт бусдаас өөрийнх нь талаар өгсөн үнэлгээнд тулгуурлан өөртөө өгсөн тухайн хүний үнэлэмжийг ойлгоно.
“…доромжлох …” гэдэгт нийгэмд тогтсон хүмүүсийн хоорондын харилцааны болон ёс суртахууны шаардлагын хэм хэмжээ, үндэсний зан заншил, уламжлалд харшилсан, тухайн хүний нэр төр, алдар хүндийг санаатай гутаасан үйлдлийг хэлнэ.
Энэ нь хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, эрүүл мэнд, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол, гадна төрх, хөгжлийн бэрхшээлтэй болон гэр бүлийн байдалтай нь холбогдуулан үг, үйлдэл, бичгээр, дохио зангаагаар, зураг дүрсээр гутаасан зэргээр илэрнэ.
Мөн “…олон нийт…” гэдэг нь нийгмийн нэг хэсгийг тодорхойлсон ойлголт учир тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүнийг бий болгох нөхцөлийн хувьд заавал хоёр буюу түүнээс олон хүний дэргэд доромжилсон байхыг шаардахгүй бөгөөд бусдын нэр төр, алдар хүндийг нэг хүний ч дэргэд гутаасан байж болно.
“…хэвлэл мэдээллийн хэрэгсэл…” гэдгийг зар сурталчилгааны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д зааснаар ойлгохоор тайлбарлажээ.
Шүүгдэгч Ц.С нь 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Өмнөговь аймгийн Булган сумын 4 дүгээр баг, Халгайтын 4-10 тоот гэртээ байхдаа хохирогч О.Эыг нөхөр Бтэй хардсаны улмаас “Zaya Zaya” гэх фейсбүүк хаягнаас хохирогч О.Эы зургийг ашиглан “Ханбогд зар /Наn bogd zar/ нэгдсэн групп” фейсбүүкийн пэйж дээр “Ene ynhaniig tanih u oyutolgoi ni ynhan oyutolgoi chini yanhanii gazar ym uu” гэх постыг “Ханбогд шуурхай зар” фейсбүүкийн пэйж дээр “Oyutolgoi ajilladag E gej ynhanaas bolgoomjil ail ger vimuuledeg ichihgui 2 huuhedtei bj bugsuur hooloo olj iddeg” гэх постыг тус тус оруулж, хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан болох нь хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.С нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Өмнөговь аймгийн Прокурорын газарт гаргасан “Ц.С би О.Эы талаар цахим орчинд худал мэдээлэл тараасан гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч О.Э хохирол төлбөр нэхэмжлээгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хавтаст хэргийн 74 дэх тал/ зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Ц.С гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байна гэж үзэв.
Шүүгдэгч Ц.С нь прокуророос санал болгосон 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын саналтай танилцан гарын үсэг зурж санал хүсэлт гаргаагүй байх тул сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч О.Э тус гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг шүүгдэгчээс нэхэмжлээгүй болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч О.Э, шүүгдэгч Ц.Сын мэдүүлгээр тогтоогдож байх тул бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж хуульд заасан үндэслэл журмыг танилцуулсан тэмдэглэлээр шүүгдэгч Ц.Сын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж үзэхээр байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.
Шүүгдэгч Ц.С нь хохирогч, иргэний нэхэмжлэгч О.Эы нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тарааж буй үйлдлээ хууль бус гэдгийг ухамсарлах боломжтой байсан хэдий ч түүнийг хүсч үйлдсэнийг санаатай үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.
Шүүгдэгч Ц.С нь хувийн байдлын хувьд зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.Сын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Ц.Сыг хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Улсын яллагч шүүгдэгч Ц.Сд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын санал, дүгнэлт гаргасан бөгөөд шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, прокурорын ялын саналын хүрээнд эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шүүгдэгч Ц.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2, 1.3 зүйлд заасан хууль ёсны болон шударга ёсны зарчим, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод тус тус нийцнэ гэж дүгнэж шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.С нь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр төлж барагдуулахаар тогтоож, тогтоосон хугацаанд шүүгдэгч Ц.С торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч Ц.С цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Сд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.С өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана.” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангаж ажилласан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б Д овогт Ц-гийн Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Сд 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Ц.С шүүхээс оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын дотор төлж барагдуулахыг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ц.Саас хохирогч, иргэний нэхэмжлэгч О.Э хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч Ц.С цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Сд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Ц.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ