Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 2023/ШЦТ/08

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

Улсын яллагч Б.Болор-Эрдэнэ,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч  Э.У,

Шүүгдэгч О.Т,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дугармаа,

Нарийн бичгийн дарга А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н Х овгийн Оын Тт холбогдох 2228001840167 тоот эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

Биеийн байцаалт:

Шүүгдэгч О.Т 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Баруунсайхан хорооллын гудамжнаас Л.Тийн жолоодож явсан 22-91 ӨМӨ улсын дугаартай фит маркийн тээврийн хэрэгслийг такси барьж Даланзадгад сумын 3 дугаар багийн нутагт орших Худалдааны төвийн таксины зогсоолд хүргүүлэх үедээ уг тээврийн хэрэгсэлд байсан Б.Уянгын эзэмшлийн “Iphone Х8” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч яван 900.000 төгрөгийн хохирол учруулж, хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.    

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч О.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр орой 21 цагийн үед Баруун сайхнаас төв таксины зогсоол руу такси авч явсан. Гар утас машины шалавч дээр унтраастай байсан. Би жолоочид нь гар утас байна гэж хэлсэн боловч хариу хэлээгүй. Тэгээд би өмнө нь таксинд суусан хүний гар утас байна гэж бодоод гар утсыг аваад буусан гэв.

Хохирогч Э.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гар утас алга болох үед би авто машин дотор яваагүй. Манай хүүхэд миний гар утсыг бариад тоглоод явсан байсан. Тэгээд алга болсон байна гэж цагдаад өргөдөл өгсөн гэв.

Хохирогч Э.У мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Л.Т гэх нь миний хадам ээж байгаа юм бид нэг хашаанд тус тусдаа гэрт амьдардаг 2022 оны 05 дугаар сарын 19 өдөр миний хоёр хүүхэд эмээ болох Тийн гэрт тоглож байсан тэр үед манай бага охин миний утсаар бичлэг. үзэж байсан би хүүхдүүдээ үлдээгээр гэр рүүгээ орсон байсан бөгөөд тэгээд 21 цаг 30-40 минутын үед хадам ээж болон миний хоёр хүүхэд хадам дүү У нар машинтай хашаанаас хөдөлж байсан 22 цаг өнгөрч байх үед хадам ээж болон хүүхдүүд ирсэн би хүүхдүүдээс өөрийнхөө утсыг асуусан хүүхдүүд юм хэлээгүй тэр үед хадам ээж хүүхдүүдийн хамт манайд орж ирсэн байсан бөгөөд утас асуухад машинд Энхгүнж үзэж байсан гээд гараад бид хоёр цуг машинд нь хайсан бөгөөд залгаж үзэхэд унтраастай байсан миний утас цэнэг ихтэй унтрах боломжгүй байсан. тэр үед ээж би ирэх замдаа таксинд яваад нэг хүүхэд төв таксины зогсоол дээр хүргэж өгсөн тэр хүн л аваад буучлаа гэж хэлсэн юм гэжээ. /хавтаст хэргийн 19 дэх тал/

Гэрч Л.Т мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 05 дугаар сарын 19-ны орой 21 цаг 30 минутын үед гэрээсээ 22-91 өмө гэх улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй миний хүүгийн 2 хүүхэд болох 2, 4 настай 2 хүүхэд миний өөрийн охин У нарын хамт Уийг Баруунсайханы 15 дугаар гудамжинд хүргэж өгөхөөр гарсан. Тэгээд замаараа колонк орж бензин хийчээд Сүмбэр дэлгүүрт миний охин У нь орж 2 хүүхдэд зайрмаг авч өгөөд тэндээс хөдлөөд охиноо уг хаягт хүргэж өгөөд тэр гудам буюу Баруунсайханы 16 дугаар гудамжинд миний нөхөр айлд юм хийж байсан юм. Тэгээд нөхрөө авах гээд очих үед манай нөхөр зөрөөд явсан байсан. Би гэр рүү явах гээд уг гудамнаас гарч ирэхэд Баруунсайханы 15 гудамны харалдаа засмал зам дээр хүүхэд такси барих гээд гар өргөхөөр нь суулгаад хаа хүрэх вэ гэхэд төв таксины зогсоол орно гэсэн тэгээд хүргэж өгөөд буулгаад гэртээ ирэхэд цуг явсан хоёр хүүхдээс манай бэр У нь утсаа сураад хоёр хүүхэд юм хэлээгүй би машинд байгаа юм байх гэж бодоод машинд үзээд ил харагдахгүй болохоор нь залгатал холбогдох боломжгүй байсан бөгөөд би утсаа алдачлаа гэж бодсон. Би тэр такси барьсан хүнийг авсан болов уу гэж бодож байгаа бөгөөд өөр хүн машинд суугаагүй мөн би болон манай хоёр ач охидууд буугаагүй машин тэрэгний хаалга онгойлгоогүй. гэжээ. /хавтаст хэргийн 23-24 дэх тал/

Шүүгдэгч О.Т мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 05 дугаар сарын 19-ний орой Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Баруун сайхан хорооллын гудамжинд /аль гудамж гэдгийг нь мэдэхгүй байна/ такси барих гээд гараа өргөсөн чинь нэг машин зогсохоор нь би арын суудалд нь суугаад явсан. Тухайн машины жолооч нь нэг эмэгтэй эгч, жолоочийн хажуу талын суудалд нь хоёр хүүхэд суучихсан байсан. Тухайн таксигаар худалдааны төвийн урд талын таксины зогсоолд хүргүүлээд 3.000 төгрөгийг бэлнээр өгчихөөд буусан. Таксинд суухад суудлын доод талын шалавчин дээр утас байхыг харчихаад буухдаа эзэнд өгөх үү байх уу гэж эргэлзэж байгаад аваад буучихсан юм. Тэгээд таксины зогсоол дээрээс хүнтэй уулзаж дайвар авчихаад буцаад алхаж явсан. Маргааш нь буюу 2022 оны 05 дугаар сарын 20-ний өглөө Улаанбаатар хот руу явж гэртээ очоод таксинаас буухдаа авч буусан хар өнгийн гэртэй iphone XS загварын гар утсыг цэнэглэж асаагаад дэлгэцийг нь имрэхэд тухайн утсанд ямар нэгэн код, түгжээ байгаагүй. Харин ID хаягтай байхаар нь би буцаагаад унтраачихаад цааш нь хийчихсэн байж байгаад 2022 оны 08 сард монител дээр гар утас авдаг, зардаг нэг махлаг ахтай уулзаад тухайн гар утсыг 200.000 төгрөгөөр зараад түлэнхийний тос авчихсан гэжээ. /хавтаст хэргийн 39-40 дэх тал/

Хас үнэлгээ ХХК-ийн 2022.05.20-ны өдрийн 726 дугаартай үнэлгээний дүгнэлтэд: Гар утас I phone xs 900.000 төгрөг гэжээ. /хавтаст хэргийн 33 дахь тал/

Үүрэн телефоны операторуудын тодорхойлолт /хавтаст хэргийн 48-50 дахь тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 51 дэх тал/

Харилцах дансны харилцагчийн хуулга /хавтаст хэргийн 57-58 дахь тал/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 60 дахь тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч О.Тт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэрэгт тооцно, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж хохирол учирсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч О.Тийн гэмт үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаврыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.

Шүүгдэгч О.Тт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.

Шүүгдэгч О.Тийн нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

Хулгайлах гэмт хэрэг гэж бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар, хууль бусаар авахыг хэлдэг.

Хууль бусаар авсан гэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууц, далд аргаар авч, өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх захиран зарцуулсныг,

Хүч хэрэглэхгүйгээр гэж бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж халдаагүй үйлдсэнийг,

Нууцаар гэж бусдын эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр  далд авсныг тус тус ойлгохоор тодорхойлсон байдаг.

Шүүгдэгч О.Т 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Баруунсайхан хорооллын гудамжнаас Л.Тын жолоодож явсан 22-91 ӨМӨ улсын дугаартай фит маркийн тээврийн хэрэгслийг такси барьж Даланзадгад сумын 3 дугаар багийн нутагт орших Худалдааны төвийн таксины зогсоолд хүргүүлэх үедээ уг тээврийн хэрэгсэлд байсан Б.Уянгын эзэмшлийн “Iphone Х8” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 900.000 төгрөгийн хохирол учруулж, хулгайлсан болох нь хохирогч Э.Уянгын мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дэх тал/, гэрч Л.Тын мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дэх тал/, шүүгдэгч О.Тийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 39-40 дэх тал/, Хас үнэлгээ ХХК-ийн 2022.05.20-ны өдрийн 726 дугаартай үнэлгээний Гар утас I phone xs 900.000 төгрөг гэх дүгнэлт  /хавтаст хэргийн 33 дахь тал/ зэргээр хөдөлбөргүй тогтоогдож байна гэж үзэв. 

Шүүгдэгч О.Тийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Э.Уянгын эд хөрөнгөд 900.000 төгрөгийн хохирол учирсан болох нь Хас үнэлгээ ХХК-ийн 2022.05.20-ны өдрийн 726 дугаартай үнэлгээний “Гар утас I phone xs 900.000 төгрөг гэх дүгнэлт /хавтаст хэргийн 33 дахь тал/-ээр  тогтоогдсон.   

Шинжээчийн дүгнэлт хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно гэж тодорхойлсон.

Шүүгдэгч О.Т нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн гэж үзэхээр байна.

Шүүгдэгч О.Т мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ “...Би 900.000 төгрөгийг У гэх хүнд өгсөн тийм болохоор одоо үнэлгээ гаргуулахгүй...”, хохирогч Э.У шүүх хуралдаанд “900.000 төгрөг төлөгдсөн” гэх мэдүүлгээр шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч О.Тийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч О.Т нь зэргээр тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч О.Тийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв. 

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: Шүүгдэгч О.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 280 /хоёр зуун ная/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: Манай үйлчлүүлэгч О.Т нь хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо төлсөн байгаа. Тийм учраас Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар 5 жил түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэж өгнө үү гэх,

Хохирогч Э.У “хэлэх зүйлгүй” гэх

Шүүгдэгч О.Т “Хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Намайг уучлаарай” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргав.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар тэнсэж үүрэг хүлээлгэх хуулийн зохицуулалт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17  дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн хэрэгт хамааралтай зохицуулалт юм.

Шүүгдэгч О.Тт холбогдох хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр  дараах байдлаар шийдвэрлэв.

Шүүгдэгч О.Т нь хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, учруулсан хохирол хор уршгийн шинжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүх гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, эрхийн хязгаарлалтыг тогтоож болно гэж зааснаар  шүүгдэгч О.Т оршин суух газар, ажил, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, хязгаарлалт тогтоох арга хэмжээ авах шаардлагагүй гэж дүгнэж шийдвэрлэв.  

Шүүгдэгч О.Т нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг, тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг, тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэхийг тус тус шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч О.Т цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэв.

 Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Тт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Н Х овгийн Оын Тийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Тт 8 /найм/ сарын хугацаагаар  хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч О.Т нь оршин суух газар, ажил, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.   

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Т нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй  зөрчсөн  бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг, тэнссэн 1 жилийн  хугацаанд  энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгчид мэдэгдсүгэй

5. Шүүгдэгч О.Т хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Уд хохирол төлбөрт 900.000 /есөн зуун мянга/ төгрөг төлсөн болохыг дурдсугай.   

6. Шүүгдэгч О.Т цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.      

7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Тт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч О.Тт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Э.ОЮУН-ЭРДЭНЭ