Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 392

 

                                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж, шүүгч Д.Байгалмаа, шүүгч Г.Энх-Амгалан  нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: НДХ-ын нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Д.С-т холбогдох 

14.820.600 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б, прокурор С.Б, иргэдийн төлөөлөгч С.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Ганзориг нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч НДХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.С нь Үндэсний төв архивын лавлагааг хуурамчаар бүрдүүлэн нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэврийн даатгалын сангаас 14.820.600 төгрөгийн тэтгэвэр авсан болно. Энэ нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 27 дугаар зүйл, 29 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэг, Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 2 дахь хэсэг зэрэг заалтуудыг зөрчсөн нь Архангай аймгийн Прокурорын газрын 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 06 дугаар тогтоолоор нотлогдож байна. Иймд хариуцагч Д.Сийн илүү авсан 14.820.600 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын санг хохиролгүй болгож өгнө үү гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.П шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д.С нь Үндэсний архивын лавлагааг хуурамчаар бүрдүүлээгүй. Үндэсний архивын газар нь иргэд, байгууллагын хүсэлтээр лавлагааг гаргаж үйлчлэх эрх, үүрэгтэй. Д.Сийн тухайд тус архивын газарт архивын лавлагааг гаргуулах авах хүсэлт гаргаж байгаагүй, уг газраас ямар баримт материал гаргаж ирүүлсэн, уг лавлагааг хэн гаргуулсан талаар мэдэхгүй, өөрөө Архангай аймгийн Өндөр-Улаан суманд төрж өссөн, одоогоор тухайн нутагтаа амьдарч байгаа, тус сум орон нутагт ажиллаж амьдарч байсан байдал нь түүнд олгосон регистрийн дугаарын “АД” сериэс харагдана. Гэтэл Д.Сийн өөрийн хүсэлт, гаргаж өгсөн баримтгүйгээр өндөр насны тэтгэвэр хөнгөлттэй нөхцлөөр олгосон нь иргэний буруутай үйл ажиллагаа биш  тухайн байгууллага, албан тушаалтны буруутай үйлдэл гэж үзэж байна. Нийгмийн даатгалын байгууллага нь өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор хүсэлт материал ирүүлсэн иргэний холбогдох материалыг харьяаллын дагуу хүлээн авч, тухайн материалын үнэн зөв байдлыг шалган тогтоож, түүнд үнэлэлт дүгнэлт өгсний эцэст уг хүсэлтийг шийдвэрлэх эрхтэй. Гэтэл Д.С нь нийгмийн даатгалын байгууллагад өөрөө хүсэлт материал өгч хандаагүй. Тухайн байгууллагын нэхэмжлэлд дурдсанчлан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 27 дугаар зүйл, 29 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэг, Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус зөрчсөн болохыг прокурорын байгууллага тоогоогүй. Энэ талаар гэм буруу тооцож, эцэслэн шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр байхгүй гэжээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс хариуцагч Д.Ст холбогдуулан 14.820.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба энэхүү нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хуурамч нотлох бүрдүүлсэний үндсэн дээр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон гэсэн гэм буруутай үйлдэл Д.Ст тогтоогдоогүй. Хуурамч нотлох баримтыг хэн бүрдүүлсэн эсэх, ямар үндэслэлээр эдгээр баримтууд гарч ирсэн эсэх нь мөн тодорхойгүй байдаг. Прокурорын эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоолд хөөн хэлэлцэх хугацааны талаар дурдсан байгаа. Гэхдээ Сийн буруутай үйлдэл байсан уу? үгүй юу? гэдгийг эцэслэн тогтоогоогүй. Сийг хуурамчаар нотлох баримт бүрдүүлсэн гэсэн ямар ч нотлох баримт хэрэгт авагдаагүй. Мөн хортой халуун нөхцөлд ажиллаж байсан учир хөнгөлттэй нөхцлөөр тогтоолгохоор нийгмийн даатгалын байгууллагад хүсэлт гаргахад хэн хяналт тавих ёстой вэ?. Мэдээж нийгмийн даатгалын хэлтэст хяналт тавих ёстой.  Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв. 

 

Прокурор С.Батсүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Стай холбоотой хэргийг цагдаад шалгаад, прокурорт татгалзах саналтай оруулж ирсэн. Прокуророос тухайн хэргийг хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан гэж хэрэгсэхгүй болгосон. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж хэргийг хэрэгсэхгүй болгох нь гэмт хэрэг биш гэж үзэх үндэслэл биш юм.  Д.Сийн нөхөр Б Д гэгчид 1.000.000 төгрөгийг өндөр насны тэтгэвэрт орохын тулд өгсөн байдаг. С нь савхины үйлдвэрт ажилласан гэдэг нь тогтоогдоогүй. Харин нийгмийн даатгалд баримт материал бүрдүүлж өгөхдөө 1975 оноос 1995 оныг хүртэл савхины үйлдвэрт ажилласан хэмээн хуурамч нотлох баримт бүрдүүлж өгсөн нь нотлогддог. Иймд хариуцагч Д.Саас 14.820.600 төгрөг гаргуулж нийгмийн даатгалын санд төлүүлж, тус даатгалын санг хохиролгүй болгуулах нь зүйтэй байна гэв. 

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч НДХ нь хариуцагч Д.Ст холбогдуулан 14.820.600 төгрөгийг гаргуулж нийгмийн даатгалын санг хохиролгүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийг гаргасан ба хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна. 

Нийгмийн даатгалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1.8-д “тэтгэвэр” гэж даатгуулагчийг өндөр наслахад насан туршид нь ...нийгмийн баталгааг хангах зорилгоор нийгмийн даатгалын сангаас сар бүр олгох мөнгөн хөрөнгийг хэлнэ гэж мөн хуулийн 8 дугаар зүйлд даатгуулагчийн өргөдөл, хуульд заасан бусад баримт бичгийг үндэслэн даатгуулагчид тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгох тухай шийдвэрийг нийгмийн даатгалын байгууллага гаргана гэж тус тус хуульчилжээ.  

Нийгмийн даатгалын байгууллагад хандаж гаргасан иргэн Д.Ст өндөр насны тэтгэвэр олгохыг хүссэн  өргөдөл /хх-26х/, Савхин эдлэлийн үйлдвэрт 1975 оноос 1995 оныг хүртэл 20 жилийн хугацаанд будаг найруулагчаар ажилласан мэтээр үйлдсэн хуурамч тушаалууд /хх27-28х/ зэрэг баримтанд үндэслэн хариуцагч Д.Ст хөнгөлөлттэй нөхцлөөр тэтгэвэр тогтоосон /хх-25х/ байна. Үүний дагуу хариуцагч Д.С нь хөнгөлөлттэй нөхцлөөр тогтоосон  тэтгэврийг 2010 оны 10 сарын 1-нээс 2017 оны 04 сар хүртэл хугацаанд Нийгмийн даатгалын сангаас авч ашигласнаар Нийгмийн даатгалын санд 14.820.600 төгрөгийн хохирол учирсан болох нь Архангай аймгийн Прокурорын газрын 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 06 дугаартай ”Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” тогтоол /хх 4 ху/, Дамба овогтой Ст олгосон өндөр насны тэтгэврийн тооцоо / хх-3х/, Д овогтой С ийн тэтгэврийн хувийн хэрэг /хх 23-33 ху/, Хаан банкны 2019 оны 05 сарын 13-ны өдрийн 0159 дугаартай албан бичиг / хх 124х/, хаан банкны зарлагын мэдүүлэг /хх 125-128х/, зэрэг баримтуудаар тогтоогдож байна. 

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ Нийгмийн даатгалын байгууллагад хандан гаргасан тэтгэвэр тогтоолгох тухай өргөдөлд хариуцагч Д.С гарын үсэг зураагүй, Нийгмийн даатгалын байгууллага хариуцлагагүй хандсаны улмаас тогтоох ёстой тэтгэврийг зохих журмын дагуу тогтоогоогүй, Д.С төрийг хохироогоогүй, тэтгэвэр авах боломж олгосон нийгмийн даатгалын байгууллага өөрөө төрийг хохироосон, 14.820.600 төгрөгийг Д.С төлөх ёсгүй гэж тайлбарлах боловч хөнгөлөлттэй нөхцлөөр тэтгэвэр тогтоолгохоор бүрдүүлж өгсөн бусад баримтууд болох Д.Сийн нийгмийн даатгалын дэвтэр, Д.Сийн иргэний үнэмлэхний хуулбар гэх баримтууд хуурамч гэж тогтоогдоогүй,14.820.600 төгрөгийн тэтгэвэр аваагүй гэдгээ нотлоогүй бөгөөд хөнгөлөлттэй нөхцлөөр олгосон тэтгэврийг 2010 оны 10 сарын 1-нээс 2017 оны 04 сар хүртэл хугацаанд хариуцагч Д.С санаатайгаар авч ашиглаж Нийгмийн даатгалын санд 14.820.600 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасны дагуу хариуцагч Д.Саас нийт 14.820.600 төгрөг гаргуулж Нийгмийн даатгалын санд олгохоор шийдвэрлэв. 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан хариуцагч Д.Саас нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 232.053 төгрөг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод олгохоор шийдвэрлэв. 

Иргэдийн төлөөлөгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.1-т заасны дагуу дүгнэлт гаргахдаа “Нэхэмжлэл үндэслэлтэй байна” гэсэн болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,  116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон     

                                                                      ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг баримтлан хариуцагч Х овгийн Д-ын С-аас 14.820.600 /арван дөрвөн сая найман зуун хорин мянга зургаан зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Архангай аймгийн Нийгмийн даатгалын санд олгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан хариуцагч Д.Саас улсын тэмдэгтийн хураамж 232.053 /хоёр зуун гучин хоёр мянга тавин гурав/ төгрөг гаргуулж орон нутгийн орлогод оруулсугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ч.ЖАРГАЛАН

                                                ШҮҮГЧИД                                  Д.БАЙГАЛМАА

          

                                                                                                   Г.ЭНХ-АМГАЛАН

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ч.ЖАРГАЛАН

                                                  ШҮҮГЧИД                              Д.БАЙГАЛМАА

                                                                                                 Г.ЭНХ-АМГАЛАН