| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 172/2023/0013/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/11 |
| Огноо | 2023-01-09 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | О.Батнасан |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 2023/ШЦТ/11
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,
Улсын яллагч О.Батнасан,
Шүүгдэгч Н.О,
Нарийн бичгийн дарга А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г овгийн Нн Оад холбогдох 2228000000196 тоот эрүүгийн хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Шүүгдэгч Н.О нь согтуугаар, 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 22 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төвийн зүүн талд байх угтах үдэх хаалган дээр иргэн Д.И, Э.Б нартай “Гэр бүлийн хүнийг айлгалаа” гэх шалтгаанаар маргаж, улмаар бие эрх чөлөөнд нь хүч хэрэглэн халдаж, Д.Игийн биед тархины доргилт, духны язарсан шарх, дух, хүзүү, баруун өвдөг дэх зулгаралт, 2 нүдний зовхи, баруун тохой, зүүн шууны цус хуралт, зүүн шилбэний зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирлыг, Э.Бын биед духны язарсан шарх, зүүн нүдний дээд зовхи, цээж, зүүн ташаа, өгзөг дэх цус хуралт бүхий хөнгөн хохирлыг тус тус санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Н.О шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Манай эхнэр Улаанбаатар хотод сургалтад сурч байгаад хүүхдээ санаад байсан учраас зар дээрээс унаа олж Өмнөговь гарахаар болсон. Шөнийн 02 цагийн үед эхнэртэйгээ ярихад суусан машин нь Өмнөговь аймаг руу гарахгүй Гачууртын “Шар хоолой” гэх газар руу гагнуурын аппрат авна гэх шалтгаанаар явж ой модон дотор машин эвдэрчихлээ гэж хэлээд зогссон байдаг. Явах замдаа байнга секс ярьж Өмнөговийн хүүхнүүд том өгзөгтэй хэдүүлээ эгсийтэл маргааш өглөө явна гэж хэлээд байсан байдаг. Тэр үед машины гэрэл гарч машин ирж байхаар нь манай эхнэр гар цүнхээ авч буугаад тухайн машинд 30,000 төгрөг төлж Улаанбаатар хот руу орсон. Маргааш өглөө нь манай 2 найз Улаанбаатараас Өмнөговь аймаг руу гарна гэхээр нь зар харж байхад нөгөө машин хүн авч Өмнөговь аймаг гарна гэж зар тавьсан байхаар нь хоёр найзыгаа тухайн машинд суугаад ир гэж хэлээд ирэхээр нь угтах хаалган дээр тосож очоод машины түлхүүрийг нь булааж авсан. Б машинд суухгүй гэж зөрүүдлээд байхаар нь Бын цээж рүү нь цохиж, өгзөг рүү нь өшиглөсөн. Тэгээд Быг гэрт очиж 1 шил архи ууж шөнөжин унтуулахгүй айлгасан, гэр нь заваан байхаар нь гэрийг нь цэвэрлүүлсэн. Маргааш өглөө нь машины бензинийг нь дүүргэж өгөөд явуулсан. Энэ хэрэгтээ гэм буруугаа хүлээж байна. Буруу арга хэмжээ авсандаа харамсаж, гэмшиж байна гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.И мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
“...2022 оны 11 сарын 20-ны өдөр Өмнөговь аймаг руу Бын ажлаар явахаар болоод замын зардал мөнгө нь хэрэгтэй гэж бодоод хүн авч явахаар зар тавьсан. Тэгээд 20 цагийн үед явах гэж байтал нэг эмэгтэй хүн залгаад хамт явна гэсэн. Уг эмэгтэйг аваад замаараа гагнуурын аппрад гачууртын эцэст очиж авахаар болсон. Гачууртын эцэс орохоор явсан замдаа бол Бтай ойр зуурын юм яриад хол замд явах юм чинь мар мар хийгээд хүүхэн шуухны талаар ганц нэг юм яриад инээлдээд явж байсан. Тэгсэн уг эмэгтэй мэдэхгүй газар явж байна гэхээр нь гачуурт орж гагнуурын аппрад авах гээд явж байна гэсэн чинь та хоёртой хамт явж чадахгүй юм байна. Хоёр эрэгтэй хүнтэй явж чадахгүй юм байна айгаад байна гээд буусан. Тэгээд тэр өдрөө Өмнөговь явах гэсэн чинь машин саатаад явж чадаагүй. Тэгээд маргааш нь машинаа засуулаад 15 цагийн үед Улаанбаатар хотоос гарсан. Улаанбаатар хотоос гарахдаа хоёр эрэгтэй хүн зарын дагуу яриад хамт явахаар болоод аваад явсан. Тэгээд Өмнөговь аймагт ирээд Даланзадгад сумын баруун талын хаалган дээр орой 22 цагийн үед ирэхэд хотоос хамт ирсэн хоёр залуу энд хаалган дээр хүн тосч авна бууна гэсэн. Уг хоёр залуу машинаас буугаад хүмүүстэй уулзсан чинь гэнэт машины хаалга нээгдээд машинаас намайг татаж буулгаад дарамтлаад эхэлсэн. Чи манай эхнэрийг айлгасан говийн хүүхнүүдийг бузарласан айлгасан гээд намайг дарамтлаад байсан. Уг хүнийг би бол танихгүй сүүлд нь танилцахад өөрийгөө О гэж танилцуулсан. Тэгээд О намайг янз бүрийн үг хэл амаар доромжлоод айлган сүрдүүлээд чамайг цагдаад өгнө шорон оруулна гээд байсан. Тухайн үед О Б гэх нэг хүний хамт очсон. Тэгээд Улаанбаатар хотоос бид хоёртой хамт ирсэн хоёр залуу ингээд 4 үүлээ байсан болохоор бид хоёр айж байсан. Тэгсэн О намайг ямар сэжгийн муухай харцтай юм гээд миний нүүр хэсэгт хэд хэдэн удаа цохиод би хамгийн сүүлд цохиход нь арагшаа хөл алдаж унасан тэгсэн чинь миний дээрээс дэвслээд өшиглөөд байсан. Тэгээд тэндээсээ шууд бид хоёрыг алппард машинд суулгаад аваад явсан. Тэгээд явж байх замдаа зодох гээд айлгаад үг хэл амаар доромжлоод байсан. Бид хоёр яагаад байгаа талаар огт мэдэхгүй явж байтал энэ лалрууд мөн үү? гээд нэг хүнээс асуусан чинь урд өдөр нь бид хоёртой хамт явна гэж байсан эмэгтэй ирээд мөн байна гэж хэлсэн. Тэгээд аймгийн төвөөр машинтай дарамтлаад аваад яваад байсан. Тэгээд нэг хашааны гадаа ирээд гэрт оруулсан. Тэгээд гэрт оруулсан уг айл нь Бгийнх байсан. Тэгээд бид хоёрыг гэрт оруулаад О дан шоронгийн яриагаар яриад дарамтлаад байсан. Тэр хэд бид хоёрыг гэрт оруулчхаад архи ууж эхэлсэн. О бид хоёрыг гэрт дотор номхон зогсоогоод өглөө 5 цаг болтол бид хоёрыг хүчингийн хэргээр шорон явуулна гэх мэтээр дарамталж айлган сүрдүүлж хоол унд хийлгээд гэр орноо цэвэрлүүлээд байсан. Мөн О нь Бын үсний үзүүр хэсгээр хутгаар огтлоод үсийг нь хусах гэж байгаад хуйх хэсгийг нь зүссэн. О эхнэрээсээ уучлалт гуйлгаад байсан. Тэгээд өглөө 5 цаг болж байхад О яваад өгсөн. Б гэртээ орж хийж өгөөд бид хоёрыг унтуулсан бид хоёр унтаж байсан чинь өглөө О ирээд бид хоёрыг одоо яв гэсэн гэжээ.../хавтаст хэргийн 14-16 дахь тал/,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
“...Би шинжээчийн 547 дугаартай дүгнэлттэй танилцлаа. Уг дүгнэлтэй холбоотой санал хүсэлт байхгүй байна. Миний биед учирсан духны язарсан шархыг О миний үсийг хутгаар хусна гэж айлгаж байгаад зүсчихсэн юм. зүүн нүдний дээд зовхи, цээж, зүүн ташаа, өгзөг дэх цус хуралт гэмтэл нь О намайг машинд суулгаж авч явах үедээ цохиж бас өшиглөсний улмаас учирсан гэмтэл байгаа юм. Миний биед Оаас өөр хүн халдаагүй. Намайг О машинд суулгах үедээ цээж болон нүүр хэсэгт цохиод өгзөг хэсэгт өшгилсөн тэгээд дараа нь Бгийн гэрт авч очоод миний үсийг хутгаар хусна гэж айлгаж байгаад миний зулай хэсэгт зүсчихсэн юм. Би уг цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй миний биед гэмтэл тогтоогдохгүй байх гэж бодоод өмнөх мэдүүлэгт энэ талаар мэдүүлээгүй юм. Гэмтэл тогтоогдсон учраас би энэ талаар мэдүүлж байна гэжээ.../хавтаст хэргийн 20-21 дэх тал/,
Гэрч Э.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “2022 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр Улаанбаатар хотоос Игийн хамтаар Өмнөговь аймагт ажил хийхээр гарсан юм. Гарах үедээ бензиний мөнгө олох зорилгоор Өмнөговь аймаг явна гэсэн зар тавиад тэрний дагуу нэг эмэгтэй хүн холбогдоод уг эмэгтэй хүнийг 64 дүгээр дүүргийн урдаас аваад Өмнөговь аймаг гарах замдаа гагнуурын аппрад гачууртаас аваад гарахаар болоод Гачуурт явах замдаа Иг надад өмнө нь Өмнөговь аймагт ажиллаж байхдаа үед нь хоёр ажилчин нь нэг эмэгтэй хүнтэй танилцаад архи дарс уусан унтаж хэвтсэн талаар яриад. Тэгээд бид хоёр элдэв зүйлсийн талаар яриад явж байтал уг машинд сууж явсан эмэгтэй хүн очих газраа очих болоогүй юм уу гэсэн чинь И арай болоогүй байна гээд явж байсан. Тэгсэн чинь нэг эрэгтэй хүн ард сууж явсан эмэгтэй хүн рүү залгаад ярьж байсан. Тэгсэн нөгөө эмэгтэй миний мэдэхгүй замаар явж байна гэж хэлсэн. Тэгсэн И тойроод түгжрэлгүй замаар яваад аппрад аваад гарна гэсэн тухайн зам нь жоохон тойруу уулан дундуур явдаг байсан болохоор ард сууж явсан эмэгтэй бид хоёроос айгаад байсан юм шиг байгаа юм. Тэгээд бид хоёр гагнуурын аппрад авах газар ирсэн чинь гагнуурын аппрад гаргаж өгөх хүн нь настай хүмүүс унтчихсан байсан. И хүн рүү залгасан чинь өглөө авахгүй яасан юм. манай аав ээж сэрхээрээ буцаж унтаж чадахгүй гээд ундууцаад байхаар нь аппрадаа авч чадаагүй буцсан. Тухайн үед 22 цаг өнгөрч байсан байх. Тэгээд эргээд Өмнөговь аймаг гарах замд орох гээд явж байтал нөгөө хүүхэн чинь буумаар байна та хоёртой явмааргүй байна. Өөр машинд суулаа гэсэн. Тэгээд уг эмэгтэй машин зогсоогоод суулгаад өг гэхээр нь бид хоёр Гачууртын замаас машин зогсоосон чинь уг эмэгтэй яваад өгсөн. Тэгээд гарах гээд явж байтал Игийн машин доголдоод явж болохгүй байсан болохоор бид хоёр тэр өдрөө гарахаа болиод маргааш нь Игийн машиныг засаад Өмнөговь аймаг гарсан. Гарахдаа зар тавьсаны дагуу хоёр эрэгтэй хүн холбогдоод уг хоёр хүнийг аваад Өмнөговь аймаг руу гарсан. Тэгээд Даланзадгад сум орох хаалган дээр ирээд уг хоёр залуу энд бууна хүн тосож авна гэсэн. Бид хоёр хаалган дээр зогссон чинь тухайн үед нэрийг нь мэдэхгүй байсан сүүлд нь мэддэг болсон юм. О гэх хүн Иг эхлээд хэд хэдэн удаа толгой хэсэгт нь цохиж авсан чинь И газарт унасан. Тэгсэн дээрээс нь хэд хэдэн удаа өшиглөөд авсан. Огийн хамт явж байсан хүн боль гэсэн. Тэгээд О бид хоёрыг алппарт машинд суулгаад аймгийн төвөөр аваад явсан. Машин суулгах үедээ О миний бие хэсэгт 1-2 удаа цохиж авсан гэхдээ уг үйлдлээс нь гэмтэл учирсан зүйл байхгүй. Тэгээд бид хоёрыг машин суулгаад хотоос хамт ирсэн Д, Тэмүүжин нарыг аваад аймгийн төвөөр хэсэг тойрч явсан. Тэгээд машинд явж байхдаа О гэх хүн бид хоёрыг шоронгийн үг яриа хэрэглээд айлгаад дарамтлаад байсан. Тэгээд Б гэх айлын гэрт очоод тэр хэд архи уугаад бид хоёрыг гэрт дотор номхон зогсоочхоод мөн О гэх хүн янз бүрийн зүйл яриад айлгаж дарамталсан. Тэгээд бид хоёрыг эмэгтэй хүний хэлснээр хэрэг шийддэг болсон та хоёрыг эхнэр хүчиндсэн гэж цагдаад хэлээд 5-8 жил шоронд суулгана гээд дарамтлаад О миний үсийг хутгаар хусна гээд үзүүр хэсгээс нь хутгаар огтлоод хуйх хэсгээр хутгаар хусна гээд хусах гэж байгаад миний толгойн зулай хэсэгт зүсчихсэн. Тэгээд бид хоёрыг өглөө 5 цаг хүртэл О гэх хүн айлгаж байгаад өөрөө яваад өгсөн. Тэгсэн гэрийн эзэн Б бид хоёрт ор засаж өгсөн. Д Тэмүүжин нар мөн Отой хамт яваад өгсөн. Тэгээд өглөө О эргэж ирээд бид хоёрын машины банкийг дүүргээд өгий та хоёр ажлаа амжуулаад буц гэсэн. Тухайн үед би Бгийн байшингийн обойг нааж өгөхөөр болоод гэрт нь үлдсэн И буцаад Улаанбаатар хот руу яваад өгсөн.” гэжээ. /хавтаст хэргийн 23-25 дахь тал/,
Гэрч Д.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “Тухайн өдрийн оройн 22 цагийн үед О аймгийн зүүн талын хаалган дээр очоод хүнтэй уулзаад ирнэ хамт явчихаад ирий гэхээр нь хамт явсан. Тэгээд аймгийн зүүн талын хаалган дээр очоод О Д, Тэмүүжин нартай уулзсан тэгснээ Д Тэмүүжин нарын сууж ирсэн машины жолооч болон түүний хажууд сууж байсан танихгүй хоёр залуутай юм ярьж байгаад маргалдсан тухайн үед би машин сууж байгаад маргаан болоод байх шиг байхаар нь машинаас буутал О уг хоёр залуугийн нэг залууг нь нүүр толгой хэсэгт нь хэдэн удаа цохиод авсан. Тэгсэн тэр залуу газарт унасан. Тэгсэн ахиад дээрээс нь хэдэн удаа өшиглөөд авсан. Оыг боль гэсэн тэгсэн О болиод ахиж тэр залуугийн биед халдаагүй. Тэгээд О уг хоёр залууг бид хоёрын унаж очсон алппарт машинд суулгаад эхнэр айлгасан гээд тэр хоёр залууг үг яриагаар айлгаад манай гэрт очно гэсэн. Оаас яагаад байгаа талаар асуухад энэ хоёр залуу манай эхнэрийг Улаанбаатар хотоос наашаа авч ирнэ гэж хэлээд эзгүй уулын аманд аваачаад айлгасан байна. Энэ хоёр залуугаар жоохон тоглоом хийгээд айлгаад явуулчихы гэсэн. Манай гэрт уг хоёр залуу болох Б, И, Д, Тэмүүжин нарын хамт очсон. Тэгээд манай гэрт ороод бид хэд нэг шил архи хувааж ууцгаасан тэгээд архи уугаад сууж байх үед О болохоор Б, И нарыг үг яриагаар айлгаад байсан. Д, Тэмүүжин бид гурав Оад бараа болоод хамт сууж байсан. Тэгээд уг хоёр залууг шөнөжин О янз бүрийн яриагаар айлгаад та хоёр эхнэр хүчиндэхийг завдсан говийн олон хүүхнийг гомдоосон цагдаад өгнө шоронд оруулна гэх мэтээр айлгасан. Тэгсэн тэр хоёр залуу яах юм бэ? Эр хүн шиг учраа олчих гээд байсан тэгээд уг өглөөний 5 цагийн үед О харих гээд яваад өгсөн. Уг хоёр залууг би гэртээ ор хийж өгөөд унтуулаад маргааш өглөө нь О ирээд Игийн машинд бензин хийж өгөөд явуулсан. Тухайн үед Б миний хашаанд барьж байгаа байшингийн обойг нааж өгөхөөр тохироод манай гэрт үлдээд хоёр залуугийн хамт манай гэрийн обойг 300.000 төгрөгөөр нааж өгсөн. И машиндаа бензин хийлгэж аваад шууд Улаанбаатар хот яваад өгсөн.” гэжээ. /хавтаст хэргийн 27-28 дахь тал/,
Гэрч Т.Н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “Би нөхөр Оын эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. Тухайн хэрэг маргаан нь ямар шалтгааны улмаас үүдэн гарсан талаар би мэдүүлмээр байна. 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Би Улаанбаатар хотоос Даланзадгад сум явах гээд замын унаанд 20 цагийн үед суусан юм. Тэгээд уг машинд хоёр эрэгтэй хүн байсан. Нэг нь жолоо бариад нөгөөдөх нь хажууд нь сууж явсан. Тэгээд тэр хоёр хүн одоо шууд Өмнөговь аймаг гарна гэсэн би машины ард сууж явсан мөн дээрээс нь гадаа харанхуй болсон байсан учраас би замаа сайн харахгүй явж байсан. Тэгээд тэр хоёр хүн хоорондоо Говийн хүүхнүүдийн бөгс том гэсэн чинийх аль хэр том юм бэ гээд надаас асуугаад байсан. Би ямар нэгэн хариу өгөөгүй мөн тэр хоёр бид нар түрүү жил говьд ажиллаж байгаад говийн хүүхэнтэй танилцаад 3-лаа шөнөжин эдэлсэн секс хийсэн талаар яриад байсан. Тэгээд би утас цэнэглээд өгөөч гэсэн чинь миний утсыг аваад цэнэглээд машины урд хайрцаг хэсэгтээ хийчхээд өгөхгүй байсан. Тэгээд тэр хоёр дандаа хүүхэн шуухан бөгс бөөр яриад яваад байсан. Тэгээд гэнэт тэр хоёр засмалаас буугаад модон дундуур ороод ямар ч гэрэлгүй газраар явсан. Би хаагуур яваад байгаа талаар нь асуухад гагнуурын аппрад авна гэж хэлсэн. Тэгсэн тэр хоёр модон дунд орж явж байгаад гэнэт машин эвдэрчихлээ гээд зогсчихсон. Тэгээд уг газарт ямар нэгэн гэрэл байхгүй огт зэлүүд газар байсан. Тэгээд би харж байтал нэг гэрэл гарахаар нь би буулаа гээд цүнхээ аваад тэр гэрлийг тосож гүйгээд очиж уулзсан чинь хөдөөний малчин эхнэр нөхөр хоёр явж байсан. Тэгээд би болсон зүйлээ хэлсэн чинь энэ чинь Улаанбаатар хотоос 18 км газарт байдаг Гачууртаас зүүн тийш Шар хөндий гэдэг газар байгаа юм. Энэ газарт хүн айл байхгүй, бид нар мал хуйгаа оруулдаггүй юм. Зэлүүд газар байгаа юм гэсэн. Тэгээд би тэр хоёр хүнээс Улаанбаатар хот руу хүргэж өгөхийг гуйхад тэр хоёр хүргэж өгөхөөр болоод машинд нь суугаад хөдөлсөн чинь тэр хоёр залуу мөн машинаа асуугаад араас дагаад хөдөлсөн. Тэгээд би нутгийн малчин хоёр хүнтэй шөнийн 02 цагт Улаанбаатар хотод орж ирсэн. Тэгээд болсон зүйлийн талаар нөхөртөө хэлсэн чинь тэр хоёрыг олж аваад жоохон шоголно гэж байсан. Гэхдээ би ийм хэрэг болно гэж мэдээгүй. Тэгээд би Улаанбаатар хотод ирээд тэр шөнөдөө төрсөн ахын машиныг гуйгаад төрсөн дүүгээ гуйж унуулаад Өмнөговь аймаг руу гарч яваад өглөө 10 цагт Өмнөговь аймагт ирсэн. Тэр хоёр залуу ямар учир шалтгааны улмаас уулын мод руу явах болсон талаар би мэдэхгүй байна. Тухайн үедээ би их айж сандраад шоконд орсон байсан.” гэжээ. /хавтаст хэргийн 30-31 дэх тал/,
Гэрч Ө.ЭД мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “Тухайн өдөр би Тэмүүжингийн хамт Өмнөговь аймаг руу ажлаар явах гэж байсан. Энэ тухай Өмнөговь аймагт байдаг найз Оад хэлээд танай аймаг руу унаа хаанаас явдаг юм. Таньдаг найдвартай унаа байна уу гэсэн тэгсэн О нэг дугаар өгсөн. Тэгээд би тэр хүнтэй нь яриад Өмнөговь аймаг явахаар болсон. Тэгээд замд явж байтал О яриад хаалган дээр тосоод авна хаалган дээр буучих гэсэн. Даланзадгад суманд ирээд угтах үдэх хаалган дээр нь бууна гэсэн чинь уг машин зогсоод бид тэнд буугаад Отай уулзсан. Тухайн үед Улаанбаатар хотоос машины жолооч залуу И, Б нар хамт ирсэн байсан. Тэр хоёрын нэрийг нь мэдэхгүй байж байгаад энд ирээд нэрийг нь мэддэг болсон. Тэгээд хаалган дээр ирэхэд О, И, Б нартай муудалцаад байсан. Би тухайн үед ямар шалтгааны улмаас болсныг сайн мэдээгүй. Сүүлд нь Оаас асуухад эхнэр айлгаад манай нутгийн хүүхнүүдийг хэл амаар доромжилсон болохоор нь айлгах гэж байгаа юм гэсэн. Тэгээд хаалган дээр О Иг хэд хэдэн удаа цохиж аваад газарт унахад нь дэвсэж байгаа харагдсан. Быг машинд суулгах үедээ цээж хэсэгт нь нэг цохиж аваад өгзөг хэсэгт нь өшгилөөд машинд суулгаж байгаа харагдсан. Тэрнээс бусад байдлаар гар хүрч цохиж зодсон зүйл байгаагүй. О Б, И нарыг айлган үг яриагаар жоохон айлгасан. Тэгсэн тэр хоёр нилээд айгаад байх шиг байсан тэр хоёр цагдаа сэргийлэхэд битгий хэл О ахаа эр хүмүүс шиг учраа олно гэж хэлж байсан.
Би бол уг яриа маргаанд оролцоогүй. Өмнөговь аймагт таньдаг хүн цөөхөн болохоор
О хамт яв гэхээр нь Тэмүүжин бид хоёр хамт явсан. Тэгээд Оын найз
Бгийн байшинд очоод унтаад өгсөн. Тухайн хэрэг явдлын талаар өөр зүйл
мэдэхгүй байна.” гэжээ. /хавтаст хэргийн 33-34 дахь тал/,
Гэрч Т.Тэмүүжинтөгс мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “Би Дгийн хамт Өмнөговь аймаг руу ажлаар явахаар болоод нэг унаанд суусан би Өмнөговь аймагт хүн танихгүй Д хүн ганц нэг хүн таньдаг гэсэн. Тэгээд Даланзадгад сумын угтах үдэх хаалган дээр ирэхэд алппарт машинтай хоёр хүн тосож авсан. Тэр хүмүүстэй танилцахад О, Б гэх хүмүүс гэж өөрсдийгөө танилцуулсан. Тэгээд хаалган дээр зогсож байхад бид хоёрын хотоос ирсэн машины жолооч болон хамт сууж ирсэн хүмүүстэй О муудалцаж маргаан хийгээд байсан би тухайн үед тамхи татаад бие засах газар орчхоод ирсэн болохоор юу болсон талаар огт мэдээгүй. Тэгээд О машины жолоочийг хэд цохиж авч байгаа харагдсан. Тэгээд тэр хоёрыг машиндаа суулгаад авч явна гэсэн тэгсэн жолоо барьж ирсэн залуу машинд ороод суусан тэгсэн хамт ирсэн залуу машинд суухгүй байсан чинь О очоод цээж хэсэгт нь нэг цохиж аваад машинд суу гээд машинд суулгаж байсан. Би тэр хүмүүсийг танихгүй болохоор юу болоод яагаад байгаа талаар сайн мэдээгүй. Сүүлд мэдэхэд Оын эхнэрийг Д бид хоёрын хотоос хамт ирсэн машины жолооч зорчигч хоёр айлгаад байсан гэсэн. Тэгээд О тэр хоёрыг машинд суулгаад үг яриагаар айлгаж байсан. Тэгээд Бгийн гэрт очоод бид нар гэрт орж сууцгаасан тэр үед нөгөө хоёр залууг мөн гэрт оруулаад О уг яриагаар айлгаад байсан. Тэр хоёр залуу ахаа бид хоёрын буруу цагдаад хэлээд хэрэггүй эндээ эр хүмүүс шиг учраа олчих гээд байсан. Би тэд нарын ярианд оролцоогүй гэрт байж байгаад Бгийн байшинд орж амарсан.” гэжээ. /хавтаст хэргийн 36-37 дахь тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 546 дугаартай дүгнэлтэд: Д.Игийн биед тархины доргилт, духны язарсан шарх, дух, хүзүү, баруун өвдөг дэх зулгаралт, 2 нүдний зовхи, баруун тохой, зүүн шууны цус хуралт, зүүн шилбэний зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ. /хавтаст хэргийн 44-45 дахь тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 547 дугаартай дүгнэлтэд: Э.Бын биед духны язарсан шарх, зүүн нүдний дээд зовхи, цээж, зүүн ташаа, өгзөг дэх цус хуралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ. /хавтаст хэргийн 48-49 дэх тал/,
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 63 дахь тал/
Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 64 дэх тал/
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 65 дахь тал/
Шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт /хавтаст хэргийн 66 дахь тал/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 67 дахь тал/,
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн шүүхийн 2005 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 101 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 69-71 дэх тал/
Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 18-ны 222 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 72-74 дэх тал/
Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорт гаргасан “Яллагдагч Н.О би 2022 оны 11 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнө бусдын биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн үйлдэлдээ хүлээн зөвшөөрч уг үйлдэлдээ гэмшиж байгаа ба тухайн хохирогч болох Б, И хохирлыг барагдуулан гомдолгүй болгосон тул миний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хавтаст хэргийн 85 дахь тал/
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 60 дугаартай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 86-87 дахь тал/
Прокурорын санал /хавтаст хэргийн 88 дахь тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Н.Оад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэрэгт тооцно, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж хохирол учирсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч Н.Оын гэмт үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаврыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.
Шүүгдэгч Н.Оад холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.
Шүүгдэгч Н.Оын нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Н.О нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргаж 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 60 дугаартай Прокурорын тогтоолоор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтож яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг шилжүүлсэн.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан үндсэн 5 нөхцөл байдлыг хянаж шүүгдэгч Н.Оад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Н.О нь согтуугаар, 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 22 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төвийн зүүн талд байх угтах, үдэх хаалган дээр иргэн Д.И, Э.Б нартай “Гэр бүлийн хүнийг айлгалаа” гэх шалтгаанаар маргаж, улмаар бие эрх чөлөөнд нь хүч хэрэглэн халдаж, Д.Игийн биед тархины доргилт, духны язарсан шарх, дух, хүзүү, баруун өвдөг дэх зулгаралт, 2 нүдний зовхи, баруун тохой, зүүн шууны цус хуралт, зүүн шилбэний зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирлыг, Э.Бын биед духны язарсан шарх, зүүн нүдний дээд зовхи, цээж, зүүн ташаа, өгзөг дэх цус хуралт бүхий хөнгөн хохирлыг тус тус санаатай учруулсан болох нь хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.Оын үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Өмнөговь аймгийн Прокурорын газарт гаргасан “Яллагдагч Н.О би 2022 оны 11 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнө бусдын биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн үйлдэлдээ хүлээн зөвшөөрч уг үйлдэлдээ гэмшиж байгаа ба тухайн хохирогч болох Б, И хохирлыг барагдуулан гомдолгүй болгосон тул миний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хавтаст хэргийн 85 дахь тал/ зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Н.О гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байна гэж үзэв.
Шүүгдэгч Н.О нь прокуророос санал болгосон 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялын саналтай танилцан гарын үсэг зурж санал хүсэлт гаргаагүй байх тул сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.Оын гэмт үйлдлийн улмаас хохирогч иргэний нэхэмжлэгч Д.Игийн биед тархины доргилт, духны язарсан шарх, дух, хүзүү, баруун өвдөг дэх зулгаралт, 2 нүдний зовхи, баруун тохой, зүүн шууны цус хуралт, зүүн шилбэний зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирлыг, Э.Бын биед духны язарсан шарх, зүүн нүдний дээд зовхи, цээж, зүүн ташаа, өгзөг дэх цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан болох нь шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 546 дугаартай дүгнэлтээр /хавтаст хэргийн 44-45 дахь тал/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 547 дугаартай дүгнэлтээр /хавтаст хэргийн 48-49 дэх тал/ тогтоогдож байна.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.И, Э.Б нар шүүгдэгч Н.Оаас хохирол төлбөр нэхэмжлээгүй болох нь шүүгдэгч Н.Оын мэдүүлэг, хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.И, Э.Б нарын мэдүүлэг, хүсэлтээр тогтоогдож байх тул бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж хуульд заасан үндэслэл журмыг танилцуулсан тэмдэглэлээр шүүгдэгч Н.О гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж үзэхээр байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.
Шүүгдэгч Ц Н.О нь хохирогч Д.И, Э.Б нарын бие эрх чөлөөнд халдаж буй үйлдлээ хууль бус гэдгийг ухамсарлах боломжтой байсан хэдий ч түүнийг хүсч үйлдсэнийг санаатай үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.
Шүүгдэгч Н.О хувийн байдлын тухайд зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.Оын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Н.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Улсын яллагч шүүгдэгч Н.Оад 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялын санал, дүгнэлт гаргасан бөгөөд шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, прокурорын ялын саналын хүрээнд эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шүүгдэгч Н.Оад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2, 1.3 зүйлд заасан хууль ёсны болон шударга ёсны зарчим, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод тус тус нийцнэ гэж дүгнэж шийдвэрлэв.
Шүүгдэгч Н.О 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр төлж барагдуулахаар тогтоож, тогтоосон хугацаанд шүүгдэгч О.О торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч Н.О цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Оад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Шүүгдэгч Н.О өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана.” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангаж ажилласан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г овгийн Нн Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Оад 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Н.О шүүхээс оногдуулсан 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын дотор төлж барагдуулахыг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.О оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт мэдэгдсүгэй.
5. Хохирогч Д.И, Э.Б нар шүүгдэгч Н.Оаас хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч Н.О цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Оад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Н.Оад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ