Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 2019/ДШМ/11

 

 Ц.О холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Тэгшсуурь даргалж, шүүгч Х.Байгалмаа, шүүгч О.Однямаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

Прокурор Б.М, шүүгдэгч Ц.О, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Э нарыг оролцуулан,

Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж шийдвэрлэсэн 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 2018/ШЦТ/137 дугаар шийтгэх тогтоол, 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн ТЭ/180/2019/ШЗ/321 дүгээр шүүгчийн захирамжтай шүүгдэгч Ц.О холбогдох 21121394 дугаартай 5 хавтас 1215 хуудас бүхий эрүүгийн хэргийг эс зөвшөөрч хохирогч А.Б гаргасан гомдлыг үндэслэн Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Однямаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Ц.О нь 2010 оны 12 дугаар сарын 31-ний өдөр “Хэнтий Хангай” ХХК-д нягтлан бодогчоор ажиллаж байхдаа Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт улсын төсвийн хөрөнгөөр баригдаж байсан 100 хүүхдийн цэцэрлэгийн барилгын санхүүжилтийн 130.000.000 төгрөгийг “Хэнтий Хангай” ХХК-ийн 5935002169 дугаартай данснаас гаргаж, үүнээс 27.994.394 төгрөгийг хувьдаа завшсан гэмт хэрэгт холбогджээ.

            Анхан шатны шүүх 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 2018/ШЦТ/137 дугаар шийтгэх тогтоолдоо: Шүүгдэгч  Х овогт Ц О албан тушаалын байдлаа ашиглаж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших буюу Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Ц.О холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ц.О хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ц.О 27.977.394 /хорин долоон сая есөн зуун далан долоон мянга гурван зуун ерэн дөрөв/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч А.Б олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт заасныг журамлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор энэ тогтоолын 4 дэх хэсэгт заасан хохирлыг төлж барагдуулахыг шүүгдэгч Ц.О үүрэг болгож, шүүгдэгч Ц.О нь 152 хоног цагдан хоригдсон, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд зүйл үгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй болохыг дурдаж,

           Мөн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн ТЭ/180/2019/ШЗ/321 дүгээр шүүгчийн захирамжиндаа: Шүүгдэгч Ц.О холбогдох хэргийн 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 137 дугаар шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт болон тогтоох хэсгийн 2 дахь заалтанд “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх” гэснийг “ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дах” болгож, тогтоох хэсгийн 4 дэх заалтад “хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч А.Б” гэснийг “Хэнтий Хангай”  ХХК болгож тус тус залруулж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц.О давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан  тайлбартаа: Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 2018/ШЦТ/137 шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Хэнтий Хангай ХХК-ийн захирал Ц.А амьд сэрүүн байхад Хэнтий аймгийн Прокурорын газрын 2012 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 5/90 тоот /1-р хх-ийн 106 хуудас/-оор ЭБШХ-ийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгосон. Хэнтий Хангай ХХК-ийн 2011 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 70 тоот албан бичигт гомдолгүй /1-р хх-ийн 91 хуудас/ гэсэн нь Иргэний хуулийн 40.3-т “Хэлцэл хийснээс  хойш нас барсан, эсхүл эрх зүйн бүрэн чадамжгүй болсон этгээдийн урьд нь хийсэн хэлцэл, илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр байна” гэсэн хуулийн заалтыг зөрчин А.Б түүний ээж, эгч, дүү нарын 2012 оны 05 дугаар сарын 30-ны өдөр гаргасан гомдлын /1-р хх-ийн 108 хуудас/ дагуу хэргийг сэргээсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Хэнтий Хангай ХХК-ийг хохирогчоор тогтоосон тогтоол, /5-р хх-ийн 24-р хуудас/, А.Б хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгчээр тогтоосон шүүгчийн захирамж /5-р хх-ийн 175 хуудас/ гэсний хувьд компаний захирал нас барснаар компанийн үйл ажиллагаа бүрэн зогсож одоо болтол гүйцэтгэх удирдлага томилогдоогүй 7 жил 2 сар болж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2.2-т хохирогч нас барсан, эрх зүйн чадамжгүй болсон, эсхүл өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхолоо  хамгаалах чадваргүй бол энэ зүйлд заасан эрхийг түүний хууль ёсны төлөөлөгч эдэлнэ, 9.5 зүйлийн 1.2-т Хохирогч хуулийн этгээдийг төлөөлөх албан тушаалтан, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хууль ёсны төлөөлөгчөөр томилно гэсэн заалтуудыг зөрчин эрх нь баталгаажаагүй А.Б хохирогч иргэний нэхэмжлэгчээр томилсон нь энэ хэрэг нь хууль ёсны төлөөлөгч хохирогч байхгүй гэж 7 жилийн хугацаанд 7-8 удаа түдгэлзүүлсэн байдаг. Улсын Дээд Шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 104 тоот тогтоолоор Хэнтий Хангай ХХК-ийн 2001 оны дүрмийг хүчин төгөлдөрт тооцсоноор /2-р хх-ийн 6-7 хуудас/ тус компани 29 хувьцаа эзэмшигчидтэй бөгөөд Ц.О би хамгийн олон буюу 35 хувьцаа эзэмшдэг. Компани хувьцаа эзэмшигчдийн эзэмшиж байгаа хувьцааны тоо, хувь, нэрэлсэн үнийн зөрүүг арилгах, А.Б хууль бусаар зарлан хуралдуулсан хурлын шийдвэрийг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэл Бор-Өндөр сумын шүүхэд шийдвэрлэгдээгүй байгаа бөгөөд 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 14 цаг 30 минутад шүүх хурал товлогдоод байгаа юм. Улсын бүртгэлийн хэлтсийн 2013 оны 07 дугаар сарын 04-ний 1/669 тоот албан бичигт А.Б нь Хэнтий Хангай ХХК-ийг төлөөлөх эрх үүсээгүй болно. Би итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших буюу Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2,1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдээгүй юм. Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 2019/ШЗ/321 тоот захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36,14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон  захирамж гаргасан нь 39.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт заасан шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй бол шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзнэ гэсний дагуу 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 2018/ШЦТ/137 тоот тогтоол хууль зөрчсөн болно. Ц.О би тус компанийг 27,944,294 төгрөгөөр хохироогоогүй болно. Компанийн гүйцэтгэх удирдлага томилогдож, Санхүүгийн анхан шатны баримтанд тулгуурлан хохирогчийг тогтоож компани хохирсон эсэхийг шийдвэрлэх естой. Хэргийн гэрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын гаргасан тайлбар, мэдүүлэг нь компанид ямар ч хамааралгүй этгээдүүд бөгөөд санхүүгийн нотлох баримт байхгүй байхад мөрдөгч, прокурор нар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 4.1 дүгээр зүйлийн 2,20 дугаар хэсгийг зөрчин хэргийг шийдвэрлэсэн тул Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 2018/ШЦТ/137 тоот тогтоолыг хүчингүй болгож Ц.О намайг гэм буруугүй болохыг тогтоож өгнө үү гэжээ.  

Прокурор Б.М давж заалдах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 2018/ШЦТ/137 шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчээс гомдол гаргасан байна. Гомдол тус бүр дээр нь тайлбар хэлье. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт хохирогчоор тогтоосон Б уг компанийг төлөөлөх эрхгүй гэж гомдолдоо дурдсан байна.  Компанийг 2011 онд эрүүгийн хэрэг үүссэнээс хойш Ц.А гэдэг хүн хохирогчоор тогтоогдож төлөөлж явсан. Түүний дараа охин А.Б төлөөлөх эрхтэй гэж үзэн хохирогчоор тогтоосон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хохирогч А.Б хохирлыг төлүүлэхээр тогтоогоогүй. Тус компанид гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлүүлэхээр гаргасан. Үүнд ямар нэгэн байдлаар хохирогчийн асуудал хөндөгдөхгүй. Хохирогчоор төлөөлөх эрх нь иргэний журмаар шийдэгдэх асуудал. Тиймээс уг компанийг хэн төлөөлөх эрхтэй, эрхгүй гэх гомдол нь үндэслэлгүй байна. Мөн гэмт хэрэг үйлдээгүй гэсэн байна. Хавтаст хэрэгт нотлох баримтын хэмжээнд шүүгдэгч нь  2010 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Хэнтий Хангай ХХК-нд нягтлан бодогчоор ажиллаж байхдаа Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт Улсын төсвийн хөрөнгөөр баригдах ёстой байсан 100 хүүхдийн цэцэрлэгийн барилгын санхүүжилтээс 130 000 000 төгрөгийг Хэнтий Хангай ХХК-ийн 5935002169 тоот данснаас гаргаж, үүнээс 27 994 394 төгрөгийг завшсан гэдэг нь нотлогддог. Үүнд шүүх үнэн зөв дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Мөн шийтгэх тогтоол нь уншиж сонсгосон шийтгэх тогтоолоос зөрүүтэй гэх үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан. 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 2019ШЗ/321 тоот шүүхийн шийдвэрийг зөвтгүүлж, залруулах тухай шүүгчийн захирамж гарсан. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй гарсан алдааг залруулах талаар улсын яллагчийн санал, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хүсэлт шүүхэд гаргаж, эсхүл шүүх өөрийн санаачилгаар залруулга хийж болно. Үүгээр залруулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт гэж залруулж, мөн хохирогч, иргэний нэхэмжлэгч Б олгосугай гэснийг Хэнтий Хангай ХХК-нд олгосугай гэж залруулга хийгдсэн. Тэгэхээр шүүхийн шийдвэрт залруулга хийсэн нь үндэслэлтэй. Хэнтий Хангай ХХК-ийг хохирол төлбөргүй болгож өгнө үү? гэх асуудал нь хэрэгт авагдсан нотлох баримттай холбоотой Ц.О гэм буруугийн асуудлыг шийдвэрлэж байгаа тул энэ асуудал яригдана. Тиймээс компанитай холбоотой асуудал нь тусдаа яригдана. Шүүгдэгчийн анхан шатны шүүхийн шийдвэр хууль тогтоомжид нийцэж гаргаагүй. Тиймээс намайг гэм буруугүй болохыг тогтоож өгнө үү? гэсэн гомдол нь үндэслэлгүй байна. Тиймээс шүүгдэгчийн гэм буруутай болох нь тогтоогдсон тул шүүгдэгчээс хохирол төлбөртэй холбоотой мөнгийг гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа, шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хянаж үзлээ.

           Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн, хязгаарласан үйл баримт тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.      

Шүүгдэгч Ц.О нь 2010 оны 12 дугаар сарын 31-ний өдөр “Хэнтий Хангай” ХХК-д нягтлан бодогчоор ажиллаж байхдаа Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт улсын төсвийн хөрөнгөөр баригдаж байсан 100 хүүхдийн цэцэрлэгийн барилгын санхүүжилтийн 130.000.000 төгрөгийг “Хэнтий Хангай” ХХК-ийн 5935002169 дугаартай данснаас гаргаж, үүнээс 27.994.394 төгрөгийг хувьдаа завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтас хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд болон бусад нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.О албан тушаалын байдлаа ашиглаж, бусдын итгэмжлэн хариуцсан эд хөрөнгийг завших буюу Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1 дэх заалтанд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дах заалт, 1.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийг журамлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дах заалтад зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн нь үндэстэй байна.

           Түүнчлэн анхан шатны шүүхээс 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн захирамжаар шүүхийн шийдвэрт хохирогч А.Б хүсэлтийн дагуу залруулга хийсэн байх бөгөөд  хуульд хэдийгээр хохирогчийн хүсэлтээр залруулга хийх талаар заагаагүй боловч захирамжиндаа “ шүүх өөрийн санаачлагаар” гэж дүгнэснийг буруу биш байна гэж үзлээ.

           Шүүхээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгчээр А.Б “Хэнтий Хангай” ХХК-ийн 39 хувийн хувьцааг эзэмшигч гэж үзэж хохирогчоор тогтоосон нь үндэслэлтэй байх бөгөөд А.Б Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 179 дүгээр тогтоолоор “Хэнтий Хангай” ХХК-ийн 39 хувийн хувьцааг эзэмшигч  Ц.А өв залгамжлагчаар тогтоосон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

           Хэрэгт авагдсан иргэний үнэмлэхний хуулбар, шүүх хуралдааны тэмдэглэл зэрэгт шүүгдэгч Ц.О ургийн овог нь “Х” гэсэн байтал шийтгэх тогтоолын удиртгал  болон тогтоох хэсэгт   “Х “ гэж ташаа бичсэн байх ба энэ нь шийтгэл тогтоолыг өөрчлөж , хүчингүй болгох  үндэслэл болохгүй гэж үзлээ.

      

           Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн  давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт  заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 2018/ШЦТ/137 дугаар шүүхийн шийтгэх тогтоол, 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн ТЭ/180/2019/ШЗ/321 дүгээр шүүгчийн захирамжийг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                         

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.ТЭГШСУУРЬ

                                           ШҮҮГЧИД                                 Х.БАЙГАЛМАА

                                                                                            О.ОДНЯМАА