| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвээгийн Ариунболд |
| Хэргийн индекс | 186/2023/0059/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/106 |
| Огноо | 2023-02-01 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Батцэцэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 2023/ШЦТ/106
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Мөнхтүшиг,
улсын яллагч Б.Батцэцэг,
хохирогч Б..,
өсвөр насны шүүгдэгч О.Б, түүний хууль ёсны төлөөлөгч Х.Цэнджав, өмгөөлөгч Б.Батсүрэн нарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жаран овогт Отгонбаярын Бт холбогдох эрүүгийн 2211 00655 1907 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Өсвөр насны шүүгдэгчийн биеийн байцаалт:
Жаран ургийн овогт Отгонбаярын Б / РД:./,
Монгол Улсын иргэн, 2005 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, Халх, 16 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Гандигийн нэрэмжит коллежид цахим тоног төхөөрөмж үйлчилгээний ажилтан мэргэжлээр 1 дүгээр дамжаанд сурдаг, ам бүл 6, ээж, дүү нарын хамт амьдардаг, Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 6 дугаар гудамжны 73 тоотод түр оршин суух хаягтай, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй,
Холбогдсон хэргийн талаар:
Өсвөр насны шүүгдэгч О.Б нь бусадтай бүлэглэн 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны Баянхайрханы 7 дугаар гудамжны 55 тоот хашаанд байх хохирогч Б.Ням-Отгоны эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд цонхоор нэвтэрч 13 нэр төрлийн эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсны улмаас хохирогчид 742,720 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 942 дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, өсвөр насны шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримт, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Гэм буруутайд тооцох тухайд:
Шүүх хуралдаанд өсвөр насны шүүгдэгч нь, “гэм буруу маргахгүй хүлээн зөвшөөрч” байна гэж оролцсон болохыг дурдаж байна.
Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд өсвөр насны шүүгдэгч О.Б нь бусадтай бүлэглэн 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны Баянхайрханы 7 дугаар гудамжны 55 тоот хашаанд байх хохирогч Б.Ням-Отгоны эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд цонхоор нэвтэрч 13 нэр төрлийн эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсны улмаас хохирогчид 742,720 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Энэ нь хохирогч Б.Ням-Отгон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “ .... Би тархины цусан хангамжийн дутагдал гэдэг өвчтэй. Тэгээд эмч намайг агаарт амьдар гэдэг болохоор би байшин дөнгөж бариад дуусаад 2 машин ачаа тэнд аваачиж тавьсан байсан. Тэгээд 7 хоногийн дараа Авирмэд овогтой Гүндэгмаа гэдэг 65 настай эгчтэй хамт гэртээ ороод ирсэн чинь бүх юмнуудыг цацчихсан байсан. Хулгай орсон шинжтэй байсан. Тэгээд хаалга үүдээ шалгасан чинь бүгд түгжээтэй байсан. Тэгээд гайхаад хойд талын хашааны хүүхэдтэй уулзаад миний дүү манай гэрч хулгай орчихсон байна, харсан зүйл байна уу гэсэн чинь эсрэг талын уулын Төгсбилгүүн гэдэг хүүхэд 4 ахтай ирээд хулгайгаар ороод явсан гэсэн. Тэгээд өөрийг нь харсан чинь миний ногоон шигтгээтэй ээмгийг зүүгээд миний цэнхэр өнгийн “ангора” цамцыг өмсчихсөн байсан. Тэгээд би за эгчийнхээ ээмгийг тайлаад өг гэсэн чинь тайлаад өгөхөөр нь би та нар яахаараа манай гэрт хулгайгаар ордог юм. Одоо би цагдаа дуудлаа гээд дуудлага өгчхөөд, байж байсан чинь нэг нь уул руу зугтсан тэгээд би нэгийг нь бариад авсан. Тэгээд би цагдаа ирээд та нарын хурууны хээг авна гэсэн чинь манай эгч бээлий өмсөж байгаад бүгдэд нь хүрсэн тэгэхээр гарын хээ гарахгүй гэсэн. Тэгээд гэртээ ороод юу юу алга болсныг нь мэдээгүй байж байсан чинь ээж нь буюу энэ Цэнджав нэг том хар ууттай миний Вьетнам улсаас худалдаж авсан мөнгөн зүүлт, гинж зэрэг бараг сая гаруй төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг чи эд нарыг хайгаад байгаа юм уу гээд бариад ороод ирсэн. Тэгээд би чи наадхаа хаанаас авсан юм бэ гэсэн чинь би энийг жалганаас олсон. Үхсэн хүний юм гэж бодсон гээд шал руу шидсэн. Тэгээд гараад явчихаар нь миний уур хүрээд араас нь дагаж гэрт нь ороод шууд бичлэг хийгээд өшөө юу авсан бэ гаргаж өг. Цагдаа нар ирэх юм бол чи өөрөө асуудалд орно шүү гэсэн чинь манай гэрийн хар хөх өнгөтэй 1 метр 60 сантиметрийн өргөнтэй том цүнхээр хүүхдүүд дүүрэн юм бариад ороод ирсэн гэсэн гэхээр нь би одоо буцааж өг гэсэн. Цагдаа ирнэ гэсэн чинь 2 ихэр хүүхэд уул руу зугтаад явчихсан. Тэгээд энэ Б, Насанжаргал 2-ын шүүгээг онгойлгоод ээж нь миний юмнуудыг түүж гаргаж өгсөн. Тэгээд цагдаа нар ирсэн. Цагдаа нар ирээд өөр юу юу авсан гэсэн чинь шалан дээр байсан Солонгос гоо сайхны тосны сав нь байсан. Тэгээд доторх нь байхгүй болохоор нь би доторх тос нь хаана байна гэсэн чинь байгаа гээд шороо болгочихсон нь авч ирсэн. Тухайн өдрөө цагдаа нар ирээд аваад явах юм байх гэсэн чинь үлдээгээд явчихсан. Тэгээд 2 хоногийн дараа эд нар дахиад орсон байгаа юм. Алга болсон байсан нүдний шилнүүдийг буцаагаад байранд нь тавьчихсан байсан. Тэгээд та нар яагаад хүний орон гэрт ороод байдаг юм. Хаанаас ордог юм гээд тойроод очсон чинь хойд талаас би бор иштэй хутга олсон. Тэгээд би хутгыг нь барьж аваад эдний гэрт ороод энэ хэний хутга юм гэсэн чинь нөхөр нь миний мах иддэг хутга байна гэсэн. Тэгээд би дахиж ороод 2 ихэр хүүхдээс дахиж юу авсан бэ гэсэн чинь нөгөө талын уулын Төгсбилгүүн гэж хүүхэд вискиний хундаганаас би нэгийг л авсан гэж хэлсэн. Тэгээд миний гялтгар мөнгө бугуйвчтай цагтай зүйл байсан тэр хаана байна гээд би ямар өнгөтэйг нь ч хэлээгүй байхад тэр хүүхэд шар өнгөтэй гялтгар цагтай бугуйвч байсан би тэрийг аваагүй гэж хэлсэн. Тэгээд эдний 2 дүүгээс нь миний бугуйвч хаана байна гэхээр бүгдээрээ мэдэхгүй гээд байдаг. Хамгийн гол нь би тархины хүчтэй эм уудаг тэгээд тэрийг сироп гэж бодсон бололтой задлаад тавьчихсан байсан болохоор би Насанжаргал, Б 2-ыг дуудаж оруулж ирж байгаад эгч нь ийм эм уудаг танай 2 дүү чинь хэрэв эм уугаад харшил өгсөн бол яах вэ? амь насанд нь таарахгүй харшил өгсөн бол яах вэ гэсэн мөн сникерс болон набор байсан бүгдийг нь идчихсэн байсан. Одоо хэдэн сар өнгөрөхөд хохирол төлбөр төлөөгүй ....” гэх
хохирогч Б.Ням-Отгон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр би Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны Баянхайрханы 7 дугаар гудамжны 55 тоот өөрийн гэртээ 14 цагийн үед найз эгч А.Гүндэгмаагийн хамт ирээд байшингийнхаа шилэн хаалгыг онгойлгоод орсон чинь үүдний шкафыг онгойлгоод дотор нь байгаа эд зүйлийг эмх замбараагүй болгочихсон байсан ба хоёр давхар луу гардаг шкаф, хайрцаг дотор нь байсан эд зүйлүүд нь онгорхой байсан юм. Тэгэхээр нь би 102 луу дуудлага өгсөн юм. Тэгсэн чинь хөрш айлын Эрдэнэчимэг, Энхчимэг гэх 9-10 настай 2 хүүхэд ээмгийг нь зүүсэн байхаар нь наадах чинь миний ээмэг байна, хаанаас авсан талаар асуухад эсрэг талын уулан дээр байдаг найз ахтайгаа ирээд танай гэр лүү орсон гэж хэлсэн юм, Удаагүй хажуу талын хөрш Цэндээ гэх эмэгтэй миний мөнгөн ээмэг бөгжнүүдийг ууттай нь барьж орж ирээд манай хүүхдүүд танай гэрт орчихсон байна лээ гэж хэлсэн удаагүй цагдаа нар ирсэн..." гэх /хавтаст хэргийн 17-20 дахь тал/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, мөрдөгчийн бичсэн илтгэх хуудас, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 10-13 дахь тал/,
Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн ЧД2-22-599 дугаартай “...эд зүйл 742,720 төгрөг” гэх үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 47-49 дэх тал/,
Нас тоолсон тухай тэмдэглэлүүд /хавтаст хэргийн 61-68 дахь тал/,
Нийслэлийг Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн төрсний бүртгэлийн лавлагаа гэх баримтууд /хавтаст хэргийн 70-76 дах тал/,
Өсвөр насны яллагдагч М.Насанжаргалын мэдүүлэг /хавтаст хэргийн 119-120 дахь тал/,
Өсвөр насны яллагдагч М.Ганцэцэгийн мэдүүлэг/хавтаст хэргийн 101-102 дахь тал/,
Өсвөр насны яллагдагч М.Ганчимэгийн мэдүүлэг /хавтаст хэргийн 109-110 дахь тал/
Өсвөр насны шүүгдэгч О.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “ ... 2022 оны 04 дүгээр сарын эхээр гэж бодож байна, манай гэр чингэлтэй дүүргийн 17-р хороо, Баянхайрханы 8-54 тоотод байдаг байсан юм. Би 19 цагийн орчимд гэртээ байхад манай хоёр ихэр дүүгийн нэг нь болох Ганчимэг нь хажуу байшинтай айлын цонхыг нь онгойлгосон, цонхоор нь харсан чинь зөндөө гоё юмнууд байна гэхээр нь миний сониуч зан хөдлөөд, мөн манай гэрт янз бүрийн гоё, сонин зүйл байхгүй учраас тухайн байшинд орж үзэхээр болсон. Тэгээд би өөрийн дүү нар болох Ганчимэг, Ганцэцэг, Насанжаргал нарын хамт тухайн байшинд ороод ээмэг, чихэр, 1 ширхэг бугуйвч, хар өнгийн бөгж, хуучин хувцаснууд, нүүр гарын саван, нүдний шил, үсний хавчаар, нүүрний будаг байхаар нь цүнхэнд хийгээд авчихсан юм. Тэгээд гэр рүүгээ оруулаад аав ээждээ, тухайн зүйлүүдийг урд жалганд байдаг хогноос олсон гэж хэлсэн. Бид дөрөв авсан зүйлүүдээ гэртээ байлгаж байсан. Тэгээд тухайн өдрөөс хэдхэн хоногийн дараагаар тухайн байшингийн эзэн гэх эгч ирээд бид нарыг гэр рүү нь орж эд зүйлүүд авсан талаар мэдээд цагдаад дуудлага өгсөн юм...” гэх /хавтаст хэргийн 127-129 дэх тал/,
Хууль ёсны төлөөлөгч Х.Цэнджав мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2022 оны 04 дүгээр сард өөрийн нөхөр болон хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 17-р хороо, Баянхайрханы 8-54 тоотод амьдардаг байсан. Одоо он сарыг нь сайн санахгүй байна. 04 дүгээр сарын эхээр байсан гэж бодож манай хоёр ихэр хүүхэд болох Ганцэцэг, Ганчимэгийн нэг нь чихэндээ шаргал өнгийн ээмэг зүүчихсэн байхаар нь би гайхаад хаанаас авсан талаар асуухад, манай хүүхдүүд доод жалганаас цүнхтэй юм олсон гэж хэлсэн. Тэгээд би гайхаад тухайн цүнхийг нь хаана байгаа талаар асуухад, манай хүүхдүүд хойд амбаараас хар өнгийн цүнх гаргаж ирээд, дотор нь ээмэг бөгж, хувцас хунар, гap нүүрийн саван гэх мэт зүйлүүд байсан. Тэгээд би тухайн цүнхийг нь хадгалчихсан байсан ба маргааш нь манай урд хашаа байшингийн эзэн болох Ням-Отгон гэх хүн орж ирээд, танай хүүхдүүдээс чинь юм асууя, манай гэрт хүн ороод юм авчихсан юм шиг байна гэж хэлэхэд, манай хүүхэд Ганцэцэг гараад зугтаачихсан ба Ганчимэг надад хандаж олсон гэх цүнхтэй зүйлийг тухайн айлаас авсан талаараа хэлсэн, ингээд би хүүхдүүдийгээ тухайн айлд орж цүнхтэй зүйлүүдийг авсан талаар мэдсэн юм. Тэгээд би тухайн өдрөө нөгөө цүнхтэй зүйлүүдийг Ням-Отгонд хүлээлгэж өгсөн, ба дутуу зүйл гэвэл чихэр болон амттануудыг манай хүүхэд идчихсэн ба мөн нэг нүдний шил, бугуйвч, цүнх асуугаад байхаар нь бид хоорондоо аваагүй талаар маргалдахад, Ням-Отгон нь цагдаад хандаж дуудлага өгсөн юм...” гэх /хавтаст хэргийн 134 дэх тал/,
Өсвөр насны шүүгдэгч О.Бийн өмгөөлөгч Б.Батсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт, хохирол төлбөрт 300,000 төгрөг дөнгөж сая шилжүүлсэн. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа. Миний үйлчлүүлэгч бол анх удаа тохиолдлын шинж чанартай гэмт хэрэг үйлдсэн, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, хохирол төлбөрийн тал хувийг нь төлсөн. Үлдэгдэл төлбөрийг төлөхөө илэрхийлж байгаа учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг хойшлуулж өгнө үү гэх байр суурьтай оролцсон болохыг дурдав.
Гэрч нарын мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд агуулгын хувьд нийцсэн, харилцан уялдаатайгаар нотлогдож байна.
Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч өсвөр насны шүүгдэгч О.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүн байнга амьдрах зориулалттай байшинд нэвтрэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас өсвөр насны шүүгдэгч О.Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч О.Бт 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн баримтлан сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэх, мөн Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг журамлан оногдуулсан хорих ял дээр нэмж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамруулах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх дүгнэлт, санал гаргасан.
Өсвөр насны шүүгдэгч О.Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүхээс, өсвөр насны шүүгдэгч О.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, өсвөр насны зэргийг тал бүрээс нь харгалзаж шүүгдэгч О.Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүх анх удаа энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг найман жил, түүнээс доош хугацаагаар тогтоосон өсвөр насны хүнд энэ хуулийн 7.6 дугаар зүйлд заасны дагуу шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулахдаа 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан үүрэг хүлээлгэж хязгаарлалт тогтооно гэснийг баримтлан мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан өсвөр насны шүүгдэгч О.Б нь оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг даалгаж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.
Өсвөр насны шүүгдэгч О.Б нь шүүхээс хүлээлгэсэн үүргийн биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах,
шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд шүүгдэгч санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулах болохыг тус тус сануулж шийдвэрлэлээ.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
Өсвөр насны шүүгдэгч О.Б, түүний хууль ёсны төлөөлөгч Х.Цэнджав нар хохирол төлбөр барагдуулах 5 хоногийн завсарлага авч хохирогчид 300,000 төгрөг дансаар шилжүүлсэн тул өсвөр насны шүүгдэгч О.Бийн хууль ёсны төлөөлөгч Чингэлтэй дүүргийн 17-р хороо, зүрх уулын 7-663 тоотод оршин суух хаягтай Х.Цэнджав /ЧБ85111920/-аас нийт 443,720 төгрөгийг хохирогч Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Баянхайрхан 7-55 тоотод оршин суух Б.Ням-Отгон /РД:ЧК75111406/-д олгуулахаар шийдвэрлэлээ.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, өсвөр насны шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Өсвөр насны шүүгдэгч Жаран ургийн овогт Отгонбаярын Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтрэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Өсвөр насны шүүгдэгч О.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч О.Бт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг хоёр дахин багасгаж нийт биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тогтоож сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Өсвөр насны шүүгдэгч О.Бт 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж, мөн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Өсвөр насны шүүгдэгч О.Бт шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулах болохыг сануулсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч О.Б нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар өсвөр насны шүүгдэгч О.Бийн хууль ёсны төлөөлөгч Чингэлтэй дүүргийн 17-р хороо, зүрх уулын 7-663 тоотод оршин суух хаягтай Х.Цэнджав /ЧБ85111920/-аас нийт 443,720 төгрөгийг хохирогч Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Баянхайрхан 7-55 тоотод оршин суух Б.Ням-Отгон /РД:ЧК75111406/-д олгуулсугай.
8. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.АРИУНБОЛД