Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 2023/ШЦТ/103

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж ,

улсын яллагч М.Сумъяа,

хохирогч Д.Санчир,

шүүгдэгч О.Чулуунтулга, түүний өмгөөлөгч Ц.Энхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлтэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн Тайж овогт Олонбатын Чулуунтулгад холбогдох эрүүгийн 2210001651453 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1983 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Увс аймгийн Зүүнговь суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, Эм Жи Эл Турист ХХК-д захиралд ажилтай, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 52 дугаар байрны 22 тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй Тайж овогт Олонбатын Чулуунтулга (РД:.....................)

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.Чулуунтулга нь 2021 оны 12 дугаар сарын 19-ний орой 21 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Говь нэртэй рестораны гадна авто зогсоолд байрлуулсан иргэн Д.Санчирын эзэмшлийн мөнгөлөг саарал өнгийн Ауди А3 маркийн авто машины хойд талын салхины шилийг хагалж бусдад 650.000 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг: 

 

          Шүүгдэгч Б.Чулуунтулга: “...мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн тул мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

Хохирогч Б.Соёлмаа мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо Говь рестораны гадна талын авто машины зогсоол дээр өөрийн эзэмшлийн 11-23 УНИ улсын дугаартай Ауди А3 маркийн мөнгөлөг саарал өнгийн авто машинаа байрлуулчхаад гараад ирэхэд цонх хагарсан байсан. 2021 оны 12 дугаар сарын 19-ний 20 цагийн орчим байршуулахад миний авто машины шил бүрэн бүтэн байсан...” (хавтас хэргийн 16 дахь тал) гэсэн,

 

 “Дамно”ХХК-ний №ХУ1-22-33 дугаартай үнэлгээний тайлан (хавтас хэргийн 20-21 дэх тал)

 

Яллагдагчаар О.Чулуунтулгын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би тус өдөр Хан-Уул дүүргийн Говь ресторанд 4 танилын хамт 19 цагийн алдад орж үйлчлүүлсэн. Өмнө архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан юм. Тэгээд тухайн газар үйлчлүүлж байгаад тасарсан. Юу болсон талаар мэдэхгүй байгаа...Бичлэгийг үзлээ надад маргах зүйл байхгүй...” (хавтаст хэргийн 70-71 дэх тал) гэсэн,

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  (хавтаст хэргийн 33-35 дахь тал),

          Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 37 дахь тал),

          Шүүгдэгч О.Чулуунтулгын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд (хавтаст хэргийн 38-56 дахь тал),

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, О.Чулуунтулгад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч О.Чулуунтулга нь 2021 оны 12 дугаар сарын 19-ний орой 21 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Говь нэртэй рестораны гадна авто зогсоолд байрлуулсан иргэн Д.Санчирын эзэмшлийн мөнгөлөг саарал өнгийн Ауди А3 маркийн авто машины хойд талын салхины шилийг хагалж бусдад 650.000 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч .Д.Санчирын мэдүүлэг, 102 тусгай дугаарын утсанд ирсэн дуудлагын лавлагааны хуудас, гомдол бичгээр (хавтаст хэргийн 12 дахь тал),

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн аргаар бэхжүүлсэн баримт (хавтаст хэргийн 33-35 дахь тал),

“Дамно”ХХК-ний №ХУ1-22-33 дугаартай үнэлгээний тайлан (хавтас хэргийн 20-21 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхийн эсрэг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, хохирол учруулсан байх бөгөөд хууль бусаар устгасан, гэмтээсэн үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байна.

 

Бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг ба Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч О.Чулуунтулга нь хохирогч Д.Сумъяад төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Өмчлөх эрхийн эсрэг ...бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч О.Чулуунтулгын дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч О.Чулуунтулга нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

2. Шүүгдэгч О.Чулуунтулга нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нөхөн төлсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

          Шүүх шүүгдэгч О.Чулуунтулгыг бусдын эд хөрөнгийг устгасан, гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг (хавтаст хэргийн 38-56 дахь тал) харгалзан 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч О.Чулуунтулгад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар О.Чулуунтулгад оногдуулсан торгуулийн ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хорыг хариуцан арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байсан байдалд сэргээх үүрэгтэй бөгөөд Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй бол гэм хорын мөнгөөр нөхөн төлнө” гэж Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэг, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан. 

 

          Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Сумъяад төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр барагдуулсан баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гарган өгсөн байх тул шүүгдэгч О.Чулуунтулга нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч О.Чулуунтулгаас гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Тайж овогт Олонбатын Чулуунтулгыг бусдын эд хөрөнгийг устгасан, гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Чулуунтулгыг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч О.Чулуунтулгад торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч О.Чулуунтулгад оногдуулсан 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч О.Чулуунтулгад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 

 

8. Тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         И.ГАНБАТ