Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 208

 

     2019 оны 06 сарын 24 өдөр

         Дугаар 104/ШШ2019/00208

                  Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******од байрлах “*******” ХХК /*******, утас:/

Хариуцагч: *******,*******,*******од оршин суух, Н.Э /РД:**********, утас:********/-т холбогдуулан

            интернэт төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт  нийт 330.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.                                                         

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч Н.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сонинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч Н.Э 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр манай компанитай дугаарын худалдах, худалдан авах гэрээ байгуулан, 240.000 төгрөгийн үнэтэй, NP10 маркийн интернэт цацах төхөөрөмжийг худалдан авахдаа урьдчилгаа 20.000 төгрөгийг төлж, үлдэх төлбөрийг графикийн дагуу төлөхөөр тохиролцсон.

Гэрээнд заасны дагуу төлбөрөө 12 сарын хугацаанд 20.000 төгрөгийг сар бүр төлөх ёстой байсан.

Гэтэл Н.Э төхөөрөмжийн төлбөр 220.000 төгрөгийг төлөлгүй хугацаа хэтрүүлсэн тул гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-т заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0.3 хувийн алданги тооцоход 110.000 төгрөг болж байна. Манай компани Н.Эийг төлбөрөө төлөхийг удаа дараа шаардаж байсан. Гэвч өнөөдрийг хүртэл төлөөгүй. Иймд манай компанийн ажилтан төлбөрөө төлөх талаар Н.Эийн , дугаарын утас руу 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийг хүртлэх хугацаанд залгаж шаардаж байсан.

Гэтэл хариуцагч Н.Э уг төхөөрөмжийг буцааж өгсөн гэж байгаа ч хэнд өгсөн нь тодорхойгүй, баримтгүй байна.

Харин Н.Э нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрвөл алданги 110.000 төгрөгийг хасах боломжтой. Өөрөөр эвлэрэх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж  өгнө үү гэв.

 

Хариуцагч Н.Э шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Би 2015 онд уг төхөөрөмжийг 240.000 төгрөгөөр худалдан авах гэрээ байгуулж, урьдчилгаа 20.000 төгрөгийг төлсөн. Үлдэх төлбөрийг 12 сарын хугацаанд 20.000 төгрөгийг сар бүр төлөхөөр тохирсон нь үнэн.

Харин уг төхөөрөмж нь сүлжээний асуудлаас болж ажиллахгүй байсан. Энэ талаар тус компанид удаа дараа мэдэгдсэн ч засч өгөөгүй. Иймд 2016 оны 4 дүгээр сард “*******” ХХК-ийн төв салбар дээр очиж н. гэх ажилтанд  төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн. Би уг төхөөрөмжийг “*******” ХХК-д хүлээлгэж өгөхдөө баримт үйлдээгүй нь миний буруу болсон байна.

Гэтэл “*******” ХХК-иас уг төхөөрөмжний төлбөр 220.000 төгрөгийг  төлөхийг шаардсан. Би төхөөрөмжийг буцааж өгсөн тул төлөхгүй гэж хэлсэн. Гэхдээ  надад төхөөрөмжийг буцааж өгсөн баримт байхгүй тул өөрийн буруугаа ойлгоод 220.000 төгрөгөөс 110.000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Харин өөр бусад нөхцлөөр эвлэрч, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх хэрэгт авагдсан баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “*******” ХХК хариуцагч Н.Эээс NP10 маркийн утасгүй интернэт цацах зориулалттай төхөөрөмжийн төлбөр 220.000 төгрөг, алданги 110.000 төгрөг нийт 330.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээ дэмжиж 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн дугаартай төхөөрөмж худалдах худалдан авах гэрээ, зээл төлөх хуваарь, Н.Эийн иргэний үнэмлэхний хуулбар, *******ны засаг даргын тодорхойлолт, төлбөр төлөхийг шаардаж байсан тухай тэмдэглэл зэргийг бичгийн баримтаар өгсөн.

 

Хариуцагч Н.Э NP10 маркийн утасгүй интернэт цацах зориулалттай төхөөрөмж нь сүлжээний улмаас ажиллахгүй байсан учир 2016 оны 4 дүгээр сард буцаан өгсөн. Харин энэ талаарх баримт байхгүй учир өөрийн хариуцлагаа зохих хэмжээнд хүлээх үүднээс 110.000 төгрөгийг төлнө. Үлдэх төлбөрийг төлөхгүй гэж маргасан.

 

Харин нэхэмжлэгч “*******” ХХК нь гэрээний дагуу NP10 маркийн утасгүй интернэт цацах зориулалттай төхөөрөмжийг хариуцагч Н.Эт хүлээлгэн өгсөн талаар маргаагүй ч эд хөрөнгийн доголдолтой байсан, буцаан авсан эсэх талаар маргасан.

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийлээ.

 

Шүүх хавтаст хэргийн 7-9 дэх хуудсанд авагдсан үйл баримтаас үзвэл, нэхэмжлэгч “*******” ХХК, хариуцагч Н.Э нар 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр дугаартай, худалдах худалдан авах гэрээ  байгуулахдаа NP10 маркийн утасгүй интернэт цацах зориулалттай төхөөрөмжийн үнийг 240.000 төгрөг, төлбөрийн нөхцөлийг урьдчилгаа 20.000 төгрөг, үлдэх төлбөрийг 12 сарын хугацаанд сар бүр 20.000 төгрөг төлж, 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр дуусгавар болгох, үүргээ хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0.3 хувиар алданги тооцохоор заажээ.

 

Иймд нэхэмжлэгч “*******” ХХК эд хөрөнгийн эрхийн болон биет байдлын доголдолгүй эд зүйлийг шилжүүлэн өгсөн тохиолдолд хариуцагч Н.Э Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-т заасны дагуу 240.000 төгрөг, энэ хуулийн 232 дугаар зүйлийн 232.6.-д зааснаар нэмэлт үүрэг болох алданги 110.000 төгрөг, нийт 330.000 төгрөгийг төлөх, харилцан үүрэг бүхий гэрээний харилцаа үүссэн байна.

 

Зохигчдын байгуулсан худалдах худалдан авах гэрээнд эд зүйлийн тоо хэмжээ, чанарын талаар заагаагүй ч Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2.-т зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК-ийн шилжүүлэн өгсөн NP10 маркийн утасгүй интернэт цацах зориулалттай төхөөрөмж нь зориулалтаар ашиглах боломжтой байвал эд хөрөнгийн биет байдлын доголдолгүй гэж үзнэ.

 

Хэрэв хариуцагч Н.Эийн шилжүүлж авсан эд хөрөнгө нь доголдолтой тохиолдолд гэрээнд заасан баталгаат хугацаанд, үгүй бол Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6.-д зааснаар 6 сарын дотор нэхэмжлэгч “*******” ХХК-нд гомдол гаргаж, гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй.

 

Хариуцагч Н.Э “...*******нд NP10 маркийн утасгүй интернэт цацах зориулалттай төхөөрөмж нь ажиллахгүй байсан тул арга хэмжээ авч өгөхийг шаардахад удахгүй сүлжээний антень байрлуулна гэснээс өөр хариу хэлээгүй тул 2016 оны 4 дүгээр сард буцаан өгч худалдах худалдан авах гэрээнээс татгалзсан” гэж тайлбарлаж байгаа ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-т заасны дагуу баримтаар нотлоогүй.

 

Иймд нэхэмжлэгч “*******” ХХК хариуцагч Н.Эээс худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт 330.000 төгрөгийг шаардах эрхтэй.

Гэхдээ нэхэмжлэгч “*******” ХХК нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1., 76 дугаар зүйлийн 76 дугаар зүйлд зааснаар шаардах эрх үүссэн үе болон эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс хойш гурван жилийн хугацаанд гэрээний үүргийг шаардна.

 

Нэхэмжлэгч “*******” ХХК нь шаардах эрх үүссэн өдрөөс хойш гэрээний үүргийг шаардаж байсан болохоо нотолж хариуцагч Н.Этэй утсаар ярьсан тэмдэглэлийг Улаанбаатар хотын салбар 3 гэсэн тэмдэг дарж өгсөн ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.-т заасан нотлох баримтын шаардлагыг хангахгүй байна гэж үнэллээ.

Өөрөөр хэлбэр, хэргийг оролцогч тал нотлох баримтыг эхээр  нь, боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгөх ёстой. Харин хэргийн оролцогч бус төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээдээс гаргуулан авсан бичгийн баримт нь архивын хуулбар үнэн тэмдэг дарагдаж баталгаажуулсан байвал хуулиар тавьсан шаардлагад нийцсэн гэж үзэх юм.

 

Мөн зохигчид гэрээний үүрэг биелүүлэх хугацааг харилцан тохиролцож хойшлуулсан, төлбөр төлөх баталгаа гаргасан г.м бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тухай үйл баримт хэрэгт авагдаагүй ба нэхэмжлэгч “*******” ХХК гэрээний үүргийг удаа дараа шаардсан, хариуцагч Н.Э төхөөрөмжийг буцаан өгсөн талаар шүүх хуралдааны шатанд хэн хэн нь тайлбарласан.

 

Иймд  нэхэмжлэгч “*******” ХХК-ийн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан гэж үзэх үндэслэлийн аль аль нь тогтоогдохгүй байх тул шүүх гэрээний үндсэн үүрэг болон нэмэгдэл үүргийн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр дуусгавар болсон гэж үзлээ. /Иргэний хуулийн 77 дугаар зүйлийн 77.1./

 

Харин хариуцагч Н.Э хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол гэрээний үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй ч 110.000 төгрөг төлнө гэсэн тул  Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.2.-т заасныг үндэслэн хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, татгалзсан 220.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь талуудын диспозитив зарчимд нийцнэ гэж шийдвэрлэлээ.

 

            Шүүх нэхэмжлэлээс зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10.550 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Н.Эээс 2.275 төгрөг гаргуулж  нэхэмжлэгч “*******” ХХК-д олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 118, 119 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1., 82.2., 232 дугаар зүйлийн 232.1., 232.6., 243 дугаар зүйлийн 243.1.-т заасныг баримтлан хариуцагч Н.Эээс интернэт төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 110.000 /нэг зуун арван мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 220.000 /хоёр зуун хорин мянга/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10.550 /арван мянга таван зуун тавь/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Н.Эээс 2.275 /хоёр мянга хоёр зуун далан тав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогчид шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай. 

5.Иргэний   хэрэг   шүүхэд   хянан   шийдвэрлэх   тухай   хуулийн  120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                 З.ТҮВШИНТӨГС