Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/41

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                        

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

         нарийн бичгийн дарга Ж.Одтуяа,

         улсын яллагчаар хяналтын прокурор  Б.Ариунтөр,

         хохирогч Б.С,

         шүүгдэгчийн өмгөөлөгчөөр өмгөөлөгч С.Шинэбаяр,

         шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ат холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

         Шүүгдэгчийн биеийн байцаалт:

         Монгол Улсын иргэн, Б.А /..../,

 

Холбогдсон хэргийн талаар :

Шүүгдэгч Б.А нь 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ цагаан өнгийн .... улсын дугаартай Ниссан АД маркийн тээврийн хэрэгсэл унаж Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байх 4 замын уулзварт улаан гэрлээр нэвтрэх үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7. “...а. жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэж, 8.2. “Замын хөдөлгөөнд оролцогч нь өөрийн явж байгаа чиглэлийн өөдөөс хандан байрласан замын гэрлэн дохио буюу замын тухайн хэсэгт хөдөлгөөн зохицуулж байгаа зохицуулагчийн дохиог дагаж мөрдөнө...” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас ... улсын дугаартай Тоёота Камри маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж улмаар хохирогч Б.Сгийн биед “...гавлын зулай, суурь ясны хугарал, хатуу хальсан дээрх цусан хураа, тархины эдийн няцрал..." бүхий хүнд хохирол учирсан гэмт хэрэгт холбогджээ. 

                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Аын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, өөрийнхөө гаргасан үйлдэлдээ маш их харамсаж байна гэсэн мэдүүлэг,

 

хохирогч Б.Сгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Биеийн байдал дунд зэрэг байгаа, шинжээчийн дүгнэлтээр хатуу хальсан доорх цусан хураа гэмтлийг хагалгаагаар авсан боловч үлдэгдэлтэй байгаа. Үүнээс болоод тархи шахагдаж, толгой өвдөх, дотор муухайрах, бөөлжих зовиур маш их байгаа. 1 жилийн хугацаанд байнга эмчийн хяналтад байж эмчилгээ хийлгэ гэсэн. Би өмнөх шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй ярьж 9,699,000 төгрөгт миний нэхэмжилж байгаа 4,800,000 төгрөг орж байгаа гэдгийг хэлсэн. Яагаад дахиж мөнгө нэхэмжилж байгаа вэ гэхээр Аын аав нь манай нөхөр рүү ярихдаа та хоёрт хэдэн төгрөг өгөөд хоёр тийшээ больё гэж хэлсэн байсан. Би эрүүл мэндээрээ хохирсон учраас мөнгөөр эрүүл мэндийг нөхөх боломжгүй гэсэн үүднээс мөнгө нэхэмжилж байгаа. Одоо цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ. Цалин 4,800,000 төгрөгийг нэхэмжлэхгүй гэсэн мэдүүлэг,

 

насанд хүрээгүй гэрч Д.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 17 цагийн үед Ар Шандад явж байгаад танил ах А цагаан өнгийн машинтай явж байхад нь таараад А ах намайг төв рүү хүргээд өгье гэхээр нь би машинд суугаад явж байхдаа А ах манай үеэл ах Гыг хаана байгаа юм гэж асуухаар нь би Г ах руу залгаад хаана байна гэхэд гэртээ байна гэсэн ба бид 2 Г ахын гэрийн гадаа очиход Г ах гэрээсээ гараад ирсэн. Тэгээд А ах Г ахтай ярилцаж байгаад А ах өнөөдөр жаахан сууя гэхэд Г за гээд офицерт байдаг Сидней 2 дэлгүүрээс 3 шилтэй пиво, 2 том “үнээ” гэж нэрлээд байдаг пиво аваад гарч ирэхдээ А ах эмээгийндээ үлдээд Г ах бид 2 явган явна гэж байсан ба А ах эмээгийнхээ хашааны гадаа буюу гэр байранд ирээд А ах 2 шилтэй пивыг нь уугаад 1 шилтэй пивыг нь Г ах уусан дараа нь 2 ширхэг том пиво хувааж уугаад А ах Г ах бид 2-ыг хүргэж өгнө гэхээр нь Г ах бид 2 хэрэггүй гэхэд А ах хүргэж өгнө гээд цагаан өнгийн Ниссан жижиг тэргийг жолоодоод би жолоочийн хажуу талын зорчигчийн суудалд, Г ах хойд суудалд суугаад бид хэд яваад Сайншанд сумын төв 4 зам ороод Г ахын гэр болох 3 дугаар 58 байрны гадаа Г ахыг буулгаад дараа нь намайг хүргэж өгөхөөр төв 4 замын зүүн талаас чигээрээ манай гэр болох 2 дугаар 60 айл руу явсан ба А ах 4 замын уулзвар дээр ирээд огцом хааз өгөөд явахаар нь би А ахыг улаан гэрэл ассан байна хаазаа хасаарай гээд нудрахад чигээрээ явж байгаад машин мөргөөд зогссон ба би хамгаалах бүс бүсэлсэн байсан учир урд талаас дэр гарч ирсэн бүсээ тайлаад машинаас гараад айсандаа гэр лүүгээ яваад өгсөн юм ...” гэсэн мэдүүлэг( хавтаст хэргийн  36-38 дугаар тал),

 

гэрч Б.Дын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Дэлгэрэх дэлгүүрийн гаднаас хөдлөх үед би жолоо бариад эхнэр С жолоочийн эсрэг талын суудалд суугаад ертөнцийн зүгээр урд зүгт явсан ба 75-ын 4 замын уулзварыг чигээрээ өнгөрч урд зүгт ирээд төв 4 замын уулзвар дээр ирэхэд улаан дохио асаж байхад би ирж зогсон ногоон гэрэл асахыг хүлээж байгаад ногоон гэрэл асахаар нь чигээрээ хөдөлгөөн хийж ертөнцийн зүгээр урд зүгт явахад зүүн гар талаас гэнэт хурдтай машин гарч ирээд жолоочийн эсрэг талаас хүчтэй мөргөсөн юм...Эхнэр С хөдөлж чадахгүй, толгой их өвдөж байна гэхээр нь би машинаас буухад миний сууж явсан машиныг мөргөсөн залуу над дээр ирээд миний хөлөөс зуураад цагдаа битгий дуудаач гээд тавихгүй байсан...Би тухайн үед гэрлэн дохиог улаан асахаар нь зогсож цагаан шугам дээр зогсоод ногоон гэрэл асахад хөдөлсөн ба миний урд машин байгаагүй...Би тухайн үед согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй байсан ба хүүхэд маань өвдөөд эхнэрийн хамт эм хайгаад буцаад гэр лүү гээ явж байсан юм” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн  41-43 дугаар тал),

иргэний нэхэмжлэгч Б.Чийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 11 дүгээр сарын 13-ны 21 цаг 30 минутын үед найз А нь найз Дын гэрт очоод ирье гээд миний ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг унаад явсан юм. Би удахгүй хойноос нь 22 цаг өнгөрч байх хугацаанд найз Аын утас руу залгаад машин авчрах болж байна уу гэхэд А нь би Дын хүүхдийг хараад байж байна. Д эхнэртэйгээ чиний машинаар эм авах гээд явсан гэж байсан. Дараа нь Д миний гар утас руу залгаад би чиний машинтай явж байгаад 4 зам дээр осолд орчлоо гээд залгахаар нь би 4 зам дээр очиход миний жолооч талын эсрэг талаас машин мөргөсөн байдалтай байсан...Би Аоос хохирол төлбөрт нэхэмжлэх зүйл байхгүй. Надад Б.Аын аав болох Бнь миний мөнгөлөг өнгийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн төлбөр болох 33 сая төгрөгийг бүрэн өгч барагдуулсан тул одоо миний зүгээс гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн  50-51, 55 дугаар тал),

 

Хас Үнэлгээ ХХК-ний 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 662 дугаартай “...Тоёота Камри 6546 УАХ улсын дугаартай...Хохирлын үнэлгээ 8 810,000 төгрөг...” гэсэн хохирлын үнэлгээ( хавтаст хэргийн  95 дугаар тал),

 

иргэний нэхэмжлэгч Д.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“...2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 23 цаг өнгөрч байх үед манай ажилтан болох Аын ээж нь манай эхнэрийн гар утсаар холбогдож А танай ажлын машиныг унаж яваад зам тээврийн осолд орсон байна гэхээр нь би эхнэрийн хамт осол болсон газар буюу Сайншанд сумын төв 4 замын уулзвар дээр ирэхэд манай ажлын ус зөөдөг машин болох .... улсын дугаартай Ниссан АД маркийн тээврийн хэрэгсэл нь урд талаараа мөргөлдсөн байдалтай зам тээврийн осолд орсон байсан... Б.Аоос хохирол төлбөрт нэхэмжлэх зүйл байхгүй. Б.Аын зүгээс миний .... улсын дугаартай Ниссан АД маркийн тээврийн хэрэгсэлтэй ижил маркийн .... улсын дугаартай тээврийн хэрэгслийг 6 сая төгрөгөөр авах болоод би тал мөнгийг нь Б.А тал мөнгийг өгч худалдан авсан ба цагдаагийн журмын хашаа нь дотор байгаа .... улсын дугаартай Ниссан АД маркийн тээврийн хэрэгслээ өөрөө авахаар болсон” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн  68-69 дүгээр тал),

 

Хас Үнэлгээ ХХК-ний 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн №663 дугаартай “...Ниссан Адван .... улсын дугаартай...Хохирлын үнэлгээ 3,492,000 төгрөг...” гэсэн үнэлгээ ( хавтаст хэргийн  106 дугаар тал),

 

Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны ..... дугаартай “...1.Б.Сгийн биед гавлын зулай, суурь ясны хугарал, хатуу хальсан дээрх цусан хураа, тархины эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо... Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай гэмтэл тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2.1-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэсэн шинжээчийн дүгнэлт ( хавтаст хэргийн  136-137 дугаар тал),

 

2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн мөрдөгчийн 14 дугаартай “...Осолд орсон тээврийн хэрэгсэл болох .... улсын дугаартай цагаан өнгийн Ниссан АД маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явсан Б.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн дараах заалтуудыг зөрчсөн байна. Үүнд 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ....согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох.” 8.2. Замын хөдөлгөөнд оролцогч нь өөрийн явж байгаа чиглэлийн өөдөөс хандан байрласан замын гэрлэн дохио буюу замын тухайн хэсэгт хөдөлгөөн зохицуулж байгаа зохицуулагчийн дохиог дагаж мөрдөнө. гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.” гэсэн мөрдөгчийн магадалгаа( хавтаст хэргийн  185-186 дугаар тал),

 

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт ( хавтаст хэргийн  04-12 дугаар тал),

 

 жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хЭрэглэсэн эсэхийг шалгасан “...Баярцэнгэлийн А Дорноговь аймгийн Цагдаагийн газарт 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 00 цаг 30 минутад Алкотест АЛ7510 драгер багаж ашиглан согтуурлыг шалгахад 1.98 хувийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь тогтоогдлоо.” гэсэн тэмдэглэл ( хавтаст хэргийн  19 дүгээр тал),

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас ( хавтаст хэргийн  210 дугаар тал) зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  журмын дагуу бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт  хамааралтай, нотолгооны ач холбогдол бүхий  дээрх нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж  харьцуулан судалсны үндсэн дээр шүүгдэгч Б.А нь 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр  согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ .... улсын дугаартай Ниссан АД маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгсэл жолоодон   Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байх 4 замын уулзварт улаан гэрлээр нэвтэрч Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7. “...а. жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” , 8.2. “Замын хөдөлгөөнд оролцогч нь өөрийн явж байгаа чиглэлийн өөдөөс хандан байрласан замын гэрлэн дохио буюу замын тухайн хэсэгт хөдөлгөөн зохицуулж байгаа зохицуулагчийн дохиог дагаж мөрдөнө...” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас ... улсын дугаартай Тоёота Камри маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж  хохирогч Б.Сгийн биед “...гавлын зулай, суурь ясны хугарал, хатуу хальсан дээрх цусан хураа, тархины эдийн няцрал..." бүхий хүнд хохирол учирсан буюу автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн болох нь нотлогдон тогтоогдсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч Б.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. “...а. жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн болох нь жолоочийн согтууруулах ундаа,  хэрэглэсэн эсэхийг шалгасан “...Баярцэнгэлийн А Дорноговь аймгийн Цагдаагийн газарт 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 00 цаг 30 минутад длкотест АЛ7510 драгер багаж ашиглан согтуурлыг шалгахад 1.98 хувийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь тогтоогдлоо” гэсэн тэмдэглэл, насанд хүрээгүй гэрч Д.Гын  “...А ах эмээгийнхээ хашааны гадаа буюу гэр байранд ирээд  2 шилтэй пивыг нь уугаад 1 шилтэй пивыг нь Г ах уусан дараа нь 2 ширхэг том пиво хувааж уусан” гэсэн мэдүүлэг,

8.2.“Замын хөдөлгөөнд оролцогч нь өөрийн явж байгаа чиглэлийн өөдөөс хандан байрласан замын гэрлэн дохио буюу замын тухайн хэсэгт хөдөлгөөн зохицуулж байгаа зохицуулагчийн дохиог дагаж мөрдөнө...” гэсэн заалтыг зөрчсөн болох нь гэрч Б.Дын мөрөн шалгах ажиллагаанд өгсөн “...ногоон гэрэл асахаар нь чигээрээ хөдөлгөөн хийж ертөнцийн зүгээр урд зүгт явахад зүүн гар талаас гэнэт хурдтай машин гарч ирээд жолоочийн эсрэг талаас хүчтэй мөргөсөн” гэсэн мэдүүлэг,насанд хүрээгүй гэрч Д.Гын “...А ах 4 замын уулзвар дээр ирээд огцом хааз өгөөд явахаар нь би А ахыг улаан гэрэл ассан байна хаазаа хасаарай гээд нудрахад чигээрээ явж байгаад машин мөргөөд зогссон” гэсэн мэдүүлэг,  мөрдөгчийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 14 дугаартай магадалгаагаар

            Хохирогч Б.Сгийн биед хүнд хохирол учруулсан болох нь Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 02/0542 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчин согтуурсан үедээ хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул тус зүйл, хэсгээр гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх  үндэслэлтэй байна.

Жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох нь анхаарал сарнин, самбаачлах хугацаа ихсэж, зам,хөдөлгөөний байдлыг буруу дүгнэж осол гарах нөхцөлийг бүрдүүлдэг.

Шүүгдэгч Б.А нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.

 

Хохирол төлбөрийн талаар:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Б.А нь иргэний нэхэмжлэгч Б.Чэ, Д.Г нарт учирсан хохирлыг төлж барагдуулсан тул нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй талаар мэдүүлсэн тул шүүгдэгчийг иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй болохыг дурдаж,

хохирогч Б.Сд эмчилгээ болон бусад зардалд 9.669.600 төгрөг төлсөн ба хохирогч нь ажилгүй байсан хугацааны цалин болон цаашид эмчлүүлэх эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар  нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.А нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчаас “Шүүгдэгч Б.Ат   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт  зааснаар  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах ял оногдуулах” дүгнэлтийг,  шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү  “ гэсэн саналыг тус тус гаргаж оролцсон болно.

 

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Б.Аын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3-т зааснаар шүүгдэгч Б.Аын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэж, түүнд хяналт тавихыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.

Шүүгдэгч Б.Аын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна. Мөн шүүгдэгч Б.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1.1-д заасан нөхцөлийг бүрэн хангаж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ат оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах ялыг, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолох нь зүйтэй.

 Бусад асуудлаар:

          Шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримт хэрэгт хавсаргаж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8,36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч  Б.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан согтуурсан  үедээ авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

         2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д зааснаар шүүгдэгч Б.Аын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

         3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б.Ат оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөн, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.

        4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн  5-д зааснаар шүүгдэгч Б.А нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

        5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185,186 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.Ат оногдуулсан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөн, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

            6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ат оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах ялыг, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолсугай.

 

7.Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.С нь цаашид эмчлүүлэх болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

8.Шүүгдэгч Б.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

9.Хэрэгт хавсарган ирүүлсэн хяналтын камерын бичлэгийн хуулбар бүхий 1 ширхэг сидиг хэргийн хамт хадгалсугай.

 

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.АДЪЯАСҮРЭН