| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Солтанмуратын Өмирбек |
| Хэргийн индекс | 130/2017/00481/И |
| Дугаар | 212/МА2017/00137 |
| Огноо | 2017-11-21 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 212/МА2017/00137
Ж.А-н нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж, тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 606 дугаар шийдвэртэй, А-н нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Ц.Саранцэцэг, нэхэмжлэгч Ж.А, түүний өмгөөлөгч Ө, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х, Д нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: “Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн цахим архивч-операторчны ажилд эгүүлэн тогтоолгох” тухай.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулга: “Ж.А миний бие 2012 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 32 дугаартай Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын тушаалаар тус Тамгын газрын Архивын тасагт цахим архивын операторчноор ажилд орсон. Ажиллах хугацаандаа ажлын хариуцлага алдаж, зөрчил дутагдал гаргаж байгаагүй. Гэтэл 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Тамгын газрын дарга Т “архивын тасгийн орон тоо цомхотголд орж 1 орон тоотойгоор батлагдаж ирсэн тул чи ажлаасаа чөлөөлөгдсөн” хэмээн тушаал өгөхгүйгээр намайг ажил үүрэг гүйцэтгүүлээгүй бөгөөд орон тоо цомхотгогдсон талаар 1 сарын өмнө ажилтандаа мэдэгдэх үүргээ биелүүлээгүй, мэдэгдэх хуудас өгөөгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар цомхотголд орсон ажилтанд нэг сар түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж ч олгоогүй. Манай Архивын тасаг гэрээт 3 ажилтантай байсан ба 2 орон тоо нь цомхотголд орж 1 орон тоо батлагдаж ирсэн гэх боловч 2017 оны 6 дугаар сард дахин нэг хүнийг гэрээт ажилтнаар авч ажиллуулж байна. Орон тоо цомхотгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй төдийгүй орон тоо хасагдсан гэсэн атлаа тухайн орон тоонд 3 сарын дотор шинээр хүн авч ажиллуулж байгаа ажил олгогчийн үйлдлээс дүгнэхэд миний орон тоо хасагдсан гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд Ж.А миний Үндсэн хуульд заасан “хөдөлмөрлөх” эрх маань ноцтойгоор зөрчигдөж байгаа тул урьд эрхэлж байсан Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн цахим архивч, операторчны ажилд эгүүлэн тогтоож өгнө үү.” гэжээ.
Хариуцагчийн тайлбарт: “2012 онд Архивын ерөнхий газрын даргын тушаалаар 5 гэрээт ажилтны тоог баталж жил бүр ажлыг нь дүгнэж байсан ба Архивын ерөнхий газрын даргын 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн А/30 дугаар тушаалаар гэрээт ажилтнуудын тоог 1 болгож баталсан. Тухайн үед ажлын үр дүнг харгалзан н.Сарангэрэлийн гэрээг сунгаж М болон Ж.А хоёрын гэрээг цуцалсан байсан ба М нь жирэмсний амралттай байсан учраас архивын Ерөнхий газарт аймгаас хүсэлт тавьж нэг орон тоог нэмүүлэн М гэрээг сунгаж байгуулсан. Ж.А цомтголд орсон үедээ нийгмийн даатгалаас авах гэнэт халагдсаны тэтгэмжийг авч ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаж байсан. Нэхэмжлэлд дурдсан 1 гэрээт нэмж авсан гэсэн шаардлага үндэслэлгүй. ЗДТГ-ын бүтэц орон тоонд Хууль эрх зүйн хэлтсийн харьяа архивын тасагт “Архивын тасгийн архив-операторчин” гэсэн орон тоо нэмж баталсан ба энэ нь архивын тасгийн үндсэн ажилтан тул гэрээт ажилтанд хамааралгүй. Тухайн үед Ж.А-д Архивын ерөнхий газраас орон тоо нь хасагдаж цомтголд орсон тухай даргын тушаал ирсэн тул тушаал гаргаагүй. Орон тоо нь хасагдсаныг Ж.А-н өөрт нь 3 сарын өмнө мэдэгдэж Хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажил гүйцэтгэх гэрээ байгуулж тус гэрээний хугацаа дууссан үед гэрээг цуцлах талаар мэдэгдэж байсан ба гэрээ нь цуцлагдаж, хугацаа нь дууссан тул тушаал гаргаагүй. Ж.А-н хөдөлмөрийн гэрээний хугацаа 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон ба 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажил гүйцэтгэх гэрээгээр ажиллаж байгаад гэрээний хугацаа нь дуусаж цомхотголд орсон. Мөн Ж.А-н цалин хөлс нь Архивын ерөнхий газраас ирдэг ба хариуцагч байгууллага нь мөн адил Архивын ерөнхий газар тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Ж.А-н шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан тул шүүх хүлээн авч хэрэг үүсгэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд Ж.А-н нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье” гэжээ.
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 606 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-ыг баримтлан нэхэмжлэгч Ж.А-н Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн цахим архивын-операторчны ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд: “Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, 161 дүгээр зүйлийн 161.1-д зааснаар дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.
1. Нэхэмжлэгч Ж.А-д нь 2012 оноос эхлэн Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасагт цахим архивын операторчноор ажиллаж байсан ба ажилтан ажил олгогч нар харилцан тохиролцож үүрэг хүлээж хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж байсан нь хэрэгт авагдсан 2012, 2013, 2014, 2015, 2016 оны хөдөлмөрийн гэрээгээр нотлогддог. Аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн дарга С нь 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдөр ажилтантай 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулсан боловч энэхүү гэрээний хугацаа дуусмагц ажил олгогч гэрээг цуцлах эсхүл хугацааг сунгах санал гаргаагүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т зааснаар гэрээ нь анх заасан хугацаагаар сунгагдсаныг шүүх анхаараагүй байна.
Ж.А-н орон тоог байнгын ажлын байр гэж үзэх байтал 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр ажил олгогчийг төлөөлж аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга нь ажилтан Ж.А-тэй 2 сарын хугацаагаар “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан “байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно” гэж заасныг зөрчсөн. Ажил олгогч ажилтныг чөлөөлсөн тушаал гаргаж хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгоогүй байж байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад гэрээ байгуулж байгаа нь хугацаа дууссан хөдөлмөрийн гэрээг халхавчлах зорилгоор дүр үзүүлэн хэлцэл хийсэн гэж үзэхээр байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаас үзэхэд ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулах үүрэг ажил олгогчид хуулиар ногдсон бөгөөд энэ үүргээ ажил олгогч хэрэгжүүлээгүй явдалд ажилтан буруугүй ба нэгэнт хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй атлаа ажилтныг ажил, үүрэг гүйцэтгүүлсэн бол тухайн ажилтны эрх зүйн байдал нь хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж буй ажилтны нэгэн адил гэж үзэх байсан.
Иймээс ажил олгогчийн дээрх үйлдлийг буюу ажилтны эрх зүйн байдлыг дордуулж байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад гэрээ байгуулсныг зөвтгөж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.Мөн нэхэмжлэгч талаас ''ажил олгогчийн цомхотгол хийсэн үйлдэл нь хууль зөрчсөн’’’ гэж үзэж ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан болохоос “аль нэгэн орон тоонд томилохыг даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байтал шүүх ажил олгогчийн ажилд хөндлөнгөөс оролцож Ж.А-г ажилд авахыг даалгах боломжгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
2. Ажилтныг ажилд авах, ажлаас халах тохиолдол бүрд ажил олгогч шийдвэр гаргах ба уг шийдвэр нь хууль зүйн факт болохын хувьд эрх зүйн үр дагавар үүсгэдэг тул шийдвэрийг бичгээр гаргах шаардлагатай байдаг. Хариуцагч “Ж.А-г орон тооны цомхотголд орсон” гэж тайлбарлаж байгаа атлаа сарын өмнө мэдэгдэх хуудсаар мэдэгдэж тушаалыг одоо болтол гаргаагүй байгаа нь орон тооны цомхотгол явагдсан эсэхэд эргэлзээ төрүүлж байна. Аймгийн Засаг даргын Тамгын газар одоо болтол Ж.А-г ажлаас чөлөөлсөн тушаал гаргаагүй, тэгсэн атлаа ажиллуулахгүй, тэтгэмж ч өгөхгүй хохироож Үндсэн хуульд заасан ажилтны хөдөлмөрлөх эрхийг ноцтойгоор зөрчиж байгаа байдалд шүүх бодитой дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна. Ажилтан өөрийг нь чөлөөлсөн ажил олгогчийн тушаалыг гардан авснаас хойш 1 сарын дотор шүүхэд гомдол гаргах бөгөөд одоо болтол тушаал аваагүй байхад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр үндэслэлгүй. Ажил олгогч нь Ж.А-г 2017 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн цомхотголд орсон гэж ажил үүргийг нь гүйцэтгүүлээгүй ба ажлаас чөлөөлсөн тушаалаа өгөхийг удаа дараа шаардсан боловч гаргаж өгөөгүй тул аргагүйн эрхэнд 2017 оны 6 дугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан “эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор гомдол гаргана" гэдэгт нийцэж байгаа тул хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй юм.
Орон тоо нь байгаа атлаа тухайн орон тоонд ажиллуулахгүй байгаа ажил олгогчийн үйлдлийг ажлаас халсантай адилтган ойлгохоос биш орон тоо нь цомхотгогдсон ажилтныг хуулийн дагуу ажлаас чөлөөлөөгүй байдлыг ажлаас хууль бусаар халсантай адилтган үзэхгүй. Өөрөөр хэлбэл тодорхой хугацаагаар чөлөө авч, эсхүл жирэмсний амралт дууссаны дараа өмнөх ажлын байр нь байсаар байхад ажилтныг ажиллуулахгүй байгаа үйлдлийг ажлаас буруу халсантай адилхан үзэж хөөн хэлэлцэх хугацааг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар тоолох юм. Иймд шүүх шийдвэр гаргахдаа маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж шийдвэрлэсэн тул Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 606 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэж өгөхийг хүсье.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Анхан шатны шүүх Ж.А-н “цахим архивч-операторчны ажилд эгүүлэн тогтоолгох тухай” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудад тулгуурлан Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргаагүй байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.
Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2012 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 32 дугаар тушаалаар Ж.А-г тус аймгийн Архивын тасагт цахим архивын операторчноор түр томилон ажиллуулж, мөн өдөр ажил олгогчийг төлөөлж Архивын тасгийн эрхлэгч С, ажилтан Ж.А нар 2012 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс 2013 оны 5 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж байжээ.
Ажил олгогчоос ажилтантай жил бүр хөдөлмөрийн гэрээг тодорхой хугацаатай байгуулж байсан нь 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээ, Архивын Ерөнхий газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/10 дугаар тушаал , 2015 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ , 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдөр ажил олгогчийг төлөөлж Архивын тасгийн эрхлэгч болон ажилтан нарын хооронд мөн өдрөөс эхлэн 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ зэрэг баримтаар тогтоогдож байна.
2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр захиалагчийг төлөөлж Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Ө болон ажил гүйцэтгэгч Ж.А нарын хооронд Төрийн архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд цаасан суурьт баримт, кино, гэрэл зураг, дуу авианы баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг гүйцэтгүүлэх тухай гэрээ 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл байгуулагдаж байжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон дээрх үйл баримтыг Архивын Ерөнхий газрын 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 02/207 дугаар албан бичиг , зохигчийн тайлбартай харьцуулбал, ажил олгогч Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газар, ажилтан Ж.А нарын хооронд 2012 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн жил бүр тодорхой үндэслэл, шалтгааны улмаас буюу Төрийн архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулагдаж байсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2.-т нийцсэн бөгөөд энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.
Архивын Ерөнхий газрын даргын 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн А/30 дугаар тушаалаар “Архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Төрийн архивуудад ажиллах гэрээт архивч-операторчдын тоог хавсралтаар тогтоосон бөгөөд Баян-Өлгий аймгийн Архивын тасагт гэрээт архивч-операторчны 1 орон тоо батлагдсан учраас 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тус аймгийн Архивын тасгийн гэрээт архивч-операторчноор ажиллаж байсан Ж.А-г орон тоо хасагдсан, гэрээний хугацаа дууссан үндэслэлээр ажиллуулаагүй буюу ажлаас чөлөөлсөн нь зохигчийн тайлбар болон ажил олгогчид хандаж гаргасан Ж.А-н “... миний гэрээ 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болж байна. Тийм учраас миний өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлж өгөх өргөдлийг хүлээн авч ажлаас чөлөөлөх тушаал гаргаж өгөхийг хүсэж байна.” гэсэн өргөдөл , ажил олгогч Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 3-02/707 дугаар албан бичгээр тогтоогджээ.
Үүнээс үзвэл ажилтан Ж.А нь 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн цахим архивч-операторчны ажлаас чөлөөлөгдсөнийг ажил олгогчид өргөдөл гаргасан 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр мэдэж байсан, ажил олгогчоос ажилтанд түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг хугацаа дууссан үндэслэлээр цуцалж, ажлаас чөлөөлснийг 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр мэдэгдсэн бөгөөд ажил олгогчийн уг шийдвэрийг ажилтан мөн өдөр хүлээн авсан талаар шүүх хуралдаанд тайлбарласан тул Ж.А нь ажлаас буруу халагдсан тухай гомдлоо шүүхэд 2017 оны 6 дугаар сарын 10-ны өдөр гаргаж Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2.-т заасан нэг сарын хугацааг хэтрүүлсэн байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт нотлох баримтад үндэслэгдсэн, хуульд нийцсэн байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн ажлаас буруу халагдсан буюу урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь хуульд нийцнэ гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 606 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.КӨБЕШ
ШҮҮГЧИД Н.ТУЯА
С.ӨМИРБЕК